Ахлах дэслэгч Б.Хишигжаргал
-Ярилцлагын эхэнд та өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Ванчинсүрэнгийн Гантогтох гэдэг. Би 1975 онд Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн. Ам бүл дөрөв. Эхнэр Б.Мөнх-Амгалан салбарын ариун цэврийн зааварлагч, зочид буудлын эрхлэгчээр ажилладаг. Хүү Г.Ган-Эрдэнэ БХИС-ийн ахлагчийн дамжааг дүүргэсэн. Охин Г.Аминаа ХСИС-ийн лицейд суралцаж байна.
-Хил хамгаалах байгууллагатай хэрхэн амьдралаа холбосон бэ?
-Хилийн 0243 дугаар ангид 2000 онд харуулын даргаар орж, хилийн салбарт нийт 19 жил ажиллажээ. Хилийн цэрэгтэй амьдралаа холбосондоо их баярлаж явдаг. Хилчдийн амьдрал сайхан шүү дээ. Хамгийн том ах маань хилчин хүн байсан. Өөрийн сонирхлоор хилчин болж, зорилгодоо хүрсэн.
-“Хүндэт хилчин” хэмээх эрхэм алдар, хүндэтгэлийг хэрхэн хүлээж авч байв?
-Харуулын даргаар ажиллах хугацаандаа хилийн болон хил орчмын дэглэмийн зөрчил хэд хэдэн удаа илрүүлж байсан. Удирдлагаас 2016 онд намайг тодорхойлж, есдүгээр сарын 16-нд ангийн төвд дуудаж “Хүндэт хилчин” тэмдгийг гардуулсан. Ангийн захирагчаас ийм эрхэм шагналыг гардах тэр мөчид өөрийн эрхгүй баярлан нулимс унагасан.
-Хэдэн удаагийн хилийн болон хил орчмын дэглэмийн зөрчил илрүүлсэн бэ?
-19 жил ажиллах хугацаандаа дотоод, гадаадаас нийт найман удаагийн хилийн зөрчил илрүүлсэн. Олон удаагийн хил орчмын дэглэмийн зөрчил илрүүлсэн. Тоолж байгаагүй юм байна.
-Хүн бүрийн амьдралд дурсамж болон үлдсэн мартагдахааргүй, тухайн үедээ хүнд байсан ч эргээд бодоход өөрөөрөө бахархмаар үйл явдал тохиолддог. Энэ тухай дурсамжаасаа хуваалцаач?
-Хилчдэд амьдралын явцад, алба хаахад олон саад бэрхшээл, хүндрэл тохиолддог. Тэр бүрт тэсвэр, тэвчээрээрээ давж гарна. Хилийн дугаар салбарт эхнэр маань ажилладаг байлаа. Өвөл ажилд нь хүргэж өгөх гээд чарга хөллөөд, хөнжилд ороож, дулаалаад гардаг байв. Хэсэг явж байгаад эргээд хартал морины туурайнаас үсэрсэн цасанд битүү даруулсан байгааг хараад ханийгаа их өрөвдөж билээ. Алслагдсан газар оронд үүрэг гүйцэтгэж, морины гэдсээр татсан хунгар цасан дунд явах бас л хүндрэлтэй шүү. Гэхдээ тэр бүрийг, бороо, шороо, шуургыг өөрийн тавьсан зорилго, сэтгэлийн хат, тэвчээрээр даван гарч үүргээ гүйцэтгэх сайхан.
-Та идэвх санаачилгатай, бүтээлч хандлагаар хамт олноо манлайлан ажилладаг тэргүүний алба хаагчдын маань нэг. Энэ их урам зоригийн үндэс нь юу вэ?
-Хамгийн гол нь хүнд тавьсан зорилго, идэвх зүтгэл чухал. ХХБ-ынхаа “хоолыг хороож” байгаагийн хувьд ажилласан шиг ажиллахыг хүсч ирсэн. Өдий зэрэгтэй яваа маань Хилийн цэрэгтэй амьдралаа холбосны ач буян. 19 жил ажиллахдаа нэг ч удаа өдөр хоногийг аргацааж өнгөрүүлэх тухай надад бодогдож байсангүй. Зорилгынхоо төлөө хөлс хүчээ урсгаж зүтгэх сайхан. Тэгж авсан цалин, шагнал, урамшуулал илүү хүндтэй. Хүн гэдэг сэтгэлийн амьтан шүү дээ. Удирдлага, хамт олны минь магтаал, сайшаал, урамшууллаар урам зориг минь ундарч байдаг. Бас ханийнхаа түшиг тулгуурыг энд дурдахгүй өнгөрч болохгүй.
