АХМАД ХИЛЧДИЙНХЭЭ ХӨДӨЛМӨР ЗҮТГЭЛИЙГ АЛДАРШУУЛАВ
  • 21:52
  • 2120
Энэ удаа ахмад хилчин бэлтгэл хошууч Т.Бат-Өлзий, түүний хань ахмад настан Ч.Должидмаа нарын хөдөлмөрийн алдрыг тэмдэглэлээ.

Хилийн 0151 дүгээр ангийн удирдлага, олон нийтийн байгууллагууд хамтран ахмад хилчдийнхээ амжилт бүтээлтэй танилцаж, ажлын арга туршлагаас нь суралцах, хөдөлмөр зүтгэл, хийж бүтээснийг нь алдаршуулан хүндэтгэл үзүүлэх зорилгоор хөдөлмөрийн алдрыг нь тэмдэглэдэг уламжлалтай билээ. Энэ удаа ахмад хилчин бэлтгэл хошууч Т.Бат-Өлзий, түүний хань ахмад настан Ч.Должидмаа нарын хөдөлмөрийн алдрыг тэмдэглэлээ.

Бэлтгэл хошууч Т.Бат-Өлзий нь 1976 оноос 2006 он хүртэл Хилийн 0129 дүгээр ангид ажиллахдаа 3461 километр холбооны агаарын баганат шугам шинээр тавьж,  13844 километр шугамд их болон урсгал засвар хийж, хилийн таван ангид 1937 километр кабель шугам шинээр тавьж, 82856 ширхэг багана мод  бэлтгэн тээвэрлүүлжээ. Энэ их ажлыг хийхдээ 249760 км газар зөвхөн явганаар үүрэг гүйцэтгэсэн байна. Мөн ХХБ-ын “Аварга офицер”-оор нэг удаа, ангийнхаа “ Хөдөлмөрийн аварга”-аар гурван удаа шалгарч байсан юм.

Түүний гэргий Ч.Должидмаа улсад 37 жил зүтгэснээс тус ангид 33 жил хөдөлмөрлөсөн байдаг. Ажиллах хугацаанд гурван хүний ажлыг давхар гүйцэтгэж, “Хөдөлмөрийн аварга ажилтан”-аар нэг удаа шалгарчээ.

Энэ үеэр ахмад хилчин Т.Бат-Өлзий Хилийн 0151 дүгээр ангийн Алдрын танхимд “Шугам барилга засварын ротын үүсэл хөгжил”-ийн буланг шинээр нээлээ. Арга хэмжээнд ХХЕГ-ын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, хурандаа Н.Ганболд, ХХЕГ-ын Зэвсэг, инженер техникийн хэлтсийн дарга, хурандаа Л.Ууганбаяр, бэлтгэл хурандаа Я.Намсрай болон хамт ажиллаж байсан журмын дайчин нөхөд нь оролцож баяр хүргэсэн юм. Ахмад хилчин Т.Бат-Өлзийгийн  хилийг холбоожуулах бүтээн байгуулалтын ажил, залуучуудад цэрэг эх оронч хүмүүжил, хилч үзлийг төлөвшүүлэхэд оруулсан сэтгэл зүтгэл, хувь нэмрийг нь ангийн “Хүндэт дэвтэр”-т бичиж алдаршуулав.

Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Монгол Улсын Гавьяат холбоочин, бэлтгэл хурандаа Ц.Цэрэндорж өөрийн дурсамжийг илгээжээ. Уг дурсамжинд “Өнөөдөр миний 20 гаруй жил захирагчаар нь ажиллаж байсан ангийн түүхэнд давтагдашгүй онцлог үйл явдал болж байгаад туйлын их баярлаж байна. Аливаа байгууллагын хөгжил өнгөрсөн, одоо, ирээдүйн он цагийн хэлхээгээр тодорхойлогдож байдаг. Энэ утгаараа ахмадынхаа хөдөлмөрийн алдрыг тэмдэглэж хүндэтгэл үзүүлж байгаа нь уламжлал шинэчлэлийг хослуулсан, ахмад залуу үеийн холбоог бэхжүүлсэн ач холбогдолтой үйл ажиллагаа юм. Ийм учраас  ахмадуудынхаа алтан сургаалийг сонсож ажил албандаа хэрэгжүүлж байгаа хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэсэн байв.

Ийнхүү Хилийн 0151 дүгээр ангийн хамт олон ахмад хилчдийнхээ хөдөлмөрийн алдрыг тэмдэглэж, түүхийн хуудсаа нэгэн үйл явдлаар өргөтгөлөө.