Мэдээ :
Хуанли
Бидний тухай » Хилээс төрсөн алдартнууд
Монгол Улсын Баатар ПУНЦАГИЙН ЧОГДОН /1915-1983/

 Ховд аймгийн Дарви сумын харъяат. 1927-32 онд бага сургууль, УБ хотод дунд сургууль, ня-бо-ийн курс, 1975 онд ЗХУ-д ХЦ-ийн дээд курс, төгссөн. 1932-1936 онд Баян-Өлгийн Цагааннуурын дамжлага бааз, Увсын Бөхмөрөн суманд худалдааны данс хөтлөгч, барааны нярав, худалдагч, ня-бо, 1936-38 онд 5-р отрядод цэрэг, 1938 онд 05-р ангийн бага даргын сургуульд сонсогч, 24-р отрядын 7-р заставт туслах, орлогч, даргаар ажиллан, Халхын голын дайны фронтын гол чиглэлд үүрэг гүйцэтгэж ажиллав.

Х.Чойбалсангийн тушаалаар 1938 оны 11-р сард манай нутагт 20 гаруй км цөмрөн буусан Баргын 1000 гаруй айлуудыг 5 хоногт гаргах тушаал авч 4 хоногт биелүүлсэн нь анхны том даалгавар байв. ДЯЯ-ны сайдын 1939 оны 239-р тушаалаар бага дарга байхад нь ахлах дэслэгч цол олгон 7-р заставын даргаар томилжээ. Тэрээр нийт 60 орчим удаа тулгаралт, байлдаанд оролцсон байна.

Тухайлбал: 1939 оны 2-р сард Японы 200 гаруй морьт цэрэг, 5 машин явган цэрэг, 1 хуягттай 10 хүнтэй постын хүчээр байлдсан, 1939 оны 5-р сард Бойтогт манханд Японы 1 морин хороо, 13 машин цэрэгт бүслэгдэн байлдсан, 1939.5.15-нд Японы 90 гаруй машин цэрэг, 3 морин хороо, 40 гаруй хуягт, 5 онгоцоор дэмжүүлсэн хүчийг дэд командлалын тушаалаар 6-р дивизийн Шарав даргатай хүч нэмэгдүүлсэн сумангийн хамт 7 хоног Халхын гол гаргалгүй барьсан. 1939.5.26-29-нд Дандарын командалсан туслах сумангийн хамт томилогдон байлдсан, 1939.6.1-8.3-д фронтын командлалын тушаалаар дайсны ар талд цэргийн тагнуул, хорлон сүйтгэх группийн үүрэг гүйцэтгэсэн зэргийг дурдаж болно.

Заставаас нь 160 гаруй хүн одон, медалиар шагнагдан, застав нь “Байлдааны гавъяаны улаан тугийн одон”, өөрөө Байлдааны гавъяаны улаан тугийн одон, Алтангадас, Хүндэт чекистийн тэмдгээр шагнагджээ.

Дайны дараа Хязгаарын газрын штабын байлдааны бэлтгэл хэлтэст тасгийн дарга, 1940-46 онд 24-р отрядын намын товчооны дарга, комиссор, даргаар ажилласан байна. 1945 оны Чөлөөлөх дайнд 24-р отрядыг командлан оролцож, хилийн чанадад дайсны үлдэгдэл, оргодол, тагнуул, хорлон сүйтгэх бүлгүүдийг устгаж, өөрийн цэргийн гол хүчний давшилтыг хангаж, ар талыг бэхжүүлэх үүргийг чадамгай биелүүлснийг нь үнэлж “Байлдааны гавъяаны одон” –оор шагнажээ.

1948 онд Токиод Японы цэргийн гэмт хэрэгтнүүдийг шүүсэн олон улсын шүүхэд улсаа төлөөлөн оролцож үнэтэй мэдүүлэг өгсөн. Цэргүүдээс нь Н. Жамбаа, Д. Гуулин, Э. Шилэг нар Монгол улсын баатар цол хүртсэн.

П.Чогдон 1951-1952 онд баруун хилд Гоминдан, Оспаны дээрэмчдийн сүүлчийн хэсгийг устгахад оролцсон байна. 1946-1953 онд 24, 27, 31-р отрядын дарга, Хязгаарын газар тасгийн дарга, 1953-1964 онд Барилгын хэрэг эрхлэх газрын үйлдвэр, төлөвлөгөөний хэлтсийн дарга, Хотын барилга конторын дарга, Байшин үйлдвэрлэх комбинатын даргаар ажиллан Налайхын тосгон, Санхүү, хүн эмнэлгийн техникум, нийслэлийн 6, 18-р дунд сургууль, 2-р төрөх, Байшин үйлдвэрлэх комбинат, Сонгино, Тэрэлжийн амралтууд, Одон орон судлалын барилга, Хонхорын радио станц, Залуучууд, Пионерийн ордон, Барилгачдын ордон, Төв холбоо, МУИС-ийн оюутны байр, Улсын төв музей, 60 айлын 5 сууц, Мебелийн үйлдвэр, Нарийн боовны үйлдвэр, Эмийн завод зэрэг 100 гаруй барилгыг удирдан бариулсан тул Хөдөмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор 1965 онд шагнасан байна.

1964-1971 онд Барилгын цэргийн ерөнхий газрын маиериал, техникийн хэлтсийн дарга, Барилгын батальоны даргаар ажиллахдаа 1963 онд удирдсан анги нь барилга үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 108 хувь биелүүлж төлөвлөгөөгөө 2 сарын өмнө 119,5 материал бэлтгэлийн төлөвлөгөөг 185, ачаа эргэлт 119,8 хувь биелүүлсэн ажээ. 1971-1984 онд хилийн 24-р отрядын дарга, ХЦУГ-ын штабын хилийн хэлтэст тасгийн дарга, АТУГ-ын захиалга-төлөвлөлтийн хэлтсийн даргаар ажиллажээ.

АИХ-ын депутатаар 2 удаа, /1960,1973/, МАХН-ын их хурлын төлөөлөгчөөр 6 удаа, төв хорооны гишүүнээр 2 удаа сонгодож байсан алдарт хилчин юм. П.Чогдонд АИХТ-ийн 1971 оны зарлигаар улсын баатар цол олгож, 1984 оны 9-р зарлигаар хилийн 0198-р ангийн ...-р заставыг түүний нэрэмжит болгожээ.

2013 оны 01 сарын 15 | Үзсэн : 5796