ЭРГЭЖ ИРЭХГҮЙ ИДЭРХЭН НАС
  • 12:20
  • 2590
Гучин нас хүрчихлээ... гэж бодохтой зэрэгцэн хаанаас ч юм гэнэтхэн гуниг бүрхэх шиг болох юм. Хөгширлөө гэж бодож байгаадаа бус юу хийж бүтээснээ бодохоор дэндүү чамлалтай санагдах. Гучин нас хүртлээ би юу сурч мэдэв, энэ орчлонд намайг бүтээж одоо ч миний л төлөө амьсгалж, амьдарч буй ижий аавынхаа өмнө би юу гийгүүлэв гэхээр даанч тэр гээд хэлэх зүйл олдохгүй нь гачлантай.

Гучин нас хүрчихлээ... гэж бодохтой зэрэгцэн хаанаас ч юм гэнэтхэн гуниг бүрхэх шиг болох юм. Хөгширлөө гэж бодож байгаадаа бус юу хийж бүтээснээ бодохоор дэндүү чамлалтай санагдах. Гучин нас хүртлээ би юу сурч мэдэв, энэ орчлонд намайг бүтээж одоо ч миний л төлөө амьсгалж, амьдарч буй ижий аавынхаа өмнө би юу гийгүүлэв гэхээр даанч тэр гээд хэлэх зүйл олдохгүй нь гачлантай. Гэтэл өнөөдрийн миний энэ идэрхэн, залуухан насан дээр нэгэн хүмүүн ижий аав, элгэн садан, эх орондоо дуудуулах нэр, дуурсгах алдраа өргөөд үүрд оджээ. Тэртээ нэгэн зууны өмнө буюу 1919 онд Булган хангайн Сайхан суманд малчин ард Самданжамцын гал дээр зээ хүү мэндэлсэн нь хожмын Монгол Улсын хилчин баатар Лхагвадорж байлаа. Хэзээнээсээ ногоон мөрдэсөөр жигдэрсэн хилчин ахан дүүс эгнээнээсээ 14 баатар эрийг төрүүлсний нэг нь болох тавилантай С.Лхагвадорж 1941 онд ДЯЯ-ны Хязгаарын цэргийн төв сургуулийг дүүргэж Дорнын говийн цэнхэр хязгаарын бяцхан суурин хилийн заставын даргын албыг хаших болжээ. Сургууль төгсөөд шууд заставын даргаар томилогдсон нь түүний хэр чадварлаг хилчин офицер байсныг гэрчлэх биз ээ. Дайнгүй хэрнээ дайны үе шиг сар жилүүд хилчдийг бүтэн нойртой хонуулах нь өдрийн од шиг ховор цаг байлаа. Хил дээр элдэв өдөөн хатгалга, дээрэм тонуул, тагнан турших ажлууд ар араасаа хөвөрч асан тэр үед дэслэгч С.Лхагвадоржийн удирдсан застав хоёр жилийн дотор 34 тагнуулчийг баривчилсаны есийг нь заставын дарга өөрөө гардан гүйцэтгэсэн байлаа. Иймийн учир дэслэгч С.Лхагвадорж 1943 онд газрын баримжааг тэнгэрээс заадаг “Алтан гадас”-ыг энгэртээ гялалзуулсан бол түүний удирдсан заставын 14 хилчин нь мөн одон медалиар эрэлхэг зориг, эх орны төлөөх зүтгэлээ үнэлүүлжээ. 

Малчин монголчуудын хотыг харлуулж, хорвоогийн өнгийг нэлэнхүйд нь цасаар хучсан 1944 оны мичин жилийн зудыг яахан мартах. Тэр жилийн цас, цасан шуурганаар хэзээнээсээ тангарагтаа үнэнч хилчид заставтаа үүрэг гүйцэтгэж ахуй үед сумын зарлага давхин иржээ. Баянмөнх сумын Засаг дарга Т.Балдан шуурганаар олон мянган адуу уруудан ирж ард иргэд өөрсдийн хүчээр тогтоох аргагүйдэж улсын хилд тулсан тул хилчдээс тусламж хүссэн нь энэ байлаа. Малаар амьдралаа залгуулдаг малчин ардын хувьд улсынхаа хилээр адуун сүргээ үй түмээр алдана гэдэг нэн бэрх зовлон. Заставын дарга С.Лхагвадорж заставынхаа арваад хилчний хамт сумын ард иргэдтэй хүч хавсран хилд тулаад буй ойролцоогоор 70-аад мянган адууг тогтоох хүнд ажлыг гурав хоногийн турш гүйцэтгэжээ. Онгойх шинжгүй бүүдгэр тэнгэрийн дор нүүр нүд тас хайрах хүйтэн, жавар өвгөний ташуурын эсрэг тэмцсэн гурав хоногийн эцэст нэг ч адууг улсын хилээр давуулалгүй тогтоосноор С.Лхагвадоржийн алдар нэр,  эрэлхэг зориг улс орон даяар цуурай мэт дамжин тархжээ. 

