Хошууч Ц.Бат-Эрдэнэ
Энэ хорвоод уярал, хайр, ухаарал, уянга нэмж явдаг хүмүүс бол бүсгүйчүүд. Тэд өөр өөрийн өнгө төрх, гоо сайхан, үнэр ялдам. Тэгвэл энэ удаад хилчин бүсгүйчүүдээ магтан дуулахыг хүслээ. Турьхан биеэндээ баймгүй их ачааг үүрсэн мөрдэстэй бүсгүйчүүд гэдэг бусдаасаа нэг шат илүү онцгой үүргийг хүлээсэн байдаг. Хилчин бүсгүйчүүд эх орон, хил хязгаар гэх асар нандин үүрэг хариуцлагын торгон эмжээрээс атгалцаж явдаг ажилсаг, хичээнгүй, тэсвэр хатуужилтай, чин үнэнч, хат суусан, хайр нь дундарч дуусашгүй хар нүдэнгүүд байдаг юм.
Нар хур тэгширсэн намрын тэргүүн сарын шинийн 20-ны өдөр Улз голоороо овоглосон хилчин бүсгүйчүүд таван жилийн дараа чуулахаар цугласан нь энэ билээ. Ажил үйлсээрээ тэргүүлсэн бүсгүйчүүд төрийн далбаагаа мандуулснаар Улзын бүсгүйчүүдийн уулзалт албан ёсоор эхэлсэн юм. Үүний дараа 2019 оны есдүгээр сарын 19-23-ны өдрүүдэд цугларалт зохион байгуулах тухай ангийн захирагчийн тушаалыг ЗХНТ-ийн дарга, хошууч Б.Энххишиг бие бүрэлдэхүүнд танилцуулж, хурандаа Б.Гантөгс цугларалтыг нээв. Цугларалтын нээлтийн арга хэмжээнд Баян-Уул сумын Засаг дарга Х.Баттулга, Иргэдийн хурлын дарга Н.Ганчимэг, ахмад хилчин Н.Оюун нар оролцсон юм. Цугларалтын эхний өдөр Хил хамгаалах байгууллага, ангиас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид баримтлах бодлого чиглэлийн талаарх сургалтыг ангийн захирагч, хурандаа Б.Гантөгс болон алба, тасгийн дарга нар хичээлээр оров. Үүний зэрэгцээ ангийн төв, хилийн салбарын эмэгтэйчүүдийн хэсгүүд 2019 онд хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнаж, харилцан туршлага солилцож, волейболын тэмцээнийг хэсгүүдийн дунд зохион байгуулан аваргаа тодруулж, спортоор “амьсгалсан” юм.
Цугларалтын хоёр дахь өдөр Дорнод аймгийн Улаан загалмайн нийгэмлэг, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс уригдан ирсэн тусгай мэргэжлийн багш Н.Бямбажав, Б.Төгс нар хэрхэн герман технологиор баггет талх барих аргачлал, гоёлын нүүр будалт, үс засалт, арчилгаа, гоо сайхан, онолын найман цагийн сургалт явуулж, цаашид хамтран ажиллах гэрээг ангийн эмэгтэйчүүдийн хэсэгтэй үзэглэлээ. Мөн энэ өдөр хилчин бүсгүйчүүдийнхээ дунд сарын өмнөөс зарласан “Төгс төгөлдөр гоо бүсгүй” шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулж, “Оюунлаг бүсгүй”-ээр хилийн 0207 дугаар салбарын САТ-ны эрхлэгч Г.Ням-Эрдэнэ, “Авьяаслаг бүсгүй”-ээр хилийн 0307 дугаар салбарын хилчин бүсгүй Г.Байгаль, “Гоо сайханч бүсгүй”-ээр хилийн 0266 дугаар салбарын ахлах холбоочин, ахлах ахлагч Б.Мөнхмандах, “Монголжингоо бүсгүй”-ээр хилийн 0280 дугаар салбарын хилчин бүсгүй Б.Баяржаргал, Тэргүүн байр буюу “Төгс төгөлдөр гоо бүсгүй”-ээр СМССА-ны хөгжимчин, дэд ахлагч Д.Наранчимэг шалгарч нэгэн үдшийг хилчин бүсгүйчүүд маань хамтдаа хөгжилдөн өнгөрөөлөө.
Цугларалтын гурав дахь өдөр Дорнод аймгийн Улаан загалмайн нийгэмлэгийн багш Н.Тэмүүлэн гар урлал болон шүрээр гоёл чимэглэл хэрхэн урлах талаар онолын болон дадлага хичээлийг явуулж, МСҮТ-ийн багш Д.Болормаа “Гэр бүлийн үнэ цэнэ” сэдвээр харилцан яриа, сургалт зохион байгуулж, хилчин бүсгүйчүүд маань өөрсдийн хийсэн амтлаг зоог, гар урлалын нүд алдам гайхамшигт бүтээлүүдийг дэлгэн үзүүлж, “Бүсгүйчүүд” үдшийн цэнгүүнд оролцсоноор сургалт маань өндөрлөсөн билээ. Цугларалтын дөрөв дэх өдөр Эзэн Чингисээр овоглосон Хэнтий аймгийн Дадал сумын байгалийн үзэсгэлэнт газраар аялж, Хилийн 0287 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцан, “Хилчин бүсгүйчүүд” үдэшлэгийн арга хэмжээнд уригдан оролцож, харилцан туршлага солилцож, “Гурван нуур”-ын амралтад амарлаа.
Гайхамшигт гэнэтийн бэлэг дүүрэн аялал өндөрлөж, нутгийн зүг хүлгийн жолоо залж, нэгдсэн үүрэг чиглэл өвөртлөн хилчин бүсгүйчүүд баярын нулимс унаган хилийн салбар луугаа дуулгах сонин, сурч мэдсэн мэдлэг, ололт амжилтаар ганзага мялааж буцлаа. Ийнхүү 60 хилчин бүсгүйг хамруулсан инээд хөөр, баяр баясал мэдлэг оюун ундарсан Улзын голын хилчин эмэгтэйчүүдийн арга зүйн нэгдсэн цугларалт Дорнод аймгийн Улаан загалмайн нийгэмлэг, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Хилийн 0287 дугаар ангитай хамтран амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Шинэ санал, ихийг хийх эрмүүн хүслээр жигүүрлэсэн Улзын бүсгүйчүүдийн уулзалтаас шүүрдэхүй дор ийм бөглөө.
Хамтран ажилласан байгууллага, цугларалтад хамрагдсан хилчин бүсгүйчүүддээ талархсан сэтгэлээ илэрхийлж, эх орон, хил, хилчдэдээ бүхнээ зориулсан та бүхний минь ажил үйлс өөдрөг, гэгээн байх болтугай гэх ерөөлийг өргөе.