ЯЛАЛТЫН ТӨЛӨӨХ ДУСАЛ ХӨЛСНИЙ ҮНЭ ЦЭНЭ БУЮУ ТУСГАЙ ТОМИЛГООТЫН АВАРГА ХЭН БАЙВ
  • 11:04
  • 1791
“Хилчдийн цэрэг, спортын наадам”-ыг үе шаттайгаар таван бүсэд зохион байгууллаа.

Энэ өдрүүдэд орчин цагийн Хил хамгаалах байгууллага үүсэж, хөгжсөний 86 жилийн ой тохиож байна. Хил хамгаалах байгууллагаас 2019 онд дэвшүүлсэн зорилтын хүрээнд хилийн анги, тусгай салбарууд тусгай томилгоот бүлгүүдийг сургах, шаардлагатай зэвсэг техник, тусгай хэрэгслээр ханган, усчин аврагч, хөнгөн хөлгийн жолооч,  механикч зэрэг албан тушаалтнуудыг бэлтгэх, хилийн боомтын аюулгүй байдлыг хангах тусгай томилгоот бүлгүүдийн сургалтыг зохион байгуулах зэрэг олон ажлыг хийж гүйцэтгэлээ. Үүний нэг нь “Хилчдийн цэрэг, спортын наадам”-ыг үе шаттайгаар таван бүсэд зохион байгуулсан явдал юм. Спортын наадамд хилчид нийт таван төрөлд өрсөлдөн бүсийн аваргуудаа тодруулсан. Улмаар бүсээс шалгарсан тусгай томилгоот бүлгүүдийн аваргыг Баянчандмань дахь Хил хамгаалах албаны тусгай бэлтгэлийн цогцолборт 11-ний өдөр тодруулсан юм. 

Эх орныхоо халдашгүй дархан байдлыг хангах үүргээ нэр төртэй биелүүлэхийн зэрэгцээ биеийн тамир, спортыг цэргийн сургалттай уялдуулан зохион байгуулсан хилчдийн бие бялдар сэтгэл зүйн бэлтгэл, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү тэмцээнийг зохион байгуулсан гэдгийг  зохион байгуулагчид хэллээ. Эх орныхоо өнцөг булан бүрээс шалгарсан шилдгийн шилдэг хилчдээс бүрдсэн, бүсээсээ аваргалсан баг тамирчид авьяас чадвар, авхаалж самбаагаа сориход бэлэн болжээ. Тэд бэлтгэлээ бүсдээ, ангидаа базаасан. Харин багууд Баянчандманьд долоо хоногийн өмнө ирж байрлан газар оронтойгоо танилцаж, бэлтгэлээ чамбайруулсан байна. Цаг наргүй, нөр их хариуцлагатай үүргээ гүйцэтгэхийн зэрэгцээ ололт амжилтаа бататгахын төлөө тэмүүлж байгаа хилчдийн тусгай бүлгүүд хэрхэн чадваржсан, ямар түвшинд бэлтгэл хангасан байгааг үнэлэх цаг мөч  ийнхүү ирэв. Тэмцээний нээлтийн арга хэмжээнд ХХЕГ-ын Тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, бригадын генерал Ж.Бямбасүрэн оролцсон юм. Тэрбээр баг тамирчдад баяр хүргэн амжилт хүсэж, гарааны өмнөх ажиллагаа, тусгай томилгоот бүлгийн дарга нарын шийдвэр гаргах, бүлгийн холбоочдын гүйцэтгэх дасгалаар гарааны өмнөх ажиллагаа эхэллээ. Бүлгийн дарга нар өгөгдсөн цагийн байдлыг үнэлж, шийдвэр гарган зурагт оруулж, холбоочид өгөгдсөн хугацаанд кодлогдсон хилийн цагийн байдлын мэдээг тайлснаар оноогоо цуглуулсан юм.  Эрлийн нохойны гүйцэтгэх дасгалыг нохой хөтлөгч нар нохойныхоо хамт гүйцэтгэх хариуцлагатай үе ирлээ. Тусгай томилгоот бүлгийн гишүүн бүр үүрэгтэй. Багийн найм дахь гишүүн болсон албаны ноход энэ өдөр үүргээ маш сайн гүйцэтгэсэн. Өгөгдсөн ерөнхий бэлтгэлийн дасгал, сонгон ололт, хэрэглэлтэй дасгалуудыг хэрхэн гүйцэтгэж байгаагаар шүүгчид дүгнэсэн юм. Шүүгч, хошууч Ж.Өлзийбаярын хэлснээр ноход үүргээ бүгд сайн гүйцэтгэсэн бөгөөд намар цаг учраас өвс өндөр ургаж хатсан тул мөлхөх дасгалын гүйцэтгэл жаахан сул байна гэв. Нөгөө талаас энэ өдөр намрын сэр сэр салхитай өдөр байсан нь цаг агаарын байдал бага зэрэг нөлөөллөө гэж нохой хөтлөгч нар дүгнэж байв. Бүх нохдын тухайд Хилийн 0151 дүгээр ангийн албаны нохойн сургалтад хамрагдсан нь данс, бүртгэл, эрүүл мэндийн гэрчилгээгээр баталгаажжээ.

