ХӨДӨЛМӨРЧ НЭГЭН ӨРХИЙНД
  • 09:22
  • 1686
Жаалууд “...Өвөө хойд гэрт бий” гэж заагаад савлуур луу уралдан гүйцгээв. Ингээд гэрт орвол бэлтгэл хошууч Х.Чулуунбат, “Өө миний охин хүрээд ирэв үү. Дээшээ суу” хэмээн урих нь дотно.

М.Уранбайгаль

Хүн хөдөлмөрлөж чадвал үр шимийг нь хүртдэг гэдгийг олон ахмад хилчид амьдрал дээр харуулсан. Хувийн бизнес эрхлэх, мал маллах, ногоо тарих зэргээр хүний хийж болох бүхий л ажлыг гялалзуулж яваа буурлуудыгаа би мэднэ. Энэ удаад яг тийм ажилласаг хилчдийнхээ төлөөлөл болгон бэлтгэл хошууч Х.Чулуунбат,  түүний гэргий П.Нямсамбуу эгчийг онцлохоор шийдлээ. Тэднийх Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суудаг. Гудамжны төгсгөлийн ногоон хашааны хаалгыг цохиход дэрсхэн хэдэн жаал уралдан гүйж ирээд хаалга тайлав. Хашаагаар ороход үүдэнд нь өнгө өнгөөр алагласан цэцгийн мандал, ногооны хүлэмж харагдана. Энэ бүхнээс харахад миний зорьж ирсэн айл мөн ажээ. Жаалууд “...Өвөө хойд гэрт бий”  гэж заагаад савлуур луу уралдан гүйцгээв. Ингээд гэрт орвол бэлтгэл хошууч Х.Чулуунбат, “Өө миний охин хүрээд ирэв үү. Дээшээ суу” хэмээн урих нь дотно. Х.Чулуунбат ахынх өнөөдөр хөл ихтэй байгаа бололтой. Архангайгаас найзууд нь зориод ирчихсэн дуу шуутайхан сууцгаана. Харин гэрийн эзэгтэй зочдоо гарын хоолоороо дайлахаар шалмаг гэгч нь бууз чимхэнэ. Х.Чулуунбат ах өнөөдөр ТТАХНЭ-т эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдчихаад ирсэн байв. "Жилдээ нэг удаа эрүүл мэнддээ анхаарч байхгүй бол болохгүй шүү" хэмээн надад дотночлон захина. 

Х.Чулуунбат ахын хувьд Хилийн 0198 дугаар ангид гурван жилийн цэргийн алба хаагаад тус ангид улиран ажилласан удам дамжсан хилчин. Заставын орлогчоос, салаан дарга, ангийн орлогч зэрэг ажлыг хийж гүйцэтгэж байгаад 2003 онд Хилийн 0151 дүгээр ангиас чөлөөндөө гарсан аж. Эднийх дөрвөн охин, хоёр хүүтэй өнөр өтгөн гэр бүл. Хүүхдүүдээс нь охин Ч.Янжиндолгор нь өдгөө хилчин удмаа залган Хилийн 0151 дүгээр ангид ажиллаж яваа юм. Бусад хүүхдүүд нь өөр өөрийн сонирхсон мэргэжлийг эзэмшин тусдаа амьдрал зохион улс нийгэмдээ ажиллаж байгаа талаар хэлэв. Харин бага хүү Ч.Отгончулуун нь аав, ээж хоёртоо дэм болон хамтдаа өрхийн аж ахуйгаа авч яваа гэнэ. Х.Чулуунбат хошууч гавьяаныхаа амралтад гарсан даруйдаа гэрт зүгээр сууж чадалгүй 10 гаруй жил хувийн компанид харуул хамгаалалтын ажил эрхэлжээ. Ингээд ээлжийн ажил удаан хугацаанд хийх нь биед сөрөг нөлөөтэй тул 2017 оноос өрхийн бизнес эрхэлж эхэлсэн байна. 

Гар хөдөлвөл ам тосдоно

Х.Чулуунбат ах харуул хамгаалалтын ажлаа орхисон даруйдаа найзаасаа “Монгол ногоо” төслийн талаар анх сонсоод ойр хавийнхаа 13 айл өрхийг ногоо тарих аянд уриалж, төслөө ч амжилттай авсан гэнэ. Уг төсөл таван жилийн хугацаатай. Анх төслийн багаас ногооны үр болоод газар тариалан эрхлэхэд шаардлагатай багаж хэрэгслийг өгчээ. Хамгийн чухал нь 60 метрийн гүний худгийг хашаанд нь гаргаж өгсөн байна. Ингээд их ажил ундарсан түүхтэй. Төсөл авсан эхний жилээ “Шилдэг тохижилттой ногоочин өрх”-өөр шалгарчээ. Хоёр дахь жил нь эдний тарьсан шар хулуу 30 орчим кг жинтэй том ургасан тул мөн л төслийн багаас өргөмжлөл хадгалуулсан байна. Хоол болох зуурт бид хашааны тохижилт, шинэ ногооны болцтой танилцахаар гарав. 

