ЖҮЖИГЧИН Н.ЯЛАЛТ: ШИЖИГНЭСЭН ГЕНЕРАЛЫН ДҮРИЙГ БҮТЭЭХСЭН ГЭЖ ХИЧЭЭСЭН
  • 10:25
  • 119
“Босго, тотго” МУСК-нд Армийн генерал Б.Доржийн дүрийг бүтээсэн жүжигчин, СТА Намсрайн Ялалттай уулзаж, МҮОНТВ-ийн 600 их студид, “Босго, тотго” кино яг нээлтээ хийж байх торгон агшинд энэхүү ярилцлагыг хийлээ. Уншигч хилчид минь таалан болгооно уу.

-Баяр хүргэе. Та энэ кинонд бүтээсэн дүрийнхээ талаар ярьж өгөхгүй юу?

-Баярлалаа. Хил хамгаалах байгууллагад маш олон жил үр бүтээлтэй ажилласан түүхэн генералын дүрд тоглох завшаан надад тохиосонд маш их баяртай байна. Кинон дээр найруулагч маань Дорж генералын нэрийг Мажиг болгон өөрчилсөн л дөө. Түүхэндээ ч ингэж бичигдсэн юм билээ. Энэ хүн хил хамгаалах үйлст олон удаа амжилт гаргаж, хилийн эрлийг удирдан зохион байгуулж байсан юм билээ. Би өөрөө цэргийн алба хааж үзээгүй хүн л дээ. Аравдугаар ангиа төгсөөд СУИС-ын жүжигчний ангид тэнцэж, тэр цагаас хойш уран бүтээлээрээ дагнан ажиллаж явна. Урьд нь ч цэргийн холбогдолтой кинонд тоглож цэрэг, арми, батлан хамгаалах салбарын талаар тодорхой ойлголттой болчихсон байсан. Харин Хил хамгаалах байгууллагын түүхт 80 жилийн ойд зориулан бүтээсэн МҮОНТВ-ийн уран бүтээлчдийн “Босго, тотго” МУСК-нд оролцон тоглосноороо миний цэргийн хэргийн талаарх мэдлэг нэлээд зузаарсан гэж хэлж болно. Хилчид маань зуны халуун, өвлийн хүйтнийг ялгалгүй үүргээ гүйцэтгэж, ард түмнээ амгалан тайван байлгаж, эх орныхоо бүрэн бүтэн байдлыг хангаж байна. Ийм мундаг хилчдийн түүхт 80 жилийн ойд зориулсан кинонд тоглосноороо тэдний амьдрал, гүйцэтгэдэг үүрэг нь ямар хүнд хэцүү болохыг мэдэрсэн. Тэр үүргийг гайхамшигтай чанартай биелүүлснээрээ биднийг өнөөдөр бүтэн эх оронтой, хийх ажилтай, унтах нойртой байлгаж байгаа гайхамшигтай хүмүүс бол хилчид юм гэдгийг л эндээс маш сайн ойлгож авсан даа. 

-Зураг авалтын үеэр төрсөн хамгийн сайхан сэтгэгдэл?

-Дүр маань өөрөө түүхэн хүн. Кинонд дандаа түүхэн үйл явдлуудыг тусгасан. Тиймээс олон түүхэн хүмүүстэй хамт зурганд орлоо шүү дээ. Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал, маршал Х.Чойбалсан, хошууч генерал Б.Шагдаржав, осман, оросын төлөөлөгчид гээд л. Жүжигчин хүний хувьд түүхэн дүрд, тэр тусмаа ийм олон түүхэн хүмүүстэй зурганд орно гэдэг хамгийн сайхан зүйл л дээ. Ялангуяа “Босго, тотго” кинонд маршал Х.Чойбалсангийн дүрийг бүтээсэн МУГЖ А.Дашпэлжээ ахтайгаа хамтран тоглосондоо туйлын баяртай байна. Мөн олон чадварлаг уран бүтээлчид, олон сайхан дүү нартайгаа танилцлаа. Хил хамгаалах байгууллагын офицер, ахлагч, эгэл жирийн цэргүүдтэй ч танилцлаа. Энэ кинонд оролцон тоглосноороо маш олон найз нөхөд, ах дүүс, хамтрагчидтай болж өөрийн танилын хүрээг тэлсэн дээ. 

-Таны бодлоор Дорж генерал гэж хэн байв?

