ХИЛЧДЭЭС ТӨРСӨН АНХНЫ БААТАР
  • 09:14
  • 100
МОНГОЛ УЛСЫН БААТАР, АХМАД С.ЛХАГВАДОРЖИЙН МЭНДЭЛСНИЙ 100 ЖИЛИЙН ОЙД

Бэлтгэл хурандаа Ш.Доржбал

Эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө алтан амиа өргөсөн зоригт эрсийн нэг нь эдүгээ 100 насных нь ой тохиож буй БНМАУ-ын баатар, ахмад С.Лхагвадорж юм. Түүний байгуулсан гавьяаны талаар олон эрдэмтэн судлаачид бичиж нийтлүүлсэн байдаг. Иймд энэ бүгдийг давхардуулан нурших нь илүүц бөгөөд харин баатрын талаар өөрийн олж мэдсэн зарим нэг зүйлийг тодруулан товчхон бичихийг хичээв. 

Ахмад С.Лхагвадорж нь Халхын голын дайны жил хорин насандаа эр цэргийн албанд мордож ДЯЯ-ны Төв сургуульд элсэн орсон байдаг. Түүний ямар сурагч байсан талаар зохиолч Ц.Уламбаяр “...Шинэ сурагчдаа хуваарилахад Лхагвадорж манай ангид ирсэн. Улс төрийн хичээлд бусдаас ялгарах юмгүй. Буудахдаа гайхалтай мэргэн, бадарсан гал шиг түргэн зантай хүн байсан. Ядарч зовсон нэгэнд тусалсан тусархаг хүн байсан юм. Сургуулиа төгсөөд Замын-Үүд рүү явсан. Хотод ирэх болгондоо заавал манайхаар ирж, ярьж хөөрнө. Ирэх бүрийдээ цол дэвшсэн эсвэл шагнал авсан байдаг сан. Ингэхээр ажилдаа тун сайн байсан хэрэг...” хэмээн дурсан ярьсан байдаг. Мөн түүний зарчимч, цэрэгжилч, жагсаалч дарга байсныг илтгэх нэгэн баримтыг зээ хүү О.Мэндбаяр нь бичихдээ ”Манай элэнц өвөө М.Дамдин 1945 онд хилийн байдал хүндэрч, цэргийн ар гэрийг хотод авчирч байна” гэж сонсоод хөдөөнөөс охиноо сурсаар нагац өвөөтэй анх уулзсан тухайгаа “Туранхайвтар шаргал царайтай, ахлах дэслэгч цолтой хүн ажилдаа яваад ирлээ!” хэмээн илтгэхэд ямар албархуу нөхөр вэ гэж боддог байснаа, охиныхоо аавыг ийм л хүн байсан шүү” хэмээн ээжид минь ярьдаг байжээ” гэсэн нь бий. Тэр үнэхээр ажилдаа дур сонирхолтой, хичээнгүй, эр зоригтой дарга байсан нь түүний намтраас тодорхой байдаг. Сургууль төгсөж очоод удалгүй анх Японы тагнуул барьсан газар нь одоо түүний нэрэмжит заставын архан талд байдаг бөгөөд 1976 онд төмөр замчин залуус тойрон аялал хийхдээ тэр газарт нь дурсгалын самбар босгосон нь түүхийн нэгэн гэрч болон үлджээ.

С.Лхагвадорж өөрөө болон заставынх нь хилчид Японы тагнуул туршуулыг удаа дараа илрүүлэн баривчилж, үнэхээр чадварлаг дарга болохоо харуулж байсан гэдэг. Зөвхөн 1941-1943 онд С.Лхагвадоржийн удирдсан заставын хилчид манай улсыг зөрчиж ирсэн 34 тагнуулыг баривчилсны есийг нь С.Лхагвадорж өөрийн биеэр барьсан байдаг. Түүний заставын байлдагчдаас 14 хүн одон медалиар шагнагдсан. Тэрбээр үнэхээр хийморьтой, золбоотой, эр зоригтой дарга байж дээ гэхээс өөр юу  хэлэх сэн билээ. Намайг Улаан-Уулын отрядод байхад манай намын байгууллагын дарга, хошууч Б.Төмөрбаатар гуай “Манай засатавын дарга С.Лхагвадорж их совинтой. Гэнэт мордож давхиад хил зөрчигч бариад ирдэг байсан“ гэж дурсан ярьж билээ. Харин 1944 оны бичин жилийн их шуурганаар уруудсан олон мянган адууг нутгийн ардуудын хамт тогтоосон гавьяаг нь үнэлж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан байдаг.