Эдний хашаа 240 гаруй метр. Тиймээс ихэнх талбайдаа өнөөдөр болж бүтэхээр нь хүнсний ногоо, нарийн ногоо, жимс жимсгэнэ, цэцэг тарьжээ. Хүлэмжний үүдэнд өргөст хэмх гэх хаяг өлгөөтэй харагдав. Цааш ногооны талбайтай танилцахад хулуу, брокли, байцаа, төмс, лууван, гоньд, чинжүү зэргээр бүгдийг цэргийн албаны зохион байгуулалттайгаар хаягласан байна. Сайхан гэх сэтгэгдэл төрөв. Ажилтай хүний л хийх ажил байна даа гэх бодол тархи толгойд зурс хийнэ. Ингээд цааш явбал чацаргана, үхрийн нүд, интоор, алимны модод жимсээ даахгүй бөхийн харагдана. Эднийх жилдээ хоёр тонн хүнсний ногоог хураан авдаг гэнэ. Түүнээсээ өөрсдийн хүнсний хэрэгцээгээ бүрэн хангачихдаг тул өрхийн төсөвтөө үлдсэнийг нь зарж борлуулан нэмэрлэдэг аж. Ер нь тариалсан ногоо нь ургацаа сайн өгч байгаа тул хашаандаа нэг тонны багтаамжтай зоорийг мөн хийжээ. “Хамгийн асаргаатай ногоо юу вэ?” гэж асуухад хүлэмжний ногоонууд гэв. Учир нь байнга тайралт, бордолт хийхээс эхлээд яг л нялх хүүхэд шиг асарч тойлох хэрэгтэй болдог байна. Бордооны тухайд Х.Чулуунбат ах мөн л өөрөө хийнэ. Ногоогоо зөвхөн малын өтөг бууцаар бордох бус ногооны хальс, өндөгний хальс, тэр ч бүү хэл хаягдал цаасыг бууцтай холиод өвөлдөө дарчихад хавар нь маш сайн бордоо болдог гэсэн. Мөн халгайг усанд дарж тавиад бордож болдог. Ер нь газраа хэр сайн бордож байгаагаас ногооны болц, гарц шалтгаалдаг талаар бяцхан нууцыг дэлгэв. Энэ мэтчилэн гурван жилийн хугацаанд өөрөө өөртөө агрономич хийсээр өнөөдөртэй золгожээ. Х.Чулуунбат ах, П.Нямсамбуу эгч хашаандаа монгол сармис тарих зорилгыг өвөртөлжээ. Тэд энэ жил тарьж үзсэн ч хөрсөө голоод ургаагүй байна. Сармис тарьж чадсан хүн л ногоочин болдог гэдэг. Тиймээс бид монгол сармис заавал тарина даа гэв. 

Их ажлын нүргээн хавартай зэрэгцэн эхэлдэг

Ногоо тарина гэдэг борви бохисхийх чөлөөг өгдөггүй ажил. Өглөө нарнаас урьтаж ногоогоо усалж, хөрсийг нь сийрүүлэхээс эхлээд өдөржин хөдөлмөрлөнө. Хөрсөнд булсан бүхэн ургадаггүй болохоор ногоочин хүнээс арчилгаа, хөдөлмөрч байдлыг байнга шаардана. Харин хавар, зундаа хөдөлмөрлөсөн их ажлыг нь намартаа арвин их ургацаараа шагнадаг нь байгаль эхийн хууль билээ. Манай хоёр шинэ ургацынхаа дээжээс хэдийнэ аваад эхэлжээ. Өргөст хэмх нь ургаж, П.Нямсамбуу эгч эхнээс нь даршилаад завгүй өнжиж байгаа гэнэ. Мөн ногоо тарихаас гадна ач, зээ нарынхаа ходоодыг баярлуулахаар элдэв төрлийн ногооны салат, компот, зутан шөлний жорыг сурч хоол бэлтгэх ажлыг өөртөө давхар нэмжээ. Энэ зуурт найзууд нь, “Манай Нямсамбуу ёстой зүгээр суудаггүй хүн шүү. Юүхэн хээхнээр аятайхан хоол хийчихнэ” хэмээн магтав. Түүгээр ч зогсохгүй хашаагаа наранцэцэг, мандарваа, астра зэрэг олон нэр төрлийн цэцгээр гоёсон нь орсон гарсан бүхний нүдийг булаана. Өнөөдөр дэлбээгээ дэлгэсэн эдгээр гоёмсог цэцэгсийг их эртнээс үрслүүлдэг талаар бага хүү Ч.Отгончулуун ярив. Ер нь сар шинэ хуучрахтай зэрэгцэн гэрээрээ хөл гишгэх газаргүй болтол нь үрсэлгээ суулгадаг байна. Тиймээс өнөөдөр ширээн дээр тавигдсан шинэ ногооны амтат зууш, бяцхан жаалуудын ам зугаацуулах жимс, өнгө алаглах цэцэгс хаврын эхэн сарын шинийн нэгэнд эхэлдэг байна. 

Ирсэн гийчин буцдаг, орсон бороо арилдаг гэдэгчлэн сэтгүүлч миний бие буцах болов. Х.Чулуунбат ахыг СТА гэж дуулсан учир ганц дуу дуулж өгөхийг хүсэхэд хоймортоо байгаа гитарыг хөглөн нэгэн дууг аяласан юм. Ингээд хөдөлмөр хүнийг хүмүүжүүлдэг гэх ухаарлыг хайрласан амттай яриагаар дайлсан ах, эгч хоёртоо эрүүл энхийг хүсэн дараагийн ажилдаа шамдсан билээ.