1939 оны Халхын голын дайн, 1945 оны чөлөөлөх дайн, 1948 оны баруун хилийн тулгаралтад оролцож, алдар гавьяагаа мандуулсан Монгол Улсын баатар Самдангийн Төмөрбаатарын номын нээлт долдугаар сарын 01-ний өдөр Монгол цэргийн музейд боллоо.
Номын нээлтэд ХХЕГ-ын удирдлага, Монгол Улсын баатруудын “Үхэвч үнэн холбоо” ТББ, УИХ-ын гишүүн асан С.Ламбаа, хошууч генерал П.Сүндэв, баатрын удирдлага дор ажиллаж байсан ахмад хилчид, баатрын үр хүүхэд, төрөл төрөгсөд, хилчин докторуудын төлөөлөл оролцов.
Номын зохиогч, доктор, хурандаа Ж.Өвгөнбүргэд хэлэхдээ, “1936 оноос Япон, Манж-Го улсын цэргүүд Монгол Улсын хилийг удаа дараа зөрчиж, өдөөн хатгалга хийх тэр л үеэс С.Төмөрбаатар даргатай Эрс уулын дугаар заставын хилчид хүч тэнцвэргүй их, бага нийт 62 удаагийн тулгаралтад оролцож, тухай бүр нь ялалт байгуулан алдар гавьяагаа дуурсгаж байсан юм. Эдгээр түүхэн ялалтуудаас харахад Монгол Улсын баатар С.Төмөрбаатар Чингис хааны байлдааны арга, тактикийг судалж, хилийн заставын байлдааны ажиллагааг удирдахдаа ашиглаж байсан нь харагдаж байна” хэмээв. Дэд хурандаа С.Төмөрбаатар нь Монгол Улсын баатруудаас 45, Халхын голын дайнаас тодорсон баатруудаас 13, хилчин баатруудаас 11, Архангай аймгаас төрсөн баатруудаас гурав дахь нь бөгөөд 25 насандаа Цусан гавьяаны улаан тугийн одон, "Алтан гадас" одонг авч, удирдсан застав нь Байлдааны гавьяаны одонгоор шагнагдаж байсан юм.
Тэрбээр дайн дууссаны дараа Төв аймгийн Батсүмбэр, Увс аймгийн Баруунтурууны САА, Архангай аймгийн Өлзийт сумын, нэгдлийн даргаар ажиллах хугацаандаа цэрэг хүний дайчин, мятрашгүй чадварыг гарган ажилласны үр дүнд удирдлагад нь ажиллаж байсан саальчин Авирмэд, ногоочин Долгор нар БНМАУ-ын хөдөлмөрийн баатар цол хүртэж, тракторчин Пүрэвжав, ногоочин Должинжав, Луузан, Дамдин нар улсын аварга болсныг түүх гэрчилнэ.