О.БАЯРМАА
Монголын ард түмэнд олон сайхан дүрээрээ хайрлагдаж, хүндлэгдсэн МУАЖ Д.Мэндбаярыг энэ удаагийн дугаарын зочноор урилаа. Хэдийгээр түүнтэй төлөвлөж, цаг тохироогүй ч уулзах ёстой хүмүүс уулзаж, учрах ёстой хүмүүс учирдаг гэсэн сайхан ерөөлийн дагуу бид нэгэн цагт таарав. Өнгөрсөн сард ХСИС-ийн I дамжааны сонсогчдын тангараг өргөх ёслолын ажиллагаа болж бид үйл ажиллагааг сурвалжлахаар зорилоо. “Монгол Улсын төлөө зүтгэе” гэж ам бардам тангараг өргөх үрсээ харах гэж эцэг эхчүүд ч олон цугларсан байв. Энэ олны дунд МУАЖ П.Цэрэндагва, МУАЖ Д.Мэндбаяр хоёр олноос содон туссан юм. Ингээд зээ хүүгийнх нь тангараг өргөх баярын дундуур түүнтэй ярилцлаа.
-Зээ хүүгийнхээ тангараг өргөх ёслолд хүрэлцэн иржээ. Танай зээ ямар мэргэжил эзэмшихээр өнөөдөр тангараг өргөж байна вэ?
-Зээ хүүгийнхээ тангараг өргөхийг хараад үнэхээр их баярлаж, сэтгэл огшиж сууна. Миний хүү эх орондоо хэрэгтэй эр цэрэг, хууль сахиулахаар сонсогч болж байгааг нь харах сайхан байна. Анх цэцэрлэгт оруулахад нь ингэж хөөрч гэр бүлээрээ бид цуглаж байлаа. Их сургуульд орохын зэрэгцээ эр хүний явах ёстой замналын дагуу цэргийн сургуульд орж байгаа нь бүр бахархууштай явдал болж байна. Миний зээг Б.Эрдэнэ гэдэг. ХСИС-ийн Цагдаагийн сургуулийн сонсогч болж байгаа. Энэ сургуулийн удирдлага, эрдэмтэн багш нарт бусдын үрсийг сургахын төлөө цаг заваа зарцуулж яваад нь талархах хэрэгтэй болов уу. Өнөөдрийн тангараг өргөх ёслолоос ч энэ сэтгэл харагдаж байна. Та нар минь эх орны ирээдүй эр цэргийг боловсруулж байгаа чухал хүмүүс шүү.
-Зээ хүү тань яагаад ХСИС-ийг сонгох болов. Та хоёроос гадна хүү, бэр, ач охин гээд танай гэр бүлд урлагийн хүмүүс олон шүү дээ?
-Манай гэр бүлд урлагийн хүмүүс олон бий. Миний хүүг Бат-Оргилын Эрдэнэ гэдэг. Сургуульд байхдаа дуулдаг, бүжиглэдэг, жүжиг, кинонд тоглочихдог авьяаслаг сурагч байсан. Ер нь хүүгээ цэргийн сургууль сонгож, эр цэргийн албанд хүчин зүтгэнэ гэж бодоогүй. Ээж аав нь хуульч хүмүүс л дээ. Зээ хүү минь аав ээжтэйгээ зөвлөлдөөд энэ сургуульд орохоор шийдсэн юм билээ. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд аав ээжийнхээ мэргэжлийг эзэмшихийг хүссэн нь тэр байх.
-Ингэхэд танай гэр бүл хэр өнөр өтгөн болсон бэ?
-Өвгөн бид хоёр 12 ач, зээтэй. Том маань дөрөв, дундах нь хоёр, бага нь дөрвөн хүүхэдтэй болжээ. Ач зээ нар маань гэр бүл зохиож, гурав дахь үеийг минь үнэрлүүлж байна. Тиймээс эмэг ээжийн үүрэг гүйцэтгэж сууна даа. Эмээ, өвөө болохоор чинь давхар хүн хариуцах чухал үүрэг ноогддог юм байна. Өөрийн хүүхэд амар шүү дээ. Үгэнд орохгүй бол бөгсөн дээр нь ганц сайн алгадаад авна. Гэтэл хүүхдийн хүүхдийг бол хэцүү байдаг юм билээ. Тэдэнд чинь аав, ээж нь байна. Тэд давхар өөрийнхөөрөө сургаж хүмүүжүүлж буй. Тэгэхээр ач, зээтэйгээ харилцах харилцааг хүү, охинтойгоо харьцах харьцаатай хослуулах хэрэгтэй болдог. Тэгээд ч хүн гурав дахь үеэ үзээд эхлэхээр үүрэг хариуцлага улам ихэсдэг юм байна. Ер нь гурав дахь үеэ үзнэ гэдэг эх хүн, эмэгтэй хүний хувьд бас сайхан мэдрэмж байдаг юм билээ.
