БОКСЧИН Т.НОМИН-ЭРДЭНЭ: ОКИ АХЫН ПҮҮЗИЙГ ӨМСӨӨД ТУЛАЛДАЖ АВАРГАЛСАНДАА БАЯРТАЙ БАЙНА
  • 11:06
  • 823
Сонирхогчдын боксын өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Арабын Нэгдсэн Эмират улсын Фужайрах хотод болж охидын 57 кг-ын жинд Чингэлтэй дүүрэг, “Хилчин” спорт хорооны тамирчин Төгсжаргалын Номин-Эрдэнэ алтан медаль хүртэж, Азийн аварга болсан тухай бахархалтай сайхан мэдээг элэг нэгтнүүддээ дуулгаад удаагүй байна.

Ахлах дэслэгч Б.АЛТАНЦЭЦЭГ

Сонирхогчдын боксын өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Арабын Нэгдсэн Эмират улсын Фужайрах хотод болж охидын 57 кг-ын жинд Чингэлтэй дүүрэг, “Хилчин” спорт хорооны тамирчин Төгсжаргалын Номин-Эрдэнэ алтан медаль хүртэж, Азийн аварга болсан тухай бахархалтай сайхан мэдээг элэг нэгтнүүддээ дуулгаад удаагүй байна. Энэ үйл явдал нь Монголын боксын түүхэнд анхдагч болон бичигдэж байгаа юм. Боксын спортод хөл тавиад удаагүй ч Монгол Улсын төрийн дууллаа тивийн тавцанд эгшиглүүлэн, амжилт дүүрэн яваа мундаг охинтой Хан-Уул дүүргийн спортын ордонд улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр туслах дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэж байхад нь ярилцсан юм.

-Нийт хилчдийнхээ өмнөөс баяр хүргэе. Чи их хөөрхөн юм аа?

-Баярлалаа./Инээв.сур/ Намайг Төгсжаргалын Номин-Эрдэнэ гэдэг. Ж.Еркин багшийнхаа шавь болоод гурван жил болж байна. “Сэтгэмж” цогцолбор сургуулийн 11 дүгээр ангийн сурагч. Энэ жил 16 настай. 

-Анх боксын спортод яагаад хөл тавих болов? Сонирхол байсан уу?

-Ер нь сонихолтой байсан шүү. Манай агаа боксчин хүн. Тиймээс агаагаа бокс тоглохыг харж, энэ спорт гоё юм байна гэж аавтайгаа ярилцаад анх орсон. 

-Агаа нь хэн билээ? 

-Б.Түвшинбат гэдэг. Бокс сонирхогчид таних байх аа. Мундаг боксчдын нэг. 

-Өөрөө айлын хэд дэх хүүхэд вэ?

-Би айлын том охин. Гурван дүүгийн эгч. 

-Аав ээжийгээ танилцуулбал?

-Ээж нягтлан бодох мэргэжилтэй. Одоо гэхдээ ажлаа хийхгүй дүү нарыг харж байгаа. Аав минь харин бурхан болсон.  

-Боксын спортод анх хөл тавихад тэр чигтээ танихгүй, мэдэхгүй ертөнц байсан байх?

-Надад хэцүү байгаагүй ээ. Багш дээрээ ирээд шинэ юм ихийг сурсан. Маш хурдан сурсан. Аав миний охин боксоор хичээллэх үү гэсэн, би ч биеэ хамгаалах зорилгоор зөвшөөрсөн. 

ЭНЭ СПОРТООР ЭМЭГТЭЙ ХҮН АМЖИЛТ ГАРГАХ БОЛОМЖ ИХ БИЙ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬДОГ

-Охид боксын спортыг чам шиг төдийлөн сонирхдоггүй болов уу. Үеийнхэн нь яаж хүлээж авдаг вэ?

