БААТАР ХИЛЧНЭЭ ДУРСАХУЙ
  • 09:55
  • 1757
МОНГОЛ УЛСЫН БААТАР, АХМАД С.ЛХАГВАДОРЖИЙН МЭНДЭЛСНИЙ 100 ЖИЛИЙН ОЙД

Дэслэгч М.Уранбайгаль

Эх орны газар шорооны төлөөх их тэмцэлд төдийгөөс өдийг хүртэл олон арван аавын хөвгүүд халуун амиа дэнчин тавин тэмцсэн баатарлаг түүх бий. Олон эрсийн хөлс, цус, халуун амиар өнөөдрийн бидэнд Монгол хэмээх туурга тусгаар улс өвлөгдөн иржээ. Улсын хилийн улаан зурвасыг хамгаалан тэмцсэн баатарлаг хөвгүүдээс Монгол Улсын 14 хилчин баатар төрсөн байдаг. Тэдний нэг нь Монгол Улсын баатар ахмад Самданжамцын Лхагвадорж юм. Түүний мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Хил хамгаалах байгууллагын хэмжээнд баатрын нэрээр овоглосон хилийн дөрвөн анги бий. Өдгөө цагийн хилчид бид баатар хилчдийнхээ байгуулсан гавьяа, мятрашгүй зоригоор бахархан омогшино. 

Үүрд дуурсагдах гавьяа

Монгол Улсын баатар, ахмад С.Лхагвадорж нь 1919 онд Булган аймгийн Сайхан суманд төрж, 1927-1931 онд бага сургууль, 1939-1941 онд ДЯЯ-ны Төв сургуульд суралцан төгссөн байдаг. Төв сургууль төгссөн шинэхэн дэслэгч эх орноо хамгаалах тушаал аван заставын даргаас ажлын гараагаа эхэлсэн түүхтэй. Тэрбээр алба хааж байх хугацаандаа Япон, Гоминдаан, Манж-Го-гийн цэргийнхний элдэв өдөөн хатгалга, зэвсэгт халдлагыг цаг хугацаанд нь няцаан, тагнуул туршуулуудыг илрүүлэн баривчилсан. Түүний байгуулсан гавьяаг 1942 онд Улсын бага хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор “Байлдааны гавьяаны медаль”-иар шагнасан байна. Удирдсан застав нь 1941-1943 онд гадаадын 34 тагнуулыг илрүүлэн баривчилсан. Түүнчлэн бичин жилийн зуднаар Дорноговь, Хэнтий, Дундговь аймгийн нутгаар хүчтэй цасан шуурганд уруудаж улсын хилд тулсан 70 мянган адууг тогтоож түүхэнд Их говийн зоригтон хэмээн алдаршсан билээ. Ийнхүү баатрын байгуулсан гавьяаны дараагийн шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” болон энгэрт нь гялалзсан түүхтэй. Хязгаарын цэргийн тэргүүний заставын дарга нарын нэг С.Лхагвадоржийг 1948 оны эхээр баруун хилийн цагийн байдал өрнөлттэй байсан тул алс баруун хязгаарт томилсон нь түүний амьдралын төгсгөл байсныг хэн ч үл таана. Оспаны шилдэг гэгдэх 22 баатар эх орны минь хилийн дээсэнд санаархан довтлоход эрэлхэгээр тулалдаж амь эрсэдсэн байдаг. Ийнхүү баатарлаг эр зоригийн дууль болсон ахмад С.Лхагвадоржид Монгол Улсын Бага хурлын тэргүүлэгчдийн 1949 оны зургаадугаар тогтоолоор БНМАУ-ын баатар цол хүртээсэн юм.