“БУЛГАН ХАНГАЙН ХИЛЧИН БААТАР” НОМ МЭНДЭЛЛЭЭ
  • 09:47
  • 1856
С.Лхагвадорж баатартай холбоотой ярилцлага, дурсамж, дуу, шүлэг, найраглалаас гадна ер нь бүхий л түүхэн баримтуудыг тус номд нэгэн дор эмхэтгэж өгчээ.

Ахлах дэслэгч Б.АЛТАНЦЭЦЭГ

Бэлтгэл хурандаа Ш.Доржбал “Булган хангайн хилчин баатар” номоо уншигчид та бүхэнд өргөн барьж байна. Тус ном нь БНМАУ-ын баатар С.Лхагвадоржийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан бүтээгджээ. Зөвлөхөөр түүхийн ухааны доктор Н.Даваадорж, хянагчаар Д.Ганболд, эх бэлтгэгчээр Б.Баярбаатар нар ажиллаж “Жиком пресс” ХХК-д хэвлэсэн байна. Тус ном нь Нэг. Сайхан нутгийн баатар хүү, Хоёр. Эгнэгт дуурсагдах алдар, Гурав. Дуу шүлгэнд мөнхөрсөн баатар, Дөрөв. Үл тасрах бахархал, Тав. Архивын болон албан баримтууд Зургаа. Зургийн цомог гэсэн үндсэн хэсэгтэй аж. Баатар хилчний бага нас болоод цэргийн албанд хэрхэн татагдсан улмаар сэтгэлд мөнхөрсөн баатарлаг хилчний байгуулсан гавьяаг дэлгэрэнгүй өгүүлсэн байна. Номын зохиогч эшлэл шигтгээнүүдийг ихээр тусгасан нь уншихад сонирхолтой басхүү ойлгомжтой болгож өгчээ. С.Лхагвадорж баатартай холбоотой ярилцлага, дурсамж, дуу, шүлэг, найраглалаас гадна ер нь бүхий л түүхэн баримтуудыг тус номд нэгэн дор эмхэтгэж чаджээ.

Бэлтгэл хурандаа Ш.Доржбал, “Хилчдийн дундаас тодорсон баатруудын тухайд миний мэдэхээс генерал Б.Дорж гуай дурдатгалын номоо хэвлүүлсэн бөгөөд БНМАУ-ын баатар Ж.Нэхийт, Н.Жамбаа, П.Чогдон нарын амьдрал гавьяат үйлсийг багтаасан эмхэтгэл гарснаас өөр бие даасан ном хэвлэгдээгүй байх. Одоо ийнхүү харьшгүй хатан зоригт, хайрт аав, өвөөгийнхөө гавьяат амьдрал, алдар нэрийг мөнхлөн үлдээх гэсэн охин, үр хүүхдүүдийн нь ариун сэтгэлийн илэрхийлэл болсон энэ ном таны өмнө хуудсаа дэлгэж байна. Таалан соёрхон шүүн тунгаах болтугай” гэж уншигч авгай нарт хандан дуулгаж байгаа юм. Ийнхүү БНМАУ-ын баатар, ахмад С.Лхагвадоржийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан бүтээсэн энэхүү бүтээл залуу хойч үедээ түүхийн баримт болон үлдэж, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр болж буй юм.