-Эмэгтэй хүн энэ спортоор хичээллэх нь хэцүү гэж ярьдаг л даа. Гэхдээ энэ спортоор хичээллэн амжилт гаргаснаар харин ч “мундаг юм аа” гэж олон хүн хардаг. Энэ спортоор эмэгтэй хүн амжилт гаргах боломж их бий гэдгийг харуулахыг зорьдог. Надад ер хэцүү санагддаггүй. Зүгээр л би боксоор хичээллэх ёстой юм шиг санагддаг, хувь заяа гэж боддог. Би боксын спортод үнэхээр дуртай. Нөгөө талаар дуртай зүйлээ хийж яваа болохоор хэр баргийн зүйлд шантардаггүй байх. Ядарч, больё гэмээр санагдсан ч шүд зуугаад зүтгэдэг.

-Хүнд бэртэж байсан уу?

-Өнгөрсөн жил Чойрт болсон тэмцээний аваргын төлөө өрсөлдөж байхад гар хугарсан. Уйгагүй эмчилж, гам хийж байгаад таван сарын дараа эдгээсэн юм. Бэртэх хамгийн хэцүү. Тэглээ гээд би бууж өгөөгүй, зорилгоосоо ухраагүй. Ээж, багш хоёр бүх талаар дэмжсэний хүчинд богино хугацаанд спортдоо эргэж ирсэн.

-Хэр хугацааны дараа бэлтгэлдээ эргэж орсон бэ?

-Долоон хоногийн дараа. Гараа гипсдэн, сойж байгаад л бэлтгэлээ хийсэн. Аль болох хөндөхгүйг хичээсэн, эрүүл гараараа түлхүү бэлтгэл базаасан.

-Боксын спортоор хичээллэхийн, дэвжээнд тулалдахын хамгийн сайхан нь юу вэ?

-Хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэн, ялах хамгийн сайхан.

-Чи сургуулийнхаа орчинд ямар сурагч вэ. Өөрийгөө тодорхойлбол? 

-Нийтэч. Хичээл номоо мэдээж хийнэ. Спортынхоо хажуугаар хичээлээ хийхгүй бол болохгүй биз дээ. 

-Ямар хичээлдээ илүү сонирхолтой вэ?

-Хэлний хичээлд дуртай. Англи хэлийг сайн сурах юмсан гэж боддог. 

-Боксоор хичээллэсэн энэ гурван жилийн хугацаанд олон тэмцээн уралдаанд оролцсон байх. Ямар амжилтуудыг үзүүлсэн бэ?

-Бага насны улсын аварга шалгаруулах тэмцээнд 2017, 2018 онд түрүүлсэн. Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний хошой алтан медаль, “Шилдэг тамирчин” өргөмжлөл, Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медаль, бусад олон тэмцээний медаль, өргөмжлөл бий. 

-Хамгийн сүүлийн тэмцээний амжилтыг онцлохгүй байхын аргагүй. Учир нь Монгол Улсын боксын түүхэнд бичигдэх амжилтын эзэн болж чадлаа шүү дээ?  

-Энэ жил өсвөр насны ангиллаас би мултарч байгаа. Тиймээс хамгийн сүүлийн жил учраас энэхүү тэмцээнд оролцоод үзэхээр шийдэн улмаар АНЭУ-ыг зорьсон. Сугалаа гарч би хүрэл медаль дээр буусан. Мөнгөн медалийн төлөө Казахстаны, алтын төлөө БНХАУ-ын тамирчинтай үзсэн. Миний жинд Энэтхэг, Тайвань улс оролцсон. Өндөр зэрэглэлийн тэмцээн болсон. 

-Чи хэдэн кг-ын жинд тулалддаг вэ?

-57 кг.  

-Тийм үү. Тэгж харагдахгүй байна, ястай байх нь ээ. Хамгийн ширүүн өрсөлдөгч хэн байв? 

-Мэдээж алтын төлөөх тулаан ширүүн болсон. 4:1 харьцаагаар ялалт байгуулсан. Эхний үе бага зэргийн сандралтай өрсөлдөгчөө таних зорилготой тоглолт өрнөсөн. Дараагийн үеүдэд дасаж, таньж, аргыг нь олж тоглосон. 

-Боксын спортоор хичээллэсэн энэ гурван жилийн хугацаанд өөрийгөө олон талаас нь олж харж, таньсан байх. Өөрийгөө тодорхойлооч?

-Боксын давуу тал гэвэл би өөрийгөө хөдөлмөрч гэж боддог. Боксод би хайртай, дуртай. Тиймдээ ч амжилт гаргаж байгаа гэж өөрийгөө боддог. Би багшийнхаа зааварчилгааг сайн авдаг. 

-Бэлтгэл сургуулилтаас амжилт шууд хамааралтай байдаг. Хажуугаар нь чи айлын том охин. Үүрэг хариуцлага хаа хаанаа өндөр байх нь тодорхой?

-Манай гэр Зурагтад байдаг. Бэлтгэл, сургууль, гэр бүгд нэг дор амар. Бэлтгэлдээ өдөрт 2-3 цагийг зарцуулдаг. 

ЯЛАГДСАНЫХАА ДАРАА БИ БОДДОГ, ААВ МИНЬ ӨӨД БОЛСОН, ОДОО ГЭР БҮЛЭЭ БИ АВЧ ЯВАХ ХҮН ГЭЖ ӨӨРИЙГӨӨ ХУРЦАЛДАГ ДАА

-Энэ хугацаанд шантрах үе байсан уу. Ялагдах үед ч юм уу?

-Мэдээж ялагдалгүй яахав. Ялагдсаныхаа дараа би боддог. Аав минь өөд болсон, одоо гэр бүлээ би авч явах хүн гэж өөрийгөө хурцалдаг даа.

-Уучлаарай, хариулахгүй байсан ч болно. Аав нь залуугаараа бурхан болжээ?

-Тэр үед буюу өнгөрсөн жил өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцон Дорноговь аймаг руу явчихсан байсан юм. Тэмцээний сүүлчийн өдөр аав минь өнгөрсөн юм билээ. Надад хэн ч, юу ч хэлээгүй. Галт тэргэнд суугаад аав намайг тосох ёстой гэж бодоод залгах гэтэл багш аав нь тосож чадахгүй гэсэн. Би дотроо охин нь алтан медаль аваад ирж байхад яасан муухай юм бэ гэж бодсон. Багш намайг гэрт хүргэж өгсөн юм. Гэрийн хаалга онгорхой байв. “Амьдралд юу ч тохиолдно шүү миний охин” гээд онгорхой хаалгаар намайг оруулсан. Аав минь зүрхний өвчнөөр зуурдаар бурхан болсон.  

-Харамсалтай байна. Алтан медаль аваад охин нь гэр бүлдээ ирэх тэр баярт мэдээг тэнгэрээс аав нь харж байгаа гэдэгт итгэлтэй байна.  

-Аавынхаа амьдад баярлуулж чадсан гэж боддог. Миний аав намайг маш их дэмждэг байсан. 

-Энэ удаагийн тэмцээнд туслах багшийн үүрэг гүйцэтгэж байгаа гэсэн. Ямар үүрэг гүйцэтгэх билээ? 

-Надтай хамт хичээллэдэг найзууд, дүү нар минь тулалдаж байгаа. Дүү нартаа юм зааж өгдөг. Манай дүү нар их мундаг, хөөрхөн хүүхдүүд. 

-Цаашдынхаа зорилгыг маш томоор харж, тавьж байгаа болов уу?

-Мэдээж тэгэлгүй яахав. Би Оки ахыг хүндэлдэг, шүтдэг. /МУГТ Д.Отгондалайг хэлж байна/ Цэргийн хүн болох хүсэл надад байгаа. Хилийн цэрэгт орох хүсэл байдаг. Тамирчин хүний дээд мөрөөдөл олимпийн аварга болох. Би ч ингэж мөрөөддөг. Миний хувьд гэхдээ спортын замнал дөнгөж эхэлж байна. 

ТАМИРЧИН ХҮНИЙ ДЭЭД МӨРӨӨДӨЛ ОЛИМПИЙН АВАРГА БОЛОХ. БИ Ч ИНГЭЖ МӨРӨӨДДӨГ

-Ирэх жил 12 дугаар ангиа төгснө. Мэргэжил сонголтоо хийсэн үү? 

-Мэргэжлээ сонгоогүй байгаа.

-Танай сургуулийнхан чамайг боксчин гэдгийг бүгд мэддэг байх. Яаж хандах уу? 

-Манай ангийнхан, найзууд намайг маш сайн дэмждэг. Их гоё. Миний хичээлийг нөхөөд өгчихнө. Манай ангийн багш ч намайг дэмждэг болохоор ардаа айдас байдаггүй. Бүгд бэлтгэлээ сайн хий гэдэг шүү. 

-Чиний хувьд хамгийн үнэ цэнэтэй олдсон медаль гэвэл? 

-Би туршлага багатай байсан юм. Дарханд нэг тэмцээнд ороод маш сайн тоглосон ч нэг эгчид хожигдчихсон. Гэхдээ би шилдэг тамирчин болсон л доо. Тэр тулаан намайг цаашид илүү сайжирхад түлхэц болсон. 

-Шартай юу?

-Шар байлгүй яахав. Хожигдчихвол уйлна. Шүдээ зуугаад л байна шүү дээ. /Инээв.сур/

ОДОО ДАСЧИХСАН ЮМ УУ, ХЭР БАРГИЙН ӨВДӨЛТ МЭДРЭХЭЭ БАЙСАН

-Мэдээж хүнд спорт учраас өвдөх үе зөндөө биз дээ?

-Анх энэ спортоор хилчээллэж эхлэхэд өвддөг байсан. Одоо дасчихсан юм уу хэр баргийн өвдөлт мэдрэхээ байсан. 

-Айн, өвдөлт мэдрэхгүй гэсэн чинь юу гэсэн үг бэ?

-Нүд ихэвчлэн хөхөрнө. Биеийн хаа сайгүй хөхрөх үе ч бий. Сүүлдээ энгийн үзэгдэл шиг болчихдог юм. 

-Ээж нь охиндоо юу гэж захих уу? 

-Ээж эхлээд намайг энэ спортоор хичээллэхэд дургүй байсан. Нүд хөхрөөд ирэхээр миний охин боль боль гэнэ. Би ч “зүгээр ээ ээж ээ” гэнэ. Сүүлдээ харин амжилт гаргаад эхэлсэн илүү их дэмждэг болсон. “Миний охин бэлтгэлдээ л яв. Гэмтэж бэртчихгүй аятайхан байгаад үзээрэй” гэж захьдаг. 

-Ээждээ хариуд нь яаж тусалж байна?

-Дүү нараа харж өгнө. Гэрээ цэвэрлэнэ. Ээж хамгийн гол нь намайг зөнгөөр минь байлгадаг. Их дэмждэг. 

-Боксоос өөр чиний сонирхдог зүйл? 

-Би бүжиглэх дуртай. Цэцэрлэгт байхаасаа бүжиглэж эхэлсэн. Урилгаар бүжиглэдэг охин байлаа шүү дээ. /Инээв.сур/ Одоо харин бараг бүжиглэхээ байсан. Бас зураг зурах дуртай байсан. Тавдугаар ангидаа зургийн тэмцээнд тэргүүлэн зурах хүсэл сонирхолтой болж байлаа. Одоо аль аль нь байхгүй ээ. Бүх л юм бокс болчихоод байгаа. 

-Бүжиглэх чадвар боксчин хүнд чухал байх шүү. Хөдөлгөөний эвсэл их чухал харагддаг? 

-Тийм. Боксчин хүн бусад спортод сайн байх ёстой гэж боддог. 

