МУГЖ М.БАЯРМАГНАЙ: ХИЛЧИД ТА БҮХЭН ЭНЭ ЦАГИЙН ҮЕИЙН ХАМГИЙН САЙХАН, АГУУ ҮЙЛСИЙГ БҮТЭЭЖ ЯВАА ХҮМҮҮС
  • 11:00
  • 427
Авьяас чадвар, эзэмшсэн мэргэжлээрээ энэ нийгэмдээ түүчээлж, олны хайр хүндлэлийг хүлээсэн хошин урлагийн “Маск” продакшны жүжигчин, Монгол Улсын гавьяат жүжигчин Магсаржаламын Баярмагнайтай Алтайн хязгаар нутгийн хилчин дайчидтай уран бүтээлээрээ уулзах үед нь цөөн хором ярилцлаа.

Дэслэгч З.Ундралмаа

-Та аян замдаа сайн явж байна уу? Баруун Алтай хязгаар нутагт хөл тавьж, Алтай хилчидтэй уулзан учирч буй энэ цаг үеийн тань сэтгэгдлийг сонсмоор байна?

-Эх орныхоо хилийг хамгаалж буй нийт хилчдэд энэ өдрийн мэндийг хүргэе. Анх удаагаа энэхүү баруун өмнөд Алтайн хязгаар нутагт хөл тавьж байна. Алдарт дуучин Пэлжээгийн Адарсүрэнгийн нэрэмжит Соёлын төвд хилчидтэйгээ уран бүтээлээрээ уулзсандаа баяртай байна. Хилчдийн халуун дулаан уур амьсгал дунд маш сайхан тоглолт боллоо. Манай хамтлагийн жүжигчин, МУСТА Ж.Мөнхсайхан маань Говь-Алтайн харьяат. Тиймдээ ч манай хамтлагийнхан энэ нутагт аялан тоглох болсондоо баяртай байсан. Сумын төвд тоглохын зэрэгцээ хилийн отрядад тоглож, хилчидтэйгээ уулзсан гэдгээрээ энэ удаагийн тоглолт онцлог байлаа. 

-Танай хамтлаг хил хязгаар нутагт хүрэлцэн ирсэн хэд дэх удаагийн тохиолдол вэ? 

-Хилчдийн тухай манай номеруудыг үзэгчид мэдэх байх. Хилийн ангид хоёр дахь удаагаа тоглож байна. Өмнө нь Увсын хилийн ангид тоглолотоо хүргэсэн удаатай. Боломж бололцоотой бол хилчидтэйгээ уулзаж, ажил албатай нь танилцан, халуун дулаан яриа өрнүүлж, уран бүтээлээ толилуулбал сайхан. Хугацаат цэргийн алба хаагчидтай уулзлаа. Тэд өнгөлөг, эрч хүчтэй, цог золбоотой сайхан байна. Ийм л сайхан золбоотой аавын хөвгүүд хилээ хамгаалдаг байх нь гэсэн бодол төрлөө.  

-Хилчдийн алба, үйл ажиллагааны талаар ямар бодол сэтгэгдэлтэй явдаг вэ?

-Мэдээж Монгол Улсынхаа хилийг хамгаалж, дархан байдлыг хангаж байгаа хилчдийн алба үйл ажиллагаагаар бахархахгүй байхын аргагүй. Бид хэвлэл мэдээллийн хэрэгслээр л хилчдийн алба үйл ажиллагааны талаар мэдээлэл авдаг. Ер нь хилд алба хаана гэдэг тэр болгон аавын хүүд олдох завшаан биш байх. Улсынхаа торгон хилийг үнэхээр эх орныхоо төлөө гэсэн сэтгэл зүрхтэй, зоригтой аавын хөвгүүд хамгаалдаг гэж бодож байна. 

-Хилч, эх оронч үзлийн талаар юу хэлэх вэ?

