Ахмад Д.АРИУНТӨГС
-Өөрийгөө танилцуулаач?
-Би Сүхбаатар аймгийн Дарьганга суманд 2000 онд төрсөн. Ам бүл наймуулаа аав, ээж, ах, дүүгийн хамт амьдардаг. Цэргийн албанд 2018 оны II ээлжээр татагдан ирсэн. Цэргийн албанд ирэхээсээ өмнө Дарьганга сумандаа есдүгээр анги төгсөж Дорнод аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрэлийн төвийг барилгын цахилгаанчин мэргэжлээр IV зэрэгтэй төгссөн. Аймагтаа цахилгаанчнаар хоёр жил ажилласан. Найман настай байхдаа Шилийн богд уулын оргилд аав ээжтэйгээ хамт явж байгаад цэрэг хувцастай ахыг хараад цэргийн хүн болох мөрөөдөлтэй болсон. Мөрөөдөлдөө хөтлөгдөн явсаар 18 нас хүрмэгцээ цэргийн албанд татагдан Зэвсэгт хүчний 327 дугаар ангид хуваарилагдчихаад зүтгэсээр байгаад хилд алба хаахаар ирсэн.
-Цэргийн албанд анх ирсэн сэтгэгдэлээ хуваалцаач?
-Анх отрядын хашаагаар орж ирэхэд үлээвэр хөгжимтэй алба хаагчид алга ташин угтаж авсан. Бас шинэ цэргүүдээ мөнгөн аягатай сүү барин тосоход сэтгэл огшоод их гоё санагдсан. Тэгээд сургалтын төв эхлэхээс өмнө ард хувцастайгаа байхад нэг л дасаж өгөхгүй байсан шүү. Удалгүй сургалтын төв эхлээд дүрэмт хувцсандаа ороход багын мөрөөдөл биелэлээ оллоо гэж маш их баярласан.
-Хилийн заставт очиход ямар санагдаж байсан бэ?
-Би энэ сайхан эх орныхоо торгон хилийн шугамыг хамгаалах гэж ирсэн болохоор хил рүү явах хүсэлтээ өгсөн. Заставынхаа даргатай газар орныг судлах дадлага хийх явцдаа хилийн шугам дээр очоод Хятадын тал руу харахаар нэг л сонин мэдрэмж төрж, энэ торгон шугамнаас нааш Монголын газар нутаг, бид л хамгаалж ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангана шүү гэж бодохоор бахдах сэтгэл төрж байлаа. Онжавууд маань байсан болохоор арай л уйлаагүй, тэд ч гэсэн адилхан бодсон байх.
-Цэргийн албаны онцлог тэр дундаа хилд алба хаахын сайхныг мэдэрсэн байх?
-Цэргийн алба хаах эр хүн бүрийн үүрэг. Цэргийн тангараг өргөсний дараа ээж, аавын хүүгээс эх орны хүү болоод амьдралын ухаанд суралцаж байна. Хил хамгаална гэдэг тэр чигээрээ монгол ахуй, соёл, хүмүүжил бүгдийг агуулсан ухаан юм байна гэж боддог. Түүнээс гадна хүний үг сонсож, хүнд үг хэлж, хамт олон, найз нөхдийн үерхэлийн үнэ цэнийг ойлгуулсан сэтгэлийн хатыг бий болгодог. Цэргийн албаны бас нэг онцлог нь бие бялдрын өв тэгш хүмүүжилтэй болгохоос гадна эх орноо хайрлах хүмүүжлийг маш гүнзгий суулгадаг юм байна. Хилийн манаанд үүрэг гүйцэтгэн, хилийн багана дээр очих болгондоо энэ сайхан өргөн уудам нутаг чинь миний эх орон шүү дээ гэж бодож омогшин, эх орноо хайрлан хамгаалах хүсэл илүү их төрдөг. Хилийн цэрэгт алба хаана гэдэг ховорхон олдох хувь заяа гэж би бодож байгаа.