-Монголын болон гадны тамирчдаас чиний хүндэлдэг боксчин гэвэл хэнийг нэрлэх вэ?

-Оки ахыг маш их хүндэлдэг. Дэлхийд гэвэл Кети Тайлор гээд 2016 оны олимпод түрүүлсэн тамирчин бий. Одоо харин мэргэжлийн боксод тулалддаг болсон. Дэлхийн алдартай боксчдын техникээс суралцахыг хичээнэ. Зөвийг нь өөртөө тусгаж авдаг. 

-Үнэхээр Оки ахыгаа хүндэлдэг бололтой. Хамт бэлтгэл сургуулилт хийх боломж гардаг уу?

-Манай “Хилчин” спорт хорооны бэлтгэлийн зааланд ирж бэлтгэл хийдэг. Оки ахыг хараад цэргийн хүн болох юмсан гэж хүсдэг болсон. Медаль аваад цэргийн хувцастайгаа ёслохыг нь харах гоё санагддаг. Оки ах өөрийнхөө олимпод өмсөж байсан пүүзийг энэ жил бэлтгэлийнхээ үеэр надад бэлэглэсэн. Тэр пүүзийг өмсөөд сая рингэнд гарсан. Бага зэрэг томдож байгаа л даа. Би маш их баярласан. Үнэтэй пүүз л дээ. Ийм пүүз авах юмсан гэж бодож байсан. Аваргын пүүзийг өмсөж гараад аварга болсондоо баяртай байгаа. 

-Аливаа тэмцээнд оролцоход зардлын асуудал хүндрэлтэй. Ялангуяа гадны улс оронд зохион байгуулагдаж байгаа тэмцээнүүдэд. Сүүлийн тэмцээнд санхүүгийн асуудлаа хэрхэн шийдвэрлэж оролцов? 

-Ж.Еркин багшийн нутгийн ах надад маш их тусалсан. Бусдыг нь зээл тавиад яаж ийж байгаад оролцсон. 

-Ярилцлагын эхэнд авга ах нь боксчин гэж хэлж байсан шүү дээ. Ах нь чиглүүлнэ биз? 

-Туслалгүй яахав. Нагац ах Түмэн-Өлзий энэ удаагийн тэмцээнд их тусалсан. Энэ дашрамд ах эгч нартаа, ангийнхандаа, багшдаа их баярлалаа гэж хэлмээр байна.  

-Чиний сайн найз гэвэл?

-Мэдээж манай ангийнхан байна. Саяхан Япон руу тэмцээнд явахдаа олон найзтай болсон. Жүдогийн маш сайн найзтай болсон. Бид бие биенээ их дэмждэг. 

-Гадаадын хэр олон орноор явж үзсэн бэ? Бие даах хариуцлагатай тулгардаг байх?

-Япон, Казахстан, Орос, Дубай, Хятад улсаар явж үзсэн. Ганцаараа явж байгаа учраас өөрийгөө аваад явах хэрэгтэй болдог. Анх бол юу ч мэдэхгүй байсан. Багш л бүгдийг зохицуулж, чиглүүлж өгсөн. Одоо бол бие дааж сурсан. 

-Олон хоног хол явахаар гэрээ санана биз? 

-Анх нэг сарын хугацаатай Казахстан руу явсан. Тухайн үед санасан, сүүлдээ харин санахаа байчихдаг юм билээ. Дубай руу сая 14 хоног яваад ирсэн. 

-Дубайгаас дүү нартаа ямар бэлэгтэй ирэв. Мэдээж медалиасаа гадна шүү дээ?

-Чихэр жимстэй ирсэн. Дүүдээ өмсөх куртик авсан. Харин ээждээ мөнгөний боломж тааруу байсан болохоор юм авч чадаагүй. Манай дүү нар их хөөрхөн. Эгчийгээ их дэмждэг. 

