ДЭД АХЛАГЧ Б.ТАБИГАТ: ХИЛЧИН ХҮН ХИЛ ЗӨРЧИГЧ СААТУУЛАХ ЮМСАН ГЭХ ХҮСЭЛТЭЙ БАЙДАГ
  • 10:57
  • 1969
Хилийн 0245 дугаар ангийн 0246 дугаар салбарын хилчин, дэд ахлагч Б.Табигат, ахлах байлдагч Б.Пүрэвжав нар ОХУ-ын талаас морин уналгатай нэг хүн улсын хил зөрчсөнийг илрүүлж, Хил хамгаалах ерөнхий газрын даргын тушаалаар ахлах байлдагч Б.Пүрэвжавыг “Онц хилчин”, дэд ахлагч Б.Табигатыг “Хилчний алдар III” тэмдгээр тус тус шагнасан юм. Хилийн зөрчил илрүүлсэн дэд ахлагч Б.Табигаттай ярилцлаа.

 Хошууч И.БАТЗОРИГ

-Хилийн зөрчил илрүүлсэнд баяр хүргэе?

-Би анх удаа хилийн зөрчил илрүүлж байна. Энэ удаад салбарын даргын өгсөн шийдвэрийн дагуу сонор сэрэмжтэй ажилласнаар хил зөрчигчийг илрүүллээ. Эхлээд сандарсан ч эх орноо хамгаалахаар тангараг өргөсөн хилчин хүн учраас хил зөрчигчийг саатуулах арга хэмжээг богино хугацаанд авч ажилласан. Хил зөрчигчийг саатуулсны дараа өөрөөрөө болон цэргүүдээрээ бахархах сэтгэл төрсөн. Учир нь хилчин хүн хил зөрчигч саатуулах юмсан гэх хүсэлтэй байдаг. Хил зөрчигч илрүүлсэн тухайгаа аав, ээж хоёртоо хамгийн түрүүнд дуулгасан. Тэд хүүгээрээ бахархсан байх.

-Хил хамгаалах байгууллагад хэдэн жил ажиллаж байна вэ?

-Би 2014 оны II ээлжээр Зэвсэгт хүчний 123 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан. 2016 онд Хилийн 0168 дугаар ангид гэрээт хилчний албыг хааж, 2018 онд Хилийн 0151 дүгээр ангийн жолооч бэлтгэх дамжааг төгссөн. Ингээд 2019 онд Монгол Улсын баатар Бэгзийн Гивааны нэрэмжит Хилийн 0245 дугаар ангийн 0246 дугаар салбарт харуулын даргаар томилогдон ажиллаж байна.

-Танай салбарын хариуцсан хилийн хэсгийн онцлог?

-Манай салбар цагийн байдлын өрнөлт ихтэй. Байгалийн хувьд уул ус, мод, нуур, давсан уул гэх мэт байгалийн өвөрмөц тогтоцтой. Хил зөрчигчид хяналтад өртөхгүйгээр ороод ирэх боломжтой. Тийм болохоор хилчдээс байнга сонор сэрэмж шаарддаг. 

-Яагаад хилчин болохоор шийдсэн юм бэ?

-Би цэргийн албаа Зэвсэгт хүчний ангид хаасан. Ер нь бол цэргийн хүн болох сонирхолтой байсан. Ингээд цэргийн албаа хаагаад гэрээт хилчин болохоор шийдсэн. Гэрээт хилчин болсноор надад мөрөөдлөө биелүүлэн ХХБ-д ажиллах том боломж нээгдсэн. Би удирдлагаас өгсөн үүргийг надад олгосон боломж гэж хүлээн авдаг. Тиймээс боломжийг алдахгүйн тулд хичээж ажиллах дүрмийг өөрийн ажил, амьдралдаа баримталдаг. 

-Сүүлийн асуултыг танд үлдээе?

-Монгол Улсынхаа хилийн халдашгүй дархан байдлын төлөө дөрвөн зүг, найман зовхист соргогоор мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж байгаа нийт хилчдэдээ хил хамгаалах ариун үйлст нь өндрөөс өндөр амжилт хүсье.