ҮНЭНЧ НӨХӨРЛӨЛИЙН ДУУЛАЛ БУЮУ ДОЛДУГААР ТУСГАЙ ТАСАГ
  • 09:47
  • 2051
-Нөхөрлөл гэдэг өдөр бүр уулзахдаа биш өчнөөн жилийн хойно ч өчигдөрхөн салсан мэт санагдах үүрд хувирашгүй сэтгэлд оршино-

Бэлтгэл хурандаа Даш зээ охины хамт амьдарна. Түүнд ганц зээ охиноос нь өөр өмөг түшиг үгүй. Харин хөөрхөн зээд өвөөгөөс нь өөр тулах багана гэж үгүй. Өвөө, охин хоёрын амьдралд нэг л өдөр сүүдэр тусаж охин нь хүндээр өвдөнө. Цэцэг шиг дэлгэрч яваа охиноо хөл дээр нь босгохын тулд чөмөг шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэх шаардлагатай ч донор нь маш ховор, өндөр үнэтэй. Төрсөн эцэг эх нь донор болох магадлал өндөр гэж эмч нар хэлсэн нь Дашийн санааг ихэд зовооно. Учир нь зээ охины аав Лхагвааг тэрбээр зээгээ төрөхөөс өмнө үл бүтэх эр гэж хөөснөөс хойш дахин хараагүй билээ. Түүний ганц охин харин бурханы оронд оджээ. Олон жилийн дараа Лхагвааг эрж сурвал олон мянган долларын хулгайн хэргээр хорих ял эдэлж байгааг олж мэднэ. Очиж уулзтал Лхагваагийн “Охиноо аварч чадах л юм бол би бүхнийг хийнэ” гэсэн үг Дашид итгэл найдвар төрүүлнэ. Даш хурандаа өргөдөл хүсэлт гарган Лхагвааг батлан даалтаар гаргатал гэмт этгээд эмнэлгээс оргоно. Түүнд өмнө хийсэн хэргийнхээ нуусан мөнгийг авч гадагш оргон зайлах зорилго байжээ. Хуулийн байгууллагынхан Лхагвааг эрэн сурвалжилж, баривчилсан даруй мөрдөнд шилжүүлэх үүрэгтэй, дахин батлан даалтанд гаргах боломжгүй гэцгээнэ. Даш хурандаад цагдаагийнхнаас урьтан Лхагвааг олж охиноо аврахаас өөр гарц үлдсэнгүй. Иймд тэрээр залуу идэр насандаа хамт алба хааж байсан долдугаар тусгай тасгийн итгэлт нөхдөө цуглуулахаар шийднэ. Гавьяаныхаа амралтанд гарсан бэлтгэл офицерууд нөхрийнхөө төлөө, бяцхан охины амийг аврахын төлөө ажиллагааг эхлүүлнэ. Мөрдэс нэгт нөхөд болох Дэлэг, Чадраа, Цог, Мятав нар цуглан адал явдал сонирхолтойгоор өрнөнө. Үйл явдал хэрхэн өрнөж, хэрхэн дуусахыг та бүхэн “Долдугаар тусгай тасаг” Монголын уран сайхны киноноос хүлээн авч үзээрэй. 

Тийм ээ, анд нөхөрлөлийн дуулал оршино. Тэр тусмаа цэргийн нөхөрлөл гэдэг ямар үнэ цэнэтэйг энэхүү уран бүтээл харуулна. Хил хамгаалах ерөнхий газрын лхагва гарагийн мэдээллийн цагаар ардын жүжигчин Г.Равдан, Г.Мягмарнаран, МУГЖ Ё.Цог, Д.Гүрсэд, МУГЖ Д.Сүхбаатар нарын Монголын шилдэг ахмад уран бүтээлчид морилон саатав. Мөн зохиолч, найруулагч СТА Д.Отгонсүрэн, продюсер Н.Батнасан нар хүрэлцэн ирсэн юм. Найруулагч Д.Отгонсүрэнгийн хувьд “Босго тотго” кинонд 2012 онд жүжигчнээр ажиллаж байжээ. Тэр үед цэргийн сэдэвт уран бүтээл дээр ажиллах хүсэл төрж улмаар олон жилийн судалгааны үндсэн дээр цэргийн тэтгэвэрт гарсан ахмадуудыг гол сэдвээ болгон сонгон авчээ. Уулзалт ярилцлагын үеэр дээрх уран бүтээлчид сэтгэлийн үгээ илэрхийлснийг одоо та бүхэнд хуваалцья. 

