М.Уранбайгаль
-ХХ зууны Монголын түүхэнд Халхын голын дайныг хэрхэн тусгаж байв?
-Халхын голын дайны цэрэг-улс төр, түүхийн судалгааг 1940-1990-ээд оныг хүртэл болон түүнээс хойш гэж хоёр үе шат болгон хувааж үздэг. Эдгээр үе шат нь тус бүрдээ өөрийн гэсэг онцлогтой. Тухайлбал, эхний шатанд Халхын голын дайны түүх судлал нь үзэл сурталжсан, нэг загвартай, тогтсон нэг онолд тааруулсан, Марксист-Ленинист арга зүйг үндэс болгон түүхэн үйл явдал, үзэгдэл юмсыг зөвхөн нэг талаас нь авч үзэж байсан. Энэ үеийн Халхын голын дайны түүхийн судалгаа нь тухайн үйл явдлыг бүх л талаас нь судалж байсан мэт боловч зөвхөн гэрэлтэй талыг нь, Монгол-Зөвлөлтийн дайчдын гавьяаг магтан алдаршуулах, Японы Квантуны армийн цэрэг, зэвсэглэлийг сул дорой байсан мэтээр буруушаан үзэх чиг хандлагатай байсан. Энэ хандлага Зөвлөлтийн түүх бичлэгт ч мөн адил тусгалаа хадгалсаар 1990 онтой золгосон байдаг. Гэхдээ энэ цаг үеийн судалгааны бүтээлүүдийг “үзэл суртлын хальснаас нь” салгаж үзвэл архивын асар үнэ цэнэтэй баримтуудыг судалгааны эргэлтэд оруулж, түүнийг дайны амьд гэрч болсон ахмад дайчдын дурдатгалаар баталгаажуулснаараа ихээхэн ач холбогдолтой. Хоёр дахь үе шатны онцлогийг авч үзвэл 1980-аад оны дунд үеэс дэлхий дахинд гарсан өөрчлөлт шинэчлэлтийн уур амьсгал Монголын түүхийн судалгаанд ч нөлөөгөө үзүүлэх болсон. Тухайлбал, дайны шалтаг шалтгаан, үүсэл, өрнөл, төгсгөл, үр дагавар зэрэг олон асуудлыг тухайн үеийн бүс нутаг, олон улсын харилцааны дэвсгэр дээр, нэн ялангуяа Зөвлөлт-Японы харилцаа, улс төрийн бодлого, зорилго, хоорондын зөрчил, Монголын талаар баримталж байсан бодлого, үйл ажиллагаа, Япон-Хятад, Зөвлөлт-Хятад, Монгол-Зөвлөлт, Монгол-Хятад зэрэг бүс нутгийн улс орнуудын харилцаа, тэдний эрх ашиг, сонирхол зэрэг өргөн хүрээнд асуудлыг үзэл суртлын хүлээснээс ангид авч үзэх болсон. Үүний үр дүнд гадаад, дотоодын архивт хадгалагдаж буй Халхын голын дайнтай холбогдол бүхий олон зуун баримтуудаас гарч судалгааны эргэлтэд орсоноор Зөвлөлтийн удирдагчдаас Монголын талаар баримталж байсан геостратегийн бодлого, Халхын голын дайны үеийн улс төрийн хэлмэгдүүлэлт, дайтагч талуудын хүн хүчний хохирол, Мана уулыг хэрхэн алдсан, Монгол-Манжийн хилийн хэлэлцээ, хил хязгаар, газар нутгийн асуудал зэрэг олон зангилаа асуудлыг судлаачид хөндөн тавьж, өөрсдийн санал дүгнэлтийг гарган тавих болсон. Цаашид зөвхөн тэгш ойн жилийг хүлээн суулгүйгээр цэргийн археологийн судлаач эрдэмтдийг бэлтгэх, уг үйл явдлын талаар дайнд оролцогч талуудын архивын эх сурвалж, эрдэмтэн судлаачдын хамтарсан бүтээл туурвих, төсөл хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээ-судалгааны байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрдэмтдийн дунд чөлөөт ярилцлага, олон улсын эрдэм шинжилгээний хурлыг хамтран зохион байгуулах шаардлагатай.
