Мэдээ :
Хуанли
Бидний тухай » Хилээс төрсөн алдартнууд
Монгол Улсын Баатар САМДАНГИЙН ТӨМӨРБААТАР /1914-1986/

 Архангай аймгийн Өлзийт сумын Өгийнуурын шанаа хэмээх газар төрсөн. 1947-50 онд Намын дээд сургууль төгссөн. 1936 онд цэргийн албанд татагдан Тусгай хороонд цэрэг, бага дарга, 1937-1938  онд Эрдэнэцагааны отрядод салаа сумангийн дарга, 1938-1939 онд  24-р отрядод заставын дарга, 1939-1947 онд 24-р отрядын байлдааны ангийн туслах, 24, 27, 31-р отрядын намын товчооны дарга, улс төрийн орлогч, 1950-1953 онд 20, 31-р отрядод улс төрийн орлогч, 1953-1959 онд УБТЗ-д боловсон хүчин, Батсүмбэрийн САА-н намын хорооны дарга, зохион байгуулагч, 1959-1960 онд Увсын Баруунтурууны САА-д зохион байгуулагч, 1960-62 онд НАХЯ-ы Засан хүмүүжүүлэх газрын улс төрийн орлогч, намын хорооны дарга, 1962-67 онд Архангай аймгийн Өлзийт суманд нэгдлийн дарга, 1968-1969 онд СнЗ-ийн амралтад аж ахуйн дарга, 1969-1972 онд Хэрээ-Уулын заставын дарга, 1972-1975 онд 24-р отрядын Халхын голын комендатурын дарга, 1975-1976 онд хилийн 0198-р ангийн хилийн албаны дарга, 1977-1980 онд Монгол-Зөвлөлтийн хилийг тогтоон тэмдэглэх комиссын 12-р техник ажлын группын монгол хэсгийн даргаар ажиллажээ.

Халхын голын дайны фронтын гол чиглэлд хилийн 24-р отрядын 6-р заставыг удирдан оролцжээ. 1939 онд Ацгурван шиврээд дайсны тагнуулын томоохон бүлгийг устгасан. Мөн оны 8-р сарын 28-нд Муухайбулагт 50 гаруй дайсантай байлдан устгасан, 8-р сарын 30-д Шавартай голд 30 гаруй дайсныг мөрдөн устгасан, Эрс-Ууланд олон дахин давуу хүчтэй дайсанд бүслэгдэн бут цохьсон зэрэг байлдааны онцгой тохиолдлуудыг дурдаж болно. 40 гаруй удаа байлдаанд орж, биечлэн 300 гаруй дайсныг барьсан. Хүндэт чекистийн тэмдгээр шагнагдсан.

Түүний удирдаж байсан заставыг 1972 онд АИХТ-ийн цэргийн гавъяаны одонгоор шагнасан. 1945 оны Чөлөөлөх дайнд 31-р отрядод алба хааж байхдаа оролцон, хилийн чанадад байлдааны ба хүмүүнлэгийн үүрэг гүйцэтгэжээ. 1946 онд НДС-д элсэн орж суралцсан ч дээд газрын шийдвэрээр 1947 онд баруун хилд Гоминдан, Хасагийн дээрэмчдийг устгахад амь биеэ үл хайрлан тусгай даалгавар гүйцэтгэхэд оролцжээ.

Энхийн хөдөлмөрт өөрийн авъяас чадварыг дайчилсны үрээр удирдлагад нь байсан ногоочин Долгор саальчин Авирмэд нар хөдөлмөрийн баатар цол, хүртэж ажлаараа хоцорч байсан Өлзийт сумыг тэргүүний сумын эгнээнд хүргэжээ. Төв, Архангай аймгуудын депутатаар 4 удаа сонгогджээ.

С.Төмөрбаатарт АИХТ-ийн 1979 оны 246-р зарлигаар МУ-ын баатар цол олгосон ба улаан тугийн одон, Сүхбаатарын одон, Алтангадас, ойн медалиар шагнагджээ. ХТАЗ, дэд хурандаа цолтон. Засгийн газрын 1994 оны 142-р тогтоолоор хилийн 0198-р ангийн Эрс-Уулын заставыг түүний нэрэмжит болгожээ.

2013 оны 01 сарын 15 | Үзсэн : 4613