ЗОХИОЛЧ, СЭТГҮҮЛЧ Х.ДУЛАМСҮРЭН: ЭНЭ ЗОХИОЛ ХИЛ, ХИЛЧИД РҮҮ НАМАЙГ ӨӨРӨӨ ХӨТӨЛСӨН
  • 10:19
  • 3298
За ингээд Хил хамгаалах байгууллагын 86 жил, Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойн үеэр өөрийн уран бүтээлээ та бүхэнд өргөн барьж байгаад баяртай байна. Цаг хугацаа зэрэгцэн тохиолоо. Дараа дараагийн уран бүтээлээр эргэн уулзья, хилчид ээ.

Ахлах дэслэгч Б.АЛТАНЦЭЦЭГ

-“Эх орны манаа” сонины “Шинэ танил” буланд тавтай морил?

 -Баярлалаа. Намайг Хишигнямын Дуламсүрэн гэдэг. Нөхөр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Кино урлагийн дээд сургуулийг кино жүжгийн зохиолч мэргэжлээр төгссөн. 2003 оноос эхлэн зохиол бүтээл туурвин энэ хугацаанд роман, тууж, яруу найргийн 10 ном гаргасан. 11 дэх бүтээлээ өлгийдөн аваад гурав хонож байна. 

-Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд суралцаж байгаа гэлүү?

-Москва хотын Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд суралцдаг. Монголын төдийгүй дэлхийн зохиолчдын мөрөөдлийн сургуульд суралцаж байгаадаа баяртай байгаа. Монголынхоо сор болсон уран бүтээлчдийн араас 28 жилийн дараа бидний гурван залуу хөл тавьсан. Залуу уран бүтээлчийн хувьд сэтгэлгээгээ задалья, өргөн цар хүрээтэй зохиол бүтээл бичихийн тулд суралцахаар шийдсэн. Горькийд суралцахдаа бичсэн анхны роман маань эх оронч хилчин залуусын тухай сэдэв байж таарлаа. Магадгүй би сураагүй бол Ксениятай, хилчидтэй учрахгүй байсан. Хүн эх нутгаасаа хол явах тусам илүү их хөглөгдөж, эх оронч сэтгэхүйтэй болдог юм болов уу.  

-Хил, хилчдийн тухай яагаад бичихээр болов. “Сүүжин ээмэгт Ксения” номын “Сэтгэлийн цэнхэр хязгаар-I” бүтээлийн талаар товч ярьж өгөөч? 

-Уран бүтээлч хүн тэр дундаа зохиолчид зохиолоо өөрөө хөтлөөд явдаг. Гэтэл энэ зохиол маань хил, хилчид рүү өөрөө намайг хөтөлсөн. Өнгөрсөн жил Ксения гэх зохиолын гол дүрээр роман бичих санаа төрсөн юм. Ксения нь 1970-1980-аад оны үест манай хүүхдийн паркийн бүхий л баримал, Гэсэр сүмийн оройг барьсан уран барималч эмэгтэй. Бодит дүр гэсэн үг. Тэр орос эмэгтэй Эрмитажид байдаг өндөр гэгээн Занабазарын урласан бурхдыг харж сэтгэл хөглөгдөж байсан тухайгаа надад ярьсан юм. Нэгэнт тэр эмэгтэйн тухай бичих учраас Эрмитаж орж адилхан хөглөгдөхөөр шийдсэн. Ийнхүү сэдэвтэйгээ холбогдоод эрэл хайгуул хийж байхдаа тэр эмэгтэйн нөхөр нь Бабушкин төгссөн цэргийн хүн болохыг олж мэдсэн юм. Уран барималч, дуучин, жүжигчин алин ч бай нэгэнт хилчин хүнтэй амьдралаа холбосон бол хил рүү явах учир тохиол бий. Яг л энэ сэжмээр миний зохиол үргэлжилнэ. Ингэж би анх хил, хилчидтэй холбогдсон. Хилийн цэргийн командын дээд сургуулийг төгссөн үе үеийн хилчид удирдах түвшинд сайн ажилласаар ирсэн юм билээ. Номонд маань дөрвөн хилчин залуугийн нөхөрлөл гардаг. 

-Таныг азтай бүсгүй юм даа гэж анх бодсон. Учир нь Хил хамгаалах ерөнхий газрын удирдлага таныг дэмжиж хил, хилчдийн амьдрал, ажил үйлстэй бодитоор танилцах боломжийг олгосон. Уран бүтээлч бүрт олдоод байдаг боломж энэ биш шүү? 