-Дайны өмнөх үеийн хилийн цагийн байдал, хил хязгаарын хамгаалалт ямар байв?
-Монгол Улсад 1921 онд Ардын хувьсгал ялж, тус улсын бүх хил хязгаарыг МАХЦ-ийн анги, салбар хамгаалж байв. Гэвч 1930-аад оны эхээр манай улсын гадаад, дотоодод өрнөсөн үймээн самуун, бослого, хөдлөгөөн нь улсын хил хязгаарыг мэргэжлийн цэргээр хамгаалуулах шаардлагыг бий болгосон юм. Ийнхүү БНМАУ-ын СнЗ-ийн 1937 оны 28 дугаар тогтоолыг үндэслэн Хилийн 0198, 0132, 0306 дугаар ангийг байгуулан, зүүн хязгаарын хил хамгаалалтыг чангатгасан. Тухайн үе нь япончууд Манжуур, Хятад, Өвөрмонголыг түрэмгийлэн эзэлж, Манж-Го гэгч улсыг байгуулж, манай улстай шууд хиллэсэн хүнд бэрх цаг үе байв. Монгол орны дотоодод ч 1930-аад оны эхэнд гарч ирсэн зүүний алдаатай бодлогоос нийгмийн тогтвортой байдал алдагдаж, анги, давхарга хоорондын тэмцэл хямрал буй болж, нугалаа завхралд дургүйцсэн ард олон 1930-аад оны эхэнд хил даван нүүж дүрвэх явдал гарч байжээ. Түүнчлэн Япон-Манжийн зүгээс БНМАУ-ын нутаг дэвсгэрт цэрэг зэвсгийн хүчээр халдан түрэмгийлэх болсон. Тухайлбал, 1935 оны нэгдүгээр сарын 24-нд МАХЦ-ийн зургадугаар дивизийн 16 дугаар хорооны штабын дарга Дондов, харуулын дарга Лхамсүрэн нар дөрвөн цэргийн хамт Халхын сүмийн районд үүрэг гүйцэтгэж яваад гэнэт японы 17 цэрэгтэй тулгаран байлдаж, штабын дарга Дондов, цэрэг Янживын хамт алагдсан байдаг. Энэ нь Монгол Манж-Гогийн хил дээр анх удаа буун дуу гарч хүний амь эрсэдсэн тохиолдол юм. Япончууд дэлхий нийтэд уг үйл явдлыг Монголын цэрэг Манж-Гогийн хилийг зөрчин түрэмгийлсэн мэтээр тайлбарлаж, энэхүү үйл явдал нь Манж, Монголын одоогийн хил тодорхой бус байснаас үүдэлтэй юм гэсэн мэдэгдлийг хийж байв. Мөн Японы талаас 1935 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдөр японы хоёр офицер, 300 орчим цэргүүд харуулын байрлал руу довтолсон байдаг. Энэ тулалдааны үед заставын туслах дарга Содов алагдаж, 10 цэрэг шархадсан. Япон-Манжийнхан зэвсэгт түрэмгийлэл, өдөөн хатгалгаа хилийн харуулын хариуцсан хэсгээр үргэлжлүүлж байсан төдийгүй улмаар нутгийн гүнд нэвтрэн орж Хунт сумын харьяат Баяр нарын 20 хүнийг барьж хүлээд үхэр адууг нь дээрэмдэж, амьд хэл олзлон бүр сүүлдээ цэргийн нисэх онгоцоор улсын хилийн гүнд нэвтрэн 20-50 км тагнуул туршуул хийх болжээ. 1936 оны нэгдүгээр сараас Япон-Манжийнхан манай улсын нутагт хилийн харуулууд байгуулах, Баргын айлуудыг түлхэн оруулж нутаглуулах, хилийн овоо тэмдэгтийг нураах, сөрөг ухуулах хуудсууд тараах зэргээр өдөөн хатгалгаа хурцадсан. Ийнхүү 1935-1937 онд Япон Манж-Гогийн талаас 40 гаруй удаагийн зэвсэгт халдлагыг 10-300 хүний хүч хэрэгсэлтэйгээр өдөөн хатгах хэлбэрээр явуулж байлаа. Түүнчлэн 1938-1939 оны өвөл Халхын голын зүүн, Мэнэнгийн тал орчмоор мянга шахам айл нутаг түрэн ирж, Нөмрөгийн гол, Мана ууланд байшин барилга, зам гүүр барьж, Халх голын зүүн, Хайлаастын голын хойт урд манхнууд, Буйр нуурын хойд талаар Баргын 100 шахам айл өрхийг улсын хилээс 10 гаруй км-ийн гүнд хүч түрэн оруулж өрх бүрт зэвсэгт цагдаа, цэрэг суулгаж байжээ. Эдгээр айл өрхийг манай хилчид 1938-1939 оны өвөл буцаан гаргасан байдаг.
