ИРГЭД ХИЛИЙН БООМТООР НЭВТРЭХЭД АНХААРАХ АСУУДЛУУД
  • 14:14
  • 22154

ИРГЭДИЙН АНХААРАЛД

 БНХАУ дотоодын цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж зорчигчийн  хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоосон хэвээр байгаа бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг нээсэн. 

БНХАУ руу зорчих зорчигчдод 48 цагийн дотор ПГУ (PCR) шинжилгээний сөрөг хариутай байх шаардлагыг тавьж байна. Иргэн та гадаадад зорчих тохиолдолд тухайн улсын тавьж буй шаардлагыг урьдчилан судлахыг зөвлөж байна.

Нэг.Хил хамгаалах байгууллагын Монгол Улсын хилийн тухай хуулиар хүлээсэн чиг үүрэг:

  • Улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, хилийн боомтын аюулгүй байдлыг хангах, хилийн боомтод мөрдөх журмыг сахиулах;
  • Улсын хилийн зурвас, хилийн боомтод үүссэн нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг таслан зогсоох арга хэмжээ авах;
  • Түүнчлэн эрх бүхий байгууллагаас зорчигчийг улсын хилээр үл нэвтрүүлэх, саатуулах талаар мэдэгдсэн тохиолдолд түүнийг саатуулж, хилийн боомтод гамшиг, онцгой нөхцөл үүссэн үед холбогдох байгууллагатай хамтран тусгай дэглэм тогтоож, зохион байгуулалтын арга хэмжээ авах;  
  • Улсын хил хамгаалах байгууллага нь зорчигчийн улсын хил нэвтрэх эрхийн баримт бичигт тэмдэглэл хийж, зөрчилтэй баримт бичгийг хураан авч, холбогдох байгууллагад шилжүүлэх, улсын хил нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн бүртгэлийг хөтөлж, нэгдсэн сан байгуулах;
  • Улсын хилээр нэвтэрч байгаа тээврийн хэрэгсэлд үзлэг хийх явцад илэрсэн улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон болон хязгаарласан зүйлийг хураан авч, холбогдох байгууллагад шилжүүлэх болон хуульд заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлдэг.

Хоёр.Хил нэвтрэх эрхийн баримт бичгийн талаарх мэдээлэл:

Иргэн та хилийн боомтоор улсын хил нэвтрэхдээ дараах хил нэвтрэх эрхийн баримт бичгээр нэвтрэх боломжтой. Үүнд: 

  1. Үндэсний гадаад паспорт /албан, дипломат, энгийн/;
  2. НҮБ-ын “Ласе пасе” паспорт;
  3. Эх орондоо буцах үнэмлэх;
  4. Харьяалалгүй хүний зорчих үнэмлэх;
  5. Монгол, Хятадын хил орчмын нутаг дэвсгэрт зорчих үнэмлэх /Хил орчмын нутаг дэвсгэрийн засаг захиргааны нэгжийн иргэдэд олгогдоно/;
  6. Хялбарчилсан журмаар улсын хил нэвтрэх үнэмлэх /Монгол, Оросын хилийн хил орчмын нутгийн засаг захиргааны нэгжийн иргэдэд олгогдоно/;
  7. Нислэгийн хуудас /Олон улсын нислэг үйлдэж буй агаарын хөлгийн нисэх багийн бүрэлдэхүүнд олгогдоно/;
  8. Төмөр замын хөлөг ажилчдын нэрсийн жагсаалт /Олон улсын суудлын галт тэрэгний үйлчлэх бүрэлдэхүүнд олгогдоно/.

Гурав.Монгол Улсын хил орчмын засаг захиргааны нэгжийн (сумдын) жагсаалт

Хойд хил:

  • Баян-Өлгий аймаг                 -Цэнгэл, Улаанхус, Цагааннуур, Ногооннуур
  • Увс аймаг                              -Бөхмөрөн, Сагил, Давст, Тэс, Зүүнговь, Баруунтуруун
  • Завхан аймаг                         -Тэс, Баянтэс
  • Хөвсгөл аймаг                       -Цэцэрлэг, Цагаан-Уул, Баянзүрх, Улаан-Уул, Цагааннуур, Ринчинлхүмбэ, Ханх, Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Тариалан
  • Булган аймаг                         -Тэшиг, Сэлэнгэ
  • Сэлэнгэ аймаг                       -Түшиг, Цагааннуур, Алтанбулаг, Сүхбаатар, Хүдэр, Ерөө                                                      
  • Хэнтий аймаг                         -Өмнөдэлгэр,            Батширээт, Биндэр, Дадал            
  • Дорнод аймаг                        -Баян-Уул, Баяндун, Дашбалбар, Чулуунхороот

