Дэслэгч М.Уранбайгаль
-Тоглолтын нэрнээс ярилцлагаа эхэлье. Яагаад “Зүрхэн зурвас” гэж нэрлэх болов?
-Тоглолтынхоо нэрийг их бодсон. Эх орон, хил, хилчидтэй холбоотой байх уу, эсвэл бүр шинэлэг нэр өгөх үү гээд сонголтууд гарч ирсэн. Тэгээд тоглолтын багийнхан маань ярилцаж байгаад яруу найрагч, “Болор цом”-ын эзэн Б.Батсайханы шүлэг, СТА Б.Мөнхбаярын ая ”Зүрхэн зурвас” дууны нэрээр нэрлэхээр болсон. Хилчид эх орноо зүрх сэтгэлдээ тээж явдаг. Зүрх сэтгэлийнхээ гүнд эр цэргийн тангарагтаа үнэнчээр, эх орноо хамгаалахаар зурвас бичсэн байдаг болов уу. Мөн хилийн зурвас гэдэг нялх үрийн зулай шиг тийм л эмзэг нандин газар болохоор ийнхүү нэрлэсэн.
-Тоглолтын бэлтгэл ажил хэдэн хувьтай явагдаж байна вэ?
-Сурталчилгааны ажлууд эхэлчихсэн. Мөн “Зүрхэн зурвас” дууныхаа клипний зураг авалтыг хийж байна. Энэ мэт тоглолтын өмнөх бэлтгэл ажлууд их байна даа.
-Клипний зураг авалт хаана хийгдэж байна?
-Тоглолт болохоос өмнө клип бэлэн болно. Цэргийн дуунд дуртай хүн бүр “Зүрхэн зурвас” дууны клипийг үзээд эх орон ямар үнэ цэнээр бидэнд ирсэн. Хил гэж юу юм, хилчид ямар үүрэг гүйцэтгэдэг болохыг ойлгох байх. Клипийг ХХБ-ын удирдлагаас дэмжсэн тул төвийн бүсийн хилийн ангийн хилчид, ХЦДБЧ-ын уран бүтээлчид зураг авалтад оролцож байгаа. Клипний гүйцэтгэлийн GTS entertainment хийж байна.
-Уран бүтээлч хүний хувьд тоглолт хийх бодол хэзээ төрсөн бэ?
-Би ХЦДБЧ-д 2006 онд орсон. Тэр цагаас хойш яг 13 жил болсон байна. 2012 онд ХЦДБЧ-ын дуучин СТА Г.Батсүх, Х.Хаш, Н.Мөнхжаргал нартайгаа хамтран “Тангараг нэгтэй андууд” нэртэй тоглолтыг хийж байсан. Тэр үед тодорхой хугацааны дараа уран бүтээлээ улам сайжруулаад бие даасан тоглолтоо хийх бодол төрсөн. Мөн 13 жилийн дараа хийж байгаа нь ч учиртай. Би 13-ын тоог шүтдэг. Монголчууд 13 дугаар зуунд хүчирхэгжиж, дэлхийн талыг эзэлж байсан ард түмэн. Үүний зэрэгцээ хүний насыг 12 жил өнгөрмөц нэгэн үе дууслаа гэж үздэг. Яг үүнтэй адил ХЦДБЧ-ын босгыг алхаад нэг мөчлөгийг өнгөрүүлсэн байна. Тэгвэл Н.Шажинтөр гэдэг хүн энэ хугацаанд ямар уран бүтээлийг туурвисан гэдгийг 2019 онд харуулахыг зорьсон. Мөн Халхын голын дайны ялалтын 80 жил энэ онд тохиож байгаа тул ойн хүрээнд уран бүтээлийнхээ тайлан тоглолтыг хийхээр төлөвлөсөн юм.
-Өнөөдрийн байдлаар хичнээн уран бүтээлийг тууриваад байна вэ?
