Хошууч Ч.Энхбаяр
-Юуны түрүүнд танд ангийн хамт олны зүгээс баяр хүргэе?
-Баярлалаа. Энэ тэмцээнд олон улсын мэргэжлийн шүүгч, шилдэг тамирчид, дасгалжуулагчид оролцсон. Түүнчлэн зохион байгуулагдсан газар нь олон улсын стандартын техник хэрэгслээр төхөөрөмжлөгдсөн тухлаг орчинд болсон нь миний сэтгэлийг асар ихээр хөдөлгөсөн.
-Тэмцээний онцлог юу байв?
-Мэдээж олон улсын тэмцээн гэдгээрээ өргөн цар хүрээтэй явагдлаа. Оролцож буй тамирчид нь шахалтын техник сайтай, хүчтэй өрсөлдөгчид байсан. Мөн мэргэжлийн шүүгч, дэлхийн стандартыг хангасан төхөөрөмж гээд тэмцээн явуулах бүрэн боломж, нөхцөл бүрдсэн байлаа.
-Өрсөлдөгчид хэр хүчтэй байв?
-Маш хүчтэй, техник сайтай тамирчид ирсэн байсан. Миний хамгийн хүчтэй өрсөлдөгч Япон улсын тамирчин байсан. Тэр тамирчин 135 кг өргөж нэгдүгээр байрт орсон.
-Цэргийн алба хааж байх хугацаандаа ийм амжилт гаргана гэдэг амаргүй байх, бэлтгэл сургуулилтаа хэрхэн хийдэг вэ?
-Тийм ээ амаргүй. Жингээ хасах, хүч нэмэх, техникээ сайжруулах гээд хэцүү зүйлүүд зөндөө тохиолддог. Намайг энэ спортод дуртай болгосон багш бол штабын дарга, дэд хурандаа В.Ганбат. Мөн ангийн офицер, ахлагч, түрүүч, байлдагч нар бүгд намайг шантрах үед туслаж дэмждэг нь энэ амжилтад хүргэсэн.
-Тэгэхээр таны энэ амжилтад хамт олон нөлөөлжээ?
-Тэгэлгүй яахав би бэлтгэлээ ангийнхаа "Elite" фитнест хийдэг. Надтай цуг штабын дарга, дэд хурандаа В.Ганбат, түрүүч Э.Билгүүн, байлдагч Б.Билгүүн, Б.Одсүрэн нар цуг бэлтгэл хийж, миний алдааг засч байнга туслаж дэмждэг.
-Халагдаад бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлэх үү?
-Мэдээжийн хэрэг би халагдаж очоод хуучин бэлтгэл хийж байсан клубдээ бэлтгэлээ сайн базааж байгаад ирэх нэгдүгээр сард болох улсын аваргад оролцож, спортын мастерын болзол хангах зорилготой байгаа. Энэ дашрамд хугацаат цэргийн алба хааж байгаа нийт залуустаа нэг жилийн цэргийн алба гэдэг асар их зүйлийг амжуулах цаг хугацаа юм шүү гэдгийг захиж хэлмээр байна.