Ахлах дэслэгч Б.Алтанцэцэг
-Юуны өмнө үүргээ амжилттай гүйцэтгээд ирсэнд баяр хүргэе. Явсан хүнээс үг сонс гэдэг шүү дээ?
-БНӨСУ-д явагдаж байгаа НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд Хил хамгаалах байгууллагаас 35 хилчин 2018 оны есдүгээр сараас 2019 оны аравдугаар сарын хооронд үүргээ амжилттай гүйцэтгээд эх орондоо ирснийг дуулгахад таатай байна.
-БНӨСУ-д цаг үеийн нөхцөл байдал ямар байна вэ?
-Сөргөлдөгч талууд хоорондоо энхийн хэлэлцээр байгуулж, засгийн газраас эх орондоо энх тайван байдал тогтоохоор бүхий л чиглэлээр хамтарч ажиллаж байгаа. Цагийн байдал тогтвортой байгаа ч зарим мужуудаар зэвсэгт мөргөлдөөн гарсаар байна. БНӨСУ нь 2011 оноос тусгаар улс болж, НҮБ-д 193 дахь улсаар бүртгэгдсэн. Тухайн үед ард иргэдийн дундах ядуурал, өвчин зовлон их, хүний эрх, эрх чөлөө хавчигдан гадуурхагдаж байсан учраас НҮБ болон олон улсын байгууллагууд хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулсаар ирсэн байдаг. Энхийг сахиулагчид олон улсын ажилчдын хамгаалалтыг зохион байгуулдаг байсан хэдий ч 2013 оны арванхоёрдугаар сард төрийн эргэлт болж дотоодын дайн дэгдсэн байна. Үүний улмаас энгийн ард иргэдийн дундах ядуурал улам бүр ихсэж дүрвэгсдийн хуаранд эмх замбараагүй байдал бий болсноос зохион байгуулалт хийхэд энхийг сахиулагч нарын үүрэг оролцоо хэрэгтэй болсон юм билээ. Тиймээс ч НҮБ-аас мандатад заагдсан үүргүүдийг энхийг сахиулагч нар гүйцэтгэдэг.
-Ямар үүргүүд байдаг юм бэ?
-Энгийн иргэдийг хамгаалах, хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, олон улсын байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх буюу хамгаалалтын үүрэг гүйцэтгэх юм. Сөргөлдөгч талуудын энхийн хэлэлцээрт туслалцаа дэмжлэг үзүүлэх зэрэг үндсэн дөрвөн чиглэл байдаг.
-Торон хашаанд олон хүн хашигдсан байдалтайгаар дүрвэгсдийн хуаранг кинон дээрээс л олж хардаг. Та бүхний хамгаалалтад гардаг тэрхүү дотоодын дүрвэгсдийн хуарангийн талаар ярьж өгөөч?
-Дэлхийн хамгийн том дотоодын дүрвэгсдийн хуаран гэсэн. Хааш хаашаа дөрвөн км хашаан дотор дотоодын энгийн иргэд модоор барьсан овоохойд нийт 133100 хүн амьдардаг. Олон мянган хүнтэй учраас хулгай, дээрэм, тонуул зэрэг зөрчлүүд байнга шахам гарна. Бидний хувьд дотоодын дүрвэгсдийн энэхүү хуарангийн хамгаалалтыг 24 цагийн туршид тасралтгүй зохион байгуулдаг. Харуулын рот нь үүрэг гүйцэтгэхдээ 24 цаг гарч, эргээд 24 цаг амардаг. Хоёр цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэнэ. Хяналт үйлдэхдээ хамгаалалтын хантааз, хүн нэг бүрийн зэвсэглэл зэрэг нийт 25 кг ачаатай үүрэг гүйцэтгэдэг.
-Та бүхнийг үүрэг гүйцэтгэх үеэр Монгол Улсын Ерөнхий сайд очсон нь онцлохуйц үйл явдлын нэг байсан болов уу?
