“ЭХ ОРОН ТАЙВАН БАЙНА” ГЭЖ ИЛТГЭХ “ЦЭНХЭР ТЭНГЭРИЙН ОРОН”-Ы ЭЗНИЙД
  • 11:18
  • 7253
Уртнасангийн Пүрэвсүрэн. Түүний олон сайхан уран бүтээл хилчдийн төдийгүй аялгуут дуунд дуртай ард түмний дунд ойр юм. “Цэнхэр тэнгэрийн орон” дууг нь мэдэхгүй монгол хүн, “Эх орны хил тайван байна” дууг аялахгүй хилчин гэж үгүй. Тэгвэл үг урлагч хийгээд аялгуу сүлэгч энэ эрхмийнд таныг зочлуулж байна. ХЦДБЧ-ын ерөнхий найруулагч, дэд хурандаа У.Пүрэвсүрэнгийнх.

Ахлах дэслэгч Б.АЛТАНЦЭЦЭГ

ӨРХИЙН ТЭРГҮҮН, ҮРСИЙН ЭЦЭГ ПҮҮЖЭЭ

Энэ жил аргагүй л илүү сартай намар аж. Арваннэгдүгээр сар хэдийгээр гарсан нь “Харуул-Алтай” хотхоны гадна хүүхэд хөгшид нарлаж хөл ихтэй. Миний зорьж ирсэн айл тус хотхоны 104 дүгээр байранд төвхнөөд уджээ. Үүдээр оронгуут “Гоомарал аа, миний охин аав нь дуртай хоолыг нь авчирлаа” гэв. Хорголжин бор нүдтэй дөрөв, тав орчим насны охин гадны хүнээс гэрэвшсэн бололтой цаад өрөөнөөс бултганаад гарч ирсэнгүй. Гэрийн эзэгтэй бие тулгар, ирэх сард амаржих гэнэ. У.Пүрэвсүрэнгийнх гэх айл тав дахь хүүхдээ өлгийдөн авах гэж буй нь энэ. Том хүү П.Билгүүнтөгс арваннэгдүгээр ангийн сурагч. Харин удаах охин П.Энхтуул долдугаар ангид суралцдаг. “Манай том Увсад сурдаг юм. Охин минь сурлага сайтай, ангийн дарга. Аав ээжүүд хүүхдээ хичээлээ хийгээч гэж шаарддаг бол манай охин наад хичээлээ болиод өгөөч гэж хэлүүлдэг” гэж аав магтлаа. Дунд хүү П.Билэгтөгөлдөр гуравдугаар ангийн сурагч. Үсээ хажуу тийш хагалсан ч өнөөх нь байсхийгээд урагш орох хүү агаарын сайхан тогтуунд гадаа найзуудтайгаа гарч тоглох гэж яарч буй бололтой. “Үсээ янзалчихсан бай хүмүүс ирнэ гэж байхад хамаг ритинг унагалаа” гээд хүүгийнхээ үсийг илбэн инээв. Харин бага охин П.Гоомаралыг тийм даруу “эд” бус болохыг урьдчилан дуулгав. “Сэргэлэн нь цаашаа нөхөр байгаа юм. Нэг удаа цэцэрлэгийн багшаас нь чөлөө авах гээд залгатал Гоомарал энэ долоо хоногт ирэхгүй байсан ч болно гэсэн шүү дээ” гэлээ. Бид тэдний хүүхдүүдийн тухай яриагаар ийнхүү эхэлж цааш өрнөх нь тодорхой болов. “Танайд зочилъё” булангийн эрхэм зорилго тухайн эрхэм өргөө гэртээ чухам хэн бэ гэдгийг өгүүлэхэд оршдог. 

Бид гэрийн эзэгтэйн бэлтгэсэн ширээний ард суун тухаллаа. Чихэр жимс тэргүүтнийг дээжлэн ширээн дээр тавьжээ. Гэрийн эзэгтэй сүүтэй цай аягалан дээжийг нь хоёр гардан ханьдаа барилаа. Цай амсангуутаа би нөгөө реклам дээр гардаг шиг, “Яасан сайхан сүлэрсэн цай вэ” гэж уулга алдав. Гэрийн эзэн, эзэгтэй хоёул Увс нутгийнх. Баруун зүгийнх тэр тусмаа Увс нутаг аагтай шаргал өтгөн цайгаараа алдартай. Уулга алдахтай зэрэгцэн Пүүжээ, “Өө би гарын цайгаа чанаж өгье гэж бодсон юм. Манай хүн өрсчихөж л дээ. Эхлээд байхуу найруулж өгөх ёстой байсан юм” гэж тэрүүхэн хооронд сийрч инээлдлээ. Харин өөрөө аягатай цайгаа ууж дуусаад хөлсөө арчаад, “За айрагт ямар вэ. Булганы Сайханы айрагаар дайлна. Хоол шиг айраг даа” гээд аягалав. Энэ үеэр гаднаас нэгэн залуу мэнд мэдэн орж ирсэн нь түүний эгчийн хүү аж. Хил хамгаалах байгууллагын анхны гэрээтүүдийн нэг бөгөөд одоо Увс аймгийн цагдаад ажилладаг аж. Ах түүнд тушаал буулгасан тул хичээлийнхээ завсраар яваа нь энэ гэнэ.     

