ЯНЖИНЛХАМЫН “ЦЭРГҮҮД” ЭХ ОРНЫ ХИЛЭЭР
  • 17:11
  • 792
Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгээр “Уран бүтээлчид Улсын хилээр” төсөл хэрэгжээд багагүй хугацаа өнгөрчээ.

Ахлах дэслэгч Г.Нямгэрэл

Уран бүтээлчид гэж сонин ертөнц байх. Тэд бүхнийг гэгээн тунгалагаар харж түүнийгээ ард түмэндээ хүргэж басхүү урлагаар дамжуулан соёлыг түгээж, соён гэгээрүүлэх үүргийг гүйцэтгэдэг. Гагцхүү үүрэг хүлээлгэсэн эрхэм нь хүн бус бурхан. Урлагийн бурхан тэнгэрийг монголчууд Янжинлхам хэмээн эрхэмлэн нэрийддэг. Тэгвэл соёл урлагийн халуун тогоонд буцалж буй хэн бүхэн энэхүү бурханаас үүрэг хүлээсэн “цэргүүд” байх нь гарцаагүй биз ээ. Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгээр “Уран бүтээлчид Улсын хилээр” төсөл хэрэгжээд багагүй хугацаа өнгөрчээ. Монголын ард түмэнд уран бүтээлээрээ нэрлэгдэж, танил болсон эрхэм уран бүтээлчдийг эх орны алтан гортиг болсон дархан хилээр аялуулж, хил, хилчдийн тухай өгүүлсэн уран бүтээл төрүүлэн гаргах эрхэм зорилготой тус төслийнхний III ээлжийн баг Хилийн 0286 дугаар ангид есдүгээр сарын 27-29-ний өдрүүдэд ажиллав. Тус төслийнхөн уран бүтээлчдийг таван багт хуваажээ. Ингэхэд төслийн ерөнхий санаачлагч, удирдагч Ч.Ууганбаяр бид хоёр эртний танил, андууд билээ. Монгол Улсын их сургуулийн гудамжинд танилцаж, навчис хаялсан намрын өдрүүдэд утга зохиол хэмээх их айлын босгоор хамтдаа алхацгааж сургуулийнхаа утга зохиолын нэгдэлд шүлэг, өгүүллэг уран бүтээлээ нэгэндээ уншиж өгч басхүү санал шүүмжлэлээ хэлэлцэж явсан уран бүтээлийн андууд. Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш миний хувьд ангидаа ирэх өдрийг битүүхэн хүлээж байлаа. Учир нь энэ онд БНМАУ-ын баатар, ахмад С.Лхагвадоржийн мэндэлсний 100 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэх гэж багагүй бэлтгэцгээсэн билээ. Иймээс уран бүтээлчид тус ойн баяраар манай ангид ирээсэй хэмээн битүүхэн хүлээж суулаа. Ойгоор хилчид ийм зүйл хийлээ гэж олон нийтэд рекламдахдаа бус баатрын ойг тэмдэглэхийн ач холбогдол залуу, өсвөр үед хэрхэн тусдагийг энгийн хүмүүс тэр дундаа уран бүтээлчдийн нүдээр хөндлөнгөөс харуулахыг зорьсных байлаа. Харин  төслийн багийнхны маршрут, баатрын ой тэмдэглэх хугацаа хоёр таарч чадаагүй юм. Уран бүтээлчид улсын хилээр төслийн III маршрутад багтсан уран бүтээлчдийн хувьд урлагийн түүхэнд нэрээ дархалсан эрхмүүд байв. Тухайлбал МУГЖ Б.Ганчимэг, УГЗ зураач С.Дагвадорж, Соёл-Эрдэнэ хамтлагийн гоцлол дуучин, МУСТА Б.Цогдэлгэр, "Болор цом"-ын эзэн яруу найрагч М.Билэгсайхан, Монголын үргэлжилсэн үгийн зохиолын нэрт төлөөлөгч, зохиолч Д.Энхболд, Цэцэг хамтлагийн гоцлол дуучин Ч.Батболд, "Авьяаслаг монголчууд" шоуны шилдэг оролцогч Б.Нарандэлгэр буюу Ray, дуучин продюсер ZZ буюу З.Золзаяа, Монголын урчуудын эвлэлийн гишүүн, зураач МУСТА С.Ганцацрал, сийлбэрч, уран барималч Ж.Пүрэвсүрэн нарын 21 уран бүтээлч багтсан байв. Уран бүтээлчдийн хувьд анх удаа хил үзэж байгаа хүмүүс ч байв. Тэдний онгодыг хамгийн ихээр хөглөдөг газар бол эх орны торгон зурвас, хилийн сүлдэт багана гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Тиймдээ ч агуу их яруу найрагч, "Болор цом"-ын эзэн Хөдөлмөрийн баатар Б.Лхагвасүрэн гуай “Хил дээр” шүлгээ тэрлэж, Ардын уран зохиолч, төрийн шагналт П.Бадарч “Эх орны хилээс”, “Нулимст борхон болжмор” шүлгүүдээ уяран, хайлан бичсэн байж таарна. “Уран бүтээлчид Улсын хилээр” төслийнхөн Булган хангайн хилчдийн хариуцан хамгаалж буй хилийн тоот багана дээр ирэхтэй зэрэгцэн Монгол Улсын хилийн манаатай таарсан юм. Хилийн манаа хилч нохойны хамт үүрэг гүйцэтгэж, Монгол Улсын хилд гарсан зөрчилгүй тайвныг заставын даргадаа илтгэж ахуй тэр цагт уран бүтээлчдийн жинхэнэ уран бүтээлээ туурвих онгод хөглөгдөх, басхүү сэтгэл догдолж, аньсага чийглэсэн торгон мөч байв. Тэнд жинхэнэ урлагийн эрх чөлөө оршиж байв. Зураач нь бийр цаасаа дэлгэж, дуучид хөгжимчид нь аялгуу эгшгээ нэрж байсан юм. Зохиолч, шүлэгчид минь дотроо ямар нэгийг тунгаан бясалгаж суугаа ч харагдсан. Тийм ээ, өөрийгөө шүлэг, уран зохиолын ертөнцөд амьдарч аснаа бараг мартаж байсан надад энэ мөч юутай ч зүйрлэмгүй хамгийн сайхан хором байлаа. Ингээд эх орны хил дээр, хилийн манаатай таарсан уран бүтээлчдийн сэтгэгдлийг уншигч та бүхэнд хүргэе. 