-Монгол Улсын Ерөнхий сайд гуравдугаар сард зочилж очсон. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэлээдгүй гарсан учраас та бүхэн үзсэн байх. Хол байхад хүүгээ эргэж ирсэн аав шиг минь дотно сайхан мэдрэмж төрж байсан. Жагсаалд уйлаагүй цэргийн алба хаагч тэр үед байгаагүй дээ.
-Нэг жилийн хугацаа гэдэг урт. Амьдралд ч олон зүйл тохиолдоно. Хүндрэл бэрхшээл юу байв?
-Нэг жилийн хугацаанд үүрэг гүйцэтгэхэд нэлээдгүй зүйлийг боддог юм байна. Бэрхшээл мэдээж бидэнд тулгарч байсан. Гэхдээ бид өмнөө тавьсан зорилгоос буцах эрхгүй учраас хичээсэн.
-Энхийг сахиулах ажиллагаанд сонгогдох нь өндөр том шалгууртай. Дараа дараагийн ээлжинд үүрэг гүйцэтгэх хүсэлтэй хилчдэд хандаж хэлэхэд?
-Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэхийг хүсэж байгаа хилчид олон байгаа нь лавтай. Тэдэнд зөвлөхөд Таван толгой дахь бэлтгэл хамгийн хүндрэлтэй. Эрүүл мэндийн үзлэгээр орж тэнцсэнээр биеийн тамирын шалгалтанд ордог. Биеийн тамиртаа тэнцсэнээр Таван толгой дахь бэлтгэлд гарна. Нэг жилийн турш үүрэг гүйцэтгэх алба хаагчдыг сонгон шалгаруулж байгаа учраас маш өндөр шалгуурыг энд тавьдаг. Хариуцлагатай, сахилга баттай алба хаагчдыг л авдаг. Шантрах, харилцааны зөрчил гаргахад шууд хасагдаж дараагийн цэргийн алба хаагч оронд нь орж ирдэг. Сонгон шалгаруулалт сайн байж чадсанаар сахилга, зохион байгуулалт алдагдахгүй, үүргээ амжилттай гүйцэтгэх нөхцөл бүрддэг юм билээ. Тиймээс ч тэвчээртэй байх юм бол бүгдийг ялж, зорьсон зорилгодоо хүрэх боломжтой юм шүү гэж зөвлөе.
-Тэвчээрээс гадна англи хэлний зохих мэдлэг, дасан зохицох болон багаар ажиллах чадвар шаардлагатай болох нь дамжиггүй юм?
-Англи хэлний зохих мэдлэг мэдээж давуу тал болно. Хэлний мэдлэг сайн байх тусам удирдлагын болон штабын түвшинд үүрэг гүйцэтгэх боломжтой.
-Хилчид олны дунд хэрхэн манлайлж, байгууллагаа яаж сурталчилсан бэ?
-Бид 35-уулаа эхлээд сайтар ярилцсан. Улмаар зорилго дэвшүүлсэн. “Өөрчлөлтийг өөрөөсөө өнөөдрөөс эхлүүлье” гэсэн уриан дор нэгдсэн. Нэг жилийн хугацааг зорилго тэмүүлэлтэй өнгөрүүлж, өөрсдийгөө хөгжүүлье гэж зорьсон. Батальоны үндсэн арга хэмжээний төлөвлөгөөний дагуу Хил хамгаалах байгууллагыг сурталчилах өдөрлөгийг гуравдугаар сард зохион байгуулсан. Пенту хотод үүрэг гүйцэтгэж байгаа Гана улсын батальон, Англи, Энэтхэг, Вьетнам зэрэг орны тамирчдын дунд жингийн ангиллаар хэвтээ шахалтын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнийг зохион байгуулснаараа онцлогтой байлаа. “Домогт хил” урлагийн бага наадмыг ротуудын дунд зохион байгуулсан нь сонирхолтой, өрсөлдөөнтэй болсон. “Эх орны манаа” шүлгийн уралдаанд 45 шүлэг уралдаж эхний дөрвөн байрыг шалгаруулсан. Бүтээлч ажлын хүрээнд дотоодын дүрвэгсдийн хуарангийн дарга нарын хурлын зааланд самбар, ширээ, сандлыг хийж дэмжлэг үзүүлсэн. Нэг жилийн хугацаанд зохион байгуулагдсан олон тэмцээн уралдаанд хилчид амжилттай оролцож байлаа. Тухайлбал, сар шинийн болон наадмын барилдаанд Хилийн 0257 дугаар ангийн ахмад, аймгийн харцага Н.Шинэзориг урамтай сайхан барилдсан. Олон улсын цэргийн багаас зохион байгуулсан “DANCON-2019” 25 км-ийн маршид 10 кг ачаатай туулдаг тэсвэрийн тэмцээнд хилчид амжилттай оролцсон. Цэргийн алба хаагчид өөртөө зорилго тавин өдөр бүр англи үг цээжлэн үгийн сангаа баяжуулж байлаа. Батальоноос зохиох англи хэлний сургалтад хамрагдаж, цаашид хэлээ үргэлжлүүлэн суралцах зорилт тавьсан олон цэргийн алба хаагч бий. Зэвсэгт хүчний алба хаагчид олон удаа үүрэг гүйцэтгэж байгаа учраас харьцангуй туршлагатай. Хамгийн дээд тал нь долоон удаа явсан цэргийн алба хаагч байх жишээтэй. Тиймээс тэднээс суралцах зүйл бидэнд их байлаа.
-Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх эмэгтэйчүүдийн тоо сүүлийн үед нэмэгдэж байгаа. Магадгүй манай хилчин бүсгүйчүүд ч сонирхож байж болох юм. Эхний алхмыг ч ахмад О.Нинжбадгар амжилттай тавьж өгсөн шүү дээ?
-Манай цэргийн багт 60 гаруй эмэгтэй цэргийн алба хаагч явсан. Өмнөх цэргийн багийн эмэгтэйчүүд ар талын чиглэлээр үүрэг гүйцэтгэж байсан юм билээ. Харин энэ удаад эмэгтэй цэргийн алба хаагчид эрчүүдийн нэгэн адил харуулын цэг, хол ойрын цувааны хамгаалалтад үүрэг гүйцэтгэлээ. Тэд үүргээ сайн биелүүлсэн. Цаашид Хил хамгаалах байгууллагаас эмэгтэй цэргийн алба хаагчид үүрэг гүйцэтгэх бүрэн боломжтой гэж харсан. Зорилготой л байхад тулсан бэрхшээлийг хэн ч давж туулна.
-ХХЕГ-ын удирдлага, хилчдэд хэрхэн үүрэг гүйцэтгээд ирсэн талаарх тайлангаа тавихын зэрэгцээ нэгэн сайн үйлсийн аяныг хийсэн нь олны талархлыг хүлээлээ?
-Хил хамгаалах байгууллагын болон ангийн удирдлага, хамт олондоо ихэд талархаж байгааг энэ дашрамд нөхдийнхөө өмнөөс уламжилъя. Энэхүү талархсан сэтгэлээ, байгууллагаас энэ онд дэвшүүлсэн зорилттой уялдуулан сайн үйлсийн аяныг өрнүүлэхээр бид шийдвэрлэсэн. Улмаар ХХБ-ын Ахмадын холбоотой хамтран Хилийн 0198 дугаар ангид олон жил үр бүтээлтэй ажилласан ахмад хилчин Д.Доржгүрхэнд таван ханатай, давхар бүрээс, шалтай иж бүрэн өргөө цагаан гэр бэлэглэлээ. Бидэнд олон санал байсан ч хэн нэгэнд бодитоор туслах нь илүү үр дүнтэй үйл явдал юм гэдэг дээр нэгдсэн. Залуу насаа эх орныхоо дархан хилийг хамгаалахад зориулсан ахмад хилчнийг ийнхүү бид баярлуулж чадсандаа баяртай байгаа. Бид сэтгэлээ дээжлэн байгууллагын зорилттой уялдуулсан нь энэ юм. Энэ дашрамд хамтдаа нэг жилийн туршид зорилгодоо үнэнч байж, үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн залуусынхаа цаашдын ажил үйлсэд амжилт хүсье.