“Ээжийн хөөргийг дөхүүлээч улстай хөөрөглөе” гэвэл гэрийн эзэгтэй хойморын шүүгээн дээр дээш тавьсан дунд гарын гартааман нүүдэлтэй манан хөөргийг авч өглөө. Ингээд монгол сайхан ёсоор хөөрөг зөрүүлэв. Сайхан агь гангын үнэр шингэжээ. Хэдэн жилийн өмнө ээждээ энэхүү хөөргийг бэлэглэхдээ үнэрээ шингээгээрэй гэж. Хожмын энэ өдөр эхийнхээ үнэрийг нэхэн байж ахин дахин үнэрлэнэ гэж бодсон нь ямар холч бодол эртнээс тээгээ вэ гэх ухаарлыг давхар надад төрүүллээ. Аргагүй л хүүгийн бодол доо. Надад ч тэрхүү хөөрөгний үнэр нэг л сайхан санагдах. 

Орж ирсэн цагаас хойш гал тогоо хавиар эргэцэх гэрийн эзэгтэйг Ц.Алтантуул гэдэг. Харин Пүүжээ гэргийгээ Аагий гэж дуудах юм билээ. Ханиа, гэргий, хайраа гэдэг үгнээс илүүтэйгээр анх танилцахдаа дуудсанчлан Аагий гэх нь илүү дотно санагддаг гэлээ. Гэрийн эзэгтэй, “Та нар гэрийн боорцог сонирхох юм болов уу даа” гэж тавагтай идээ ширээ рүү дөхүүлэх гэснээ түдгэлзэхэд нь “Би идэлгүй яахав” гэлээ. Гэрийн эзэн, “Би гэдэг хүн гэрийн боорцог, бин хоёрт нугасгүй. Сүүтэй цайнд бин хийгээд идэх ч сайхан шүү дээ” гэсээр ажлаасаа шууд ирсэн бид нийлэн цай оочиллоо. Тулгар биетэй хүн энүүгээр тэнүүгээр ажил хийж цондгоноход нь бүсгүй хүний хувьд санаа зовнин дэмий л “та жаахан суугаач” гэлээ. Харин энэ үеэр Пүүжээ гэргийдээ туслан гал тогооны ажилд ханцуй шамлан оржээ. Пүүжээ, “Манай нутгийн заншлаар зочид ирсэн үед гэргий хүн гэрийн эзэнтэй зэрэгцэн сууж, яриа хөөрөөнд оролцохгүй гээд уламжлал арай өөр шүү” гэв. Нээрээ л энд тэнд томилолтоор явахдаа Увс нутгийн зан заншлыг бага сага гадарлах болсон тул ойлгов. Гэрийн эзэгтэй гурил зуурч, харин гэрийн эзэн “тарган шар нөхөр”-ийг төхөөрөх ажилд шаламгайллаа. Харин ширээний ард суусан би ам хөдөлгөх зууртаа энэ тэрийг ажиглан асууж сурах ажилдаа оржээ.  

УРАН БҮТЭЭЛ БҮХЭН АВШИГТАЙ

Одоогоос хэдэн жилийн өмнө “Захирагч сан”-гийн тэргүүн хурандаа Б.Ловуу-Игнэнгээс хурандаа хүн, энэ эрхэм цолны тухай сайхан уран бүтээл хийж өгөхийг хүсчээ. Дууны шүлэг бичих гэсэн нь найраглал болж орхиж. Ингээд ангийн захирагч нарын цугларалтаар өнөөх найраглалаа уншиж өгтөл ихэд сайхан хүлээж авч, хариу мялаажээ. Бага ч үгүй мөнгөөр мялаасан байна. Тухайн үед Хилийн 0119 дүгээр ангийн захирагчаар ажиллаж байсан хурандаа Х.Лхагвасүрэнд тэрхүү мөнгийг өгөөд, “Аав минь амьд сэрүүн байсан бол хүүдээ өрх тусгаарлаад өгөх байсан болов уу. Дүү нь хотод байр түрээслэж амьдардаг юм. Хилийн аавууд надад нэг нь ханаа, нөгөө нь дээврээ өглөө гэж бодож байна” гэж хэлээд байрны урьдчилгаа болгохоор өгснөөр энэхүү өргөө гэртээ оржээ. Тиймээс ч тэрбээр Монгол Улсын “хилийн аавууд”-ын барьж өгсөн өргөө гэж хүндэтгэж явдагаа ярилаа. Харин би дотроо уран бүтээлийн авшиг хүртээл гэж энэ байх гэх бодол төрнө. 