-Та хамгийн сүүлд ямар уран бүтээл дээр ажилласан бэ?
-“Содура” уран сайхны кинонд хоёр жилийн хугацаатай ажиллалаа. Энэ зуны хувьд залуу жүжигчин, СТА Д.Ганцэцэгийн зохиол “Атганд нуусан эрдэнэ” киноны зураг авалтад П.Цэрэндагва бид хоёр яваад ирлээ. Кино зураг авалтыг Төв аймгийн Эрдэнэ суманд авсан. Тун удахгүй дэлгэцэнд гарах байх.
-Та гавьяаныхаа амралтад гарсан ч уран бүтээлээсээ хөндийрөх шинжгүй бололтой шүү. Дараагийн уран бүтээлийн төлөвлөгөө ч аль хэдийнэ гарчихсан уу?
-Драмын театрын намар цагийн үйл ажиллагаа есдүгээр сарын 1-ээс эхэлж буй. Гэхдээ миний хувьд өнгөрсөн жил гавьяаныхаа амралтад гарсан. Одоогийн байдлаар Эрдэнийн дүүг нь харж, эмээгийнхээ үүргийг гүйцэтгэж байна. Бага зээгээ есдүгээр сарын 1-нээс цэцэрлэгт явуулчихаад чөлөөт уран бүтээлч гэсэн нэрийн доор ард түмэнтэйгээ учран золгох байх. Энэ өвөл нэг кинонын зураг авалтад орох төлөвлөгөөтэй байна.
-Тайз, дэлгэцийн олон сайхан дүрийг бүтээснийг тань үзэгчид юу эс андах билээ. Энэ хугацаанд цэрэг дайны сэдэвтэй хэр олон дүрд тоглов?
-Миний хувьд цэрэг дайны сэдэвтэй олон дүрд тоглож байгаагүй. Драмын театрт байхдаа Селянскийн зохиол “Бөмбөрчин эмэгтэй” жүжигт Зөвлөлтийн тагнуулч эмэгтэйн дүрийг бүтээж байлаа. Харин дэлгэцийн хувьд бол цэрэг дайны сэдэвтэй дүрд тоглож яваагүй шүү. Гэхдээ театрт ажиллаж байхдаа Хилийн цэргийн анги, салбараар тоглолт хийж, уран бүтээлээ түгээн дэлгэрүүлж байсан. Бригадаар ийнхүү явахдаа Монгол Улсаа хэдэнтээ тойрсон шүү. Бид тоглолтоо дуусгаад дараа нь бүжиг зохионо. Тойрч суугаад ярилцлага хийдэг байлаа. Цэргүүд их хөөрхөн. Бид нартай аав, ээжтэйгээ байгаа мэт чин сэтгэлээсээ ярилцана, гэр бүлийнхэндээ захиа мэндчилгээ дамжуулна. Энэ бүхнийгэргэн санахад одоо юм шиг нүдэнд тодхон харагдаж байна.
-Хүн болгонд хил дээр очих боломж олдоод байдаггүй. Харин таны хувьд олон анги, салбарт ийнхүү очиж хилчидтэй уулзаж байжээ. Хилчдээс юуг мэдэрдэг байсан бэ?
-Хилчид бусдаас өөр сайхан мэдрэмжийг төрүүлдэг. Хилчдийг харахаар өөрийн эрхгүй хүндлэл үзүүлмээр, сэтгэл дотор огших мэдрэмж надад байнга төрдөг. Эх орноо ийм сайхан залуусаар нүд цавчихгүй, сэрэмж алдахгүй харуулж байгаа болохоор сэтгэл тэнэгэр суудаг даа.
