-Хилийн 0306 дугаар ангид алба хаажээ, баяр хүргэе?
-Цэнгэг уст Буйраар овоглосон энэ сайхан ангид алба хаасандаа баяртай байна. Улаанбаатар хотын Баянгол дүүргээс цэргийн албанд татагдсан. Их сургуулийг бакалаврын зэрэгтэй, эрхзүйч мэргэжлээр суралцаж төгссөн. 2018 оны тавдугаар сард сургуулиа ч төгссөн, цэргийн албанд ч татагдсан.
-Тэр үед цэргийн зарлан ирэхэд яваад ирье л гэж бодов уу?
-Тийм, өөрийн хүсэлтээр албанд татагдсан. Надад гэхдээ 10 удаа цэргийн зарлан ирсэн. /Инээв.сур/ Есөн удаа оюутан гэж чөлөөлөгдөж харин арав дахь удаагаа цэргийн албыг хаасан нь миний амьдралдаа гаргасан хамгийн зөв шийдвэр байсныг одоо цэгнэж зогсно.
-Гэр бүлийнхэн нь ажилд орох болов уу гэтэл цэрэгт явчихаар юу гэж хүлээж авсан бэ?
-Би айлын том хүүхэд, нэг дүүтэй. Аав, ээж цэргийн алба хаагаад ир гэж байнга хэлдэг байсан. Харин тэр хоёр хотод армийн ангид алба хаачих, эргэж тойроход амар гэдэг байв.
-Чи цэргийн албыг анх хэрхэн төсөөлж байв?
-Яг үнэндээ “Байтаг богд” киногоор л төсөөлж байлаа. Тэр киног үзээд их омогшсон. Заавал Хилийн цэрэгт алба хаана гэж тэр үед шийдсэн. Хилийн тухай ойлголт гэвэл жижигхэн хашаанд амьдарч, морио унаад манаанд явна гэсэн төсөөлөл л байв.
-Энэ төсөөлөл халагдаад ирэхэд ямар болсон бэ?
-Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ хүлээж, эх орноо хамгаална гэдэг нь мэргэжил юм байна гэдгийг ойлгосон. Эх орон дуудсан цагт буу бариад бэлэн зогсож чадах мэдлэг чадварыг эзэмшсэн. Цэргийн алба биднийг сурган хүмүүжүүлэх их ухаан юм байна.
-Цэргийн алба хааснаар гарсан өөрчлөлт гэвэл?
-Өө зөндөө жишээ бий. Эр хүн хог асгадаггүй юм гээд ээжтэйгээ мууддаг байлаа. Бас маш их унтна. Өөрийгөө ялан дийлж чадсан. Өглөө эрт тэвхийтэл босоод л ирнэ. Хүнээс үг сонсож сурлаа. Ганц хоёр үгийн ард тэвчээд гарчихна. Энэ дашрамд ангийн нийт офицер, ахлагч, энгийн ажилчид та бүхэндээ баярлалаа. Ангийнхандаа баярлалаа. Та бүхнийхээ хил хамгаалах ариун үйлсэд амжилт хүсье.
-“Хилийн төлөө” тэмдгээр шагнуулжээ?
-Тийм. Хил хамгаалалтад амжилт гаргасан гэж шагнасан. Үеийнхэн дундаа арай хожуу цэргийн алба хаасан учраас тэд нартаа мэддэг чаддаг бүхнээ хэлж заадаг байсан. Мэргэжлийн дагуу хичээл ордог байв. Цаашид төрийн алба хаагч болж мэргэжлээрээ ажиллах хүсэлтэй.