Сайн байна уу. Хайрлан энэрэх халуун сэтгэл, хамаг бүхнийг минь ухааруулан сургасан хайрт аав, ээж хоёр минь сайн сууж байна уу?
Алс өмнөд хязгаар болох шаргал говиос ургах нартай уралдан энэхүү захидлыг бичиж сууна. Хүү нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, цэрэг тэр тусмаа Хилийн цэрэгт алба хааж байгаагаараа омогшиж өөрөөрөө болон та нараараа бахархаж байна. Тэртээх 2000 оноос хойш өдийг хүртэл эрээнтэй бараантай бүхий л зүйлийг үл хайхран ганцхан хүүгийнхээ төлөө гэсэн сэтгэлийг тань энэ хорвоогийн юутай ч зүйрлэшгүй билээ.
Хүүгийнхээ төлөө нойргүй хоносон шөнө, залбирч мөргөсөн өглөө бүрийг хэзээ мартахгүй. Цэрэгт ирээд мандах нарыг харах бүртээ гэр бүл, ээж танийгаа нүдэндээ төсөөлж эрч хүч энерги авдаг юм шүү! Аав аа, ээж ээ уурлуулж гомдоож байсан бол хүүгээ уучлаарай. Хүү нь албаа нэр төртэй хаагаад хайрт та нарыхаа ачит хүү нь дүү нарыхаа мундаг ах байх болно.
Аавын олон эрстэй алхаа нийлүүлж, эх орныхоо дархан хилийн манаанд алхаж явахдаа эх орон, газар шороо гэдэг ямар үнэ цэнэтэй болохыг мэдэрч явна. Хайрт аав ээж, ахан дүүс та бүхэндээ Ардын хувьсгалын 98 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Бүүвэйн дууг нь сонсож өссөн юм болохоор сэтгэл минь уяхан байдаг юм.
Бүлээн сүүг залгиж өссөн болохоор сэтгэл минь цагаан байдаг юм гэсэн шүлгээр энэхүү захидлаа өндөрлөе.
Улаанбаатар хотод суугаа гэр бүлдээ.
Хилийн 0108 дугаар ангийн байлдагч, хүү Б.Баттулгаас