-Таныг бригадаар явж байх үед Хилийн цэргийн өнгө төрх ямар байсан бэ?
-Би 1963 онд Драмын театрынхаа босгыг давсан хүн. Тэр үед алтан үеийн жүжигчид болох МУАЖ Г.Гомбосүрэн, Д.Ичинхорлоо, Ч.Цэвээн, Т.Хандсүрэн нарыгаа дагаад л бригадаар явдаг байлаа. Тэр үед одоог бодвол цаг тайван бус амаргүй байсан цаг. Олон бүрэлдэхүүнтэй очиход байр, хоолны хувьд хүлээж авахад хүндрэлтэй. Гэсэн хэдий ч биднийг хүлээсэн, урлагийн тоглолтоор цангасан, байгаагаа дэлгэн, дотно хүлээж авдаг байлаа.
-Уран бүтээлээ хүргэхээс гадна өөр нэг чухал үүрэг нь цэргүүдтэй чин сэтгэлийн ярилцлага өрнүүлдэг байжээ. Тухайн үед ямар сэдвээр голчлон ярьж, сэтгэлийн урам дэм өгдөг байв?
-Тухайн үед гурван жилийн хугацаатай алба хаадаг байлаа шүү дээ. Дийлэнхдээ эцэг эх, нутаг усаа дурсан ярина. Биднээр дамжуулж дараагийн очих аймаг, нийслэлд захидал, аман мэндчилгээ дамжуулна. Бид “Таны хүү Хилийн цэрэгт албаа сайн хааж байна. Үүргээ ч нэр төртэй биелүүлж байгаа. Та бүхэнд мэнд дэвшүүлсэн” гээд л хариуцлагатай нь аргагүй дамжуулна шүү дээ. Тухайн үед одоогийнх шиг байсангүй. Шуудан харилцаа ч хөгжөөгүй байж. Бид ч хол зам, ажлын хажуугаар цэргүүдийн сэтгэгдлийг сонсч, захидал дайхаас нь цааргалдаггүй байсан юм. Тийм сайхан хүн хүндээ итгэдэг үе байж дээ. Бид үргэлж цэрэг эрсээрээ бахархаж, бахдаж явдаг. Миний хүү Ц.Гансэрээ Армийн 107 дугаар ангид бас алба хаасан юм. Бид хоёрын хувьд хүүхдүүдээ цэрэг армиас зугтаалгах, цааргалах дургүй. Тэд ч хойшоо суудаггүй. Саяхан ач хүү минь цэргийн алба хаагаад ирсэн.
-Ач, зээ нараас өвөө, эмээгийнхээ мэргэжлийг залгамжлах хүн байх юм уу?
-Бид хоёр энийгээ урлагийн хүн болгоё гэж онцолж боддоггүй. Бид хэлдэг юм. “Үнэхээр хүн цойлсон авьяастай, эмээ өвөө шигээ өдий болтол урлагт зүтгэж чадна гэвэл энэ замыг сонгоорой. Урлагт арын хаалга байдаггүй болохоор өвөө эмээгээрээ түрүү барих юмгүй шүү” гэж хэлдэг. Тийм болохоор хүүхдүүд, ач, зээ нартаа өөрийн чадах, хүсч байгаа мэргэжлээ сонгоорой гэж захидаг. Хүүхдүүд угаас бага байхдаа дуулж, бүжиглэж л байдаг. Яг одоогоор мэргэжлийг минь өвлөх ач, зээ анзаарагдахгүй л байна. Хувь заяагаараа болно биз.
-Гэхдээ л удам залгасан нэгэнд нь битүүхэндээ баярладаг биз дээ. Тухайлбал, хүү Гансэрээгийн гэр бүл урлагийн хүмүүс. Та ач охинтойгоо олон ангит кинонд тоглож байсан шүү дээ?
