“ОНЦ ХИЛЧИН” АХЛАХ ТҮРҮҮЧ Т.ОТГОНБАТ: ЯГ ХАЛАГДАХ БОЛТОЛ ХИЛДЭЭ ХОРГОДОХ СЭТГЭЛ ИХ ТӨРСӨН
  • 10:58
  • 5661
Цэргийн албанд ихийг сурлаа.

-Өөрийгөө танилцуулахгүй юу? 

-Хилийн 0277 дугаар ангид алба хааснаараа юуны өмнө бахархаж байна. Цэргийн албанд ихийг сурлаа. Улаанбаатар хотын Хан-Уул дүүргээс татагдсан. Сэлэнгэ аймгийн Баянгол суманд арван жилийн сургуулийг, Дархан-Уул аймгийн политехникийн коллежийг хүнд машин механизмын тоног төхөөрөмжийн засварчин мэргэжлээр төгссөн. Ингээд ажиллаж байгаад анхны зарлан ирэхэд цэргийн албыг хаагаад ирэхээр шийдсэн. Дамжин дээр иртэл Хилийн цэргийн хуваарь дууссан гэсэн. Анхнаасаа Хилийн цэрэгт алба хаах хүсэлтэй байсан юм л даа. Нэмэлт хуваарь хийгдэж Завханы Тэс, Увсын Баруунтуруунд нэмэлтээр цэрэг авна гэхэд нь миний нэр орчихоосой гэж хүсэж байлаа. Санаснаар ч болсон. Эхлээд дасаагүй, мэдэхгүй орчин нөхцөлд эвгүй байсан. Гэхдээ дасаад ирэхээр цэргийн алба сайхан. Нэг жилийн хугацаа хурдан өнгөрлөө. Эхний хэдэн сар хурдан хал болох юмсан л гэж бодогдсон. Яг халагдах болтол хилдээ хоргодох сэтгэл их төрсөн шүү. Заставаасаа явна гэдэг л амаргүй байлаа. 

-Чиний энгэрт “Онц хилчин” тэмдэг гялалзаж байна. Энэ бол хилчдийн эрхэмлэн хүндэлдэг сайхан шагнал. Хэрхэн “Онц хилчин” болсон тухайгаа ярьж өгөөч?

-Заставын дарга, ахмад Э.Нямзагдын хамт хилийн манаанд тэр өдөр үүрэг гүйцэтгэж байсан юм. Гэтэл дугаар тэмдгийн чиглэлээр ул мөр илэрсэн. Мөрөөр хөөж яваад Үнэгтийн ам гэдэг газар хоёр морьтой хил зөрчигчийг илрүүлсэн. Бугын эвэр түүх зорилготой, гөрөөс буудчихсан байсан. Хил зөрчигч илрүүлчих юмсан гэж боддог л байсан. Гэхдээ хил зөрчигчийг илрүүлж, ХХЕГ-ын даргын тушаалаар “Онц хилчин” боллоо гэхэд ихэд баярлаж өөртөө ч итгээгүй. Хөдөлгөөнт хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байхдаа шагналаа гардаж авсан. Гэр бүлдээ баярт мэдээгээ хуваалцах хамгийн сайхан байсан. Манай найзууд өөрөө шагнуулсан мэт баярлахыг нь харах бас сайхан санагдсан. 

-“Онц хилчин”, ахлах түрүүчийн хувьд дүү нартаа юу гэж захих вэ? 

-Цэргийн алба хаагаарай, ихийг сурч мэднэ шүү. Би хүмүүжсэн, ухаажсан, амьдрах ухаан болон тэсвэр тэвчээр сурсан гээд нэрлэвэл олон зүйл бий. Хамт алба хаасан онжавууддаа сайхан амьдраарай, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье. Бас хайртай шүү гэж хэлье.