ЖАРГАЛЫН ОРНЫ ЭЗЭД
  • 10:48
  • 44
Хилийн 0243 дугаар ангийн дугаар салбарт ажиллах хугацаандаа жолооч, ахлах ахлагч Б.Золбоогийнд саатав. Гэрийн эзэгтэйг Б.Яагаанцэцэг гэнэ. Гэрт нь зочлох хүсэлт тавихад Б.Яагаанцэцэг бүсгүй, ""Эх орны манаа” сониныг уншиж байснаас өөрөө гарна гэж төсөөлөөгүй юм байна" хэмээн инээв. Ингээд хосууд бие бие рүүгээ харж инээмсэглэсэн нь гэртээ гэнэтийн зочин хүлээж авахыг зөвшөөрсөн тэмдэг байлаа. Заставын хашааны гадна байрлах ажилчдын байрны захын байшин тэднийх аж. Ахлах ахлагч Б.Золбоо халааснаасаа түлхүүрээ гарган онгойлготол хоёр дүрсгүй охин угтах нь тэр.

Хилийн 0243 дугаар ангийн дугаар салбарт ажиллах хугацаандаа жолооч, ахлах ахлагч Б.Золбоогийнд саатав. Гэрийн эзэгтэйг Б.Ягаанцэцэг гэнэ. Гэрт нь зочлох хүсэлт тавихад Б.Ягаанцэцэг бүсгүй, ""Эх орны манаа” сониныг уншиж байснаас өөрөө гарна гэж төсөөлөөгүй юм байна" хэмээн инээв. Ингээд хосууд бие бие рүүгээ харж инээмсэглэсэн нь гэртээ гэнэтийн зочин хүлээж авахыг зөвшөөрсөн тэмдэг байлаа. Заставын хашааны гадна байрлах ажилчдын байрны захын байшин тэднийх аж. Ахлах ахлагч Б.Золбоо халааснаасаа түлхүүрээ гарган онгойлготол хоёр дүрсгүй охин угтах нь тэр. "Аав аа, ээж ээ" хэмээн эрхлэлдэх охидыг З.Маралмаа, З.Мичидмаа гэнэ. З.Маралмаа нэгдүгээр ангиа амжилттай төгсөөд зуны амралтаараа заставт иржээ. Харин З.Мичидмаа одоо дөрвөн настай. Заставын мисс. Аав, ээж хоёр нь өглөө бүлэг ирлээ гээд охидыг цоожлоод гарахад эгч нь бүлэг гэж юу болох талаар асуухад хэрсүү З.Мичидмаа “хоол хийлгэдэг” хүмүүс хэмээн өөрийнхөөрөө тун доги тайлбарлажээ. Ингээд хилийн заставын эгэл даруу нэгэн гэр бүлийнд саатсан бяцхан тэмдэглэлээ хүргэе.

Ахлах ахлагч Б.Золбоо Баян-Өлгий аймаг дахь Хилийн 0285 дугаар ангид 10 гаруй жил ажиллаж байгаад Сэлэнгийн отрядод томилогдон иржээ. Баян-Өлгийгөөс гарахад заставынхаа хилчдээс салах амаргүй байсан гэнэ. Харин одоо шинэ газраа дасчээ. Манай сурвалжлагын гол баатрууд дуу цөөтэй улс аж. Асуусан асуулт бүрт тун тодорхой бас товчхон хариулна. Ахлах ахлагч Б.Золбоо удам дамжсан хилчин. Түүний аав Хилийн 0285 дугаар ангид ажиллаж байгаад дэд хурандаа цолтой чөлөөндөө гарчээ. Эхнэр Б.Ягаанцэцэг нь Баян-Өлгий аймгийн уугуул. Анх заставт танилцжээ. Б.Яагаанцэцэг заставт ажилладаг ахындаа хэд хоноод буцах үед ахлах ахлагч Б.Золбоо дурласан гэдэг. Эр хүний бүх л мэхийг хэрэглэж байгаад хайртай бүсгүйгээ эхнэр болгон авсан аж. Ингээд түүнээс хойш дан хилийн заставт ажиллаж амьдарч байгаа болохоор тэдний хувьд жаргалын диваажин нь өнөөх  хилийн бяцхан хотхон нь гэсэн. Яриа бүрийнхээ эхлэл, эсвэл төгсгөлд, "Застав гоё шүү, төв газар стресс ихтэй" хэцүү гэх үгийг хэлнэ. Тэдний хувьд Хилийн 0285 дугаар ангид ажиллаж байхдаа 2012 онд нийслэл хүрээг зорьжээ. Харин Сэлэнгэд ирснийхээ дараа 2017 онд ахин хот оржээ. Ингээд таван жилийн дараа Улаанбаатарт ирэхэд маш олон зүйл өөрчлөгдөснийг хэлэв. Автобусанд хүртэл картаар зорчих ёстойг мэдэхгүй хэсэг будилжээ. Хосуудын хувьд дуу чимээ нүргэлсэн их хотын амьдралаас хол заставтаа суух нь жаргал гэсэн. Заставын хилчид гэдэг нэг гэр бүл болж жаргал зовлонгоо хамтдаа үүрдэг болохоор ах дүүсээс илүү ойр санагддаг аж. Хүмүүс хилийн заставыг алс бөглүү гэж ярьдаг. Бидний хувьд тийм биш. Энд амьдрал өрнөж байна. Аз жаргал ундарч байдаг хэмээн манай хоёр заставынхаа талаар ярихдаа нүд нь гэрэлтэнэ. Би ч төв суурин бараадахгүй юу хэмээн лавлаж асуухад эргэлзэж тээнэгэлзэлгүй “заставтаа л байна” хэмээн хариулсан юм. 

Биднийг ярилцаж суух зуурт З.Маралмаа, З.Мичидмаа хоёр нарны дэлгэцээр ажиллах жижиг телевизээрээ хүүхэлдэйн киногоо шимтэн үзнэ. Энэ жижиг телевивээс өөр соёлыг түгээж, мэдээлэл өгөх зүйл байхгүй ч Б.Золбоогийнх гэдэг айл дэндүү жаргалтай. Хоёр хөөрхөн охиных нь харцанд жаргал гэрэлтэнэ. Хааяа охид аав, ээжийнхээ гар утсаар тоглоно. Утасны сүлжээ байхгүй болохоор Samsung маркийн гар утас өөрийн үндсэн үүргийг мартаж, тоглоомын хэрэгсэл болон хувирчээ.  

Өлгийгөө үгүйлэн санана

“Баян-Өлгий уулархаг болохоор сэрүүхэн талдаа. Энд их халуун юм. Халууцаж чаддаггүй хүн Өлгийгөө хааяа санах л юм” хэмээн гэрийн эзэгтэй ярив. Арга ч үгүй биз. Өсөж төрсөн нутаг, аав, ээж нь байгаа болохоор сэтгэлд уяатай байхаас яахав. Мөн хосуудын амьдралын хамгийн дурсгалтай мөч нь хилийн застав, тэр дундаа алс холын Өлгий нутагт өнгөрсөн болохоор дурсамжиндаа нандигнан байдаг бизээ. Казахын ард түмний зочломтгой байдал нь заставын хилчидтэй адилхан. Тиймээс ирсэн гийчин бүрийг аль байгаагаараа дайлаж сурчээ. Тэд ч энэ заншлаар байгаа бүхнээ дэлгэв. Бас казахууд их цайсаг. Манай хоёр ч энэ заншлыг нь хэдийнэ өөрсөддөө нутагшуулж байсхийгээд цайгаар “шахна”. Хилээр ажиллахдаа манай хоёр хожмын ирээдүйгээ бодоод Улаанбаатар хотын “Харуул-Алтай” хотхонд байр авчээ. Мөн таван жилийн урамшууллын мөнгөөрөө Дархан-Уул аймгийн Орхон суманд хашаа байшин авсан байна. Өнөөдөр хашаа, байшинд нь Б.Золбоогийн аав, ээж хоёр амьдарч, хүлэмжийн аж ахуй эрхэлдэг гэнэ. Өөрсдөө хот орохгүй ч үр хүүхэддээ үлдээх хөрөнгийг бэлдсэн нь энэ юм. 

Аавын эрдэнэ болсон хоёр охин уйдав бололтой. Үзэж буй хүүхэлдэйн киноноосоо хөндийрч, өвөр дамжин эрхэлнэ. Тэгснээ заставын жижигхэн шавар байшингийнхаа цонхоор З.Мичидмаа өлмийгөө өргөн хараад “Бороо зогсчихсон байна. Гарья” хэмээн биднийг шавдуулна. Харин З.Маралмаа айлын том гэсэндээ ярилцлага дуусахыг хүлээж томоотой ажиглан сууна. Б.Золбоогийнх гэх айлд гэрэл гэгээ нэмж ирсэн анхны үр нь болохоор аав нь ихэд эрхлүүлнэ. Зургаан жилийн өмнө эхнэрээ төрөхөөр эмнэлэг явахад нь өглөө бүр хойноос нь залгаж “төрсөн үү” гэх ганц асуултыг тавьдаг байжээ. Аавыгаа нэлээн чангалж төрөх хугацаанаасаа 10 гаруй хоногийн дараа мэндэлсэн байна. Тэр үед даавууны долоо хоногоо аваад гарахад бэлэн Б.Золбоо баярт мэдээ дуулмагцаа мотоциклио унан дахисаар очсон гэдэг.  Энэ мэтчилэн Өлгийд өнгөрүүлсэн дурсамж, баярт үйл явдал эдний гэрт элбэг. Баян-Өлгийд шинэ жилийн баярыг хамгийн сайхан тэмдэглэдэг байсан дурсамжаа ярив. Арванхоёрдугаар сарын 31-ний үдэш Улаанбаатарын цагаар шинэ оноо гэр гэртээ гаргачихна. Орон нутгийн цагаар заставынхаа хилчидтэй хамт бөөнөөр тэмдэглэдэг байснаа ч хуучлав. Амьдралын нандин учгийг эхэлсэн отрядоо тэд ийнхүү дурссан юм. 

Миний машин, миний ажил, амьдрал

Жолооч хүнд хамгийн чухал нь төмөр хүлэг нь байдаг. Ахлах ахлагч Б.Золбоо фермер маркийн автомашин барьдаг. Машиныхаа занг бол андахгүй болсон гэнэ. Машинаа асаагаад дууг нь сонсоод хаана юу нь болохгүй байгааг төвөггүйхэн хэлдэг байна. Хилийнхээ замыг ч бас андахгүй. Гагцхүү Улаанбаатар хотод л машин барьж чадахгүй байгаа гэв. Замаа мэдэхгүй нэг удаа баруун захаас, зүүн зах хүртэл явж үзээд ахиж төв газар машин бариагүй байна. Ажлынхаа онцлогоор  бахархаж, хоёргүй сэтгэлээр хил манаж буй нэгэн залуу гэр бүлийг хараад хилчин байхын жаргалыг заставт суугаа тэд л хамгийн сайн мэдэх бизээ гэж дотроо дүгнэв. Ханын пийшин, жижиг зуух, цогны индүү, модон наар энэ бүхэн дэндүү танил мэдрэмж. Магад хэн нэгний хувьд огт хөл тавиагүй өнгөрсөн зууны гэмээр ертөнц. Гэхдээ хилээ гэх сэтгэл, зүтгэлтэй ийм л хилчид бидний дунд байдаг болохоор эх орон амар тайван. Өдөржин шаагисан бороо намжиж тэнгэрт солонго татжээ. Юутай үзэсгэлэнтэй. Ингээд бид амьдралын амтыг хамтдаа мэдрэхээр гадагш гарцгаасан юм.

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэлүүд (0)

Сэтгэгдэл байхгүй байна.