 Гардан тулааны үзүүлэх тоглолт. Гарааны өмнөх ажиллагааны онцлох үзүүлбэр байв. Сугалаа ёсоор Хилийн 0286, Хилийн 0303 дугаар тусгай салбар, Хилийн 0131, 0146, 0245 дугаар анги гэсэн дарааллаар явагдлаа. Гардан тулааны үзүүлэх тоглолтын хувьд багууд тун ойролцоо оноо авсан бөгөөд Хилийн 0303 дугаар тусгай салбарын үзүүлэх тоглолтыг шүүгчид онцолж байв. Зарим багууд бүсийнхээ онцлогийг үзүүлэх тоглолтод шингээжээ. Гарааны өмнөх ажиллагаа багууд биеийн тамир болон галын бэлтгэлийн нормативыг амжилттай хийж гүйцэтгэснээр өндөрлөв. Ингээд гарааны өмнөх ажиллагааны дүн гарахад багуудын оноо тун ойролцоо буюу ердөө л дөрвөн минут орчмын зөрүүтэй байв. Эндээс багууд тун жигд байгаа нь харагдана. Ингээд марш бүхнийг шийдвэрлэх цаг ирлээ.   

 Гараа, барианы цэгүүд дээр бүлгүүд хаана, ямар үүрэг гүйцэтгэж байгааг камерийн тусламжтайгаар харж болохоор төхөөрөмжилжээ. Энэ өдөр 9 м/сек салхитай гэсэн боловч Баянчандмань салхи шуурга ихтэй байв. Маршийн замналын эхний цэг гранат. Саадын зурвас, буудлага, торон саадыг мөлхөлтөөр туулах, хөнөөлийн голомтот ажиллах, цэргийн байр зүй, байгалийн гурван саад, техникийн бэлтгэл, хилийн алба гэсэн есөн цэгт баг тамиричд 10 км-ийн замналыг туулав. Шалгарсан залуусын тусгайлсан бэлтгэл, аваргын төлөөх тэмцэл энэ 10 км-т үүргээ хэрхэн гүйцэтгэснээр тодрох ажээ. Гэхдээ тухайн өдрийн зурлага гэж бий. Оноо ихээр алддаг гранат болон буудлагын цэгүүдэд залуус энэ удаад үүргээ боломжийн гүйцэтгэсэн нь бэлтгэл сайн хангагдсаныг илэрхийлнэ. Буудлагын цэгт морио эмээллэж морины явуут дунд дарцаг шүүрч, машины гэмтэл олох дасгалаар баяжуулжээ. Харин торон саадыг мөлхөлтөөр туулах мөн байгалийн гурван саад чансаа сорьсон өндөр шалгуур болохыг тамирчид хэлж байлаа. Тэд адилхан цэргийн алба хаагчид. Тэд хилчид. Гүйцэтгэх үүрэг ижил. Харин хариуцлага өндөр энэ цагт аль баг нарийн тактик боловсруулсан, хэн нь биеийн болоод сэтгэл зүйн бэлтгэл хангагдсанаар хэмжигдэх юм. Тактик ажиллагаа цэг бүрт нарийн боловсруулагдаж, алхам тутамд түүнийгээ цэгнэх, үнэлэх, тооцоолохоос хэмжигдэх аж. Мөн мөр судлалын шинжлэх ухаанд илүү дадлагажих, богино хугацаанд оновчтой шийдвэр гаргах шаардлагатай ч тулгарав. Бүлгийн шийдвэр нэн чухал билээ. Олон саадыг даван туулж, хил зөрчигчтэй таарсан үед ямар ч төрлийн уналгатайгаар үүрэг гүйцэтгэж, хэн нэг нь шархдсан үед яаралтай тусламж үзүүлэх зэргээр цэргийн хүний бүхий л эрдмийг энэхүү тэмцээн сорив. 

