Дэд хурандаа Н.Идэрбал
Орчин цагийн Хил хамгаалах байгууллага үүсэж, хөгжсөний түүхт 86 жил, БНМАУ-ын баатар, ахмад Самданжамцын Лхагвадоржийн мэндсэлний 100 жилийн ойг Хилийн 0286 дугаар ангийн хамт олон хилчдийн өдрөөр буюу есдүгээр сарын 17-нд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Баярын үйл ажиллагаанд Булган аймгийн Засаг дарга О.Батзориг, Булган аймгийн Цэргийн штабын дарга, хурандаа Х.Золзаяа, Булган аймгийн Сайхан сумын Засаг даргын Тамгын газрын дарга С.Лувсанцоодол, Булган аймгийн Тэшиг сумын Засаг дарга Б.Батсайхан нар болон ангийн үе үеийн ахмад хилчид, хамтын ажиллагаатай байгууллагуудын зочид төлөөлөгчид урилгаар ирж оролцов. Баярын үйл ажиллагаанд ёслолын жагсаал, БНМАУ-ын баатар, ахмад С.Лхагвадоржийн хөшөөнд цэцэг өргөх хүндэтгэлийн үйл ажиллагаа, хүндэтгэлийн концерт, баярын хурал, “Монгол Улсын баатар С.Лхагвадорж” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, зочид төлөөлөгчдөд зориулсан хүндэтгэлийн хүлээн авалт зэрэг хөтөлбөрүүд багтсан юм.
Эрдэм шинжилгээний бага хурлаар БНМАУ-ын баатар, ахмад С.Лхагвадоржийн намтар, баатарлаг үйлсийн талаар офицерууд өөрсдийн бэлтгэсэн илтгэлийг тавьж, эрдэмтэн судлаачдын тэмдэглэн үлдээсэн баримтуудын талаар харилцан санал солилцсон юм. Хилийн 0286 дугаар ангиас БНМАУ-ын баатар, ахмад С.Лхагвадоржийн мэндэлсний 100 жилийн ойг угтаж Булган аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Миний мэдэх хилчин баатар С.Лхагвадорж” сэдэвт зохион бичлэг, гар зургийн уралдаан зохион байгууллаа. Булган аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас зохион бичлэгийн 58, гар зургийн 65 бүтээл ирснээс зохион бичлэгийн төрөлд 6-9 дүгээр ангийн ангилалд Тэшиг сумын 9а ангийн сурагч Ч.Мөнхжаргал тэргүүн байранд шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнууллаа. Удаах байруудад Тэшиг сумын 8б ангийн сурагч Ш.Анарчулуун, Сайхан сумын 6б ангийн сурагч С.Бадамцэцэг нар шалгарлсан юм. Зохион бичлэгийн 10-12 дугаар ангийн сурагчдын ангилалд Булган аймгийн I сургуулийн 10а ангийн сурагч Б.Уранзаяа тэргүүн байранд шалгарч, I сургуулийн 11б ангийн сурагч Б.Булгамаа, Тэшиг сумын 10а ангийн сурагч Б.Дөлгөөн нар хоёр, гуравдугаар байранд шалгарав. Гар зургийн уралдаанд Тэшиг сумын 4а ангийн сурагч Ж.Эгшиглэн түрүүлж, Сайхан сумын 3б ангийн сурагч Б.Дарьсүрэн, Тэшиг сумын 4б ангийн сурагч Г.Отгонтогтох удаах байрт шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд болцгоов.
Тэшиг сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон ойн баярын үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд ангийн алдрын тасалгаа, музей үзүүлж, хилчдийн цэрэг, спортын наадмын ой тайгын бүсийн аварга тусгай томилгоот бүлгийн гардан тулааны болон албаны нохойн үзүүлэх тоглолтыг үзүүллээ. Мөн Хил хамгаалалтад ашиглагдаж буй зэвсэг, техник, хувцас хэрэглэл, тусгай хэрэгслийг дэлгэж сонирхуулан, алба сурталчлах ажлыг мөн давхар явууллаа. Ойн баярын төгсгөлд оройн нэгдсэн туяат тооллого явуулж, БНМАУ-ын хилчин баатар, ахмад С.Лхагвадоржийн алдрыг мөнхжүүлэх, алдаршуулах ажлыг зохион байгуулав. БНМАУ-ын баатар, ахмад Самданжамцын Лхагвадоржийн мэндэлсний 100 жилийн ойн баярын үйл ажиллагаанд 70 гаруй зочид төлөөлөгч ирж оролцон өргөн дэлгэр сайхан болж өндөрлөлөө.