-Хичээж буй хүний дэргэд дэмждэг хүн байх хичнээн сайхан билээ. Ажиллах хугацаанд өлгийдөн авсан, гар сэтгэл нийлэн хамтран ажилласан хамт олны талаарх дурсамжаас хуваалцна уу?
-“Даргаа ингэмээр байна, тэрнийг тэгмээр байна” гээд саналаа хэлэхэд “Тэгье, ингээд шийдээд өгье” гэж хүлээн авч дэмжиж байсан үе үеийн удирдлагууд, салбарын дарга нартаа баярлаж явдаг. Мөн хамт олноос их зүйл шалтгаална. Би гэж байхгүй, бид л гэж байдаг. Манай салбарын хамт олны ихэнх нь 10-аас дээш жил ажилласан, туршлагатай алба хаагчид бий.
-Ажиллах хугацаандаа нэлээдгүй бүтээн байгуулалт, барилга, байшин барьсан гэж сонссон. Одоо ч тус салбарын халуун ус, саун барих ажлыг гардан гүйцэтгэж байна. Эргээд харахад хийсэн, бүтээсэн зүйлтэй байх үнэхээр бахархалтай шүү дээ?
-Би “Явсан газар бүртээ бүтээн байгуулалт хийнэ” гэж зорилго тавьсан. Ажиллаж байсан салбар бүртээ ямар нэгэн бүтээн байгуулалтын ажил хийсэн. Эргэн дурсахад хийсэн юмтай байх сайхан. Тэтгэвэрт гарсны дараа ч үр хүүхдүүд минь удам дамжсан хилчин болоод “Аав минь барьж байсан шүү дээ” гэж бахархаасай гэж боддог.
-Амжилттай яваа хүн бүрийн амьдралын түшиг нь гэр бүл байдаг. Энэ завшааныг ашиглаад та эхнэртээ сэтгэлийнхээ үгийг хэлнэ үү?
-Харуулын даргын эхнэр жилийн 365 хоногийн 70 хувьд нь ар гэрээ ганцаараа авч явдаг, тэсвэр тэвчээртэй бүсгүйчүүд байдаг. Залуу халуун насаа, хамаг бүхнээ зориулсан ханьдаа баярлалаа, хайртай гэдгээ хэлье. Хань минь надад хоёр сайхан үр төрүүлж өгсөн. Ач, зээгээ тойруулсан эмээ өвөө болж, баяр баяслыг хамтдаа мэдэрч дэргэд минь байгаасай гэж хүсч явдаг даа.
-Харуулын дарга нартаа хандаж юу гэж захиж хэлмээр байна?
-Харуулын дарга нэн тэргүүнд газар орноо сайтар мэддэг байх шаардлагатай. Даргын томилгоог зөвхөн харалгүй, хаагуур хилийн болон хил орчмын дэглэмийн зөрчил гарч болзошгүй вэ гэдгийг бодож хил хамгаалалтаа газар дээр нь удирдаж байх ёстой. Мөн Хилийн цэрэгтээ сэтгэлээсээ хандаж байгаарай гэж захья. Хилчин хүний үндсэн үүргээ ухамсарлаж, хилийн харуулаа өөрийн гэр орон шигээ санаж тохижуулж байгаарай. Биднийг гуйж авчраагүй, бид өөрсдийнхөө төлөө л ажиллаж байгаа шүү дээ. Тиймээс ХХБ-аа эрхэмлэн хүндэтгэж, үүргээ нэр төртэй гүйцэтгээрэй гэж нийт хилчдэдээ уриалмаар байна.
??+??+??????+???+??+????+????
?????+????+??+???+???+?&spname=RIRAI??????https://apk-1win-kr.com />1win 1win 1win 1win 1win 1win 1win 1win 1win 1win 1win 1win