-Эх орны үнэ цэнэ гэж?
-Өмнө нь энэ талаар тодорхой ойлголтгүй байсан. Харин цэргийн албанд ирснээр энэ талаар өргөн ойлголттой болсон. Эх орон бол сэтгэлдээ нандигнан хайрлах ёстой эрхэм зүйл. Миний эх орон миний амьсгалах агаар, уух ус, гишгэх газар, эрх чөлөө минь гэж би боддог. Энэ нандин зүйлийг хэзээ ч орхиж болохгүй, аав ээжтэйгээ адилтган бодож хайрлах ёстой.
-Хилчин байхын бахархал юу вэ?
-Хил гэдэг хүнд эх оронч үзлийг бий болгодог онцлогтой гэж боддог. Хилчин байхын бахархлыг хилийн харуул, манаанд үүрэг гүйцэтгэж байхдаа илүү их мэдэрдэг. Хилийн багана дээр ирээд хоёр улсын хилийг харах болгондоо энэ чинь миний нутаг гэж өөрийн эрхгүй хайрлах сэтгэл төрдөг. Эх орноо хайрлах мэдрэмжийг хил дээр ирж л мэдэрдэг юм байна. Хилчин хүн их тусархуу, нийтэч аливаа ажлыг хийхдээ хамт олноороо хийдэг, зочломтгой хүмүүс. Хүн болгон очоод байдаггүй буйдхан заставт гадны хүн ирэхэд бүгд л баярлаж, ямар нэгэн баяр тэмдэглэх гэж байгаа мэт ширээ дүүрэн идээ засаад үгэнд дурлан илүү удаан байгаасай л гэж хүсдэг. Яг л одоогийн нийгэмд залуусын дунд дутагдаад байгаа энэ сайхан чанарууд зөвхөн хилчдэд л байдаг. Би хилчдэд оршдог чанарыг төгс сурсан гэж хэлэхгүй. Цаашид илүү ихийг сурч мэдэх хүсэл эрмэлзэл байгаа.
-Цэргийн албаны юу нь сайхан санагддаг вэ?
-Цэрэгт ирэхэд ангийн хамт олон халуун дулаанаар угтан авч, халамжлан хүмүүжүүлэгч офицер, ахлагч нар яг аав шиг, ах шиг минь хандаж байгаа нь сайхан санагдсан. Цэрэгт ирсэн нь миний хамгийн зөв сонголт. Тэр тусмаа хилийн заставт алба хааж, эх орныхоо торгон хилийг хамгаалж байгаадаа сэтгэл хангалуун байна.
-Эх орны торгон хил дээр үүрэг гүйцэтгэж байгаа цэргүүддээ хандан юу гэж хэлэх вэ?
-Өргөсөн тангарагтаа үнэнч байж, дарга нарынхаа зааж сургасан зүйлийг албандаа хэрэгжүүлэн үүргээ сайн гүйцэтгээрэй. Бид хилээ манаж байгаа болохоор ард түмэн, аав, ээж гээд хайртай бүхэн минь тайван амгалан байгаа юм шүү. Албанаасаа шантралгүй нэр төртэй албаа хаацгаая гэж хэлье.
-Цаашдын зорилго?
-Хил хамгаалах байгууллагынхаа бүрэлдэхүүнд орж ажиллан хил манах үйлсээ үргэлжлүүлэх сонирхолтой байгаа. Эхний ээлжинд гэрээт цэргийн албанд орно гэж бодож байна. Мөр зэрэгцэн алба хааж байгаа дайчид, ангийн удирдлагадаа хилчин болоход тусалж дэмжиж байгаа ах, эгч нартаа чин сэтгэлээсээ баярлаж, талархаж явдгаа хэлье. Та бүгдийнхээ зааж сургасан эрдмийг амьдралдаа мөрдөж, жинхэнэ хилчин болно гэдгээ уламжилья.