ДЭД ТҮРҮҮЧ П.НЭРГҮЙБААТАР: ХАЛАГДААД ОЧИХДОО ААВ, ЭЭЖ, НУТАГ УСНЫХАНДАА ХЭЛЭХ ҮГТЭЙ БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
  • 11:00
  • 1238
Хилийн 0245 дугаар ангийн 0246 дугаар салбарын хариуцсан хэсгээр дотоодоос морин уналгатай хоёр хүн 15 тооны адуу хулгайлан улсын хил давуулахыг завдсан зөрчлийг ахлах дэслэгч Б.Лутбаяр, дэд түрүүч П.Нэргүйбаатар нар сонор сэрэмж, авхаалж самбаа, албаны ур чадвар гарган илрүүлжээ. Хилийн зөрчил илрүүлсэн дэд түрүүч П.Нэргүйбаатарыг “Онц хилчин”, ахлах дэслэгч Б.Лутбаярыг “Хил хамгаалалтад амжилт гаргасны төлөө” тэмдгээр шагнасан байна. Ингээд хилийн зөрчил илрүүлсэн дэд түрүүч П.Нэргүйбаатартай ярилцлаа.

Хошууч И.БАТЗОРИГ 

-Өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Пүрэвжав овогтой Нэргүйбаатар гэдэг. 2000 онд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд төрсөн. Эхээс гурвуулаа. 2018 оны II ээлжээр Увс аймгийн Хилийн 0245 дугаар ангид хугацаат цэргийн албанд татагдан ирсэн.

-Хилийн зөрчил илрүүлсэнд баяр хүргэе. Тухайн үеийн сэтгэгдлээсээ  хуваалцахгүй юу?

-Тэр шөнө саргүй тас харанхуй байсан. Мөн голын эргийн хажууд үүрэг гүйцэтгэхэд их хүйтэн байлаа. Үүргээ гүйцэтгэж байхад морь тургих чимээ гарч шалгахад адуу туусан хоёр морьтой хүн биднийг чиглэн ирж байсан. Тэд хилчидтэй таарснаа мэдээд адуугаа орхин нутгийн гүн рүү зугтсан. Энэ үйл явдал эргээд бодоход нүд ирмэхийн зуурт болж өнгөрсөн. Ард иргэдэд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлсэндээ баяртай байна.

-Цэргийн алба хаах хугацаандаа өөр зөрчил илрүүлж байв уу?

-Манай салбар газарзүйн болон цаг уурын онцлогтой бүсэд байрладаг. Тиймээс ч хал үзэж, ихийг сурч байна. Өнгөрсөн долдугаар сард би хилийн дэглэмийн зөрчил илрүүлж дэд түрүүч цолоор шагнуулсан. Цэргээс халагдаад аав, ээж, нутаг усныхандаа хэлэх үгтэй болсондоо хөл газар хүрэхгүй баяртай байна.

-Цэргийн алба хаах ямар байна вэ?

-Би анх цэрэгт ирээд ахлах дэслэгч Б.Лутбаяр даргатай дөрөвдүгээр салаанд хуваарилагдсан. Цэргийн хэргийн мэдлэг олгох сургалтын төвөө амжилттай дүүргэж ахлах байлдагч цолтой салааныхаа цэргүүдийн хамт хилийн 0246 дугаар салбарт хуваарилагдсан. Манай салбарын хамт олон үнэхээр сайхан хүмүүс. Биднийг аав, ээжээс минь өөрцгүйгээр халамжлан хүмүүжүүлдэг. Энэ завшааныг ашиглаад салбарынхаа хамт олонд баярлалаа гэж хэлье. Анх Хөвсгөл аймгаасаа гарахдаа хилийн цэрэгт алба хааж байгаа юм чинь хил зөрчигч барих юмсан гэсэн эрмүүн их хүсэлтэй ирж билээ. Манай салааны цэргүүдээс хоёр “Онц хилчин” төрсөн. Би цэрэгт анх ирээд Увс нуурыг хараад энэ ямар их цас вэ гэж асуутал, манай салбарын дарга Монгол Улсын хэмжээнд хамгийн том нуур гэж хэлэхэд бөөн инээд болж билээ. Увс нуурыг том гэж сонсож байсан ч ийм том гэж бодоогүй. Тэр үед уул усны диваажин Увс нутаг гэж үнэн юм байна гэж бодсон. Ийм сайхан нутагт алба хааснаараа бахархаж, баярлаж байна.

-Монгол Улсын хил дээр мөр зэрэгцэн алба хааж байгаа мянга мянган хилчдэдээ хандаж юу гэж хэлмээр байна вэ?

-Монгол Улсынхаа хилийн халдашгүй дархан байдлыг дөрвөн зүг, найман зовхист соргогоор хамгаалж байгаа нийт хилчдэдээ хил хамгаалах ариун бөгөөд нэр төртэй албанд нь өндрөөс өндөр амжилт хүсье. Та бүхэн минь албаараа бахархаж өдөр бүр албаа нэр төртэй хаахын төлөө улам их хичээж, тэмүүлж үүргээ гүйцэтгээрэй гэж хэлье.

 

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэлүүд (0)

Сэтгэгдэл байхгүй байна.