Японы нисэх онгоцууд 1939 оноос эхэлж манай улсын хил орчмоор олонтаа нислэг хийж улсын хилийг зөрчих болсон. Тэдний зургийг мэргэжилтнүүд байр зүйн зураг авалт хийж, Японы армийн даргалах бүрэлдэхүүн Халхын голын орчмоор газар орны туршуул зохион байгуулж, улмаар цэргийн анги, салбарууд нь Халхын голд явуулах байлдааны ажиллагааны тактикийг боловсруулж байв. Япон, Манжийн талаас 1939 оны 2-3 дугаар сард Монгол Улсын хилд нийтдээ 30 орчим удаа цэрэг зэвсгийн хүчээр халдсан боловч тухай бүрт нь манай хилчин дайчид тэдгээрийг эрс няцааж, улсын хилийн халдашгүй дархан байдлыг сахиулж байлаа. Япон, Манжийн талаас 1939 оны тавдугаар сарын 11-ний өдөр их буу, нисэх онгоцоор дэмжүүлсэн 500 орчим цэргийн хүчээр БНМАУ-ын нутаг Номонхан, Бүрд-Овооны чиглэлээр цөмрөн орж, Халхын голын зарлаагүй дайныг эхлүүлсэн юм. Мөн 1939 оны тавдугаар сарын 15-ны өдөр Японы таван бөмбөгдөгч онгоц Хамар даваан дахь хилийн дугаар заставыг бөмбөгдөв. Бөмбөгдөлтөнд хоёр хилчин амь үрэгдэж, 19 хүн шархаджээ. Тэрчлэн Японы нисэх онгоц тавдугаар сарын 16,18,19-ний өдөр Тамсагбулаг, Баянтүмэний дээгүүр тагнуулын нислэг хийсэн байдаг. Япон, Манжийн цэргийн энэ мэт удаа дараагийн өдөөн хатгалгыг хилчин дайчдын хамт тэдэнд нэмэгдэл хүч болж ирсэн МАХЦ-ийн зургадугаар морьт дивизийн шигшмэл сумангийн дайчид тухай бүрт нь няцааж байжээ.
-Япон Манж-Гогийн талаас өдүүлсэн зэвсэгт халдлагыг дайны хэмжээнд хүргэлгүйгээр Манжуурын хэлэлцээрээр шийдэх арга зам манай талд байсан уу?
-Шуудхан хэлэхэд тухайн үеийн олон улсын харилцаа, их гүрнүүдийн ашиг сонирхлоос шалтгаалж, Халхын голын районд болсон Япон Манж-Гогийн зэвсэгт түрэмгийллийг Манжуурын хилийн хэлэлцээрээр манай тал дайны хэмжээнд хүргэлгүйгээр шийдвэрлэх боломж үнэндээ хомс байсан. Халх гол, Буйр нуур, Тамсаг орчмын хилийн маргаантай асуудлыг хэлэлцэн тохирохоор 1935 оны зургадугаар сард Монгол болон Япон, Манжийн бага хурал Манжуур өртөөн дээр уулзалтаа эхэлсэн боловч хэлэлцээр амжилтад хүрээгүй юм. Японы талаас Манжийн төлөөлөгчдийг Баянтүмэн хот, Тамсагийн сүм, Улаанбаатар хотод байнга суулгах, Тамсагийн сүмээс зүүн тийших БНМАУ-ын цэргийг гүн рүү бүрэн татаж авах, Квантуны цэргийн төлөөлөгчдийг Улаанбаатарт томилох, Японтой харилцах утсан шугамыг Монголын нутагт байгуулах, Манж-Го улстай Монгол Улс дипломат харилцаа тогтоохыг тулган шаардах, эс зөвшөөрвөл цэрэг зэвсгийн хүч хэрэглэнэ гэх зэрэг шаардлагыг тавьж байжээ. Ийм учир хэлэлцээр арга буюу зогсонги байдалд хүрэв. Хэлэлцээр зогсмогц Япон-Манж-Гогийнхан түрэмгийллээ идэвхжүүлэн 1935 оны сүүлчээр арав гаруй машинтай цэргийн хүчээр Булан дэрс, Хавирган овоо, Баян усны чиглэлээр довтолж, Чингисийн хэрэм, Хэрлэн, Хар нуур хэмээх газраар манай улсын нутагт хилийн харуулууд байгуулах, Баргын айлуудыг түлхэн оруулж нутаглуулах, хилийн овоо тэмдэгтийг нураах, сөрөг ухуулах хуудас тараах зэргээр өдөөн хатгалга явуулж байсан нь энэхүү хэлэлцээр амжилтгүй болоход нөлөөлсөн.
