АХЛАГЧ Э.ОТГОН-ЭРДЭНЭ: ТИВ ДЭЛХИЙД НЭРЭЭ ГАРГАСАН ТОГООЧ БОЛОХЫГ ХҮСДЭГ
  • 11:07
  • 76
Олон Улсын тогооч нарын тэмцээнд амжилттай оролцсон Хилийн 0257 дугаар ангийн Хүнсний албаны ахлах тогооч, ахлагч Э.Отгон-Эрдэнэтэй ярилцлаа.

-Та уншигчиддаа өөрийгөө танилцуулна уу?

-Намайг ахлагч Э.Отгон-Эрдэнэ гэдэг. Хилийн 0257 дугаар ангийн Хүнсний албаны ахлах тогоочоор ажиллаж байна. Би Улаанбаатар хотод зохион байгуулагдсан “Chinggis khaan,s challenge cup-2019” олон улсын тогооч нарын тэмцээнд оролцоод ирлээ. Тус тэмцээнд 112 улсын 785 тогооч өрсөлдсөн юм. Энэхүү олон улсын тэмцээний Ази хоолны төрлөөр хүрэл медаль, ганцаарчилсан хоолны төрөлд тусгай байр эзэлж Япон улсад болох олон улсын тэмцээнд оролцох эрх авсан. 

-Таньд баяр хүргэе. Өмнө нь ямар тэмцээнд оролцож байв? 

-2014 онд Хангайн бүсийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгөн медаль, аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль, Улсын аварга тогооч шалгаруулах тэмцээний ганцаарчилсан төрөлд хүрэл, гранпри төрлөөс хүрэл медаль, Ази хоолны төрлөөс тусгай байр эзэлж байсан.  

-Хил хамгаалах байгууллагад хэдэн жил ажиллаж байна вэ? 

-Би 2011 онд Хилийн 0311 дүгээр ангид хугацаат цэргийн алба хаагаад улмаар гэрээт хилчний албанд орж, одоо ахлагчийн эгнээнд ороод ажиллаж байна. Хилчдийнхээ эгнээнд ес дэх жилдээ ажиллаж байна. Миний аав цэргийн хүн байсан. Хүүхэд байхаасаа аавыгаа харж, ажил албаар нь бахархаж өссөн болохоор цэргийн хүн болохыг хүссэн. Миний мэргэжлийн онцлог гэвэл олон зүйлийг ярьж болно. Юуны түрүүнд хилчиддээ амт чанартай хоолоор үйлчлэхийг эрмэлздэг. Манай отряд эх орны хойморт оршдог, Хөвсгөл далай ээжийн нутаг болохоор энэ нутгийг үзэж харах гэсэн хилчид, аялал жуулчлалаар яваа хүмүүс олноор ирдэг. Тэр бүхэнд нутгийн болон хилчдийн брэнд амтлаг хоолыг бэлтгэж үйлчлэхийг хичээдэг юм. Ерөөсөө л бидний бэлтгэсэн хоол, зуушийг хэн нэгэн амтлаад сайхан үгээр урам хайрлах тэр мөч гайхалтай. Хил хамгаалах байгууллагад өөрийн дуртай  ажлаа хийж байгаадаа үргэлж баярлаж явдаг. 

-Таны цаашдын зорилго? 

-Цаашдаа тив дэлхийд нэрээ гаргасан, анхны хилчин тогооч болохыг хүсдэг. Энэ дашрамд намайг уралдаан тэмцээнд оролцоход байнга дэмжиж тусалж байдаг дэд хурандаа У.Мөнхбат захирагчтай Хилийн 0257 дугаар ангийн хамт олондоо, тэмцээнд оролцох үед мэргэжлийн зөвлөгөө өгсөн бэлтгэл дэд хурандаа Эрдэнэбулган, Хөвсгөл аймгийн Тогооч нарын холбооны удирдлага, хамтран оролцсон багийн бүрэлдэхүүндээ маш их баярлаж байгаагаа хэлмээр байна.

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэлүүд (0)

Сэтгэгдэл байхгүй байна.