ДУРСАМЖ ҮЛДЭЭЖ, СЭТГЭЛ ХӨГЛӨСӨН НЭГЭН ӨДӨР
  • 09:19
  • 2161
“...Ааваа” гэж дуудалгүй уджээ. Үргэлж дэргэд байх юм шиг санаж явсан тэр эрхэм хүний орон зайг өнөөдөр хэмжээлшгүй ихээр үгүйлэв. Гэр бүлдээ өгсөн хайр, халамж, халуун дулаан уур амьсгалыг хүүхэд насандаа тэр бүр ойшоодоггүй байсан юм. Амьдралд зөв хүн болж төлөвших замыг зассан хүн бол аав минь билээ.

М.Уранбайгаль

“...Ааваа” гэж дуудалгүй уджээ. Үргэлж дэргэд байх юм шиг санаж явсан тэр эрхэм хүний орон зайг өнөөдөр хэмжээлшгүй ихээр үгүйлэв. Гэр бүлдээ өгсөн хайр, халамж, халуун дулаан уур амьсгалыг хүүхэд насандаа тэр бүр ойшоодоггүй байсан юм. Амьдралд зөв хүн болж төлөвших замыг зассан хүн бол аав минь билээ. Манай улсад жил бүрийн наймдугаар сарын 08-ыг “Аавуудын өдөр” болгон тэмдэглээд даруй 14 жилийн нүүрийн үзэж байна. Энэ өдөр цахим хуудаснаа хүн бүр аавдаа хайртай гэх сэтгэлийн үгсээ бичиж, басхүү нандин дурсамж сэргээсэн гэрэл зургаараа давалгаална. “Аавуудын өдөр”-ийн гол зорилго нь үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ аавууд хэр зэрэг хариуцлагатай гүйцэтгэж байна вэ гэдгээ үнэлж, цэгнэх юм. Анх эл өдрийг АНУ-д Сонора Смарт Додд гэх бүсгүй санаачилжээ. Түүний аав Уильям Жексон Смарт зургаан хүүхдээ Вашингтон дахь бяцхан фермдээ ганцаар өсгөж хүмүүжүүлсэн байна. Уильям Жексон Смартын эхнэр зургаа дахь хүүхдээ төрүүлж байхдаа төрөхийн хүндрэлээр нас барсан учир  айл гэрийн бүхий л ачаа түүний нуруун дээр ирсэн юм. Ийнхүү Сонора Смарт Додд бүсгүй аавыгаа санан дурсах, мөн түүнтэй адил үр хүүхдийнхээ төлөө бүхнээ зориулдаг сая сая аавуудыг баярлуулах зорилгоор аавуудын өдрийг анх 1910 онд албан ёсоор тэмдэглэсэн түүхтэй. Монгол Улсад ч үлгэр жишээ болохуйц үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж, гэр бүлээ авч яваа аавууд олон бий. Энэ утгаараа бид “Аавуудын өдөр”-ийг тэмдэглэдэг дэлхийн 18 дахь улс болон нэгдсэн юм. 

Анхны “Аавуудын өдөр”