Ардын жүжигчин Г.Равдан: -Хурандаа Дашийн дүрийг бүтээсэн. Бид хамтдаа нэгэн тасаг болж цэргийн жудагтай амьдралыг эр цэргийн журамт нөхөрлөлдөө үнэнч ахмадуудыг магтан дуулж байна. Хүний мөн чанар гэдэг үнэнч байхад оршдог. Өөртөө үнэнч байх, амьдралдаа үнэнч байх, нөхөрлөлдөө үнэнч байх, сонгосон мэргэжилдээ үнэнч байхын үнэ цэнэ гэж бий. Энэ үнэ цэнийг мэдэрсэн бие сэтгэлээрээ, бат журмаар таван найз нэгэн зорилгын төлөө тэмүүлнэ. Цэргийн та бүхэн ч гэсэн энэ киног үзээд нэгийг бодоорой. Хүлээсэн үүрэгтээ үнэнч яваарай, эрхэм чанараа царцаахгүй амьдралыг туулаарай, дайчин чанарыг жудаг ёсоор нь хадгалж яваарай гэж ахмад уран бүтээлчийн хувьд хэлье.  

Ардын жүжигчин Г.Мягмарнаран: -Монгол Улсын дархан хилийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалж байгаа, эх орондоо өргөсөн тангарагтаа үнэнчээр байгалийн бүхий л саад, элдэв бэрхшээлийг үл ажран дархан хилээ хамгаалж байгаа, удирдлагаар ханган ажиллаж байгаа та бүхэнд баярлалаа. Миний бие цэргийн алба хаагаагүй. Энэ кино цэргийн үерхэл нөхөрлөл гэдэг хамгийн ариун нандин болохыг харуулна. Эр хүний нөхөрлөл ямар үнэнч болохыг, ашиг хонжоо хардаггүй бат бөх болохыг та бүхэн хүлээн авч үзээрэй. Энэ бол өнөөдрийн нийгэмд үгүйлэгдэж байгаа сэдэв юм. Бидний уран бүтээл хүний сэтгэлийн дотор оршиж бас үгүйлэгдэж байсан чанарыг гаргаж ирснээрээ давтагдашгүй. Хошууч холбоочин Цогийн дүрийг хэрхэн бүтээснийг та бүхэн хүлээн авч үзээрэй. 

МУГЖ Ё.Цог: -Хүрэх цэг, нэвтрэх шугамаа өнөөгийн нийгэмтэй холбон тодорхойлсон. Тиймээс нийгмийн сэдэв юм шүү. Таван бэлтгэл офицер нэгэндээ тулгарсан зовлонгоос хөнгөлөлцөх гэж чин сэтгэлээсээ хичээж байгаа үйл явдал гарна. Аливаа нийгэмд амьдарч байгаа хэн ч өөр өөрийн гэсэн хэв маягтай ч эцэст нь сайн сайхны төлөө гэсэн тэмүүлэл ямар хүчтэй болох, монгол уламжлалаа авч үлдэх гэсэн тэр сэтгэл тэмүүллийг та бүхэн олж хараарай. Миний бие 16 настай идэр залуудаа армийн жагсаалд алхаж явсан хүн. Хилчдээс эрхэм хурандаа Нанзад, дэд хурандаа Жадамба нарын мундагчуудыг мэднэ. Та бүхэнд нөхөрлөл эвтэй цагтаа хүчтэй шүү гэдгийг хэлж, зорьсон үйл бүхэн тань бүтэж, эх орны хил мөнх амгалан байхыг ерөөе. 

МУГЖ Д.Гүрсэд: -Ахмад буурлууд юу хийж чаддаг вэ гэдгийг, өргөсөн тангарагтаа үнэнч байгаагийн үлгэр жишээг, эх орон дуудвал өвгөчүүд бид яаж чадахыг энэ киноноос хараарай. Уран бүтээлчид бид хагас цэрэгжилтийн байдалтай ажилласан. Үзэгч та бүхэн бидний уран бүтээлийг хүлээн авч таалан болгоогоорой. 

МУГЖ Д.Сүхбаатар: -1969 оны хөгшин цэрэг та бүхэнтэй мэндчилж байна. Манай энэ кино хүний тухай бүтээл юм шүү. Миний бие тал цус харваад гэр сахидаг өвгөн. Гэхдээ нэгэн нөхрийнхөө амьдралд тус болохын тулд, итгэл найдварыг даахын тулд, өөртэйгөө тэмцэн хичээсэн нь өөрт эргээд том буян болж хөл дээрээ босож ирдэг. Энэ бол тэмүүлэл юм.