СОНСОГЧ М.ОЮУННАРАН: ИЛ ЗАХИДЛЫГ ХЭД ДАХИН ҮЗСЭН Ч УЙДДАГГҮЙ
  • 17:01
  • 3234
Энэ удаагийн “Хобби” буландаа ДХИС-ийн Хилийн албаны сургуулийн 444 дүгээр дамжааны сонсогч М.Оюуннаранг урилаа. Тэрбээр ил захидал сонирхон цуглуулдаг байна.

Дэслэгч М.УРАНБАЙГАЛЬ

-Юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу?

-Би 1997 оны тавдугаар сарын 09-нд Дорнод аймгийн Халх гол суманд төрсөн. Доороо нэг дүүтэй. Цэргийн албаа Хилийн 0198 дугаар ангид хаасан. Миний мөрөөдөл цэргийн хүн болох. Тиймээс цэргийн албаа хаагаад ДХИС-ийн Хилийн албаны сургуульд орсон.

-Яагаад хилчин болохоор шийдсэн юм бэ?

-Манай өвөөг С.Гомбожав гэдэг. Халхын голын дайнд V морьт дивизийн захирагчаар дэд хурандаа цолтой үүрэг гүйцэтгэсэн. Өвөө 1923 онд цэргийн албанд татагдаж 1951 оныг дуустал ардын армид алба хаасан юм. Энэ хугацаанд жагсаалын цэргээс их бууны хороон дарга хүртлээ дэвшин ажилласан байдаг. Өвөөгийн минь командласан V морьт дивиз Халхын голын дайнд Буйр нуурын баруун зах, Баяннуурын чиглэлээр Зөвлөлт, Монголын фронтын жигүүрийг хамгаалж оролцсон байдаг юм. Мөн 1945 оны чөлөөлөх дайнд их бууны дивизоны даргаар үүрэг гүйцэтгэж “Байлдааны гавьяаны улаан тугийн одон”-оор хоёр удаа, ЗХУ-ын “Улаан таван хошуу” одон, Монгол, Зөвлөлтийн “Бид ялав” медаль, “Алтангадас” одон, “Цэргийн гавьяаны одон”-оор шагнуулсан түүхтэй. Энэ жил Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойгоор Ялалт музейд өвөөгийн маань намтар, зураг тавигдсан. Түүнийг нь хараад их бахархсан.

-Хоёулаа чиний цуглуулганы талаар ярилцья. Хичнээн ил захидал байна вэ?

-Би ерөнхий боловсролын сургуулийн сурагч байхаасаа ил захидал сонирхон цуглуулж эхэлсэн. Одоогоор надад 500 гаруй ил захидал бий. Ил захидлуудаа төрөлжүүлж цуглуулдаг. Тухайлбал, хөрөг, тэмдэглэлт баяр, цэрэг, эх орны сэдэвтэй гэх мэт.

-Яагаад ил захидал сонирхон цуглуулах болов?

-Эмээд маань нэг найз нь ил захидал явуулсан байсан юм. Тэр захидал дээр сэтгэлийн үгээ бичсэн байсан нь надад таалагдсан. Үүнээс хойш л ил захидал цуглуулах хоббитой болсон. Ил захидал гэдэг улс орны, хувь хүний түүхийг өгүүлж байдаг гайхамшигтай зүйл.

-Цуглуулганы хамгийн хамгийнаас сонирхуулаач?

-Сүхбаатар жанжны хөрөг бүхий ил захидал хамгийн хуучных. Харин хамгийн сүүлийнх нь Цэргийн түүхийн музейгээс гаргасан ил захидал. Мөн шог зураач С.Цогтбаярын зурсан зургуудтай ил захидал цуглуулганд маань шинээр нэмэгдээд байна. Харин хамгийн үнэтэй нь улс орнуудын төрийн далбаа бүхий цуврал ил захидал. Би тавдугаар сарын 09-нд төрсөн болохоор “Май 9” гэсэн ил захидлыг бас түлхүү цуглуулдаг.

-Одоо ямар ил захидал цуглуулгандаа нэмэхээр зорьж байна вэ?

-Би улс орон бүрийн төрийн тэргүүний зурагтай ил захидалтай болно гэж бодож байгаа. 

-Ил захидлуудаа хаанаас олж авдаг вэ?

-Монгол шуудан компаниас авна. Хувь хүмүүсээс авна. Бас гэр бүлийнхэн, найз нөхөд маань надад бэлэглэдэг.

-Цуглуулга чинь чамд ямар мэдрэмжийг төрүүлдэг вэ?

-Улс орон бүр гаргаж буй ил захидал дээрээ түүхэн үйл явдал, ёс заншил, алдартнуудаа мөнхжүүлдэг. Тиймээс яг тэр ил захидлыг хараад суухад тухайн үед очсон мэт мэдрэмж төрдөг. Кремль дэх шинэ жилийн зурагтай ил захидлыг хараад тэнд очсон юм шиг санагддаг. Тэгээд хэдэн удаа үзсэн ч уйдна гэж байдаггүй. 

-Чи баяраар бусдад ил захидал өгдөг үү?

-Өгнө. Харин хүмүүс ил захидлын ач холбогдлыг тэр бүр мэддэггүй болохоор өгдөггүй. Намайг Хилийн 0198 дугаар ангид цэргийн алба хааж байхад ээж маань ил захидал өгч байсан. Тэр надад их дурсгалтай санагддаг.

-Эдгээр ил захидлыг мөнгөн дүнгээр бодож үзвэл хэд болох вэ?

-Би судалж үзээгүй. Хүмүүс зарчих гэж л байдаг юм. Гэхдээ зарах гэж цуглуулаагүй болохоор үнийг нь судалж байсангүй. Одоо цуглуулгаа улам баяжуулаад тусгай альбомтой болох хүсэлтэй. Монголд яг зориулалтын альбом байдаггүй.

-Ил захидлуудаараа үзэсгэлэн гаргаж байв уу?

-Сая ДХИС-ийн хэмжээнд “Миний цуглуулга” нэртэй үзэсгэлэн болсон. Тэнд ил захидлуудаа дэлгэсэн. Сургуулийн захирал, хошууч генерал Ш.Лхачинжав миний цуглуулгыг үзэж сонирхоод, “Хил, хилчдийн сэдэвтэй анхны ил захидлыг гаргаарай” гэсэн үүрэг өгсөн. Би энэ үүргийг биелүүлнэ гэж бодож байгаа. Гэхдээ эхлээд бусад улсын цэргийн сэдэвтэй ил захидлуудыг маш сайн судална. Дараа нь Монголын хилчдийг илтгэсэн ил захидал гаргана гэж бодож байгаа.