-Дайны хажуугаар дажин гэгчээр тухайн үед улс орныг хамарсан хэлмэгдүүлэлт хилчдийг тойроогүй?
-Өнгөрөгч зууны гучаад оны улс төрийн хэлмэгдүүлэлт нь зөвхөн төр, нийгмийн зүтгэлтнүүд төдийгүй жирийн албан хаагчид, сэхээтнүүд, цэрэг, иргэний бүх давхаргыг хамарсан өргөн цар хүрээтэй байснаараа онцлог юм. Эх орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын төлөө явсан хилчдийг ч энэхүү аймшигт хар салхи дайрсан юм. 1937-1940 онд Хилийн цэргийг удирдах газар, хилийн бүх отряд, ангийн удирдлага шат дараалан баригдаж, харгис хатуу эрүү шүүлтэд өртсөн. Энэ хугацаанд Хилийн цэргээс 370-аад хүн баригдан хилсээр шийтгэгдсэний бараг тал хувь нь даргалах бүрэлдэхүүн, 200 орчим нь жагсаалын дарга, цэргүүд байв. Тухайлбал, Хилийн 0198 дугаар ангийн дарга Далайн Нясалдаг, Хилийн 0306 дугаар ангийн дарга Мядагийн Цэдэндамба, Хилийн 0132 дугаар ангийн дарга Бадрахын Банди, Гомбын Лувсанваанчиг нарыг ямар нэгэн хэргийн материалгүйгээр хилсээр хэлмэгдүүлж, цаазлан хороосон байдаг. Дээрх хүмүүст Японы тагнуулын байгууллагын даалгавраар Монголын нутагт тагнуул vйлдэх, бослого гаргах, алан хядах, ЗХУ-тай тогтоосон улс төр, эдийн засгийн харилцааг таслах үйл ажиллагааг явуулсан гэж хилс ял тулгажээ.
Эдгээрээс ганц хүнийг жишээ болгон дурдахад Хилийн 0198 дугаар ангийн дарга Д.Нясалдагийг ДЯЯ-наас шууд дайчлан баривчилж долоон cap гаруй хугацаанд хорьж, хэрцгийгээр тамлан байцаасан. Түүнд хувьсгалт засгийг устгаж, Японыг тvшиглэн хаант засаг байгуулах зорилготой, эсэргүү хэмээн ял тулган хүлээлгэсэн байна. Түүнийг байцаасан байцаагч хожим нь өөрөө баривчлагдан мөрдөн байцаалтад, “Б.Банди, Д.Нясалдаг нарыг байцаахдаа зодох, хоол ундгүй хорих, халуун пийшингийн дэргэд зогсоож шарах зэргээр тэсвэрлэшгүй аргыг хэрэглэн байцааж хүчээр хэрэг хүлээлгэж байсан” гэж мэдүүлжээ. Улс төрийн их хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд хилчид ийнхүү гамшигт өртсөн ч улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг сахин хамгаалах үүргээ биелүүлсээр ирсэн.
-Халхын голын дайнд хилчдээс гадна Зөвлөлтийн хилчдийн тусгай батальон ирж үүрэг гүйцэтгэсэн байдаг. Энэ батальоны тухайд?
