Дэслэгч М.Уранбайгаль
Өнөөдөр эх орноо сэтгэлдээ тээсэн хэн бүхний баяр. Торгон хилийн шугаман дээр цэцэн буу мөрлөн зогсох байлдагч таны баяр. Эр нөхрөө хилийн манаанд үдэн эргэж ирэхийг нь харуулдах бүсгүй таны баяр. Хилчин ах нарын өвөр дамжин заставын жагсаалын талбайд хөл тавих бяцхан хүүгийн баяр. Энгэртээ одон медалиа гялалзуулан хилчин нөхдөө дурсан анисга норгох ахмадууд та бүхний баяр билээ. Учир нь бид эх орон, сүлдэт багана, дархан хил гэх ариун сэжмээр холбогдсон ахан дүүс юм.
Бидний цохилох зүрхний гүнд энхрий хайрт, элбэрэлт ээж, аавтай минь эн тэнцүү эх орны дархан хил оршдог юм. Тиймээс ч жил бүрийн есдүгээр сарын 17 буюу Монголын хилчдийн өдрийг тэсэн ядан хүлээдэг билээ. Өнөөдрийн Монгол Улсын иргэн бүрт эх орныхоо газар шороон дээр эрх дураараа алхаж, цэвэр цэнгэг агаарыг нь цээж дүүрэн амьсгалах алтан боломжийг халуун амиараа сольсон хилчин хөвгүүддээ энэ цаг дор мэхийе. Өдгөө хилийн манаанд өдөр, шөнийг ялгалгүй, халуун, хүйтэнд халшралгүй үүрэг гүйцэтгэж яваа эх орны хөвгүүддээ нэн тэргүүнд талархая.
Та бүхэндээ Монгол Улсад орчин цагийн Хил хамгаалах байгууллага үүсэж, хөгжсөний түүхт 86 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Хилчин гэх ариун алдар, хил гэх нялхын зулай адил эмзэг газрыг хамгаалан зогсох бид хувьтай хүмүүс.
Эл өдөр хүндэтгэлийн өдөр. Хилчдийн бэлтгэсэн ногоон асрууд “Сүлдэт багана” талбайд ярайна. Одон медалиа гялалзуулсан ахмад хилчдийн цуваа хөвөрнө. Баярын торгон мөч. Товлосон цаг, болзсон газартаа цугласан ХХБ-ын удирдлагууд ахмад хилчдийнхээ хамтаар хилчин баатруудынхаа хөшөөнд хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөснөөр баярын арга хэмжээ эхэлсэн юм. Шагналын хур, сэтгэлийн үгс, баярын мишээл цацарсан хилчдийн өдөр сүр жавхлантайгаар эхлэв. Хил хамгаалах байгууллагын удирдлага ахмад хилчдээ Үндэсний соёл амралтын хүрээлэн дэх “Сүлдэт багана” талбайд хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг сайхан уламжлал тогтсон нь энэ.
ХХЕГ-ын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, хурандаа Н.Ганболд ахмад хилчдэдээ ХХЕГ-ын даргын мэндчилгээг уламжлав. Мөн төвийн бүсийн хилийн ангийн захирагч, ХХЕГ-ын даргын зөвлөлийн гишүүдийн хамтаар ахмад хилчдээ шагнаж урамшуулсан юм. Үргэлжилсэн шагналын хур бууж, халуун алга ташилт хөвөрсөн Сүлдэт баганын талбайд хөл хөөр дүүрэн байна. Ахмадуудынхаа баяр дээр баяр нэмж ХЦДБЧ-ын уран бүтээлчид дуун түрлэг өргөсөн юм.
Хилчин хэмээх эгэлхэн алдрыг хүртсэн тэрхэн цагаас бэлтгэлээр халагдах хүртлээ хоёргүй сэтгэлээр эх орон, төр, ард түмэндээ зүтгэсэн баатрууд гэж ахмад хилчид та бүхнээрээ омогшьё. Та бүхний байгуулсан гавьяа, хийж гүйцэтгэсэн үйлс бүхэн Хил хамгаалах байгууллагын түүхэнд алтан үсгээр тэмдэглэгдэн үлдсэн. Түүхийн нэгэн цаг үеийг азай буурал ахмад хилчид та бүхэн бичиж, үргэлжлүүлэн хөвөрдөх үүргийг өнөөдрийн бидэнд үлдээсэн билээ.
Алдар гавьяа горилдоггүй хилийн алба. Андгай тангараг өргөсөн хилчдийн нөхөрлөл. Байгуулсан гавьяа, эрхэлсэн үйл хэрэг нь сүүн жимтэй тэнгэрлэг нэгэн гэр бүл билээ, бид. Өглөөний нарыг хилийн багана дээрээ угтахдаа хүмүүний жаргалыг эдэлж, өдөр бүрийн энх амрыг ерөөн төрийн сүлдэндээ залбирах бид хилчид. Яруу алдарт хилчдийн 86 жилийн ой тохиож байна. Бид баатарлаг түүхтэй хамт олон. Бид эх орныхоо төлөө өргөсөн тангарагтаа үнэнч нэгэн халуун ам бүл. Наяны дуулал ерэнээр өртөөлөх завгүй өдрүүд, их бүтээн байгуулалт, нөр их хөдөлмөр ашид амгалан, ашид өөдөө байх болтугай.