ХИЛ ДАВААД ЭХ ОРОНДОО ОРЖ ИРЭХЭД НУТГИЙН АГААР ӨӨР БАЙДГИЙГ МЭДЭРСЭН

-Хилээр овоглосон маш том байгууллагын дугуйланд хичээллэж байгаа шүү дээ. Ингэхэд хилийн тухай юу мэдэх вэ?

-Хилийн тухай сайн мэдэхгүй. Хилээр бол орж, гарч байсан. Хил даваад эх орондоо орж ирэхэд нутгийн агаар өөр байдгийг мэдэрсэн. Уушги гүнзгий амьсгалж байгаа юм чинь. 

-Боксоор хичээллэдэг охидыг хатуу ширүүн болдог гэдэг. Чиний тухайд?

-Хатуу үедээ хатуу, зөөлөндөө зөөлөн. Ер нь бол чөлөөтэй стильтэй болсон. Бариу даашинз бараг өмсөхгүй дээ. Нэг удаа урт үстэй байхдаа даашинз өмсөж байсан. 

-Үсний стиль бол гоё байна шүү. Зохиж байна?

-Саяхан хими хийлгэчихсэн юм. Уг нь шулуун байсан. Үсээ тайраад бараг хоёр жил болж байна. Урт үстэй үед урдуур ороод төвөгтэй байдаг. Өвлийн цагт хөлсөндөө нороод хөлдчихөөд удаан хатна. 

-Чи энэхүү ярилцлагаар дамжуулан хэнд баярлалаа гэж хэлэх вэ? 

-Ээждээ их баярлаж явдаг. Хайртай шүү. Тэнгэрт байгаа аавдаа маш их баярлалаа. Аав минь намайг энэ спортод хөтлөөгүй бол би амжилт гаргахгүй байсан. Ж.Еркин багшдаа маш их баярлаж байна. Дастан, Түмэн-Өлзий, Түвшинбат, Оки гээд ах нартаа ч баярлалаа гэж хэлье. 

ӨНДӨР УУЛЫН ӨГСҮҮР ДЭХ МЯЛААЛГА ҮГ 

“Хилчин”спорт хорооны боксын дасгалжуулагч, хошууч Ж.Еркиний шавь нар эхнээсээ дэлхийн энтэй тамирчин болж буйн илэрхийлэл нь Номин охин юм. Өөрөөсөө эрч хүч, цайлган цагаан инээд цацруулсан энэ охинтой тамирчдын хөлс ханхалсан спорт зааланд ярилцах үнэхээр таатай байлаа. Ухаантай, хэрсүү энэ охины ярианд хэв маяг гэж алга. Яг л өөрийнхөөрөө. “Амьдрал миний нуруун дээр байна” гэх үгэнд хат сууж, алсыг харсан нь аргагүй л спортын хүн гэлтэй. “Энэ спортоороо амжилт гаргаад л байвал хаа ч хүрэхэд бэлэн” гэх халгисан их тэмүүлэл дүүрэн байна. 

Цагаан толгойгоор бол А үсгээ ч танихгүй сониуч зандаа хөтлөгдөн тус спорт хорооны босгыг даван орж ирсэн аавын хүү, ээжийн охидыг ийнхүү амжилтын замд гардан хөтөлж буй газар бол “Хилчин” спорт хороо, хошууч Ж.Еркиний хөдөлмөр зүтгэлтэй салшгүй бүр нягт холбоотой. Хэдийгээр амралтын өдөр ч гэлээ Хан-Уул дүүргийн спортын ордонд “Хилчин”-гээр овоглосон бага насны зургаа, долоон тамирчин багшийнхаа хамт бэлтгэлээ ид базааж байлаа. “Хилчин” гэх зориулалтын хувцасаар хөвгүүд, охид жигдэрчээ. Тэд Баянхошуу, Зурагт орчмын хүүхдүүд. Бүгд сургаар, найз нөхдөөсөө боксын дугуйлан хичээллэдгийг анх дуулаад сонирхон иржээ. “Хилчин” спорт хороонд боксын дугуйлан хичээллэж эхэлсэн гурван жилийн хугацаанд нийт 100 гаруй хүүхэд давхардсан тоогоор хичээллэсэн тоо бий. Одоогоор зорилгоо тодорхойлон жигдэрсэн 15 орчим хүүхэд эрчимтэй хичээллэж байгаа аж. Боксын дугуйлан хичээллэж эхэлсэн эхний жил амжилт төдийлөн гарсангүй. Суурь тавигдсан гэж болно. Харин хоёр дахь жилээс тэдний амжилт яван чангарч, тэмцээн уралдаанаас медальгүй мултрахаа байжээ. Хамгийн сүүлийн амжилтыг дурдья. Монгол Улсын ардын багш, МУГД, академич, профессор, ОУХМ Д.Банди багшийн нэрэмжит бага насны боксчдын “Олимпийн гараа-40 жил” тэмцээнд есөн тамирчин оролцож, таван алтан медаль хүртжээ. Өөр нэг сайхан мэдээ нь тэмцээний шилдэг дасгалжуулагчаар хошууч Ж.Еркин шалгарсан байна. Биднийг сурвалжлахаар очиход ах дүү хоёр нүдээрээ инээсэн шар нөхөр үзэж тарж байлаа. Ах Ц.Маналын хувьд хичээллээд хоёр жил болж байгаа бол, дүү охин Ц.Лхам жил хагас боксоор хичээллэж байгаа аж. Ах дүү хоёр нэг хүсэл тэмүүлэл, мөрөөдлийнхөө ачаар мөрөөдлөө бататган алтан медалийн тавцан дээр гар гараасаа атгалцан гарчээ. Бусад тамирчдын хувьд эрэгтэй 34 кг-ын жинд Э.Төгсбилэг алтан медаль, 38 кг-ын жинд М.Батзориг алтан медаль, +40 кг-ын жинд Д.Тэнгис алтан медаль тус тус хүртсэн байна. Аваргын төлөөх тэмцээний өмнөх өдөр медалийн тавцан дээр ээлжлэн гарч тоглох хөөрхөн хөвгүүд, охид ийнхүү алтан медалийн эзэд болж чаджээ. Өөр олон хөвгүүд, охид бий. Хүүхдүүд тус спортоор хичээллэснээр тэвчээртэй болсон тухайгаа ярьж байлаа. Бас нөхөрсөг, бие биенээсээ суралцах зүйл олон байдаг талаар ярина. Дугуйлангийн гурван охидын нэг болох Ганчимэг насаар арай эгч гэсэндээ чимээгүйхэн инээмсэглэн бусдыгаа харж зогсно. Хүүхдүүд надаар дамжуулан багшдаа баярлалаа гэж дайхыг хүссэн юм. Эх орноо хамгаалдаг хүнийг хилчин гэдэг гэсээр өөрийн шавилхан биендээ их тэнхээ, цохилох зүрхэндээ дэлхийг багтаасан "Хилчин" спорт хорооны бяцхан тамирчдын амжилт арвин байна. Дасгалжуулагчийн хувьд ч тэр нэгэн өдөр зүүдэлсэн зүүдээ зөнтэй хэмээн итгэж өндөр уул өөд бяцхан шавь нарынхаа хамт өгсөж явна. Багш нь эзгүй цагт ч бэлтгэлээ төлөвлөгөөний дагуу өөрсдөө базаадаг дайчин, зорилготой хэдэн шавь нараараа тэр үнэхээр бахархаж байна. Зогсолтгүй урагшилж, уулын дээд оргилд нь хүрэхээр тэмүүлж яваа багш, шавь нарын алдрын зам дардан шулуун байг. Тэд тэмцээнээ дуусгаад багшийнхаа машинд бүгд суун гэрийн зүг хөдөллөө. Уйлах үе зөндөө гэхдээ л бусад хүүхдээс илүү бид тэвчээр хатуужил суусан гэж ярих тэд баяр хөөр, аз жаргал дүүрэн ийнхүү урагшилж явна.