МОНГОЛ УЛСЫН БААТАР С.ТӨМӨРБААТАРЫН ХҮРЭЛ ХӨШӨӨГ БОСГОЛОО
  • 13:36
  • 2131
Халхын голын дайны ялалтын 80 жил, Монгол Улсын баатар Самдангийн Төмөрбаатарын мэндэлсний 105 жилийн ойг тохиолдуулан Архангай аймгийн Өлзийт сумын ЕБС-ийн түүний нэрэмжит талбайд баатрын хүрэл хөшөөг босгох нээлтийн арга хэмжээ болов.

Халхын голын дайны ялалтын 80 жил, Монгол Улсын баатар Самдангийн Төмөрбаатарын мэндэлсний 105 жилийн ойг тохиолдуулан Архангай аймгийн Өлзийт сумын ЕБС-ийн түүний нэрэмжит талбайд баатрын хүрэл хөшөөг босгох нээлтийн арга хэмжээ болов. Тус арга хэмжээнд ХХЕГ-ын СМССХ-ийн дарга, хурандаа Х.Зоригтбаатар, ДХИС-ийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Хил судлалын төвийн эрхлэгч, хурандаа Ж.Өвгөнбүргэд, ХЦДБЧ-ын дуучид, Хилийн 0164, 0151 дүгээр ангийн үлээвэр хөгжимчид, Өлзийт сумын Засаг дарга Д.Энхжаргал, Иргэдийн хурлын дарга Ч.Хүрэлбаатар, ЕБС-ийн захирал П.Батчулуун, Монгол Улсын баатар С.Төмөрбаатарын охин Т.Баасанжаргал, Т.Энхбаяр нар болон бусад үр хүүхэд, ач зээ, төрөл төрөгсөд, нутгийн иргэдийн төлөөлөл оролцов. Нээлтийн үеэр баатрын байгуулсан гавьяа зүтгэлийн талаар залуу хойч үедээ түүхийг бодит үнэнээр хүргэх, эх оронч, хилч үзлийг хүүхэд залуучуудад төлөвшүүлэх, баатраар овоглосон сургуулийн нэр хүндийг өндрөөр авч авах, цаашид ХХЕГ, ДХИС-тай хамтран ажиллах талаар өөрсдийн санал бодлоо илэрхийлэв. 

Монгол Улсын баатар, дэд хурандаа С.Төмөрбаатар нь 1939 оны Халхын голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайн, 1948 оны Баруун хилийн тулгарах байлдаанд оролцсон бөгөөд Архангай аймгаас төрсөн баатруудаас гурав дахь нь, Өлзийт сумаас төрсөн анхны баатар гэж түүхэнд бичигддэг юм. Түүний удирдсан застав нь "Байлдааны гавьяаны одон"-оор шагнагдсан, удирдлаганд нь байлдаж явсан хилчин байлдагч М.Гэндэнг төр, засгаас үнэлж, Хилийн 0198 дугаар ангийн долоон заставыг түүний нэрээр мөнхжүүлсэн, хамтран зүтгэсэн Эрс уулын зургадугаар заставын бүх хилчид төрийн одонгоор шагнагдсан зэрэг нь С.Төмөрбаатар дарга байлдааны талбарт олон эх орончдыг төрүүлсэн “Баатар дарга” байсныг харуулж байгаа юм.

Мөн Монгол Улсын баатар Самдангийн Төмөрбаатарын ном гарсан бөгөөд цаашид хилчин баатруудын номыг бодлогоор дэмжин хэвлэн гаргаж, хилчдэд хүргэж, эх оронч, хилч үзлийг төлөвшүүлэх, баатраар овоглосон сургуульд нь түүний нэрэмжит танхимийг байгуулах, хилчин баатраар овоглосон сургуулиас хоёр жил тутам тодорхой босго оноог хангасан нэг сурагчийг ДХИС-ийн Хилийн сургуульд бодлогоор сургаж бэлтгэх, сум орон нутагт байрлах тухайн сургуульд цэрэг, эх оронч үзлийг төлөвшүүлэх чиглэлээр сурагчдад хичээл заах зэрэг санал гарч байсныг дашрамд дурдах нь зүйтэй гэж үзэв.