-Тийм шүү. Үнэхээр их баярлаж байгаа. Зохиолын судалгаа гэдэг амин чухал. Тиймээс судалгааны ажлаа хилчидтэй уулзахаас эхлүүлсэн. Командлагчтай уулзах хэрэгтэй, уран бүтээлчдийг их сайхан дэмждэг хүн шүү гэж тэд зөвлөсөн. Ингээд уулзсан. Сайхан ч дэмжсэн. Хошууч генерал Ц.Сэргэлэнгийн нэг үг нь үнэхээр намайг урагш хөтөлсөн. Тэрбээр, “Хүн бүр үр хүүхэддээ, гэр бүлдээ хайртай. Тэдэндээ бүхнийг зориулахын төлөө ажиллаж, амьдардаг. Хилчин хүн насан туршдаа хилдээ татагдах, уяатай байх нэг шалтгаан бий. Яагаад уягддаг тэр нандин учгийг олж чадах юм бол чиний зохиол маш сайхан болж чадна” гэсэн. Тиймээс тэр учрыг олоорой гэсэн. Ингээд би “Суварган цэнхэр уулс” киноны сурвалжлагч Солонго даалгавар аваад явдаг шиг генералаас үүрэг аваад хил рүү явсан. 

-Тэрхүү даалгаврынхаа учрыг олсон уу? 

-Учрыг олсон гэж бодож байгаа. Тиймээс ч миний ном гайгүй болсон болов уу. Уншигчид зохиолыг уншаад дүгнэх байх. Хилчид хилдээ уяатай байдгийн нэгэн адил миний зүрх сэтгэл хилтэй нэгэнт холбогдсон. Цаашид хил, хилчдийн тухай уран бүтээл олныг туурвина. Угаасаа хил, хилчид хүнийг татдаг юм байна. Дурлахгүй байхын аргагүй гэдэг шиг л. /Инээв.сур/ Магадгүй би хилчдийн амьдралыг мэдэхгүйгээр бичсэн бол дэндүү хийсвэр, бодит бус болох байж. Тиймээс ч хилийн анги, салбар, харуулаар явж, хилийн баганад ёсолж үзсэн. Хил дээр нар мандахыг харахад хөглөгддөг гэж олон хүн ярихыг сонссон. Би ч ингэж хөглөгдсөн. 

-Тэр нандин мэдрэмжийг таны уран бүтээлээс хилчид олж унших нь лавтай. Хилээр явж байхдаа бас хөглөгдөж шүлэг бичсэн шүү дээ? 

-Юуны өмнө ном маань Хил хамгаалах байгууллагын 86 жил, "Хилчдийн өдөр"-тэй зэрэгцэн хэвлэлтээс гарсанд баяртай байна. Тиймээс хилчдэдээ баярын мэнд хүргэн “Хилчин би” шүлгээр мэндчилье. 

Эх орныхоо торгон хилийн 

Эмжээр уулсад харцаа тогтоож

Эзэрхэг явсан төрт улсаа

Эгнэгт соргог хамгаалж явна би 

Нар нь ойрхон цэлгэр газрын 

Найман зовхист нутаг минь бий

Сүлдэт баганаас эх орноо тольдох

Сүр хүч нь зүрх сэтгэлд минь байна 

Бүрэн улсынхаа дархан хилийн 

Бүслүүр даган алхаа жигдэрч 

Бүтэн заяатай тэнэгэр Монголынхоо 

Бүлээн чулууг нь хамгаалж явна би

Нар нь ойрхон цэлгэр газрын 

Найман зовхист нутаг минь бий

Сүлдэт баганаас эх орноо тольдох 

Сүр хүч нь зүрх сэтгэлд минь байна 

Алс тэртээгээс цайран харагдах 

Амгалан нутгийнхаа хязгаар хаяаг

Амиараа хамгаалах хүндтэй албанд

Ассан гал шиг дүрэлзэж явна би

Нар нь ойрхон цэлгэр газрын 

Найман зовхист нутаг минь бий

Сүлдэт баганаас эх орноо тольдох 

Сүр хүч нь зүрх сэтгэлд минь байна.