-Мэдээж эмээ, өвөөгийн ачаар кинонд тоглоод авах боломж манай ач, зээ нарт гэнэхэн олддог. Аав, ээж нь ч гэсэн бага байхдаа зурганд ордог байсан. Өнгөрсөн өвөл гэхэд хоёр настай зээтэйгээ МҮОНТ-ийн олон ангит кинонд хамтарч тоглосон. Том зээ охин минь бас UBS телевизийн дууны тэмцээнд ороод авсан. Ач охинтойгоо хамтарч олон ангит кинонд тоглолоо. Хүүхдүүдийн хувьд урлагийн сэтгэлгээ, мэдрэмж байдаг л юм. Гэхдээ бүгд мэргэжлээ өөрсдийн хүсэл сонирхлоор сонгосон. Манай удамд ирээдүйн эмч, цэрэг гээд олон мэргэжилтнүүд ид суралцаж байна даа. Эмээтэйгээ хамт аавынхаа найруулсан “Хайрын эрэлд” олон ангит кинонд тоглосон ач охин минь энэ жил оюутан болж байгаа. Гэхдээ жүжигчнээс өөр мэргэжил сонгосон.
-Залуу үеийнхэндээ зориулаад театрын алтан үеийнхнээ дурсаач?
-Миний мэргэжлийн анги даасан багш Ардын жүжигчин Нямын Цэгмид байлаа. Театрт бидний алхах гишгэх, амьсгалах гээд бүгдийг заасан хүн бол Ардын жүжигчин Э.Оюун. Би ер нь их азтай хүн. Энэ сайхан үеийнхний хормойноос нь зүүгдэж жүжигчин болох гараагаа эхэлж байлаа. Энэ л театраас ханьтайгаа учирч, олон сайхан үр хүүхэд, ач зээгээ тойруулаад жаргаж сууна. Өдий зэрэгтэй яваа минь театрын гавьяа. Театрт ажиллаж байхдаа дэлхийн олон сонгодогжүжигт тоглосон. Монголын үндэсний олон нийтийн телевизийн “Бага дэлгэц” нээгдэх үед анхны жүжигчин байлаа. Энэ цагаас хойш “Эдлэх ёсгүй эрх” жүжгийн Бадамлянхуа хатан, төгсөх курстээ “Энэ хүүхнүүд үү” киноны Должингийн дүр, С.Эрдэний зохиол "Жаргал даахгүй зовлон” киноны баатар Сүндэрьяа, “Мандухай сэцэн хатан” киноны Юүнгэн хатан гэх мэт олон дүрээр ард түмэндээ хүндлэгдэж хайрлагдсан дүрийг бүтээжээ.
-МУГЖ Л.Лхасүрэнг “Гарын таван хуруу” киноны Шагдарын дүрд тоглосны дараа дэлгүүрийн худалдагч нар “Хүүхдүүдээ хаяад явсан чамд юм зарахгүй” гэж загнаж байсан гэдэг. Ард түмэн киног үнэн сэтгэлээсээ хүлээж авдаг. Танд дүрээсээ шалтгаалж хүмүүст зэмлүүлсэн эсвэл өрөвдүүлсэн энэ мэт тохиолдол бий юу?
-Тийм шүү. Манай ард түмэн аливаа сайн уран бүтээлийг үнэн сэтгэлээсээ хандаж, хүлээн авдаг. Биднийг залуу байх үед алтан үеийнхэн, найруулагч нар олон сайхан кино бүтээсэн. Тэр кинонууд одоог хүртэл баяр болгоноор гарч, хүмүүс хэд дахин үзсэн ч уйдахгүй дуртай нь аргагүй ахиад л үзэж байна. Энэ нь чанартай бүтээл болсны илэрхийлэл. Монгол киног баяр болгоноор гаргасан ч уйддаггүй. Харин гарахгүй бол нэг юм дутаад байх шиг санагддаг. “Мандухай сэцэн хатан” кинонд Юүнгэн хатан Мандухайн охинд хор өгөөд хороочихдог. Гэтэл хүмүүс яагаад ийм хөөрхөн охинд хор өгөөд алчихдаг байна аа” гэж их асуудаг. Тэр үед нь “Би өгөөгүй миний бүтээж байгаа дүр өгсөн” гэж ихэнхдээ хариулдаг.
-Ингэхэд урлагийн замналаар энэ олон жилийн турш тууштай зүтгэж МУАЖ болох эхлэл юунаас үүдэлтэй байв. Хүүхэд байхаасаа урлагт сонирхолтой байв уу?