Залуу насыг тойрч өнгөрсөн гал халуун дурлал гэж үгүй. С.Лхагвадоржийг ч энэ жам тойроогүй бөгөөд тэртээ 1940 оны зун эхнэр Шагдартайгаа танилцжээ. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Гуртын гүүрэн дээр мал хариулж явсан бүсгүй цэрэг хувцастай залуутай танилцаж тэндээсээ амьдралын харгуйд хамтдаа алхах болсон байдаг. Намар нь Улаанбаатар хотод Гандангийн дэнжид нутгийнхаа “Улаан хамарт” Ламзав гэх хүний хашаанд гэрээ барьж Лхагвадорж цэргийн сургуульд суралцаж Шагдар үйлдвэрт ноос угаах ажил хийж байжээ. Удалгүй Дорноговийн отрядод томилогдож тийшээ нүүснээс хойш Шагдарын аав араас нь очиж охинтойгоо уулзсан байдаг. Хил хязгаар амгалан биш байсан тул хилчдийн ар гэрийнхнийг нь буцааж байсан тэр цагт Шагдар өөрийн төрсөн аавын хамт нутгийн зүг жолоо эргүүлэхдээ хэвлийдээ охин үрээ тээж байсан нь эдүгээ энх тунх насалж буй Монгол Улсын хилчин баатар С.Лхагвадоржийн цор ганц охин Д.Хишигжаргал ажээ. Хожмын хагацлыг зүүдлээ ч үгүй идэрхэн настай С.Лхагвадорж алс баруун хязгаарт томилогдох болсон даруйдаа дөрөв хоногийн чөлөөгөөр эхнэр, охин хоёр дээрээ түр ирсэн байдаг. Баруун хязгаарт алба хаах болсон, албаа нэр төртэй сайн хаагаад охин та хоёроо авна гэж хэлчихээд явсан ч эргэж ирэхгүйгээр одсоныг ээж, охин хоёр яахан таамаглах билээ. С.Лхагвадорж өөрийн ганц охинтойгоо ердөө дөрөв хоногийг л хамт өнгөрүүлсэн нь энэ. Өргөсөн тангарагтаа дэндүү үнэнч, жинхэнэ эх оронч С.Лхагвадорж байц хад нь түүх шивнэсэн Байтаг богдын хилийг хамгаалах болжээ. Энэ бол 1948 он. Баруун хязгаарын байдал нэн түгшүүртэй хийгээд баруун хязгаарын ард иргэд байсхийгээд Хасаг, Гоминдааны дээрэмчдийн хөлд үнсэн товрог болон үлдэж асан хүнд бэрх цагт тэр Бодончийн отрядын штабын туслахаар томилогдон ажиллаж эхэлсэн юм. Мөрөн дээрх мөрдэс дүүрч ахмад хэмээн дуудуулах болсон байлаа. Хилчний арга ухаан тэгширч, эр бие жигдэрсэн идэрхэн настай С.Лхагвадоржийн эцсийн амьсгалыг тэнгэрт өргөсөн Мэргэн уулын тулгаралтын талаар түүх ийн өгүүлж байна. Тэр оны зургадугаар сарын 01-ний өглөө отрядын дарга Ш.Зонров хоёрдугаар сумангийн дарга Х.Мадригаас “З.Магсар ахлагчтай манаа хорь орчим дайсан хилийн гүн тийш явсан мөр илрүүлэв” гэсэн мэдээ хүлээн авчээ. Дайсан аль чиглэлд явж байгааг газар дээр нь тогтоох, улмаар дээрэмчдийг илрүүлэн устгахаар сумангийн туслах Ж.Нэхийт, нэгдүгээр тасгийн дарга Н.Зундуй нараар ахлуулсан хоёр группийг Цагаантүнгээс эхлэн мөрдүүлэхээр гаргажээ. Эдгээр групп болон отряд, Булган сумаас гарсан бүлэг Мэргэн уулын хавьд тал талаас цугларчээ. Дайсан нийт 22 морьтой хүн өөрсдийн олзолсон ардын цэргийн морин дивизоны намын товчооны дарга Чогровыг буудан алаад ойролцоох Мэргэн уул өөд сандран зугтаав. Ж.Нэхийтийн бүлэг хойноос нь хөөн буудалцжээ. Дайсан тулалдахад амархан байгаагүй нь Оспаны ихээхэн найдлага тавин хүлээж байсан Хязгаарын цэргийн офицер, ардын сайн дурын группын гишүүдээс амьд хэл олзлох зорилготой шилмэл 22 баатар эр байсных аж. Зургадугаар сарын 03-ны өглөө хилчид дайсныг мөрөөр нь мөшгөн Цагаантүнгэд орж иртэл дээрэмчидтэй халз тулгарчээ. Ахмад С.Лхагвадоржийн ахалсан таван хүнтэй бүлэг дайснаас ихээхэн хохирол амсаж ахмад өөрөө цээжиндээ буудуулжээ. Хөлийн ороолтондоо чулуу зангидаж цээжнээсээ олгойдох цусаа тогтоох гэсэн боловч тусыг эс олон идэр залуухан хилчин баатар эцсийн амьсгалаа тэнгэрт залж, баруун хилийн хөрст шороонд үүрд шингэх болсон түүх нь ийм. Эдүгээ нэгэн зууны түүх өнгөрчээ. Түүхийн шаргал хуудаснаа нэрээ мөнхжүүлж чадсан хилчин баатар С.Лхагвадоржийн мэндэлсний 100 жилийн ой энэ цаг мөчид тохиож байна. Тийм ээ, хилчин бид бахархан дуурайх бахархалт өнгөрсөн үетэй, итгэж найдах гэрэлт ирээдүйтэй ахан дүүс. Иймийн учир эрхэм баатрын 100 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэхээр бэлтгэж байна. Түүний нэрэмжит Хилийн 0286 дугаар анги, Хилийн 0129 дүгээр анги, Хилийн 0345 дугаар ангиуд дор бүрнээ баатрын үйл хэргийг хойч үед алдаршуулан үлдээх, баатарлаг үйл явдлыг нь бахархан дуурсах ажлыг өрнүүлээд байна. Эргэж ирэхгүй идэрхэн насаараа үүрд мөнхөрсөн хилчин баатрын яруу алдар, эх оронч, хилч үзэл үеийн үед түгэн дэлгэрэх болтугай.