Энэ жилийн “Аавуудын өдөр”-ийг Хилийн 0151 дүгээр анги тун өвөрмөцөөр тэмдэглэв. Гэнэтийн бэлэг дүүрэн энэ өдрийн арга хэмжээг сурвалжлах үүрэг надад оногдсон билээ. Ангийн “Ахлагчийн зөвлөл”, “Эмэгтэйчүүдийн зөвлөл”-өөс санаачилан СМССА-тайгаа хамтран хугацаат цэргийн алба хааж буй аав болсон хилчдэдээ гэнэтийн бэлэг барихаар төлөвлөжээ. Тэд цэргүүдийнхээ гэргий лүү “Аавуудын өдөр”-т ирэх урилгыг илгээсэн байна. Ангид өдөр тутмын үйл ажиллагаа хуваарийн дагуу өрнөнө. Алба хаагчид өглөөний нэгдэлтэд жагсаад өрөө өрөөндөө ажлаа хийнэ. Харин цэргүүд гүйлт гимнастик, өглөөний цай, өрөө тасалгааны цэвэрлэгээгээ хийгээд ажлын жирийн нэг өдөр үргэлжилнэ. Магад тэдний зарим нь “Аавуудын өдөр” гэдгийг үл анзаарна. Энэ зуурт ангийн СМССА-ны дарга, хошууч Н.Гансүх ханьдаа, хүүдээ гэнэтийн бэлэг барихаар ирсэн ар гэрийнхнийг угтав. “Аавуудын өдөр”-ийн арга хэмжээг яг л зүүд шиг байлгахаар төлөвлөсөн “Ахлагчийн зөвлөл”-ийн бүсгүйчүүд зочдоо цэцгийн баглаа барин угтсан юм. Хайртай гэр бүлийнхнийгээ нэг өдөр заставт нь ороод ирнэ гэж цэргүүд лав төсөөлөөгүй байх. Заставын дарга, ахмад Х.Ганболд цэргүүдээ, өрөө тасалгаагаа ёстой цэмцийтэл бэлдсэн байв. Ингээд урилга авсан зочдынхоо хамт Бэлтгэл заставыг зорин соёл амралтын тасалгаанд суусан цэргүүд дээр гэнэтийн бэлэг болон очсон юм. Манайхан эхэндээ хэн хэн нь балмагдсан байх. Бид төсөөлөхдөө ёстой романтик уулзалт болно гэж бодтол эсрэгээрээ цэргүүд маань хэсэг зуур зогтусан зогсов. Харин хоёр ойтой Номинчимэг охин цэрэг ах нарын дундаас аавыгаа төвөггүйхэн олж хараад гүйн очсон юм. Энэ уулзалт хамгийн сайхан. Яг л зүүд шиг. 

Хилийн 0151 дүгээр ангид алба хааж буй ХЦАХ-аас таван хилчин гэр бүлтэй гэнэ. Тэдний хоёрынх нь гэр бүл хол байгаа тул очиж амжихгүй гэдгээ дуулгаж, нэг бүсгүй хүүхэдтэйгээ эмнэлэгт хэвтэж байгаа аж. Аавыгаа санасан, ханиа санасан, хүүгээ санасан сэтгэл тайтгарав. Ингээд хөтөлбөр ёсоор хилчид ямар орчинд алба хааж, ямар үүрэг гүйцэтгэдэг болохыг танилцууллаа. Хошууч Н.Гансүх “Таны хүү, таны хань энд унтаж, хооллодог” гэдгийг нэг бүрчлэн үзүүлэв. Цааш ямар үүх түүхтэй, чиг үүрэгтэй ангид алба хаадаг болохыг ч мөн танилцуулсан юм. Алдрын тасалгаа, албаны өрөө тасалгаа гээд үзэж харах зүйл мундахгүй их. Танилцах аяллын завсарт байлдагч Д.Баярсайханы эхнэр, охин хоёртой уулзлаа. Түүний гэргийг Ц.Дуламсүрэн гэдэг. Тэд Сэлэнгэ аймгийн МСҮТ-д суралцаж байхдаа танилцжээ. Харин ханилаад дөрвөн жил болсон байна. Аав, ээж гэх эрхэм алдрыг хоёр жилийн өмнө хүртжээ. Хилийн 0151 дүгээр ангиас нөхөртөө баярынх нь өдөр ирж гэнэтийн бэлэг барихыг санал болгосон тул бяцхан охин Б.Номинчимэгийнхээ хамт галт тэргээр Улаанбаатарт ирсэн тухайгаа хэлэв. Тогооч мэргэжилтэй Ц.Дуламсүрэн бүсгүй аймагтаа шинээр зоогийн газар нээхээр шамдан засвар тохижилтын ажилтай завгүй байсан хэдий ч охиноо аваад ирсэн байна. Байлдагч Д.Баярсайханы хувьд цэрэгт явах шийдвэрээ эхнэртээ эртнээс хэлсэн аж. Ц.Дуламсүрэн ч нөхрийнхөө сонголтыг хүндэтгэжээ. Би тэднээс “Сэлэнгэд хилийн анги байгаа шүү дээ. Гэр бүлтэйгээ ойрхон тэндээ алба хаавал зүгээр байсан юм биш үү” гэж асуух төдийд Ц.Дуламсүрэн нүдээрээ инээгээд “Нэгэнт цэргийн алба хааж байгаа бол хол явсан нь дээр шүү дээ” гэж эргэлзэлгүй хариулсан юм. Байлдагч Д.Баярсайхан шөнө бүр охиноо зүүдэлж хонодог. Өнөөдөр ороод ирэхээр нь зүүд гэж бодсон тухайгаа ярихдаа бяцхан үрээ үнэрлэнэ. 

