Т.НОМИН-ЭРДЭНЭ МОНГОЛЫН АНХНЫ АЗИ ТИВИЙН АВАРГА БОКСЧИН БОЛОВ
  • 08:39
  • 1698
Энэхүү тэмцээнд манай улсаас 11 тамирчин тулалдсан бөгөөд нийт 26 орны 269 тамирчин оролцжээ.

Ахлах дэслэгч Л.НОМИНГЭРЭЛ

Сонирхогчдын боксын 2019 оны өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 09-17-ны өдрүүдэд АНЭУ-ын Фужайрах хотод боллоо. Энэхүү тэмцээнд манай улсаас 11 тамирчин тулалдсан бөгөөд нийт 26 орны 269 тамирчин оролцжээ. 

Тэмцээний сүүлийн өдөр охидын 57 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны тамирчин Т.Номин-Эрдэнэ БНХАУ-ын тамирчин Лиан Шиньюг 5:0-ээр буулган авснаар Монгол Улсынхаа төрийн дууллыг эгшиглүүлж, Өсвөр үеийн Азийн аварга болсон Монголын анхны эмэгтэй тамирчин боллоо.

Өдгөө 16 настай түүний хувьд “Хилчин” спорт хорооны боксын дасгалжуулагч, хошууч Э.Еркиний удирдлага дор гурав дахь жилдээ бэлтгэл сургуулилтаа хийж байгаа бөгөөд энэ жил тэрбээр Казахстаны олон улсын тэмцээнээс мөнгө, БНХАУ-д зохиогдсон дэлхийн лигийн тэмцээний мөнгө, Монголын хүүхдийн спортын их наадмын алтан медалийг тус тус хүртээд байсан юм. Монголын баг тамирчдаас Т.Номин-Эрдэнээс гадна хөвгүүдийн 63 кг-ын жинд Ч.Элбэг, охидын 48 кг-ын жинд Д.Номин-Эрдэнэ нар хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлжээ.