-Ярилцах хүсэлтийг минь хүлээн авсанд юуны өмнө баярлаж буйгаа илэрхийлье. Хилчдээр овоглогдоод 70 гаруй жилийн нүүрийг үзэж буй “Эх орны манаа” сонины зочны хойморт та уригдсан байна?
-За баярлалаа. Уран бүтээлч хүмүүс хэзээд олз омогтой байдаг. “Явсан нохой яс зууна” гэдэг. Юм бүхэн сайн сайхан тийш хувьсан өөрчлөгдөж байдаг жамтай хойно энэ жил багагүй зүйлийг хийлээ. Уран бүтээлээ нэлээд баяжууллаа. Харин улстөр өөрөө шог байгаа болохоор түүнийг давж гарсан уран бүтээл зурах нь амаргүй байлаа. Хүн инээлгэх угаас амар ажил биш. Гэхдээ би зурж л байгаа. Амьдрал нам тайван, сайхан байна. Мөн энэ жил Монголын түүхийн дурсгалт зүйл, нандин өвийг хайж олох эрэлд найз нөхдийн хамт мордсон. Нэг талаасаа аялал ч гэж хэлж болно. Ховор хуучны ном судар олох, цуглуулах зорилготой их сайхан ажил. Москва болон Санкт Петербург хотуудаар улсын холбогдолтой түүхэн бичиг соёлыг эрэн сурвалжилж Түүхийн хүрээлэнгийн захирал С.Чулуун, Улаанбаатар музейн захирал С.Цацрал нарын хамт Юнител группын дэмжлэгтэйгээр яваад ирсэн. Чамгүй олзтой шүү. Энэ аяллаа цааш үргэлжлүүлэх бодолтой байгаа.
-Тэгэхээр нүсэр гэж хэлж болохуйц эрэл хайгуулд ханцуй шамлажээ. Арвин байгаа олз омгоосоо хуваалцаач?
-Гадагш гарсан бичиг соёлын дурсгал, биет болон биет биш өв соёлын нэгдсэн сан гэж манай улсад байдаггүй юм билээ. Тэгэхээр хамгийн эхэнд хаана, юу байгааг мэдэх хэрэг гарна. Ямар гэрэл зураг, яг аль музейд байгааг олж мэднэ. Түүний дараагийн шат нь боломжтой бол буцаан эх оронд нь авч ирэх асуудал. Ирэх жил гэхэд Эрмитажид хадгалагдаж байгаа Ноён уулын булшны үзмэрүүдээр альбом гаргахаар зэхэж байна. Мөн Козловийн гэр музейтэй тохиролцоо хийлээ. Ховор гэж болох 2000 гаруй гэрэл зургаар ном гаргахаар болсон. 1924 онд хэвлэгдсэн Эндрюсийн “Монголын геологи” гэх ном бий. Манай орны тухай Судалгаа шинжилгээний экспидицийн тайланг эх хувиар нь олж ирлээ. Тэр бүх тайлан судалгаа ХААИС-д ч байхгүй байх жишээтэй. Хувь хүний гэрэл зургийн цуглуулгаас л гэхэд их зохиолч Д.Нацагдоржийн өмнө нь та бидний харж байгаагүй таван ч зураг гарч ирсэн. Нэг удаагийн аяллаар л гэхэд ийм сайхан олз омогтой ирсэн. Явсан нохой бүр нэлээд том булууны яс зуугаад ирсэн байгаа биз. Нас яваад ирэхээр хувь уран бүтээлч гэхээсээ илүүтэй нийгмийн ажилд идэвхтэй оролцох юмсан, залуус хүүхдүүдэд мэддэг чаддагаа хэлж ярих юмсан гэх бодол давамгайлдаг бололтой.
-20-оод хоногийн өмнө өөртэй чинь холбогдоход урд хөрш рүү явсан сураг дуулгасан. Ямар ажлаар яваад ирэв. Магад энэ ажлын үргэлжлэл байв уу?
-Бээжингийн Сувдан театр гэж байдаг. Тэнд найз Д.Сосорбарам мөн залуу үеийн төлөөлөл болох этник чиглэлээр уран бүтээл туурвидаг долоон хамтлагийн 90-ээд уран бүтээлчидтэй хамт явсан. Энэ гайхамшигт тайзан дээр тоглолт хийх сайхан аялалд найз нөхрийн болон үзэгчийн ёсоор оролцлоо. Их сайхан тоглолт болсон. Дэлхийн хэмжээний том тайзан дээр өөрийн орны уран бүтээлчид дуу хоолойгоо хүргэх боломжийг Со маань бүрдүүлж, сайхан эхлэл тавиад ирлээ. Харин миний бие түүнийг нь харан бахархаж бас даган баясах үүрэг гүйцэтгэсэн гэх үү дээ.
-Та яриан дундаа нөхдөө их оролцуулах юм. Гэрэл зурагчин С.Цацрал та хоёрыг их сайн найз гэдгийг мэдэх юм байна?
-Цацаа, Со бид гурав уран бүтээлийн сайхан найзууд. Бид хэн ч биш байх үедээ л найзалсан улс. Хижээл насны эрс болтлоо найз хэвээрээ л явна. Нусгай хүүхдүүд байхдаа нөхөрлөсөн нь магадгүй өнөөдрийг хүрэх үнэ цэнэ байх. Одоо цагийн нөхөрлөл хэн нэг нь өндөр албан тушаал хашдаг, хэн нэг нь мөнгө хөрөнгөтэй байхад, мянгат малчин явах үед нь тогтдог мөн чанартай болчихож. Үүнд үндэслэсэн нөхөрлөл мянгат малчин малаа зуданд алдахаар эсвэл гоо сайхан хүүхэн нас нь яваад гоё сайхан нь гундаад ирэхээр устдаг. Харин үүнийг үл анзаарсан гоё нөхөрлөл байх хэрэгтэй. Ан гөрөө, авгай хүүхэн, архи дарсан дээр дөрөөлөөгүй эрчүүдийн нөхөрлөл ч угаас сайхан л даа.
-Нөхөрлөл гэх энэ сэдэв рүү ярилцлага маань гулсан орсных цэргийн онжавуудын нөхөрлөл их зузаан үлддэг бололтой юм билээ?
-Яг үнэндээ цэргийн амьдрал одоо ямар болсныг мэдэхгүй байна. Би 80-аад оны гурван жилийн цэрэг. Тэр үед олон эрс дунд оны ялгаа гэж байсан. Гэвч би хувьдаа цэргийн амьдралд тодорхой хэмжээний дэг журам байх ёстой гэж үздэг хүн. Тэр дэг эр хүн шиг эр хүнийг төрүүлдэг. Мэдээж дэг журам хэмжээнээс хэтрэх ёсгүй. Бөхчүүд дунд л гэхэд ах захаа хүндэтгэх ёс, эмч нар дунд арга туршлага арвин нэгнээ хүндэтгэх амьдралын элементүүд бий. Миний үе байтугай 60,70-аад оны цэргүүд одоо ч сайхан андууд хэвээрээ байдаг юм билээ. Жүжигчин Н.Цэвээнравдан ахтай хамт хөдөө ажлаар явна. Тэр үед харахад хамгийн сайн найзууд нь өнөөх цэргийн нөхөд л байдаг. Бидний эмээ өвөө, аав ээж нар манай ангийн охин, банди гээд ярьж суудаг. Хүүхдүүд нь нөгөө шүдгүй өвөөг нь хараад дооглоцгоодог. Түүнтэй адил цэргийн онжавууд минь хэмээн өвөө болсон ч нэгнийгээ дурсч л суудаг. Би Төв аймгийн Сэргэлэнгийн дивизэд алба хаасан. Энэ дивиздээ нэг жил болсон. Орос цэргүүд буцсан учраас Өвөрхангай руу манай анги нүүх болсон юм. Би чинь хөдөлгөөнтэй, гайгүй сэргэлэн цэрэг явлаа. Амралтын өдөр их зэсэрдэгсэн. Ингэж зэсэрч яваад нэг дэх өдрийн өглөө очтол манай анги нүүчихсэн байдаг байгаа. Араас нь танкын хороотой анги дээрээ явж очсон хөгжилтэй дурсамж бий. Төв аймаг ойрхон болохоор гэнэ гэнэхэн зэсрэхдээ их зүйл амжуулна. Амралтын нэг өдөр нь зах гарч пянз зарна. Мөн эхнэр хүүхдээ эргэнэ. Оператив тасагт хамааралтай цэрэг байсан болохоор ганц нэг чөлөө гардаг байсан л даа. Штабт зураг зурж, юм бичиж өгсөн шигээ албаа хаана. Мөн илүү оймс элээсэн “хөгшин” цэрэг байсан болохоор аливааг зохицуулчих арга заль байсан юм байлгүй.
-Таны олон төрлийн цуглуулга дундаас пянз бол нэлээд дээгүүр байр суурь эзэлдгийг мэдэх юм байна. Цэргийн алба хааж байхад ч таны хобби ид дундаа байв уу?
-Тийм шүү. Тэр үеийн хүмүүс хуванцар пянз ихээр цуглуулдаг байлаа шүү дээ. СD гэж гараагүй байсан үе. Харин пянз зарж эхнэр, нялх хүүхэддээ нэмэр болдог байсан санаатай. Эхнэр оюутан, харин том хүү нялх байсан учир би хугацаат цэргийн алба хаагч гээд гэдсээ илээд хэвтэж болохгүй байсан л даа.
-Гурван жилийн цэргийн амьдрал Цогоо гэх бие хүнийг хэрхэн төлөвшүүлж, эргээд нийгэмд хөл тавиулсан бэ?
-Би 24 насандаа буюу хөгширсөн хойноо цэргийн амьдралд хөл тавьсан хүн. Намын төв хороо, Засгийн газрын төв хэвлэл “Үнэн” сонинд ажилладаг гээд үнэмлэхээ үзүүлээд л уг нь цэргийн албанаас чөлөөлөгдчихдөг байлаа. Гэхдээ 1986 оны цэрэг татлагад олон хүнийг хамруулсан юм. “Үнэн” сониноос гэхэд зургаан хүн татагдан хоёр нь цэргийн албанд мордож, дөрвийг нь чөлөөлж байлаа. Тэр хоёрын нэг нь би. Сүүлд нь харин учрыг мэдэхэд армийн улс төрийн газраас нэрс гаргаж, хүмүүсийг олноор татсан байдаг юм. Боловсон хүчнийг цэргийн албанд явуулж дараа нь татан үлдээх санаатай хор найруулах үйл явц гэх үү дээ. “Өдрийн сонин” болон “Ардын эрх” сонинд ажиллаж байсан “хар” Батмөнх, тоймч Цэрэнжав бид хамт 1986 онд цэрэгт татагдаж байлаа. Би өөрөө цэргийн алба хаая гэж зүтгэсэн. Цэргийн алба хааж цаг хугацаа алдсан гэхээсээ илүүтэй эр хүн болж төлөвшихөд минь үнэхээр нөлөөлсөн он цаг гэж бодож явдаг. Ялангуяа гурван жилийн албанд гайгүй сайн эр хүн төрж гардаг. Одоогийн нэг жилийн албыг би хувьдаа таашаадаггүй. Ядахдаа хоёр жил байсан бол гэж бодогддог. Дөнгөж цэргийн эрдэмд суралцаж эхлэхээр халагдах хугацаа болчихдог богинохон хором. Гурван жилийн алба хаахад оны ялгаа гэж байдаг юм. Шинэ цэргээр эхний жил, асман цэргээр хоёр дахь жил, хал цэргээр гурав дахь жилдээ амьдарч үзнэ. Амьдралын гурван үе шат. Асман байхдаа Жа болж байлаа. Жагсаалын дарга байна гэдэг өрөөлийн өмнөөс хариуцлага хүлээдэг амаргүй ажил. Би тиймээс төвөгшөөсөөр байгаад бултах аргаа ч олсон. Манай нэг найз ангид эмчээр ирэхгүй юу. Түүний тусламжтайгаар би гэдэг хүн эмнэлгийн ханан дээр буга зурсан шигээ үсээ ургуулж эхэлсэн. Юун цэргүүдийн араас санаа зовох. Цэргүүд халагдах цаг ч болж манайхан намайг тосохоор иртэл би гэдэг хүн байдаггүй гэнэ. Яасан гэхээр маргааш нь хачин урт халимагтай гоё цэрэг онгоцоор бууж байлаа шүү дээ.
-Цэргийн амьдралд үеэс үед хадгалагдан үлдэх ёстой алтан дүрэм гэж бий байх. Албыг нь хааж үзсэн ах нарын амнаас л энэ тухай үнэнийг дуулах болов уу?
-Оны ялгаа гэж байг. Гэхдээ хэтрүүлэх хэрэггүй. Ах зах, цэргийн цол хэргэм, дүрэм журмаараа амьсгалдаг бай. Цэргийн байгууллага, шоронд л эдгээр асуудал байдаг юм биш. Их дээд сургуулиудад хүртэл үеийн ялгаа гэж бий шүү дээ. Хал үзэж байж л тэр хүн хашир сууна. Олон эрс цугласан цэргийн албанд хүн бүр миний эрх, эрх чөлөө гээд байвал утгагүй. Ухамсрын шанаа ч байх ёстой. Ухамсрын шанаа авч ч явлаа, хүртээж ч явлаа. Хэтрүүлээд гэмтээчихгүй л бол байх л зүйл. Ясыг нь харин хугалчихгүй байх ёстой шүү. Үүгээрээ хүнийг хүн болгох ухаан цэргийн албанд байдаг юм гэдгийг л хэлэх гээд буй хэрэг. Ардын зүйр цэцэн үгс бий. “Хүн ахтай, дээл захтай” гэж. Болохгүй байгаа хүүхдийг нэг чангахан алгадчих эцэг хүний ухаан ч бий. Энэ бүхэн цэргийн албанд байдаг. Гэхдээ гэмт хэргийн шинж чанартай биш гэдгийг тодотгож хэлмээр байна.
-Таны “Цэргийн нэг өдөр” цуврал манай хилчдэд хүрч байсан. Харин хил, хилчдийн сэдэв бүхий уран бүтээл юу билээ?
-Уучлаарай. Та бүхний тухай гэгээлэг сайхан бүтээл байхгүй. Харин хоёр ч шүүмжилсэн талдаа зураг бий шүү. Зарим нь үзэж харсан байх. Шог зураг гэдэг бялдууч, магтаалын шинж чанартай байх ёсгүй эд. Хилийн цэргийн нөхөр энгэр дээрээ байтай ёслоод зогсч буй нэг зураг бий. Нөгөө нь, “Иракаас ирсэн үү, Афганистанаас ирсэн үү?” гээд бурхан диваажинд нэг нөхрөөс асуухгүй юу. Тэгсэн, “Үгүй би Монголын хилээс ирсэн” гээд цусаа урсгачихсан зогсч буй шог зураг. Нэг үеэ бодвол хилчдийн тухай мэдээлэл нээлттэй, ил тод олон нийтэд хүрдэг болжээ. Энэ нь эерэг болоод сөрөг байр суурийг бий болгож байх шиг надад санагддаг. Харин энэ бүхэнд яг та нарын буюу хэвлэл мэдээллийнхний үүрэг маш чухал. Дуулиан шуугиан хөөхөөсөө өмнө үндсэн үүргээ сайн тунгаах хэрэгтэй. Хилийн цэрэгт гарсан ганц хоёр удаагийн үйлдлүүдээр нь нийгэмд тэр чигтээ хар толбо суучих жишээтэй. Цэргийн байгууллага гэдэг нууцтай, дүрэм журамтай. Ялангуяа хил болон тагнуулын байгууллага их эмзэг байх ёстой. “Босго тотго” киног миний бие юнивишн сувгийн тусламжтайгаар урагш гүйлгээд нөхөн үзэж байгаа. Энэ кино надад таалагдаж байгаа шүү. Зөв сурталчилгаа. Дүрүүдээ оновчтой сонгосон санагдсан. Гэхдээ Хилийн цэрэгтэй хамтран ажиллаж байсан явдлууд надад олон бий. Эр хүн бүр ер нь цэрэг, армийн сэдэвтэй бүхэнд сэтгэл татагддаг байх. Байгалийнх нь зөн гэх үү дээ. Цэргийн албанд аймаг, сумынхаа ч төвийг үзэж хараагүй залуус татагдаж ирнэ. Бичиг үсэг мэдэхгүй, мал дээр байсан дүйнгэдүүхэн нөхөрт АК бариулахаар нүд нь асаад л ирдэг. Агуу хүний удам, анчин гөрөөчин явсан өвөг дээдсийн үргэлжлэл болохоор тэр байх. Эрэгтэй хүүхэд бүр багадаа буудалцан тоглож өсдөг. Зураг зурсан ч танк, буу байх жишээтэй. Харин охидууд та нар барби хүүхэлдэй зурдаг биз дээ. Миний бие бизнес хийж байхдаа хил, гаалиар нэлээд явж байсан хүн. Хилчдэд төрөлх гэмээр шинж чанар агуулагдаж байдгийг энэ үеэр анзаарсан.
-Тухайлбал ямар шинж вэ?
-Ганцхан Монгол хилчдийн шинж чанар биш л дээ. Улс орны хилчин шалгагч бүрт бий. Солонгосын хил дээр ажиглаад сууж байлаа. Хил, гаалийнхантай басхүү танил гэж байгаа. Тэдэнтэй хамт ажиглаж суухад инээдтэй шүү. 10 хүний яг хэн нь бичиг баримтын болоод өөр зөрчилтэй байгааг шууд хараад мэддэг. Огт зангиа зүүж үзээгүй атал яг тэр үед цоо шинэ гялгар, хямдхан хослол өмсчихсөн, зангиагаа хоолойдоо чинэртэл чангалчихсан, нүүр нь хүрэн улаан татсан нөхөр харагдана. Болоогүй ээ хүн дуудахаар цочоод л, энгэр заамаа үе үехэн тэмтрээд л. Үнэхээр мэргэжлийн онцлог байдаг юм билээ. Хэн нь зөрчилтэй болохыг шууд хараад гадарладаг. Лавлаад шалгахад үнэхээр асуудал гарна. Над шиг ажигч хүн хилийн шалганд ажиллавал зөрчил илрүүлчихмээр л санагдсан. Зураач хүн ажигч байдаг. Бас сэтгэл зүйч байдаг. Шалгагч нарын ихэнх нь бүсгүйчүүд. Эмэгтэй хүн чинь төрөлхийн тагнуулч шинж чанартай. Та нар чинь хардаж сэрдэх, утас шалгах энэ тэрдээ гаргуун биз дээ? /инээв/ Байгалийн энэ шинжийг ажил мэргэжилдээ харин сайн ашиглах хэрэгтэй шүү. Эрчүүд бид угийн тайван улс. Уужуухан. Жаахан удаан ажиллаад ирэхээрээ “За хөөрхий ядарсан амьтан байна” гэж мэдэх л улс. Харин хүүхнүүд яс. Жаахан шарыг нь хөдөлгөчих юм бол бүр гарч өгнө.
-Та олон орноор явж байсан хүн. Эдгээр улс орнуудын хилчидтэй эх орныхоо өнгө төрхийг харьцуулан ажиглаж л байсан биз. Монголын хилчдийн өнгө төрх гэвэл та юуны тухай ярих бол?
-Сэтгэл дундуур нэг зүйл бий. Хувцас хунарынх нь үзэмж жаахан муу санагддаг. Урд хөршийн хилчид хувцас муутай байсан үе. Тэгэхэд л өөрийнхөө хилчдийг харьцуулаад харахаар нэг л бөөвийсөн бүүдгэр. Гандаж гундсан. Хөөрхий борц шиг царайтай хэдэн цэргүүд. Уг нь хилчид тусгаар тогтносон Монгол Улсын өнгө төрх байхгүй юу. Хилчид улс эх орноо илэрхийлж буй нүүр царай. Би цэргийн тэр сайхан хувцасыг доожоогүй өмссөн нэгэнд их дургүй. Харваас нэг л “дэлбэрчихсэн”. Би өөрөө хувцасаа ганган, их сайхан дэглэж өмсдөг цэрэг байлаа. Хувцасаа гандаад ирэхээр замын харыг бензинд уусгаж байгаад түүндээ дүрээд хэсэг байлгана. Өнгө нь сэргээд л явчихна шүү дээ. Гоё сайхан байхын тулд үнэрийг нь ч үл тоон нэг хэсэгтээ манараад л тууна. Бакаландаа хромон гутлын түрий залгаж гангардаг байлаа. Гутлынх нь хоншоор эргээд уначихсан цэрэг ер нь ямар харагдах вэ. Өлсөөд чацга алдаад, бөөстөөд байгаа нөхөрт яах аргагүй шанаа өгмөөр санагддаг. Шанааны хүчээр мань хүн дээшээ гараад л ирдэг. Цэргийнхэн бол тэр нөхрийг хараад хэн бэ гэдгийг нь шууд л дүгнэнэ. Эр хүн байна даа олон аавын хөвгүүдийн дунд хийморь өөдөө тэргүүнд нь явах ёстой биз дээ. Амьдрал өөрөө тэмцэл биз дээ. Хүндэт харуулын ангид залуусыг шигшиж авдагтай адил хилд ялангуяа хилийн боомт бүхий ангиудад цэргийг сайн сонгож авах хэрэгтэй. Улсын нэр сүр тэдэнд агуулагдаж байна. Солонгост ажиллах гэж буй залуусыг сонгож, сорчилж авч байгаа бол улсынхаа хилийг манах хүүд ч тийм шударга шалгуур тавих хэрэгтэй. Улсын хил дээр дамарчихсан нөхөр нусаа татаж зогсох ёсгүй. Ер нь хүн янз бүр төрж болно. Харин улсын хил дээр зогсч буй цэргүүд “галзуу” л байх ёстой. Галт тэрэг өнгөрөхөд нэг л жавхаатай, ганган, хөөрхөн цэрэг сайхан ёслоод зогсч байх дажгүй биз. Бидэнд ч сайхан. Хэдэн хоногоор хүний нутгаар явж байгаад ирэхэд халаасандаа хатсан талх хийчихсэн байрын доожоогүй нөхөр бохь зажлаад угтах шиг муухай юм байхгүй. Ер нь тусгаар тогтносон улсын хилчин гэдэг сүртэй байх ёстой. Зорчигч түүнээс айж сүрдэж, босч угтах л хэрэгтэй. Аян замд хамаг байдгаараа ангалзаж явсан хүмүүс хил, гааль ороод ирэхээр аядуухан болдог. Хүндэлж буй хэрэг л дээ. Гэхдээ би шалгагч нарыг жаахан цаашлуулчих гээд байдаг тал бий шүү. /Инээв/ Би саяхан Оросын хилийн ажилтан нэг Буриад нөхрийг сайхан зурж, хэсэг марзганаж байгаад хэдэн наймаачдын оймсыг хилээр гаргуулчихсан. Тэр шалгагчийг, “Чамд Чингисийн цус байгаа шүү, санаж яваарай” гээд баатрын хувцастай зурчихсан чинь хоёр буфе шалгахгүй л гарсан. Нөгөө хэд нь бөөн баяр. Хилийн цэрэг соён гэгээрүүлэх, сурталчилгааны хүчирхэг зэвсэгтэй юм байна. Энэхүү хэвлэл мэдээллийн хэрэгслээ ашиглан, болж бүтэж байгаа бүхнээ олон нийтэд сайн хүргээсэй. Зөвхөн дотооддоо биш. Цэрэг, эх оронч үзэл гэдэг улс орны иргэн хүн бүрт хүчтэй суусан байх ёстой. Цэргийн тухай кино бүтээж, дуу гаргах хэрэгтэй байх. Би Любэгийн дууг сонсох их дуртай. Манайд бол дуучин Н.Гантулгаас өөр цэрэг, армийн дуу дуулдаг эсэхийг бүү мэд. “Хурд” хамтлагийн цэрэг, эх орны сэдэвт дуунууд, Олег Газманов, Любэг сонсох үнэхээр тасархай. Монгол хүн байтал орос дуунууд зүрх сэтгэлд шингээд байна гэдэг учир байгаа биз. Гэтэл ансамблийнхаа хэмжээнд хэдэн уран бүтээл эргэлдүүлээд байж болохгүй. Дуучин ВХ сайхан цэргийн сэдэвт дуу яагаад дуулж болохгүй гэж. Жүжигчин О.Долгор саяхан цагдаагийн сурталчилгаанд ёсолж байгаад зургаа авахуулсан байна билээ. Олон түмэнд үнэхээр сайхан хүрч байгааг анзаарсан. Энгийн юм шиг атлаа сайн арга. Сурталчилгаа, танилцуулгаа зөв хийвэл Хилийн цэрэгт алба хаамаар, ажилламаар л санагдана шүү дээ.
-Улсын хилийн дээсийг алхахад танд ямар зураг дүрслэл сэтгэлд чинь буудгийг сонирхох гэсэн юм?
-Яруу найрагчид бол уянгын халилтай хүмүүс. Зураач бид харин хэтрүүлгийн халилтай. Төрөл нь өөр. Сэтгэлгээ зөрнө. Би тиймээс найрагчид шиг уянгын сайхнаар илэрхийлж мэдэхгүй. Иргэншсэн хүний нүдээр харахад дээр хэлсэн өнгө аяс төрдөг гэдгээ илэн далангүй ярилаа. Хятадууд цэрэг, арми, цагдаагийнхаа хувцасыг саяхан шинэчилсэн байна билээ. Барууны стандартад илүү нийцүүлсэн гэх үү дээ. Тэр олон мянган хүний пөөнийсөн ногоон хувцасыг дор нь шинэчилсэн. Өөрчилсөн. Манай улсын хилчид харин цөөхөн. Тэднийгээ нүд бүлтийтэл гоёсон ч яадаг юм. Шинжлэх ухааны үндэслэлтэй хийгдсэн дижитал шөнийн дуранд харагдахгүй, ус чийг нэвтрүүлэх чадвар сайн, биед эвтэйхэн, материал сайтай гээд барууны стандартыг хангасан хувцасаар хангах л хэрэгтэй байх. Хилийн цэрэг гоёмсог байх ёстой. Ганган байх хэрэгтэй. Сүр хүчтэй байх ёстой. Магадгүй цагдаа болон бусад хүчний байгууллагуудаас илүү Хил хамгаалах албанд төсөв хөрөнгө зарцуулах ёстой. Монгол Улсад ирж буй жуулчдад хэн анхны сэтгэгдэл үлдээх үү. Хүндэт харуул шиг жавхаатай хилчид. Тэр хүдэр бадар эрсээс дамжуулан та бүхэн жижиг нэгэн улсад ирээгүй шүү. Дэлхийг эзэлж явсан улс гэдэг босго давахад л ийм сүртэй, хүчтэй байдаг юм гэдгээ харуулах хэрэгтэй. Сүрийг үзүүлэх хэрэгтэй. Би Солонгосын хил дээр хэд хэдэн удаа хэрэлдэж байсан удаатай. Монголчуудыг мал шиг үзэж, тусад хорих нь энүүхэнд. Тусгаар улсын эзэн хилчид дээрэлхүү байх хэрэгтэй. Сүр хүчээ үзүүлж ажилла. Яадаг юм дургүй хүргэсэн нэгний паспортыг бүр шидэхгүй юу.
-Тэр чинь ёсзүйн болон харилцааны асуудал болчих юм биш үү?
-Шид гэхээр шидлээд бай гэж ойлгов. Ихэмсэг бай. Найрсаг үйлчилгээ такси, ресторан, зочид буудал зэрэг газруудад яригдах хэрэгтэй. Харин МУ-ын хил, хилчид ихэмсэг байх хэрэгтэй. Нүүрний хөдлөл, үйл хэрэг тэр чигээрээ сэтгэл зүйн хичээл байх ёстой. Харцаараа сүрдүүл. Нүдний гал, сүр сүлдээрээ цоргитол ширт. Тэгж барьц алдуулж байж зөрчил олж харна. Дэлхийн стандартад нийцэж ажилла. Түүнээс зорчигч бүрийг мангасдаад бай гэсэн үг биш шүү, зөвөөр ойлгоорой.
-Эх орны үнэ цэнийн тухай таны бодлыг үргэлжлүүлэн сонсмоор санагдчихлаа?
-Хилчид аглаг буйд газар цөөхүүлээ ажиллаж, амьдардаг. Нэг гэр бүл цагийн уртад болж чаддаг. Арми бол өөр. Яруу найрагчид энэ сэдвээр их гоё ярих байх. Гэхдээ хилчдэд үнэт зүйл гэж бий. Тусгаар улсынхаа хилийг манана гэдэг тэр чигтээ бахархал. Хилчин хүн, “Чамайг унтаад магад чамайг шартаад сэрэхэд би нүд цавчилгүй хил манаж зогссон юм шүү” гэж хэн нэгэнд жаахан халамцуухан үедээ агсамнах эрхтэй. Тиймээс хилчин алдар хүн бүрт олдоод байдаггүй. Би жишээ нь армид алба хаасан, хил манаж үзээгүй учраас хэн нэгэнд онгирох эрхгүй л байхгүй юу. Хэнээс хэнийгээ, юугаа хамгаалсан гэхэв. Хилчид болзошгүй аюулын өмнө байнга тулж зогсдог. Бодит халуун шугам та нарын өмнө бий. Өдөр бүр ингэж ажиллана гэдэг танаас их тэсвэр хатуужил, шалгарлыг шаардаж байдаг болов уу. Тиймээс хүн бүр Хилийн цэргээр бахархаж байх ёстой. Харин энэ үзлийг хилчид та нар энэ киног бүтээсэн шигээ олон нийтэд сайн хүргэ. Хилчид мэргэжлийнхээ онцлогийг мэдэх учраас ажилтайгаа эвлэрч ажиллаж чаддаг юм шиг надад санагддаг. Ялангуяа өсвөр үеийнхэнд, залууст хил гэж юу вэ гэдгийг сайн таниулж ажиллах хэрэгтэй байх. Өнөөдрийн хүүхдүүд баар, ресторан хэсэхээс өөрийг мэдэхгүй эрхийн тэнэгүүд болж өсч байна. Тэдэнд үнэхээр заримдаа ухамсрын шанаа өгмөөр санагддаг. Шалчиганаж далчиганасан эрийн шинжгүй эм шинжтэй, трико өмссөн нэгнийг нь бакаль өмссөн хүдэр сайхан эр болгомоор байна. Тэгж байж Монгол Улс хөгжинө. Тиймээс ч Хилийн цэргийг би эрийг эр болгодог амьдралын их сургууль гэж боддог. Амьдралын сургууль байсаар ирсэн, байгаа ч байх, цаашдаа ч байх болов уу гэж итгэж байна. Үзэл санаагаа садист байдлаар илэрхийлсэн бол уучлаарай. Гэхдээ цаанаа нуугаад, наанаа нялганаад байхыг хүссэнгүй.
-Таныг “Тоншуул” гэх нийгэмд болохгүй байгаа зүйлийг илчлэн шүүмжлэгч, олон мянган захиалагчтай алдарт сэтгүүлээр овоглогддогийг уншигчид мэднэ. Энэ сэтгүүл эргээд гарах болов уу ч гэж тэд бяцхан найдвар тээдэг байх?
-Бидний сэтгэлгээнд орж буй өөрчлөлт хэвлэл мэдээллийн хэрэгслийн төрөлд нөлөөлж байгаа юм болов уу гэж хардаг. Олон нийт хаана дуулиан шуугиан байна түүнийг илт сонирхох болж. Тэгэхээр “Тоншуул”-ыг уншигчид хүлээж авах эсэх дээр эргэлзэх болсон. Яахав энэ нь залхуурсны нэг тайлбар байж болох. Мөн нас яваад ирэхээр өөрийгөө ядраах гэж төвөг гэж боддог болжээ. Одоо 50 хүрч байна. Үлдсэн 10, 20 жилийнхээ амьдралыг тааваараа хөгжим сонсч, кофе ууж өнгөрөөе гэж бодогдох юм. Юу таашаалтай байна түүнийгээ дагаж амьдрах сайхан. Харин ний нуугүй ярихад архийг ууж барахаа байжээ. Таашаалыг нь авч чадах ч арыг нь даахаа больсон. Цаашдаа архийг больж, тамхийг багасгаж амьдарна гэж бодож байгаа.
-Таны уран бүтээлийн нэр нууц биш бол ямар утга учиртай вэ?
-“Satso” юу? Тэр миний овгийн Самандарийн Са, миний нэрийн Цо нийлсэн утга. Шог зураачид болон уран бүтээлчид товчхон нэрэнд их дуртай байдаг. Пако, Токи гэх мэт. Миний бүтэн нэр дуудагдахад их хэцүү. Олон улсын уралдаан тэмцээнд оролцоход уран бүтээлийн энэ нэр минь амар байдаг. Энэ нэрээр ч таньдаг юм билээ.
-Та ярилцлагынхаа эхэнд нийгэм өөрөө хошин байна гэлээ. Тэгэхээр хошин зүйлийг шог байдлаар илэрхийлнэ гэдэг амаргүй л байх даа?
-Үнэхээр тийм. Тэрийг нь давсан хошин уран бүтээл гаргах гэж Б.Цэнддоо бид хоёр хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж байна. Аягүй сайхан сэдэв оллоо гэхэд хүмүүс байдаг л зүйл гэж харах жишээтэй. Хүмүүсийг инээлгэхийн тулд өөрөөсөө хоёр дахин хүчин чармайлт гаргаж байна. УИХ өөрөө “Х түц” болон “Маск”-аас илүү хошин болчихож. Гэхдээ уран бүтээл хийлгүй яахав. Урлаг хүнээс золиос шаарддаг. Хувь хүн амьдралаа золиосолж урлаг, уран бүтээлд тэсч үлдэх нь бий. Тиймээс ч бид сэтгэлийн капиталаараа бол аль хэдийнэ тэргүүн баячуудын тоонд тооцогдох байх шүү. Ер нь амьдралыг хэрхэн хэмжихээс олон зүйл шалтгаална. Хэтэрхий материаллаг талаас нь харах хэсэг байна. Харин би арай өөрөөр харахыг хичээдэг. Би байнга л маазарч, инээж явдаг нь амьдрал асуудалгүйдээ биш байхгүй юу. Хүн юм чинь асуудал байна. Дор хаяж л өтгөн хатна. Тэгэхэд жаргаж дүлдэг нөхдүүд байна цаана чинь.
-Та багадаа зурах дуртай жаал байв уу. Зураг зурна гэдэг эхлээд авъяас тэгээд сэтгэлгээ, хөдөлмөр зүтгэл гээд олон хүчин зүйл шаарддаг байх?
-Хамгийн гол нь авъяас. Сургуулийн бага, дунд ангид хүүхдүүд бүгд жигдхэн зурна. Дунд ангиас дээш харин жаахан ялгарна. Хүний хөгжлийн үйл явц тэр байх. Бидний үед хүүхдийн авъяасыг дэмжиж, нээх тал дээр сайн анхаардаг байсан шүү. Хуучин, өнгөрсөн үе гэхээр л хоцрогдсон гэж үзэж болохгүй. Дугуйлан олноор хичээллэдэг байлаа. Пионерын ордонд Энхболд багшийн удирдлаган дор маш олон зураач хөлөө олсон доо. Би тэдний нэг. Дөрөвдүгээр ангиасаа эхлэн төгстөлөө явсан нь зургийн багахан ч гэсэн дүртэй болоход нөлөөлсөн юм болов уу. Дүрслэх урлагийн дунд сургуульд ороод мэргэжлийн багш нарын гараар орсон. Амгалан багшаар зохиомж, Бүдбазар багшаар хар зураг, Дондог, Пүрэвсүх багшаар уран зураг, Мөнхжин багшаар дизайн, Ойдов багшаар ардын урлаг заалгасан гээд ярих юм бол үнэхээр сайн суурьтай гэж өөрийгөө хэлж болно. Сургуулиа сайхан байхад нь төгссөн азтай хүүхдүүдийн нэг. Женко Х.Баттулга манай дээд ангийн зураач байлаа. Яруу найрагч Ж.Болд-Эрдэнэ чинь манай анги. Шог зураач болсон минь иргэн хүн байхын уран бүтээлч байхын үүргийг гүйцэтгэж буй явдал юм болов уу. Батчулуун гээд найзтайгаа хамт нэгдүгээр эмнэлэгт хэвтэж байлаа. Тэгсэн мань нөхөр “Өдрийн сонин” уншиж сууснаа, “Цогоо чи энийг хар даа. Хүмүүс нээрээ хэтрүүлэх юм. Ингэж зураад байхдаа яахав” гэж байна. Харсан чинь эмч нар авлига авдаг, эмнэлгийн салбарын доголдол дэндлээ гэсэн агуулга бүхий нийтлэлийг миний зурсан зурагтай хамт гаргачихаж. Зургийн агуулга нь мэс заслын эмч хямсаа, хутга, хөвөн гээд сувилагчаасаа холбоотой багаж хэрэгслээ шаардана. Харин хамгийн сүүлд нь авс гэдэг байхгүй юу. Тэгсэн мань хүн авс гэхийг нь харчихаад уурласан юм билээ. Ер нь уран бүтээлээрээ дамжуулан давхар нийгмийг эмчлэхийг хүсдэг.
-Ингэхэд авъяастай хүнд зураг зурна гэдэг амархан уу. Хэдхэн татлаад л амилуулчихдаг байх гэж уншигчид бодож болох юм?
-Шог зураг амархан биш. Мэдээж зураач хүмүүст зурах нь төвөггүй. Зураасан зургийн нэг төрөл шүү дээ. Харин ингэж зурж чадах ч сэтгэхийг нь тэр бүр чадахгүй. Маш олон зураач шог төрлөөр зурах гэж оролдсон. Бид нар ч оролдлого хийлгэсэн. Чаддаггүй юм билээ. Би зургуудаа аль болох гараар зурахыг хичээдэг. Илүү сэтгэл шингэж, амьд болох шиг санагддаг. Ер нь хошин сэтгэлгээ гэдэг тухайн хүнд байгалиас заяасан нарийн өгөгдөл. 100 хүүхэд төрөх гэж байхад нь бурхан “За чи шог зураач болоорой” гээд бөмбөг шидчих жишээтэй. Харин би түүнийг нь шүүрээд авсан хэрэг. 100 хүүхэд дотор 20 эмч, 10 инженер төрж, бүр долоон хүүхдийг хулгайч бол гэж заасан байх нь бий. Харин тэр ганцхан бөмбөгийг би тас зуурч чадсанаараа азтай. Магадгүй би сайн бейсболчин байхгүй юу. Хувь заяа төөргийнхөө бөмбөгийг авсан эзэд нь харин өөр бөмбөгний хойноос гүйгээд байх юм. Чадахгүй ээ, чи энгийн сайхан мужаан бай гээд байхад дарга болоод сүйдлээд байгаа нэгэн ч байна. Харин хүн удирдаж байх ёстой нэг нь сумын малын эмч болчихсон тууж явах. Уг нь бөмбөг бөмбөгнийхөө эзэн нь байсан нь дээр юм шүү дээ. Би харин байх ёстой газартаа яваа хүн гэж өөрийгөө хэлнэ. Дарга болсонгүй, дорго ч болсонгүй. Мөрөөрөө л явна. Энэ нь ч хамгийн гоё. Тиймээс зүрх сэтгэлээ дагаад хийх ёстой зүйлээ амжуулж явбал амьдрал чинь уг нь сайхан шүү дээ. Аягүй гоё. Хоёрхон сая хүмүүс амьдралдаа ханаж амьдарвал асуудалгүй сайхан аа даа. Тиймээс амьдрал амархан шүү гэж хэлье. Буруу харсан нүхэнд хүчээр орж суучихаад, нарны гэрэл над дээр туссангүй гэж үглэх хэрэггүй. Наранд гарч өөрийнхөөрөө аз жаргалтай амьдар.
-Ярилцсанд баярлалаа.