-Өнөөгийн нийгэмд сошиал орчинд эх оронч дүр эсгэж суухаар өөр өөрийн эзэмшсэн мэргэжил, оногдсон ажил үүргээ сайн гүйцэтгэж өрх гэрээ зөв сайхан аваад явна гэдэг эх оронч байхын хамгийн энгийн жишээ. Тухайлбал, бид уран бүтээлээрээ дамжуулан эх оронч үзэл, эерэг зөв хандлагыг үзэгчдэд хүргэх үүрэгтэй. Хүн бүр өөрөө өөртөө эзэн болж, соёлтой боловсон байж, байгаль дэлхийгээ хайрлаж явбал эх оронч байна гэж өөрийгөө ойлгож болох болов уу. 

-Ингэхэд та цэргийн алба хаасан уу? Хэрвээ цэрэг байсан бол ямар цэрэг байх байсан бол?

-Би цэргийн алба хаагаагүй. Цэрэг байсан бол сэргэлэн, зальтай бас жаахан өлсгөлөн цэрэг байх байсан болов уу. Бага дарга байна энэ тэр гэж ярихгүй ээ. 

-Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаас хуваалцаач?

-Манай хамтлаг энэ жил тоглолт хийгээгүйг үзэгчид мэдэж байгаа байх. Баянхонгор, Говь-Алтай аймгийн сумдад харин тоглолоо. “Соёлын довтолгоон” уран сайхны киногоо мөн олон нийтийн хүртээл болгосон. 

-Та жүжиглэхээс гадна сайхан дуулдаг. Сая тоглолтын үеэр олон сайхан дууг хилчдэд зориулан дууллаа? 

-Дуулах бол миний хобби. Тэр утгаараа өөрийн дуртай 15 дуугаараа дан ятгатай цомог гаргасан. Миний аав физикийн багш атлаа хөгжим тоглодог, сайхан дуулдаг хүн байсан. Би аавыгаа дуурайсан юм байлгүй. Аманхуур, баянхуур, гитар, мандолин, домбор, төгөлдөр хуур зэрэг хөгжмийг өөрийнхөө хэмжээнд тоглочихно. Багын л дуулах дуртай хүүхэд байсан. Ирээдүйд үлдэх юмтай юм болов уу гэж бодоод цомог гаргасан. 

-Амьдралын тань мартагдашгүй, санаанд ойрхон буух сайхан дурсамж бишгүй бий байх?  

-СУИС-д суралцах гээд нутгаасаа явахад аав ээж хоёр “Миний хүү сайн сураад сайн жүжигчин болоорой” гээд уйлсан нь санаанаас огт гардаггүй. Тэр л үгийг нь ямагт санаж, 1996-2000 онд СУИС-ийн кино драмын ангид суралцаж, өдий болтол эзэмшсэн мэргэжлээрээ сайхан ажиллаж, амьдарч явна даа. Хугацаат цэргийн алба хаагчдыг аав ээж, ахан дүүс нь эх орныхоо хилийг сайн хамгаалаад, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй хаагаад ирээрэй гээд сүүгээ өргөөд мордуулсан байх. Тэр л захиас ерөөлийг хилчид сахиж, албаа сайн хаадаг болов уу. 

-Танд хилчдийнхээ өмнөөс урлагийн арвин их амжилтыг хүсэн ерөөе. Энэхүү ярилцлага хилчдэд хүрнэ. Тиймээс тэдэнд хандсан таны ерөөлийн сайхан үгээр өндөрлөе?

-Хугацаат цэргийн алба хаагчдад хандан хэлэхэд эх орныхоо дархан хилийг хамгаалан дүү нартаа халаагаа өгөх уламжлалыг нэр төртэй биелүүлж байгаад талархал дэвшүүлье. Хилчид энэ цаг үеийн хамгийн сайхан, агуу үйлсийг бүтээж буй эрч хүчтэй, зоригтой хүмүүс шүү гээд эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе. Монгол Улсын хил тайван байг.