-ЗХУ-ын Дотоод хэргийн ардын комиссариатын дарга Бериягаас 1939 оны зургадугаар сард Чита, Хиагтын Хилийн цэргийн бригадын захирагч, хурандаа Власов, Зильпер нарт тусгай шилмэл батальоныг нэн яаралтай зохион байгуулж, Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлах Халхын голд шилжүүлэн байрлуулах үүрэг өгчээ. Тэд дээрх үүргийн дагуу 1939 оны долдугаар сард Хиагт, Мангут, Даурын хилийн отрядуудын бие бүрэлдэхүүнээс 502 хилчнийг сонгон авч, захирагчаар нь Хиагтын хилийн отрядын штабын дарга, хошууч А.Е.Булыгаг томилсон байна. Батальон Хиагтаас БНМАУ-ын Дорнод аймгийн нутаг Халх гол сумын нутаг Хамар даваанд байлдааны үүрэг гүйцэтгэхээр 2000 гаруй км газрыг туулан иржээ. Тэд 1939 оны долдугаар сарын 15-наас аравдугаар сарын 13-ны хооронд фронтын галын шугам дахь армийн бүлэглэлийн командын байрыг хамгаалах, Халхын голын гарамын аюулгүй байдлыг хангах, дайсны гэнэтийн довтолгооноос хамгаалах үүрэг гүйцэтгэж байв. Тус батальоны хилчид Монгол ардын хувьсгалт цэргийн VI морин дивизийн хориглолтын баруун жигүүрийг халхалж, япончуудад нөөц хүчээ татах бололцоо олгохгүй байх, элсэн манхнуудыг япончуудаас цэвэрлэх, дайсны галын системийг илрүүлэн устгах, хүн хүчний хөдөлгөөнийг тагнан турших, амьд хэл олзлох, дайсны давшилтыг хориглон зогсоох, тэдэнд галын цохилт өгөх зэрэг үүрэг даалгаврыг нэр төртэй биелүүлсэн. Фронтын командлалаас тус батальоны I, II, III салааг Халхын голын гарамын хамгаалалтад хуучнаар нь үлдээж, IV, V салааг нэгтгэн 100 хилчин дайчдаар бүрдүүлж, ахлах дэслэгч Михайловоор удирдуулсан буудлагын рот болгон зохион байгуулсан юм. 1939 оны наймдугаар сарын 25-29-ний өдрийн Ремизовын өндөрлөгийн төлөөх тулалдаанд Зөвлөлтийн 100 хилчин оролцож, тэд зоригт баатарлагийн жишээ үзүүлж, улмаар уг өндөрлөгийг бүрэн мэдэлдээ авчээ. Энэхүү стратегийн чухал байрлалыг эзлэн авах тулалдаанд Оросын 30 хилчин амь үрэгдсэн юм. Тэдгээр хилчдийн баатарлаг гавьяаг алдаршуулах, хойч үед мөнхжүүлэн үлдээх зорилгоор ХХБ-ын удирдлагаас энэ жил тохиож буй Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойн босгон дээр Халх гол сумын нутаг дахь Хамар даваанд шинээр хөшөө босгосон нь Монгол, Оросын хилчдийн харилцаа хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн батжуулах түүхэн үйл явдал болж байна.
-Халхын голын дайн дахь хилчдийн гүйцэтгэсэн үүргийг товчоор дүгнэвэл?
-Энэхүү дайнд Хилийн 0198 дугаар ангийн 0150, 0190 дүгээр салбар фронтын гол чиглэлд, фронтын баруун үзүүрт Д.Лувсандагва даргатай Хилийн 0120 дугаар салбарын хилчид үүрэг гүйцэтгэсэн. П.Чогдон даргатай 0150 дугаар салбарын хилчид 40 гаруй удаагийн байлдааны ажиллагаанд амжилттай оролцсон бөгөөд С.Төмөрбаатар даргатай заставын хилчид Хэрээ уулаас Эрс ууланд шилжин байрлаж, дайсны 30 гаруй удаа дараагийн довтолгоог няцааж, зэргэлдээх заставтайгаа хамтран Хар Үзүүрийн манханд дайсанд бүслэгдсэн ч эр зоригийн хүчээр бүслэлтийг сэтлэн гарсан юм. Фронтын баруун үзүүрт тус отрядын Д.Лувсандагва даргатай Хилийн 0120 дугаар салбарын хилчид Мана уулыг чөлөөлөхөөр Зөвлөлтийн хошууч Коневын отряд, МАХЦ-ийн наймдугаар дивизийн 22 дугаар морьт хороотой хамтран дайсны давуу хүчний эсрэг тулгаран байлдсан.