Энэ үед С.Лхагвадорж отрядод штабын туслахаар ажиллаж байсныг эндүүрч дугаар заставын дарга гэж бичсэн нь элбэг таардаг. Тэгвэл тэр үед Хилийн 0108 дугаар ангийн дарга Г.Сонжав дурсамжиндаа “Штабын туслах С.Лхагвадоржийг адуу тогтоолгохоор явуулсан” гэсэн бол “С.Лхагвадорж 1943 онд мөн отрядын хил хамгаалах тасгийн даргаар дэвшин томилогджээ” хэмээн заставыг түүний нэрэмжит болгох тухай тодорхойлолтод бичсэн байгаа юм. Ихэнх судлаачид, ахмад С.Лхагвадоржийг 1948 он гаргаад баруун хязгаарт очсон гэдэг ч зарим нь 1947 он ч гэж бичсэн байдаг. Өргөн сумын малчин Б.Гончигсүрэн 1994 онд “Нэг өдөр Сэвсүүдийн худаг дээр адуу усалж байхад С.Лхагвадорж, хоёр цэргийн хамт хүрч ирээд “Би Баруун хязгаарт томилогдоод явах боллоо. Танайхаас уналгын агт авья” гээд хэдэн морь барьж аваад явсан” хэмээн хуучилсныг хурдан морь судлаач, Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Цагаандалайгаас сүүлд сонссоноо хурандаа М.Ганболд тэмдэглэсэн нь бий. “Харин он, цагийг нь асуугаагүй“ гэсэн гэдэг. Ямартай ч ахмадыг тэнд шилжиж очоод удаагүй байхад Мэргэн уулын тулгаралт болсон. “Мэргэн уулын тулгаралт” хэмээн түүхэнд нэрлэх болсон байлдааны талаар бишгүй бичсэн болохоор товч сануулахад Оспан 1948 оны тавдугаар сарын 20-ны өдөр өөрийн шилдэг 22 баатрыг Монголын хилчдэд туслах группийн нөлөө бүхий гишүүдээс амьд хэл олзлуулах үүрэг өгч, гэрээсээ үдэж  мордуулсан гэдэг. Тэд тавдугаар сарын 27-ны шөнө Бага Хавтагаар хил давсан бөгөөд манайхаас тусгай даалгавартай очиж Оспаны итгэл хүлээсэн Ү.Сагадай удирдсан байдаг. Дайсан амьд хэл олзлохоор хоёр хэсэг болон салж, 02-ны өглөө хоорондоо нийлэн Мэргэн уулын зүүн сугаар буцаж явахад нь Бодончоос ниссэн “По-2” онгоц илрүүлэн пулемётоор шүршсэн боловч хохирол учруулаагүй байна. Дээрэмчид ууланд орж, шил даран мөрдөж явсан Ж.Нэхийтийн группийн ахмад С.Лхагвадоржийн удирдсан хэсгийг ирэхэд нь отож байгаад тосон байлджээ. Байлдааны халуун мөрөөр очсон улсын баатар Ж.Нэхийт гуай дурсан бичихдээ “Хөнгөн пулемётын наводчик Г.Жагар, бага дарга Б.Пилхүү хоёр жижиг толгойн хажууд пулемётын хагас магазин сум, бас винтовын хэдэн сум буудаад алагдсан байв. Байлдагч Намсрай хөнгөн шархдаж  ар тийш буцжээ” гэсэн байдаг.

Ахмад С.Лхагвадорж ганцаар үлдсэн ч дээрэмчид рүү давшин ойртож, цээжээрээ хүнд шархадсанаа үл тоон эцсийн амьсгалаа хүртэл тулалдсаар, дайснаас хэдийг хороож, хад түшээд нас барсан байсан гэдэг. Дайсны тал нь бүслэлтээс мултарч, ес нь (үүнээс 6 нь хөнгөн шархтай) буцаж очсон ч нэг нь замдаа үхэж, нөгөө нь хятад цэрэгтэй таарч, амьд үлдсэн ч хоёр хөлөө тайруулсан байна. (Ж.Жамьян”Хүн мөнх биш ч түүх сургаал нь мөнх” 2006 он). Нийт 22 дайснаас долоо нь алагдаж, гурав нь олзлогдон, нэг нь бууж өгсөн юм.

Эх орны эрэлхэг хүү С.Лхагвадорж ингэж эр зоригоо гайхуулан эцсийн дусал цусаа дуустал дээрэмчидтэй байлдаж мөнхийн гавьяа байгуулсан түүхтэй.

“Шөнө болж байхад бид амиа алдсан хилчдийн шарилыг авч, 90 км газрыг туулан отрядын төвд ирж байлаа. Оршуулахад бид гашуудлын хөгжим тоглосон бөгөөд улс төрийн орлогч, хошууч Ж.Далхжав нарын хүмүүс эмгэнэлийн үг хэлж байсныг тод санаж байна. Бид авч явсан тугаараа ахмад С.Лхагвадоржийн цогцыг ороож, хувцастай чигээр нь нутаглуулж байсан даа” гэж Хязгаарын Цэргийн чуулгын дуучин Р.Довчин, Г.Гэлэгжамц нарын ярихыг хэдэн жилийн өмнө тэмдэглэж авч байсан билээ.

БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1949 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн 6 дугаар тогтоолоор ахмад С.Лхагвадоржид хилчин Б.Тэгшээ, Л.Даваадорж нарын хамт БНМАУ-ын баатар цолоор нэхэн шагнаснаас үзэхэд С.Лхагвадорж нь хилчдийн эгнээнээс төрсөн анхны баатар юм.

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэлүүд (0)

Сэтгэгдэл байхгүй байна.