ДАЙН БА ЭНХ
  • 09:04
  • 1506
Би энэхүү бяцхан сурвалжлагаа ийн нэрлэхээр шийдэв. Яагаад гэхээр тэртээ 80 жилийн өмнө төгсгөлийн цэгээ хатгасан дайн, түүнээс хойшхи 80 жилийн хугацаанд энх амгалан оршиж ирсэн энэ газар нутагт ямар өөрчлөлт гарав гэдгийг сэтгэл санаандаа ургуулан бодох гэж оролдлоо.

Бэлтгэл хурандаа Д.Баасанжаргал

Хамар даваа. Хангай нутгийн хээрийн бүсэд орох өвсөрхөг тал. Харин Халхын голоос цааш элсэн толгод бүхий говирхуу уудам хөндий. Энэ хоёрыг Халхын гол халхлан зааглан урсана. Энэ зуур миний нүдэнд ийшээ зүглэхийн өмнөхөн уншсан “Номун ханы ээрэм талд” номын хуудас тэр аяараа амилах шиг болж байв. Энэ ном Халхын голын дайнд оролцсон, Японы цэргийн эмч Мацумато Сүүхегийн дурсамж л даа. 

Ингэхэд элсэн говьд булагдаж хучигдсан эрин галавын өмнөх аварга амьтдын яс цагийн салхинд хөрсөн дээрээ ил гарч ирдэгийн адил өнгөрсөн түүх ч ялгаагүй үнэн мөнөөрөө улам тодорсоор байдаг бололтой. Хуучин бид энэ өдрийг “Японы милитаристуудыг бут цохисны яруу алдарт ой” хэмээн сүр дуулиантайхан тэмдэглэдэг байсан бол эдүгээ зүгээр л “Халхын голын дайны ялалтын баяр” хэмээн нэрлэжээ. Энэ нь ч зүгээр юм шиг. Яагаад гэхээр хэн нь хэнийгээ ялсан нь тодорхойгүй дайн гэх яриа судлаачдын дунд гарах болжээ. Тэгээд ч, “Аливаа зүйл тодорхойгүй байх тусмаа сайн” гэж манай нэгэн нэртэй генерал хэлдэг байлаа шүү дээ. Харин манай хилчдийн хувьд огт өөр. Тэд 1933 оноос бүтэн зургаан жил бүсээ тайлж, бүтэн нойртой хонолгүй газар нутаг, хилийн зурвасаа хамгаалан харийнхантай халз тулж ирсэн яруу түүхтэй түмэн. 

Өнөөдөр энэхүү домогт хязгаарт 80 жилийн турш хилээ нэр төртэй хамгаалж ирсэн хилчдийн гавьяаг буухиачилж яваа хурандаа Ж.Эрдэнэчулуун захирагчтай Хилийн 0198 дугаар ангийн дайчин тугийн энгэрт төр, засаг зүгээр ч нэг одон зүүж өгөөгүйн шалтгаан гэвэл ердөө л энэ. Тиймээс энэ бол 80 жилийн хугацаанд тус ангийн жагсаалд хөл нийлүүлэн алхаж явсан, мөн одоо алхаж яваа хилчид, тэдний гэргий, үр хүүхэд, энгийн ажилчин бүрийн энгэр дээр зүүсэн одон гэж ойлгож байна. 

Өнөөдөр миний бие Хамар даваан дээр зогсч байна. Хараа алсрах тэртээ цаана нэгэн цагт өөрийнхөө амийг аврахаар ухсан нуувч нь үүрд дарагдах булш болон хувирсан хамгаалалтын үл мэдэг ялгарах зурвас харагдана. Энд Монгол, Орос, Япон ээжийн 75.000 хүүгийн амь шингэж, сүнс нь тэнгэрт оджээ. Энэ бол дайны хамгийн аймшигтай гамшиг, хэн ч, хэзээ ч мартаж болохгүй түүхийн гашуун сургамж. Бас дурсамж. Үүнийг монголчууд бид 80 дахь удаагаа Хамар даваан дээрээс Хайлааст манханынхаа зүг хараачлан байж дурслаа. Өдгөө Хамар давааны сум тусаагүй ариун хөрсөнд энх цагийн тариан түрүү алтран найгана. Шинэ сумын төвийн гэрэл өлмий дороос гялалзана. Монгол Улсын хил тайван байна.