-Зүс царай, биеийн харьцааны хувьд мэдээж хэрэг надаас арай өөр. Хил хамгаалах байгууллагад үр бүтээлтэй, алдар гавъяатай ажилласан учраас тэр хүн түүхэнд тэмдэглэгдэж үлдсэн нь гарцаагүй. Түүний гүйцэтгэсэн онцгой үүргийн нэг нь маршал Х.Чойбалсанг османтай уулзаж байх үеэр хамгаалалтыг удирдан зохион байгуулсан явдал байдаг. Энэ кинонд генералын удирдсан зарим онцгой ажиллагаануудын зургийг авсан. Үзэгчид маань кинон дээрээс Дорж генерал гэж хэн байв, түүхэнд ямар үүрэг гүйцэтгэв гэдгийг олж харах байх.

-Энгийн жүжигчин хүний хувьд цэргийн хүний дүр бүтээх хэцүү байдаг уу?

-Би цэргийн амьдралын нарийн ширийн зүйлийг сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ жүжигчин хүн тухайн тоглож байгаа дүрдээ орж ажиллахын тулд цэргийн хүний үйл хөдөлгөөнөөс эхлээд удирдах албан тушаалтны өмнө биеэ авч явах байдал, алхаа гишгээ, илтгэл рапорт өгөх, дүрэмт хувцас өмсөх гэх зэрэг бүх л зүйлийг дүрэм журмаар нь үзүүлэхийг хичээдэг. Шижигнэсэн генералын дүрийг бүтээхсэн гэж хичээсэн дээ. Үзэгчид маань хэрхэн хүлээж авах нь тун удахгүй мэдэгдэх байх. 

-Хилчин хүний амьдралыг хамгийн ихээр мэдрүүлсэн зүйл юу байв?

-Миний хувьд хилийн заставт удаан ажиллаагүй. Миний оролцсон зураг авалтын нэг хэсэг Дорнод аймгийн Чойбалсан хотын түүхийн музейд өрнөсөн. Бас нэг хэсэг нь Төв аймгийн Баянчандмань дахь Хил хамгаалах байгууллагын сургалт бэлтгэлийн цогцолборт явагдсан юм. Энэ зураг авалтын үеэр маршал Х.Чойбалсан хурган дотортой монгол дээлтэй байлаа. Орос дарга нэхий хүрэмтэй, осман нь үнэгэн захтай дулаан хувцас өмссөн байв. Тэгсэн би шинель, хромтой зураг авалтад орох ёстой болсон юм. Хром маань ороолттой ордоггүй, дан оймстой өмсч таарсан. Цасан дээр зогсч байгаад османыг угтаж авч байгаа, маршалын хажууд зогсч байгаа хэсэг гээд байнга л өвлийн хүйтэнд цасан дээр зогсч зураг авахуулах хэрэг гарсан л даа. Дороосоо даарахаас эхлээд асуудал үүсч байгаа юм. Гэхдээ эх орныхоо бүрэн бүтэн байдлыг хамгаалж нүд цавчилгүй зогсдог хилчдийн тэсвэр хатуужил, ажил үүргийн онцлогийг харуулахын тулд жүжигчин хүнээс тодорхой хэмжээний тэсвэр хатуужил шаардагдаж байсан. Би ч үүргээ биелүүлсэн. Хилчид маань үүргээ гүйцэтгэж байгаа. Бид өөр, өөрсдийнхөө үүргийг дор бүрнээ гүйцэтгэж чадвал санаа зовох зүйлгүй сайхан амьдрах боломж бий гэж би хувьдаа боддог. 

-Жүжигчин хүний хувьд энэ киноноос хүмүүс юу ойлгож аваасай гэж та бодож байна?

-Энэ тал дээр би дүгнэлт өгөх нь өрөөсгөл байх. Одоогийн хил хязгаарыг авч үлдэхийн тулд гадаадын болон дотоодын эсэргүү дайснуудтай хилчид хэрхэн тэмцэж байсан, одоо ч хил гаалийнхан маань эх орныхоо баялгийг гадагш алдахгүйн тулд ямар их сонор сэрэмжтэй ажилладаг, ер нь Монгол Улсын хилийг хамгаалахын тулд Хил хамгаалах байгууллага түүхт 80 жилийнхээ туршид ямар үүрэгтэй оролцсон юм бэ гэдгийг энэ киноноос харж болно. Мөн эгэл жирийн хилчдийн амьдрал, ажил үүргийн онцлогийг үзүүлдэг. Уран сайханжуулаад чимж гоёчилсон юм тун ховор. Түүхэн 80 жилийнхээ хугацаанд хилчид маань чухам юу хийж, ямар замналыг туулж ирсэн юм бэ гэдгийг энэхүү 60 ангит кино харуулах тул үзэгчид маань орой бүр телевизийнхээ дэлгэцээр энэ бүх үйл явдлыг харах байх. 