-Сүүлийн үед бодлогоор чансаа өндөртэй, аялгуу, үг сайтай уран бүтээлүүдийг дуулахаар зорьж байна. Дуулж байгаа дуунууд маань хоолойн цар хүрээ харуулсан, өөр хоорондоо эрс тэс жанрынх. Би ХЦДБЧ-д орохдоо ардын дууг түлхүү дуулж байсан. Мэдээж цэргийн чуулга учир эх орон, хил, хилчдийн сэдэвтэй дууг дуулдаг болсон. Харин сүүлийн үед залуустаа зориулаад поп дуунуудыг дуулж байна. Эдгээр дуунуудаас минь олонд илүү хүрсэн нь “Босго тотго” киноны “Хан хурмастын бүсгүй”, “Хилчин заяа”, “Монгол бөх” зэрэг хэд хэдэн уран бүтээл бий. Клипний хувьд тав орчим дуугаа дүрсжүүлсэн. Шинээр ХЦАХ-чиддаа зориулаад “Дайчин хорооны анд”, “Зүрхэн зурвас” дуугаа дүрсжүүлж байна.
-Тоглолтын онцлог, үзэгчиддээ барих гэнэтийн бэлэг?
-Үзэгчиддээ маш сайхан уран бүтээлээр бэлэг барих болно. Ирж үзсэн хүн бүхэн харамсахааргүй гайхалтай тоглолт болно гэдгийг хэлмээр байна. Онцлогийн хувьд тоглолт олон хэсгээс бүрдэнэ. Мөн гаднаас урилгаар олон сайхан уран бүтээлчид оролцоно.
-Уран бүтээлч хүний хувьд онцлогтой, эсвэл маш их хөдөлмөр зарцуулж бүтсэн дуу гэвэл?
-Дуучин хүн төрөл бүрийн төрөл, жанрын дууг дуулж чаддаг байх ёстой. Өөртөө ч тийм шаардлагыг тавьж байна. Тоглолтод дуулагдах “Зүрхэн зурвас” дуу маань маш их хөдөлмөр, цаг хугацааг зарцуулан бүтэж байна. Энэ дуу намайг үзэгчдэд цоо шинээр харуулах болно.
-Анх ХЦДБЧ гэх их айлын босгыг хэрхэн алхан орж байв?
-Би Завхан аймгийн Их-Уул сумын уугуул. Багадаа зун болмогц Их-Уулд өвөө, эмээ дээрээ очно. Хичээл ормогц аав, ээж дээрээ Гачуурт тосгонд ирнэ. Би цэцэрлэгт байхаасаа хадаг бариад магтаал хэлдэг хүүхэд байлаа. Одоо ч гэсэн нэг бичлэг маань МҮОНТ-ийн архивт хадгалагдсан байдаг. Багаасаа дуулах дуртай байсан. Дуулах авьяас аав, ээж, эмээ, өвөөгөөс улбаатай. Аавын минь ээж сайхан дуулдаг хүн байсан. Аав, ээж хоёр минь ч дуулчихна. Би сургуулийн урлагийн үзлэг, бүсийн хэмжээний уралдаан бүрт оролцдог хүүхэд байлаа. Ингэж яваад 2001 онд Завхан аймагт элсэлтийн шалгалт өгсөн. Тэр жил СУИС-ийн хуваарь ирээгүй. Тиймээс Соёлын коллежийн хуваарийг авч, дуу хөгжим заах арга зүйчийн мэргэжлээр суралцаж төгссөн. Миний багын мөрөөдөл дуучин болох. Сургуулиа төгссөн жилээ нэг найзынхаа зөвлөснөөр ХЦДБЧ-д шалгалт өгөөд орж байлаа. Тэр үед ХЦДБЧ-ын ерөнхий хоор мистер МУСТА Ж.Батхүлэг, чуулгын дарга, УГЗ И.Төмөрбаатар, уран сайхны удирдаач УГЗ Т.Эрдэнэ-Очир багш шалгаж авч байлаа. Би тэр үед нь “Нутгийн зам”, “Гэртээ ирлээ” гэх хоёр дууг дуулсан. Ингээд тэр өдрөө дуучнаар орсон юм.
-Хилээр хэдэн удаа тойров?