“Тусгай томилгоот бүлэг”-ийн аварга шалгаруулах тэмцээн хилчдийн мэргэшлийн болон тусгай үүргийг гүйцэтгэх ур чадварыг нэмэгдүүлэх, цэрэгжлийн спортыг хөгжүүлэх зорилготойгоор өрсөлдөөнтэй, амжилттай, зохион байгуулалт сайтай явагдаж өндөрлөлөө. Ингээд тэмцээний нэгдсэн дүнгээр: 

I байр-Төвийн бүсийн Хилийн 0303 дугаар тусгай салбарын ахмад М.Мөнхзул ахлагчтай тусгай томилгоот бүлэг-59 минут 55 секунд

II байр-Говь цөлийн бүсийн Хилийн 0131 дүгээр ангийн ахмад Б.Мөнхбат ахлагчтай тусгай томилгоот бүлэг-1 цаг 21 минут

III байр-Тал хээрийн бүсийн Хилийн 0146 дугаар ангийн ахмад Б.Нямдаваа ахлагчтай тусгай томилгоот бүлэг-1 цаг 34 минут

IV байр-Ой тайгын бүсийн Хилийн 0286 дугаар ангийн ахлах дэслэгч Б.Батхуяг ахлагчтай тусгай томилгоот бүлэг-1 цаг 35 минут

V байр-Уулын бүсийн Хилийн 0245 дугаар ангийн ахлах дэслэгч М.Цог-Ирээдүй ахлагчтай тусгай томилгоот бүлэг-1 цаг 44 минутын амжилтаар тус тус эзэллээ. 

Ийнхүү Хилийн 0303 дугаар тусгай салбарын тусгай томилгоот бүлэг үнэхээр сөрж тэмцэж, ялж ялгарч тэргүүллээ. Тэдний бэлтгэл илүү байгаа нь маршийн явцад харагдаж байв. Говь цөлийн хилчид өөрсдийн давуу талаа соргогоор мэдэрч түүн дээрээ дөрөөлөн ажиллаж чадсанаар тусгайгийнхны араас хөл тавин алхаж чадав. Харин тал хээрийн бүсийн шилдгээр шалгарсан Чоно голын хилчид өөрийн газар орон дээрх бэлтгэлээ нарийн тооцоолж базаасан нь харагдаж байв. Тэд тактикаа нарийн боловсруулж чаджээ. 

Өөрийгөө ялан дийлсэн, туршлага хуримтлуулсан, шударгаар өрсөлдсөн, олон хүний сэтгэл, зохион байгуулалт шингэсэн, хэдэн сарын турш үргэлжилсэн тэмцээн ийнхүү өндөрлөв. Энэхүү наадамд олон хүний хүч хөдөлмөр, хөлс шингэснийг дурдахгүй өнгөрч боломгүй. Олон зуун тамирчдын авьяас чадвар, хичээл зүтгэлийн үр шим ч шингэсэн. Хил хамгаалах байгууллагын 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан “Хилчдийн цэрэг, спортын наадам” ийнхүү бариандаа амжилттай оров.