Хилийн 0306 дугаар ангийн Д.Лувсандаш даргатай заставын бие бүрэлдэхүүнд яам, командлалаас Улаан худагт байрлаж буй Японы цэргийн хүчийг довтлон устгах даалгаврыг өгсөн байна. Улаан худагийг чөлөөлөхөд хилчин н.Лхасүрэн алтан амиа өргөсөн юм. Түүнчлэн 1939 оны зургадугаар сарын 20-ны өглөө Булан дэрсэн дэх Японы харуулыг устгахаар Зөвлөлтийн цэргийн салбаруудтай хамтран давшилтад орж, Японы харуулын байрыг эзлэн авчээ.
Ийнхүү Хилийн 0306 дугаар ангийн 0321 дүгээр салбарын хилчин дайчид эх орныхоо хил хязгаарын дотор суурьшиж байсан Япон-Баргын харуул, Алаг морьтын постыг устгаж, улсынхаа түүхэнд хилээ сэргээн хамгаалсан юм. Тус заставын бие бүрэлдэхүүн хүнд хэцүү бэрх нөхцөлд амь насаа үл хайрлан өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсний үр дүнд зүүн хил хязгаарын байдал тогтворжиход чухал хувь нэмэр оруулсан. Хилийн 0132 дугаар ангийн хилчид фронтын зүүн жигүүрийг дайсны довтолгооноос хамгаалах, хариуцсан хэсгээрээ Японы тагнуул, хорлон сүйтгэгчдийг нэвтрүүлэхгүй байх, Баянтүмэн буюу одоогийн Чойбалсан хотыг агаарын бөмбөгдөлтөөс хамгаалахын зэрэгцээ бэлтгэл сумангийн дарга Жигжидээр удирдуулсан 90 гаруй хилчид Халх гол руу марш үйлдэн очиж, Монгол, Зөвлөлтийн цэргийн анги нэгтгэлийн дайчидтай мөр зэрэгцэн байлдааны үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн байдаг. 1930-аад онд Дорнод хилийн хамгаалалт нь аливаа улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдалд улсын хил, түүний хамгаалалт шийдвэрлэх нөлөө үзүүлдгийн нэгэн жишээ болсон төдийгүй нэгэнт тогтсон хилийг мэргэжлийн тусгай цэргээр хамгаалахын ач холбогдлыг харуулж өгсөн. 1930-аад онд Дорнод хилийг хамгаалж байсан Хязгаарын цэргийн Хилийн 0198, 0132, 0306 дугаар ангийн хилчид дайн эхлэхээс дуусах хүртэл фронтын тэргүүн шугаманд үүрэг гүйцэтгэж, улс орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харийн түрэмгийллээс хамгаалж чадсан. Өнөөгийн өндөрлөгөөс эргэн харахад энэ тэмцлээрээ хилчид харийн дайсны өмнө хэзээ ч өвдөг сөхрөхгүй байхыг, хамгийн эцсийн амьсгал, дусал цусаа эх орон, газар нутаг, ард түмнийхээ эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө зориулахыг чухалчлан үзэж, Монгол төрийн сэлэмний ир, жадны үзүүр болон өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн амь, биеэ үл хайрлан зүтгэсэн. Тиймээс ч Халхын голын районд явагдсан байлдаанаас БНМАУ-ын баатар хэмээх эрхэм алдар цолыг П.Чогдон, Н.Жамбаа, С.Төмөрбаатар, Д.Гуулин, Э.Шилэг, Ш.Гонгор нарын зургаан эх оронч, эрэлхэг хилчид хүртсэн бөгөөд 500 гаруй хилчид, байлдаанд оролцож Хилийн 0198, 0306, 0132 дугаар ангийн 0150, 0190, 0179, 0219 салбарууд төрийн одон, медалиар шагнагдаж, Монгол Улсын баатруудын нэрэмжит болсон түүхтэй юм.