-Дуучин болох мөрөөдөл минь биелэсний маргааш над руу залгаад гурав хоногийн дараа бригадаар явна гэж хэлсэн. Ингээд ямар ч бэлтгэлгүй хилийн зүг явах томилолтыг өвөртөлж байлаа. Миний хувьд хэд хэдэн аймаг, сум дамнаж хол явж үзээгүй байв. Гэтэл ЗИЛ 130 машин дээр хоёр хуваагдаж суугаад баруун хилийн зүг 35 хоног явсан юм. Гэрээсээ холдож үзээгүй хүнд олон хоног хээр хөдөөгөөр явах нь эхлээд их сонин санагдаж байсан ч удалгүй дассан. Тэр үед ажиллаж байсан уран бүтээлч ах, эгч нар маань их сайн хүмүүс байсан. Надад өөрсдийнхөө хээрийн хувцаснаас илүүчлээд өнөөхийг нь би эвлүүлж өмсөөд явсан даа. Бригадаар явснаа тоолвол хилээ гурав тойрчихсон байдаг юм. Тэр бригадаас хилчид гэж ямар халуун дулаан уур амьсгалтай нэгэн гэр бүл болохыг сэтгэл зүрхээрээ мэдэрсэн. Ингээд сэтгэл минь хилээсээ, хилчдээсээ, чуулгаасаа холдохооргүйгээр уягдсан даа.
-Анх хилчидтэй уулзахад ямар мэдрэмж төрж байв?
-Би цэргийн дуу мэдэхгүй. Тэгээд замдаа уран бүтээлч ах, эгч нараасаа эх орны сэдэвтэй дуунууд сурч авсан. 10-аад дууны нот, үгийг цаасан дээр бичиж аваад замын турш сурсан. Гэхдээ эхний гурван тоглолт хэрхэн өнгөрснийг одоо ч санадаггүй юм. Ямар ч байсан хөтлөгч зарлаад би дуулж эхлээд нэг л мэдэхэд дууссан байдаг байсан. Заставын соёл амралтын өрөө жижигхэн шүү дээ. Тэгээд дуулахаар үзэгчидтэйгээ тулчихаад яг нүүр тулсан ярилцлага шиг санагдаж билээ.
-Хэнээс, юунаас урам зориг авдаг вэ?
-Мэдээж үзэгчдийнхээ алга ташилтаас хамгийн их урам авдаг. Алга ташилт хуурамч байдаггүй гэж боддог. Тэр тусмаа хилчдийн минь алга ташилт чихэнд аялгуулаг сонсогддог.
-Дуу дуулахаас өөр хобби?
-Би Соёлын дээд сургуулийг үндэсний хөгжим тэр дундаа лимбэ хөгжмөөр төгссөн. Лимбэ хөгжмөө тоглолгүй удсан байна. Тиймээс сэргээе гэж бодож байгаа. Мөн 2009 оноос бие дааж хөтлөгчийн ур зүйд суралцаж байгаа. Спортын тухайд бодибилдингээр хичээллэдэг. Цэргийн хүн бие бялдрын хувьд өв тэгш байх ёстой. Тиймээс бодибилдингийн спортоор түлхүү хичээллэж байгаа.
-Цаашдын зорилго?
-Ойрын зорилго бол мэдээж тоглолтоо амжилттай хийх юм. Ирээдүйд хийхээр төлөвлөсөн зүйл олон байна. Уран бүтээлийн цагаан шуналууд улам их дэвэрч байгаа. Тухайлбал, “Миний араншин” нэртэй анхны цомгоо гаргахаар төлөвлөж байна. Цаашид олон сайхан уран бүтээлийг хийж, хилчдийнхээ хайр хүндэтгэлийг хүлээх эрхэм зорилгыг өвөртөлж явна.
-Таны ард маш олон хүн дэмжиж, тусалж байгаа байх. Тэдэндээ хандаж юу гэж хэлэх вэ?
-Би эхнэр, хүү, охиныхоо хамт амьдардаг. Хилд томилолтоор явсан хойно ар амьдралаа бүрэн дааж явдаг ханьдаа баярлалаа гэж хэлмээр байна. Аливаа уран бүтээл гурван жигүүрээс бүтдэг. Нэг жигүүр нь яруу найрагч, хоёр дахь жигүүр нь хөгжмийн зохиолч, гурав дахь жигүүр нь дуучин. Надад итгэж сайхан уран бүтээлээ өгч дуулуулдаг та бүхэндаа баярлалаа. Мөн уран бүтээлийг минь үргэлж дэмжиж явдаг ХЦДБЧ-ын удирдлага, хамт олондоо талархаж явдгаа хэлье. Хаа ч очоод дуулсан халуун алга ташилтаа харамгүй хайрладаг хилчдэдээ чин сэтгэлээсээ баярлаж яваагаа хэлмээр байна.