Хайр бол сэтгэлийн гал, итгэлийн нар, урам дэм, дэмжлэг юм. Монгол Улсын Засгийн газрын ивээл дор “ХАЙРТАЙ” аян орон даяар өрнөж байна. Тус аяныг эх орон, ээж аав, хайрын дуунуудаараа уярааж байдаг “Хурд” хамтлаг санаачлан, ирээдүйн сайн сайхны төлөө хэрэгжүүлж байгаа юм. “ХАЙРТАЙ” аян Баян-Өлгий аймагт саатах үеэр нь “Хурд” хамлагийн дуучин Д.Төмөрцогтой хэдэн хором ярилцлаа.
-Мэргэжлээ сольж тогооч боллоо. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Монгол Улсын баатар Д.Намнангийн нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт Хилийн 0165 дугаар ангид мэргэжлээ сольж, тогооч болоход сайхан байлаа. Хилийнхээ ангид ирж, мэргэжлээ сольж үзлээ. Тогоочийн ажил хэцүү. Хүний хоолойгоор орж байгаа бүхэн эрүүл мэндэд нөлөөлдөг учраас хоол хийхдээ хариуцлагатай хандах ёстой. Нөгөөтэйгүүр олон хүний ходоодыг баярлуулдаг их буянтай ажил. Тиймээс би тогооч нартаа их баярладаг. Аяныхаа хүрээнд дуугаа дуулаад яваад байх биш, хажуугаар нь тогооч, үйлчлэгч, дэлгүүрийн худалдагч болоод сайхан байна. Мэргэжил бүхэн сайхан гэдэг шүү дээ.
-Таныг гурван жилийн цэргийн алба хаасан гэж сонссон. Цэрэгт байхдаа талхчин байсан гэсэн?
-Тийм ээ. 1985-1988 онд Зүүнбаянд цэргийн алба хаасан. Алба хаах хугацаандаа талхчин, дуучин, бүжигчин цэрэг байлаа. Цэргийн газар клубэд орвол дуучин, барилга барьвал инженер болчихдог шүү дээ.
-“ХАЙРТАЙ” аяны үнэ цэнэ юунд оршиж байна вэ?
-Орчин үед хүн гар утсандаа хүлэгдсэн, сэтгэлийн хүлээстэй амьдрах болжээ. Аав, ээж, ах захаа ч хүндлэхээ байж. Бараг ямар эх оронд төрснөө ч мэдрэхээ больсон гэвэл хилсдэхгүй болов уу. Нэг л гадаад кино, брэнд хөөсөн залуус. Үүнийг “Хурд” хамтлаг олж харан тус аяныг санаачилсан юм. “ХАЙРТАЙ” аян маань эзэн Чингис хааныхаа өлгий нутгаас эхлээд нар зөв тойроод зүүн аймгуудаа дуусгачихаад баруун аймаг руу орж байна. Баян-Өлгий 12 дахь аймаг. Аяныг маань ард түмэн их дэмжиж байгаа. Ерөнхий сайдын ивээл дор, төрийн дэмжлэгээр аян маань амжилттай явж байна. Аяны хүрээнд олон газраар явахдаа монгол эрчүүдийн маань ноён нуруу хугараад байна уу даа гэх харуусал төрж байлаа. Ар гэр, амьдралаа авч явах үүрэг эмэгтэйчүүдийн нуруун дээр ирчихсэн юм болов уу. Тиймээс эрчүүдийгээ хариуцлагаа ухамсарлаж гэр бүлээ авч яваасай гэж хүсмээр байна.
-Эр хүн ямар байх ёстой вэ?
-Эр хүн галтай, цогтой, эрэмгий дайчин, хийморьтой байх ёстой. Мөн гэр бүлийнхээ болоод нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа гүн гүнзгий ухамсарласан байх ёстой. Эр хүн гундвал, эх орон дагаад л гундана. Тиймээс бид бодолтой, ухаантай байж, эх орноо гэсэн, гэр бүлээ гэсэн сэтгэлтэй байх ёстой. Аав, ээж, гэр бүлээ хайрла. Хайртай гэдэг үгийг өдөр бүр хэлж, илэрхийлж бай. Манай монголчууд чинь жаахан ичимхий зантай юм уу даа. Миний хувьд хайртай хүндээ үргэлж хайртай гэж хэлдэг. Ичих хэрэггүй. Тийм учраас “ХАЙРТАЙ” аяныг эхлүүлж, бага ч гэсэн сэтгэлийн цог галыг асаая, амьдралдаа гутарч байгаа залуучуудад урам дэм өгье, хайрыг түгээе хэмээн зорьж, тэмүүлж явна.
-Хилчдэдээ хандаад сэтгэлийнхээ үгийг хэлэхгүй юу?
-Та бүхэн үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл албандаа зүтгэж байдаг онцлогтой. Онцгой хүчтэй байх ёстой. Ялангуяа та нар минь албандаа чин сэтгэлээ зориулж, хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа энэ цагийн баатрууд юм шүү.