-Хүүхэд байхдаа хөөрхөн бүжиглэчихдэг охин байлаа. Гэхдээ драмын жүжиг гэх ойлголт бараг байхгүй үе. Тэгэхээр жүжигчин гэдэг мэргэжлийг сайн мэддэггүй хүүхэд байсан байж таарна. Намайг долдугаар ангид байхад манай ангийн багш Дэндэв гэж хүн байсан юм. Монголын радиод олон жил сэтгүүлчээр ажилласан хүн. Тухайн үед “Муурын байшин” жүжгийг тавьж тэрэндээ ангийнхаа хүүхдүүдийг тоглууллаа. Би тэр жүжигт баян муурын дүрд тоглов. Ингэж анх драмын жүжгийн талаар анх мэдэж авсан. Манай сургууль төмөр замын сургууль учир бид нар жүжгээ бүх л зөрлөгүүдээр явж тоглодог байлаа. Би чинь ингэхэд анхны кино драмын ангийн төгсөгч шүү дээ. 1959 оны намар есдүгээр ангид байхад Ардын жүжигчин Г.Гомбосүрэн, Нямын Цэгмид, Буриадаас ирсэн Сүндэрьяа багш нар манай сургууль дээр ирсэн юм. Тэгээд ангиудаар явж жүжигчний сургуульд хүүхдүүд шалгаж авлаа. Тэгэхэд нь манай ангиас гурван хүүхэд шалгарч таарав. Нэг нь манай театрын даргыг их олон жил хийсэн судлаач, шүүмжлэгч, жүжигчин, найруулагч Б.Зориг, нөгөө нь телевизийн спортын редакцид ажиллаж байсан найруулагч С.Бадрах. Ингээд бид гурвыг захирлын өрөөнд дуудаж байна гэлээ. Яваад орсон чинь Монголд анх удаа Улсын багшийн дээд сургуулийн дэргэд Кино драмын жүжигчний анги байгуулах гэж байгаа гэдэг юм. Ингээд бид гурав шат шатны шалгалт өгч улмаар есдүгээр ангидаа шууд оюутан болсон түүхтэй.
-Арван жилийн сургуулиа төгсч амжаагүй хүүхдийг жүжигчин болно гэхэд гэр бүл нь хэрхэн хүлээж авав?
-Сургуульд тэнцсэн хойноо аавдаа хэллээ. Тэрнээс өмнө бас хэд хэдэн шатлалтай шалгалт өгөв. Тэрийгээ бол ааваасаа тас нууж байгаад өгчихлөө. Би чинь аав ах хоёртойгоо л өссөн хүн. Тэнцсэнийхээ дараа гэртээ очоод айж айж хэллээ. Аав маань бүр гайхаад итгэдэггүй. Чи зөв ойлгосон юм уу, чамайг дээд сургуульд оруулах гээд байгаа юм уу гээд л ямар багш байсан юм гэж асууж байна. Би хүмүүсийн ярьж байснаар л Богдод тоглосон Нямын Цэгмид гуай гэсэн. Би тэр киног нь үзээгүй байсан юм чинь хүмүүсийн хэлснийг л хэлж байгаа нь тэр. Ингээд өглөө нь аав намайг дагуулж очоод багштай уулзсан чинь “Бид энэ охиныг авсан юм. Дөрвөн жил сурч төгсөөд театр ажилд орно” гэтэл аавын минь дуу нь гарахаа болиод л нулимс нь цийлэгнээд манай охин үнэн хэлсэн юм байна. Та нарт баярлалаа гэж хэлчихээд л явлаа. Тэр өдөр хичээлээ тараад гэртээ харьсан чинь аав маань хоол хийчихсэн сууж байна. Тэгээд миний охин чинь дээд боловсрол эзэмшээд хамгийн түрүүнд аавыгаа баярлуулж байна шүү дээ гээд үнсэж билээ. Харин цаашаа хараад уйлаад байх шиг болсон.
-Та их сайхан гэр бүлийн эзэгтэй. Таныг ардын жүжигчин П.Цэрэндагвын хань гэдгийг хүн бүхэн мэднэ. Бат бөх, сайн сайхан гэр бүлтэй байхын нууц нь юу бол?