Халх гол, Мэнэн, Буйр нуур гээд хилийн хэсгээр явахдаа зохиолын чимэг олон зүйлийг олж харсан. Эх орноо хамгаалж байгаа хугацаат цэргийн алба хаагчидтай уулзахдаа сэтгэл хөдөлж, нулимс өөрийн эрхгүй унагалаа. “Суварган цэнхэр уулс” кино олны сэтгэлд хүрсэн шиг хил, хилчдийн тухай сайхан бүтээл туурвихын оргилуун хүсэл дүүрэн байна. 

-Хил, хилчдийн сэдэв, энэ зам таныг олон сайхан шинэ танилтай учруулсан. Бас дурсамж дүүрэн өдрүүдийг хөглөсөн байх?

-Анх бол Орос бүсгүйн талаар бичихээр зорьсон роман юм шүү дээ. Гэтэл сүүлдээ хилчдийн сэдэв болж хувирсан. Хилчдийн талаар эхлээд ямар ч ойлголтгүй байсан. Манай оюутны байранд 60 настай Тува эгч амьдардаг юм. Тэр эгч намайг Бабушкинд 20 гаруй жил багшилсан нэгэн хүнтэй танилцуулсан нь азтай тохиолдол болж түүнээс ихийг мэдэж авсан. Мөн хилчдээс бэлтгэл дэд хурандаа С.Энхбаяр, бэлтгэл хурандаа Э.Энхтайван, хурандаа Б.Ловуу-Игнэн нарын олон мундаг хилчидтэй уулзсан. Хилийнхээ дагуу сайхан газар орноор явлаа. Сайхан дурсамж олныг үлдээлээ. Зохиол бичихэд гацах, гарцгүй болох тохиолдол олон бий. Гэтэл энэ зохиолын гарц нь тов тодорхой замаар намайг дагуулан явсаар өдийг хүрлээ. Бэлэг дэмбэрэлтэй гэх үү дээ. 

-Цаашдын зорилго төлөвлөгөө юу байна вэ?

-Нэгэнт зохиолчийн замыг сонгосон учраас олон сайхан уран бүтээл туурвихын төлөө чармайна. “Сэтгэлийн цэнхэр хязгаар” романыхаа дараа дараагийн дэвтрүүдийг гаргах төлөвлөгөө надад бий. Тиймээс дараагийнхаа судалгааны ажилд орно. 

-Эх орны хил дээр төрсөн хэзээ ч хувирашгүй тэр нандин мэдрэмжээр ярилцлагаа өндөрлөе. Уран бүтээлийн сонин сайхнаар эргэн уулзахын ерөөл өргөе?

-Хүн бүр эх орондоо хайртай. Хүн бүр эх орноо бүхнээс эрхэмд үздэг. Гэхдээ үүнийг би зүрх сэтгэлээсээ мэдэрдэггүй байжээ. Хилийн манаанд гарч, түнэр харанхуй шөнө хилийн дагуу алхаж үзлээ, хил дээр өглөөний нар мандахыг харлаа. Зохиолч, СГЗ С.Оюуны шүлэг “Домогт хил” дууг хилчид сайн мэднэ. 

Сүлдэт баганын дэргэд наран мандахыг харахад 

Нас минь залуужна аа 

Сүрлэг эх орон минь ард минь байгааг санахад 

Зүрх минь омогшино оо гээд сайхан үгтэй дуу бий. Тэр шүлэг анх бодогдсон. Үүнээс цааш хүний нутаг, үүнээс нааш өөрийн эх орон гэж харахаар өөрийн эрхгүй огших сэтгэл төрдөг юм билээ. П.Бадарч гуай ч тэгж хөглөгдөхгүй байхын аргагүй юм. Омогшиж, бардамнаж хил дээр зогсохдоо чулуу атгаад авсан нь гурван ширхэг цагаан чулуу таарсан. Азын гурван чулуу гэж ихэд билэгшээж одоо ч хадгалж яваа. Тэр чулуу хилийн баганын цаана магадгүй байж болох байсан шүү дээ. Наана нь байсан болохоор тэр чулуу хүртэл миний эх орон луу тэмүүлж гэж бодогдсон. Ийм л сайхан учрал ерөөлийг хүн тээдэг юм билээ. 

За ингээд Хил хамгаалах байгууллагын 86 жил, Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойн үеэр өөрийн уран бүтээлээ та бүхэнд өргөн барьж байгаад баяртай байна. Цаг хугацаа зэрэгцэн тохиолоо. Дараа дараагийн уран бүтээлээр эргэн уулзья, хилчид ээ.