Зохиолч Д.Энхболд: -"Паанан" туужаар минь хүмүүс намайг таньдаг юм. Зохиолчдын хувьд ном уран бүтээлийг нь уншигчид мэдэж байна гэдэг хамгийн сайхан мэдрэмж. Миний хувьд хилчидтэйгээ эчнээ танил гэж болно. “Эх орны манаа” сониноор дамжуулан “Казиног номхотгосон түүх” туужаа хилчдэдээ хүргэж байлаа. “Хоймор өнжих нар” телевизийн олон ангит киноны зохиолыг бичсэнээс хойш дараагийн кино зохиолын ажил бодогдож явтал энэ төслийнхөн надад их сайхан боломж олголоо. Хилчдийн амьдралыг харуулсан хилээс төрсөн нэг сайхан кино зохиол бичихсэн гэсэн хүсэл яг одоо надад маш хүчтэй мэдрэгдэж байна. С.Лхагвадорж баатрын амьдрал, баатарлаг үйлсийг харуулсан сайхан зохиол ч бичмээр бодогдож байна. Аль алийг нь амжуулчихаад эргээд хилчидтэйгээ уулзана гэж бодож байна. Би нохойд их хайртай хүн. Сая хилийн манаа дагаад явж байгаа хөөрхөн нохойг харахад сэтгэл өөрийн эрхгүй огшиж байна. Миний эх орон хичнээн сайхан юм бэ. Үүнийг хамгаалж байгаа хилчин та нар ямар сайхан юм бэ. Сайхан байна. 