-Хилчдийн амьдрал, ахуйг газар дээр нь очоод харахад танд ямар сэтгэгдэл төрж байсан бэ?

-2011 онд “Долоон бурхан харвадаггүй” киноны зураг авалтыг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сэлэнгэ аймгийн төв, Сайханы хөтөлд авсан юм. Энэ үеэр хилийн дугаар тэмдэгт багана дээр очсон. Биднийг нэг байлдагч тосон авч багана үзүүлсэн л дээ. Шинэ оны эхний өглөө улсынхаа дархан хилийн сүлдэт баганад мөргөж адис авсан. Цэргүүдийн амьдралтай ч танилцсан. Тэд биднийг их сайхан халуун дулаан сэтгэлээр угтаж авсан юм. Гүйцэтгэж байгаа үүрэг нь ойлгомжтой. Харин би зүгээр саваагүйтээд, “Торны цаана нэг алхчих уу?” гэхэд намайг хорьсон. Тэгэхээр тэд үүргээ сайн гүйцэтгэж байгаа биз? “Сүлдэт баганын дэргэдэх ширхэг чулуунаас Сүхбаатарын талбай хүртэл эх орон минь бий” гээд сайхан шүлэг бий шүү дээ. Ингээд бодохоор өөрийн эрхгүй нулимс гарч байлаа. Эндээс цааш хүний нутаг, үүний ард миний гэр бүл, хайртай бүхэн минь, хийдэг ажил минь, хамгийн сайн сайхан, миний гэсэн бүхэн энэ хил хязгаарын дотор байгаа гэж бодохоор энэ бүхнийг хамгаалж байгаа хилчдээр бахархахгүй байхын аргагүй. Хилийн багана дээр очсон эр хүн ямар ч байсан нулимс гаргадаг юм билээ. 

-Хилчид танд ямар сэтгэгдэл үлдээв?

-Хилчид бол гайхамшигтай хүмүүс. Хилийн манаанд явж хацар, чихээ хөлдөөгөөд цасаар үрэн зогсч байгаа цэргүүдийг өмнө нь би харж л байсан. Торгон хил дээр манаанд явж байгаа байлдагчид генерал болтлоо өсөх байх. “Жирийн цэргийн цээжинд өрлөг жанжны зүрх цохилдог” гэж нэг сайхан үг бий. Эх орноо хамгаалж дархан хилээ бүрэн бүтэн байлгахын төлөө гар, хөлөө хөлдөөж явсан байлдагчид л эцсийн эцэст мундаг том генералууд, мундаг том хилийн зүтгэлтнүүд болдог байх. Яагаад гэвэл албан үүргээ гүйцэтгэж яваа эгэл жирийн хилчид ямар хүнд нөхцөлд үүргээ гүйцэтгэдгийг тэд өөрсдийн биеэр мэдэх тул хилчдийнхээ төлөө дорвитой арга хэмжээ авч чадна. Тэр чинээгээрээ албан тушаал, ажлын амжилтынхаа хувьд дээш ахидаг болов уу. Хил хамгаалах байгууллагын хамгийн гол амин сүнс нь торгон хил дээр үүрэг гүйцэтгэн, манаанд зогсч байгаа хилчин дайчид юм гэдгийг л би маш сайн ойлгож авсан даа. 

-Цэнхэр дэлгэцээр олонтаа хардаг жүжигчин нь хилчдэд хандан үг хэлбэл тэд их баярлах байх. 

-Яг одоо улсынхаа дархан хил дээр үүргээ гүйцэтгэж байгаа хилчин түрүүч, байлдагч, офицер, ахлагч, гэрээт болон хугацаат цэргийн албан хаагч, удирдлагууд, Хил хамгаалах байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд орчин үеийн Хил хамгаалах байгууллага үүсч хөгжсөний түүхт 80 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Та бүхний ачаар бид эх орондоо аюул түгшүүргүй сайхан ажиллаж, амьдарч байна. Уран бүтээлчид бид та бүхнийхээ тэр сайхан ач тусын хариуд “Босго, тотго” МУСК-г өргөн барьж байна. Хойшид бид Хил хамгаалах байгууллагын 85 жил, 90 жилийн ойн уран бүтээлд мөн л хамтран ажиллах байх. Би цэргийн холбогдолтой дэлгэцийн бүтээлд тоглох сонирхолтой хүн л дээ. Хүсэл мөрөөдөл минь нэг шатаар ахилаа. Дараагийн удаад өөр дүрээр хилчидтэйгээ уулзъя. Та бүхэндээ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монгол Улсын дархан хил тайван байг. 

-Ерөөл бат оршиг. Танд маш их баярлалаа.

 

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэлүүд (0)

Сэтгэгдэл байхгүй байна.