“Аавуудын өдөр”-т байлдагч М.Хадбаатарын аав Н.Мөнхбаатар ах иржээ. Н.Мөнхбаатар ах Швейдэд 10 жил сурсан хүүгээ бодлогоор эх оронд нь авчирч цэргийн алба хаалгаж байгаа гэнэ. Хүүгээ зөв хүн болгон төлөвшүүлэх аавын бодол алдаагүй байна. Анх тангаргийн баяраар нь ирээд хүүгээсээ, “Алба ямар байна?” гэх ганц л асуултыг асуужээ. Байлдагч М.Хадбаатар, “Сайхан байна. Цаг хурдан өнгөрч байна” гэж хариулсан гэнэ. Хүүгийнхээ нүдний гал цог, жавхаатай байдлаас нь ямартай ч албаа алзахгүй хааж чадахыг нь олж харсан гэдэг. Хэрвээ анги нь таалагдахгүй, дарамт шахалт ихтэй бол өөртөө итгэлтэй хариулахгүй байсан биз ээ. Аав хүн үр хүүхдээ мэднэ шүү дээ гэв. Цэргийн албаа хааж дуусахаар нь Швейдэд Байлдааны нисэхийн сургуульд сургах бодолтой байгаа аж. Энэ бол тэдний хувьд анхны аавуудын баяр. Бид ангийн түүхэн замналтай танилцаж дурсгалын зураг татуулсны дараа Соёлын төвд нээлтийн арга хэмжээг албан ёсоор хийв. СМССА-ны бүрэлдэхүүн аавууддаа баярын мэнд хүргэж, уран бүтээлийнхээ дээжээс өргөв. Аавын тухай дууг хамтдаа сонсоход сэтгэл зүрхэнд юу эс бодогдох билээ. Уярал, ухаарал, омогшил хэн бүхэнд төрсөн гэдэгт итгэлтэй байна. Тоглолтын дараа хүндэтгэлийн зоогонд хамтаар уригдав. Манай бүсгүйчүүд бас л нарийн тооцоолжээ. Бүсгүйчүүд бид өөрсдөө цэцэг авч, цэцгийн дэлбээн дээр алхдаг бол энэ удаад аавуудынхаа алхах зам дээр сарнайн дэлбээ асгажээ. Гайхамшигтай биш гэж үү. Эр хүн гэхээр бүдүүн хадуун байх ёсгүй шүү дээ. Хооллох зууртаа дараагийн зочин болох байлдагч Ц.Баярхүүгийн аав Б.Цэгмид ахтай танилцлаа. Б.Цэгмид ах Хилийн 0311 дүгээр ангид ажиллаж байгаад дэд хурандаа цолтой чөлөөндөө гарчээ. Хилчин аавын алсын бодол хүүгээ удам дамжсан хилчин болгох гэнэ. Том хүү нь өдгөө Хилийн 0277 дугаар ангид заставын орлогчоор ажилладаг. Хөвгүүд хилийн заставт өссөн болохоор цэргийн амьдралд ч дуртай байна. Байлдагч Ц.Баярхүү цэргээс халагдаад гэрээт хилчин болохоор шийджээ. Багаасаа цэрэг ах нарын дунд өссөн болохоор амьдралаа өөрөөр төсөөлж ч байгаагүй аж. Энэ дашрамд аавынхаа шийрийг хатаасан сайн хилчин офицер болох ерөөлийг өргөе. 

Өнөөдрийн арга хэмжээнд байлдагч О.Анурадын эхнэр Т.Нарангэрэл хүү А.Гүнбилэгтийнхээ хамт ирсэн юм. Мөн л урилга авсан даруйдаа Өвөрхангайгаас яаран гарчээ. Долоон сартай хүүгээ тэвэрсээр хэсэг хором ч болов ханьтайгаа уулзахаар зорин ирсэн нь энэ байлаа. Бяцхан А.Гүнбилэгт нойр нь хүрсэн үү яасан уйлагнах төдийд мөн л манай бүсгүйчүүд хүүг гар дамжуулан тэвэрч салхилуулна. Тэр хооронд байлдагч О.Анурад эхнэртэйгээ тухтай ярилцаж бас цэрэгт ирсэнээс хойш анхны романтик зоогийг барьж амжсан.