Өмнөд хил:

  • Дорнод аймаг                       -Эрээнцав, Чойбалсан, Баянтүмэн, Халхгол, Матад
  • Сүхбаатар аймаг                  -Эрдэнэцагаан, Дарьганга, Наран, Онгон, Баяндэлгэр
  • Дорноговь аймаг                  -Өргөн, Эрдэнэ, Замын-Үүд, Улаанбадрах, Хөвсгөл, -Хатанбулаг
  • Өмнөговь аймаг                   -Ханбогд, Баян-Овоо, Номгон, Хүрмэн, Баяндалай, Ноён, Гурван тэс
  • Баянхонгор аймаг                -Шинэ жинст, Баян-Өндөр
  • Говь-Алтай аймаг                 -Эрдэнэ, Цогт, Алтай, Бугат, Тонхил
  • Ховд аймаг                          -Алтай, Үенч, Булган
  • Баян-Өлгий аймаг                -Булган, Дэлүүн, Алтай, Сагсай, Цэнгэл, Улаан хус

Дөрөв.Хүүхдийг улсын хилээр нэвтрүүлэх талаар:

-Хүүхэд улсын хилээр нэвтрэхдээ эцэг, эхийн аль нэгээр овоглоогүй бол гэр бүлийн гишүүний хамт зорчих үед хүүхдийн төрсний гэрчилгээ, түүнийг орлох баримт бичиг /төрсний гэрчилгээний нотариатоор баталгаажуулсан хуулбар эсхүл цахим лавлагаа/; 

-Хүүхдийн хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоосон тухай сум, дүүргийн засаг даргын захирамж, шүүхийн шийдвэр;

-Эцэг, эх буюу хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс өөр хүний хамт гадаадад зорчих хүүхдэд эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон хүүхдийн хамт хилээр нэвтрэх этгээдийн хооронд хийсэн нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл; 

-Олон улсын уралдаан, тэмцээн, урлаг соёлын бусад арга хэмжээнд оролцуулах бол хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий цагдаагийн байгууллагын /нэгжийн/ зөвшөөрөл;

-Хүүхдийн хамт хил нэвтэрсэн этгээд нь тухайн хүүхдийг гадаад улсад үлдээсэн тохиолдолд гадаад улсад байгаа эцэг, эх болон бусад хүлээн авсан хүний баримт бичгийн хуулбар, хүүхдийг хүлээн авсан нотломж, хаяг, холбоо барих утасны дугаар, цахим шуудангийн хаягийн мэдээллийг авчирна.

-Гадаад улсад зорчих хүүхдийн аялалын зорилго, хүлээн авагч тодорхойгүй бол хилээр нэвтрүүлэхгүй.

Тав.Хилийн болон хил орчмын дэглэмийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон болон хязгаарласан эд зүйлийн талаар:

Монгол Улсын хилийн тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар:

-Хилийн боомт бус газраар улсын хилийг газар, ус, агаараар нэвтэрсэн, нэвтрэхийг завдсан;

-Хилийн боомтоор улсын хил нэвтрэх эрхийн баримт бичиггүй, эсхүл хүчин төгөлдөр бус баримт бичигтэйгээр нэвтэрсэн, нэвтрэхийг завдсан;

-Улсын хилийг газрын хэвлийгээр нэвтэрсэн;

-Хилийн боомт бус газраар тээврийн хэрэгсэл, эд зүйлийг хууль бусаар улсын хил нэвтрүүлсэн, нэвтрүүлэхийг завдсан үйлдлүүдийг хилийн зөрчилд тооцдог бөгөөд уг заалтыг зөрчсөн этгээдийг хил зөрчигч гэнэ.  

-Хориглосон болон хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлбэл Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйл “Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх”;

-Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, эсхүл хуурамч баримт бичгээр, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн бол Эрүүгийн хуулийн 19.14 дүгээр зүйл “Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх”-ийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээнэ.