Яруу найрагч М.Билэгсайхан: -Энэ сайхан эх орныхоо эмжээр болсон хилээр аялаад хилчин хамт олондоо “Гэгээн Монгол” шүлгээ уншина гэдэг яруу найрагч надад олдсон их завшаан юм. Сэтгэл хөөргөж, онгод хөглөсөн энэ цаг мөчид туйлын их талархаж байна. Хилчдэдээ баярлалаа. 

Чөлөөт уран бүтээлч Б.Нарандэлгэр: -Би анх удаа Монгол орныхоо дархан хил дээр ирж үзэж байна. Ямар гоё юм бэ. Би гадаадад олон жил амьдарсан. Монголыг зөвхөн Улаанбаатараар төсөөлдөг миний үеийн залуустаа эх орныхоо хилийг үз, хилээ хамгаалж байгаа хилчидтэй танилцаарай гэж зөвлөе. Энд хамгийн гоё зүйл байна. Надад нэг л гоё мэдрэмж төрж байна. Энд ямар ч худлаа зүйл алга. Хилчид цог золбоотой хийморьтой байна. Хилчдэдээ зориулсан сайхан уран бүтээл туурвина гэдгээ амлая. 

МУСТА, зураач С.Ганцацрал: -Би хилийн амьдрал огт мэдэхгүй, хил дээр ирж үзээгүй хүн. Сэтгэл маш их хөөрч байна. Хилчдийг хараад хөөрөхгүй огшихгүй байхын арга алга. Би их нулимс султай хүн л дээ. Хилчдийг хараад биднийг угтаж үдэж байгааг нь харахад нулимс гарч ирээд л. Хилчид энэ зэлүүд газар хэний төлөө, юуны тулд гээд бодохоор л тэднийг хайрламаар санагдаж байна. Тэдний алдар хүндийг, эр зориг баатарлаг үйлийг олон нийтэд харуулсан сурталчилсан олон сайхан бүтээл энэ төслийн хүрээнд төрөн гарна гэдэгт эргэлзэхгүй байна. Хилчдэдээ тэдний гэр бүл, үр хүүхдэд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Эх орны хил амгалан, хилчдийн цог золбоо өөдрөг байх болтугай. 

Уран барималч Ж.Пүрэвсүрэн: -Сэтгэл маш их хөдөлж байна. Монгол Улсын хилийн манаатайгаа таарна гэдэг хил дээр ирсэн бүхэнд тохиодог аз биш байх. Хилийн манаа улсын хил тайван байна гэж илтгэж байна. Үүнээс сайхан зүйл гэж юу байх вэ. Эх орны минь хил амгалан л байвал ард иргэд бид амар тайван байна шүү дээ. Бидний сайн сайхан амьдралын төлөө нэгэн насны утга учирт амьдралаа энэ шувуу ч ховорхон нисэх хязгаар нутагт өнгөрүүлж байгаа хилчдэдээ баярлалаа. Та нар бол ард түмний бахархал, эх орны итгэлт залуус юм шүү. Дашрамд дурдахад урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач С.Дагвадорж ах ангийн алдрын тасалгаа, музейтэй танилцсаныхаа дараа БНМАУ-ын баатар, ахмад С.Лхагвадоржийн хөрөг зургийг зурж манай ангид дурсгал болгон хадгалуулахаа амласан юм. Булган хангайн хилээр хаягласан олон бүтээлүүд энэ цаг дор төрөн гарахаар болсноос дурдвал дуучин Б.Цогдэлгэр “Эрэнгийн застав” дуунд ая хийх, зураач С.Ганцацрал хилийн багана дээр сэдэвт таталбар зураг, МУУГЗ, зураач С.Дагвадорж “Хилийн манаа” сэдэвт зураг, хилчдийн хөрөг зураг, ая зохиогч З.Золзаяа “Хил дээр” нэртэй дуу зохиов. Уран бүтээлчид улсын хилээр төслийн хүрээнд эх орны хилчдийн тухай олон арван бүтээл төрөн гарч ард түмний сэтгэлд зуунаас зуун дамжин дуурсах тэр цаг мөчийн гэгээн ерөөл өргөе.

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэлүүд (1)
Zochin [10.3.100.98] 19:01
Urd suusan huuhenii zawilgaa taalagdsanguiee
Хариулах