Цугласан олны дунд хүүгээ байсхийгээд эвийлэн үнсэх ээж ирсэн нь байлдагч Б.Баярцэнгэлийн гэр бүлийнхэн байв. “Аавуудын өдөр” хэдий ч Бүжинлхам эгч, нөхөр Б.Баярсайхан, охин Б.Болорнямынхаа хамт иржээ. Тэд хүүтэйгээ уулзалгүй удсан тул баярын арга хэмжээнд хүрэлцэн ирээч гэх урилгыг ихэд олзуурхан авчээ. Хүү нь Төмөр замын дээд сургуульд сурч байгаад нэг л өдөр цэрэгт явахаар шийдэн жилийн чөлөө авсан гэнэ. Ах, эгч хоёр ч хүүгээ дэмжсэн байна. Бүжинлхам эгч “Миний хүү цэрэгт яваад их өөрчлөгдсөн. Юм оёж сурсан. Бас их чих зөөлөнтэй болсон шүү” гэв. Байлдагч Б.Баярцэнгэлийн хувьд ч цэргийн алба хаах хугацаандаа маш их зүйлийг сурч байгаагаа бахархан ярьсан. 

Энэ удаагийн уулзалт, баярын өдрийн арга хэмжээ бүх хүний сэтгэлд хүрчээ. Бүгд л “Аавуудын өдөр”-ийг анх удаа тэмдэглэж буйгаа ярина. Хэзээ ч мартагдахааргүй сайхан дурсамжийг хүн бүрийн сэтгэлд сийлсэн гайхамшигт нэгэн арга хэмжээ. 

Өдрийн хоолны дараа Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран сургалт зохион байгуулав. Хосууд хамтдаа сургалтад сууж, гэр бүлийн нандин харилцаа, эхнэр нөхрийн хүлээх үүрэг, хариуцлагын талаар мэргэжлийн багш нараас номын дуу сонссон юм. Хичээл сургалт орох зуурт энэ өдрийн арга хэмжээнд хүрэлцэн ирж чадаагүй байлдагч Б.Энхсанаагийн гэргий Т.Аззаяад гэнэтийн бэлэг барихаараар Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлгийг зорив. Учир нь Т.Аззаяа хүү Э.Анандынхаа хамт эмнэлэгт хэвтжээ. Эмчээсээ ганцхан цагийн чөлөөгөөр гараад ирэхийг гуйсан ч хатгаатай хүүхэд авч гарч болохгүй гээд халгаагаагүй байна. Ингээд бид очихоор шийдсэн билээ. Байлдагч Б.Энхсанаа замаараа дэлгүүр орж чихэр, шоколад аваад бас ил захидал дээр сэтгэлийнхээ үгийг тэрлэв. Ханьдаа удам залгах хүүг нь төрүүлж өгсөнд баярлаж явдагаа илэрхийлжээ. Гэнэт эргэлтийн хаалган дээр үл таних дугаараас гараад ирээч гэхэд Т.Аззаяа бүсгүй ихэд гайхжээ. Хүү бид хоёр дээр нэг нь л эргэлтээр иржээ гэж бодтол цэргийн дүрэмт хувцастай хань нь зогсож байсанд үнэхээр гайхсан байна. Байлдагч Б.Энхсанаа хоёрхон сартай хүүгээ энгэртээ тэврээд хурдан эдгээрэй хэмээн үнсэнэ. Бид ч аав, ээж, хүү гурвын уулзалтыг таслахаас зүрхшээн хэсэг хүлээв. Гэхдээ цэргийн алба гэдэг цаг хугацаатай. Ийнхүү энэ өдрийн арга хэмжээний оргил хэсэг энд хүрээд жаргасан юм. Наймдугаар сарын 08. Энэ өдөр тэдний зүрхэнд хайр дүүрэн, дурсамж дүүрэн үлдсэн нь лавтай. Жил бүрийн “Аавуудын өдөр”-ийг тэмдэглэхдээ цэргийн хуаранд өнгөрсөн дурсамжаа нэхэн санагалзах нь лавтай. Аав байна гэдэг сайхан. Гэхдээ нэгэн бүсгүйн өмнө, алаг үрийнхээ өмнө асар том хариуцлагыг үүрэх ёстой гэдгийг залуус маань ухамсарласан биз ээ.