-Ер нь сайхан гэр бүлтэй байхын үндэс нь хоёр талын эцэг, эх гэр бүлээс л үүдэлтэй байдаг. Хүн ээж, аавынхаа санааг нь зовоохгүй, сайн сайхан явна гэдэг сайхан гэр бүлийн эзэн, эзэгтэй байхтай утга нэг юм. Баян чинээлэг амьдрал гэдэг юу ч биш шүү дээ. Хэдий амьдрал дорой байлаа ч “Би сайн сайханд тэмүүлэх ёстой” гэсэн сэтгэлтэй байвал бүх зүйл аяндаа сайхан болно. 1967 онд хань маань театрт орсон. Тэр цагаас хойш бид өдөр шөнөгүй тайзан дээр хамт байдаг байлаа. Үдэш оройтвол намайг хүргэж өгдөг. Ингэж явсаар байгаад гэр бүл болсон доо. Бид ханилаад 40 гаруй жил өнгөрчээ. Энэ хугацаанд нэгнийгээ элдвээр хэлж, хэрүүл хийж үзсэнгүй. Бид хоёрын амьдралтай драмын театр салшгүй холбоотой.
-“Суварган цэнхэр уулс”, “Бид мартахгүй” гээд олон сайхан цэрэг армийн тухай кино байдаг. Гэхдээ орчин үед хуучны сайхан кинотой дүйцэх уран бүтээл гарахгүй байх шиг. Энэ талаархи таны сэтгэгдэл?
-Кино бол олон хүний хамтын ажиллагаан дор бүтдэг бүтээл. Сайн зохиол дээр сайн хамт олон бүрдэж байж урт настай уран бүтээл төрдөг. Хуучны кино шиг он жилийг туулан урт наслах даацтай зохиол одоо үед дутмаг байгаа нь үнэн. Цэрэг, эх орны сэдэвтэй кино бичнэ гэдэг энгийн зохиолчийн хийх зүйл биш. Энэ орчин нөхцөлтэй ойр байдаг хүмүүс жаргал зовлонг нь тэнцүүлэх байх. Миний хувьд сайхан эх орон, цэргийн сэдэвтэй зохиол бичигдээсэй гэж их хүсдэг. Бичээд надад тохирсон дүр байвал би тоглоход хэзээд бэлэн.
-Хуучны цагт нэг кино олон шат дамжлага, шүүлтүүрээр орж дэлгэцэнд гардаг байсан. Одоо цагийн кино уран бүтээл хэрхэн шүүлтүүрт орж байна вэ?
-Хуучин цагт уран сайхны зөвлөл, дотоод хяналт, гадаад хяналт, хотын намын хороо гээд л шат шатны дамжлагаар явдаг байлаа. Тэр ч утгаараа сайн бүтээл төрдөг байсан болов уу. Одоо цагт ийм хяналт, өндөр цензур алга. Залуус ахмад уран бүтээлчдээс мэдээж зөвлөгөө мэдээлэл авна. Уран бүтээл урт наслахгүй байх магадлал өндөр. Зохиол бичдэг хүмүүсийг цэргийн амьдралд оруулж, найруулагчид тусгайлан захиалга өгвөл илүү сайн уран бүтээл гарах байх.
-Та гарын шавь төрүүлж байна уу?
-П.Цэрэндагва бид хоёр Кино урлагийн дээд сургуульд багшилдаг. Олон ч шавь төрүүлсэн. Шавь нар маань театр, телевиз, кинонд уран бүтээлээ туурвиж өөр өөрийн өнгө төрхөө олоод сайхан явж байна. Зарим нь өөр ажил мэргэжилтэй болсон хүмүүс бас бий. Шавь нарыгаа бие даасан сайн уран бүтээлч болохыг харах сэтгэл тэнийж баярлах нэгэн жаргал болдог юм.
-Багш хүний хувьд мэргэжлийн уран чадвар заахаас гадна амьдралд хэрэгтэй сургамж хайрладаг байх?
-Аливаа юманд үнэн сэтгэлээсээ ханд. Ганцхан гэр бүлдээ биш найз нөхөд, орчин тойрныхоо хүмүүст эмэгтэй нь ээжийн үүднээс, эрчүүд нь эцгийн үүднээс үнэн сэтгэлээсээ хандаж сур гэдэг сургаал айлддаг. Тэгсэн цагт уран бүтээлд ч гэсэн эерэг сайхан нөлөөлнө гэж хэлдэг дээ.