-Хилийн албаны ажилтны хууль ёсны тавьсан шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг бусдад уриалсан, үйл ажиллагаанд нь саад учруулсан, хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсон бол Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйл “Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах”;

-Хилийн болон хил орчмын дэглэм зөрчсөн, хилийн боомтод мөрдөх журам зөрчсөн, хилийн боомтод хяналт шалгалтын тогтоосон дарааллыг зөрчсөн, зөвшөөрөлгүйгээр хилийн боомтын хяналт шалгалтын бүсэд үйл ажиллагаа явуулсан бол Зөрчлийн тухай хуулийн 16.1 дүгээр зүйл “Монгол Улсын хилийн тухай хууль зөрчих”-ийн дагуу хариуцлага хүлээнэ. 

Зургаа.Зорчигч, жолооч нарт өгөх зөвлөмж

-Зорчигч, жолооч та Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын салшгүй хэсэг болох Улсын хилийн халдашгүй дархан байдалд хүндэтгэлтэй хандаж, хил нэвтрэх үедээ хилийн тухай хууль, тогтоомжийг чанд мөрдөж, аливаа хууль бус үйлдэлд холбогдохгүй байж, хилийн албаны ажилтны хууль ёсны тавьсан шаардлагыг биелүүлэхийг хүсье;

-Та гадаадад аялахаар бэлтгэж байгаа бол паспортын хугацаагаа шалгаж үзэх /Жишээ нь: 20 MAY 19 гэж байвал 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр паспортын хугацаа дуусна гэж ойлгоно/; 

-Та шинээр гадаад паспорт авахдаа гарын үсэг зурж, тамгаар баталгаажсан, таны овог, нэр, төрсөн он, сар, өдөр, регистрийн дугаар зөв бичигдсэн эсэхийг нягтлан шалгаж байх;

-Паспортын хуудсыг урах, норгох болон бусад хэлбэрээр гэмтээхээс хамгаалах,  мөн төрөл бүрийн засвар хийхгүй байх;

-Та гадаад улсад зорчих үедээ улсын хил нэвтрэх эрхийн баримт бичгээ хаяж, үрэгдүүлсэн тохиолдолд орон нутгийн эрх бүхий байгууллага болон тухайн улсад суугаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар /Элчин сайдын яам эсвэл Консулын газар/-т мэдэгдэх;

-Жолооч та хил нэвтэрч байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний чиглэл, байрлалыг өөрчлөх, зорчигчийг суулгах, буулгахыг Улсын хил хамгаалах байгууллагын зөвшөөрлөөр гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд хилийн боомтод жагсаал, цуглаан хийх, нэвтрэх хөдөлгөөнийг хаах болон бусад арга, хэлбэрээр хэвийн үйл ажиллагааг тасалдуулах нь хуулиар хориотой болохыг анхаарна уу.

-Таныг улсын хилийн бүс, зурвас, боомтод хөдөлгөөн үйлдэх үед чинь баримт бичиггүй, сэжиг бүхий хүн дайгдах, эсвэл хэн нэгэн этгээд хүн, эд зүйлийг авто машиндаа нууж хууль бусаар хил нэвтрүүлж өгөхийг гуйх, шан харамж амлах, тээврийн замд болон авто машинд чинь сэжиг бүхий эд зүйл илэрсэн тохиолдолд Хил хамгаалах байгууллагад нэн даруй мэдэгдэж, хамтран ажиллана уу.

Долоо.Улсын хилээр автомашиныг шалган нэвтрүүлэх

Хойд хилд:

  1. Гадаад паспорт
  2. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ
  3. Зорчигч /ачаа/ тээврийн зөвшөөрлийн бичиг /Автобус, том оврын ачааны автомашин/
  4. Байгууллагын автомашин жолоодож яваа тохиолдолд итгэмжлэл
  5. Тээврийн хэрэгслийн даатгал төлсөн баримт

Өмнөд хилд:

  1. Гадаад паспорт
  2. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ
  3. Өөр хүний автомашин жолоодож яваа тохиолдолд итгэмжлэл
  4. Тухайн орон нутгаас биржийн бичиг авна. /6000 төг/
  5. Орон нутгийн татварын газарт татвар төлнө. /10000 төг/
  6. Замын-Үүд-Эрээн автозамын боомтоор БНХАУ-ын Эрээн хотын гаалийн газраас тусгай зөвшөөрөл авсан тээврийн хэрэгсэл нэвтэрнэ.

ХИЛИЙН БООМТЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ,
ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ГАЗАР