-Та өөрийн сонгосон мэргэжилдээ дээр хэлсэнчлэн чин сэтгэлээсээ ханддаг болохоор олны талархлыг хүлээсэн нэр хүндийн эзэн болжээ?
-Тэгэлгүй яахав. 1963 оноос эхлэн тайзтайгаа хамт явна. Надад хүнд, хэцүү шантрах үе зөндөө л байсай. Тэглээ гээд би амьдралын чиг шугамаа алдаж хугарч нугарсангүй өдийг хүрлээ. Энэ цаг хугацааг эргээд харахад тайз, дэлгэцийн 200 гаруй бүтээлд гол болон туслах дүрд тогложээ. Сайхан л санагддаг. Ер нь залуу насандаа гэнэн хонгор охидын дүрд их тоглосон. Дараа нь эх орныхоо төлөө тэмцэж байгаа нийгмийн зүтгэлтэн эмэгтэйчүүд, халамжит сайхан ханийн дүрийг бүтээж байлаа. Сайн, муугийн хорвоод эсрэг дүрийн хажуугаар ч өнгөрсөнгүй. Харин сүүлийн үед ээж, эмээ нарын дүр надад оногдож байна. Тэгэхээр миний хамгийн сайн гэсэн бүхнээ зориулан, шавхах цаг ирсэн. Яагаад гэхээр миний тоглож байгааг залуус маань хараад ээжийн сэтгэл гэж юу вэ, амьдралын сайн сайхныг ойлгоосой гэж хүсэж байна. Тэгэхээр би чадах бүхнээ дүрээрээ дамжуулан харуулах үүрэгтэй болж байгаа юм.
-200 гаруй бүтээл гэдэг чамлахааргүй тоо. Ер нь урлагийн тогоонд өнгөрүүлсэн он жилүүдийнхээ алдаа оноог та хэрхэн дүгнэх вэ?
-Алдсан гэхээсээ илүү оносон нь олон байх юм даа. Хүн төрөлхтний амьдрал дандаа тэмүүлж урагшилдаг. Түүнтэй уран бүтээлчдийн амьдрал өдөр бүр шинээр давалгаалж байна. Шинэ бүтээл бүхнээрээ залуучууддаа илүү их зүйл сургаж байх юм сан гэж хүсдэг. Хүн хүнээ хайрлаж, ойлгож, итгэж чадвал нэг их алдаад байх юмгүй нийгэм ирээд байна гэж боддог доо.
-Эмээ, ээж нарын дүрд их тоглож байгаа гэж ярилаа. Эх хүний элбэрэл хайр, үрсийн ачлалыг та юу гэж боддог вэ?
-Ээжийнхээ ачийг хариулна гэдэг энэ хорвоод бараг байхгүй дээ. Эх хүний сайхан сэтгэл гэдэг хүний амьдралын сүүн цагаан зам юм. Хүнд амьдрал бэлэглэсэн тухайн амьдралыг нь гийгүүлж сайхан сэтгэлээр сүлж байна гэдэг эхийн нандин сэтгэл байдаг болов уу гэж боддог. Би ээжээсээ хол өссөн гэдгээ хэлсэн. Хожим театрт ороод бригадаар явж байхдаа ухаан орсон цагаасаа анх удаагаа ээжтэйгээ уулзаж билээ. Тэгэхэд би хэдий хол өссөн ч гэлээ эх үрийн холбоо гэдэг ямар сайхан цагаан юм бэ гэдгийг мэдэрсэн. Үүний хариуд хүүхдүүд нь сайн сайхан л явах хэрэгтэй. Тэгсэн цагт л ээжийн сэтгэл жаахан ч гэсэн амарна гэж ярьдаг шүү дээ.
-Бидэнтэй хэсэгхэн хором цаг гарган ярилцсан танд баярлалаа. Нийт хилчдийнхээ өмнөөс танд болон танай гэр бүлд эрүүл энх, урт удаан наслахын ерөөл дэвшүүлье?
-Энэ сайхан тангараг өргөх баяр дээр тааралдаж ярилцана гэж ер бодсонгүй. Танай сониноор дамжуулан хилчидтэйгээ дахин уулзах болсондоо тун их баяртай байна. Хилчдийн минь алба тайван, тэнгэр нь цэлмэг байх болтугай.
2015 оны IX сар №25 (2799)