СУИС-ийн оюутан болох хүртлээ тэрбээр шүлгэнд согтсон, дурласан хөвгүүн явсан гэж хэлж болно. Түүний өсвөр, залуу нас шүлэг найрагтай хэлхэгдэж, үгсийн яруугаар өөрийгөө илэрхийлж байв. Урлагийн хүн болох нь сурагч ахуйдаа тодорчээ. Оюутны байранд байхдаа 13 настайгаасаа эхлэн бичсэн шүлгийн дэвтрээ алдсандаа одоо ч тэрбээр харамсдаг. Олон жилийн шүлэг, бодролоо нэгэн дор алдсан нь яг л өөрийнхөө үнэт зүйлийг гээчихсэн мэт сэтгэгдлийг төрүүлсэн гэсэн. Нэг хэсэг гутарч хэдэн жил үзэг цаас нийлүүлээгүй байна. Үзүүр нь мохсон гэхүү дээ. Энэ явдлаас хойш олон жилийн дараа түүний нэгэн шавь дэвтэр бэлэглэсэн нь эргэж шүлгийн мөрүүдээ тэрлэхэд хүргэжээ. Бор дэвтрээ алдаж эмтэрч, эргэж бор дэвтэртэй учирсан түүх ийм. Тэр нэгэн бор дэвтэртэй учирснаас хойш нэг мянгын хагас шүлэг бичээд байгаа аж. Гучаад дуунд аялгуу хийж, дуурийн цомнол, жүжгийн болон кино зохиол гурвыг бичиж, гурван баримтат кино, 20 орчим найраглал туурвижээ. Уран бүтээлийн хоёр ч CD өлгийдсөн нь уншигч таны сонорт хэдийнэ хүрсэн билээ. Шүлгүүдээ хэзээ эмхэтгэн уншигчдад хүргэхийг нь сонирхвол түүнд нэг эмээлт байна гэлээ. “Шүлгүүдээ эргээд харахаар миний амьдрал, миний үнэт бүх юм байх. Гэтэл тэр миний амин хайртай зүйлсийг ном болгоод бусдад өгөхөд өнөөх хүн тоож уншихгүй бол яахав. Тэгэхээр хүнд хүрэхүйц, уншихуйц бүтээл байх ёстой биз дээ. Ингэж хүлээсээр хэдэн жил ч өнгөрчихөв. Ганц нэг шүлгийг минь хүмүүс таниад ирэхээр овоо урам сууж байна. Миний шүлгэнд эх орон, хил, хилчин, ижий аав, хайр, хань ижил,энэ амьдрал, эргэцүүлж болох зүйлс амьдралын сэдэв өргөн бий. Харин нэг л сэдэв байдаггүй. Юу гэж бодож байна. Өвөл. Өвлийн тухай дөрвөн мөр бичихдээ үүнээс илүү илэрхийлэх боломж надад алга гэж бодсон. Намрын салхи цэцэгний дэлбээг гандаагаад дараа нь ишийг, тэгээд үндсийг гандаах гэдэг. Азаар цас орж үндсийг хамгаалдаг. Цасанд дарагдсан үндэс хавар эргэн ургадаг. Тиймээс л цасанд, өвөлд дэндүү ихээр талархмаар. 

Хатсан өвсний үндсээр даажигнах намрын хөх салхины

Хаан омгийг дарж нэвсийх цасан бударлаа 

Тэнгэрийн гүнээс их тайвшрал үнэртэнэ

Тэгснээ ижийнхээ өвөрт унтмаар санагдана гэж би өвлийг илэрхийлсэн. Өвлийн тухайд өөрөөр илэрхийлсэн шүлэг мэдээж бий. Бүтээлийн хэмжээнд харин ахиж бичихийг хүсээгүй. Хамгийн хүйтнийг хэлэх миний бололцоотой үг бол ижийнхээ өвөрт дулаацах тэр мэдрэмж юм даа. Сонирхуулахад ээждээ зориулж номоо гаргая гэж зэхэж байгаа. Шүлгийн СD-гээ нүүрэнд нь хавсаргана” гэж ярилаа. 

УВСЫН АЛАГАА 

Увс нутаг алдартан олонтой, нутгийн зон нь амь нэгтэй. Олон ч зүйл дээр ингэж харагддаг. Увс зүгийн айлд ирснийг гэрчлэх мэт Ю.Цэдэнбал даргын хивсэн дээр буулгасан хөргийг гэрийн хойморт залсан харагдав. Одон, медаль, тэмдгүүдийн эхэнд “Цэдэнбал” медаль, “Цэдэнбал” одон байх. Коридорийн хананд нутгийнхаа зургийг өлгөсөн нь алдарт Улаан уул аж. Энэ сайхан нутгийн тухай өгүүлэхэд доорх хэдэн мөртийг сурвалжлагандаа багтаахгүй байхын аргагүй. 

Сүрлэг хархираан торгон салхи хацар илбээд 

Сүүн давалгаатай Увс нуур тольдон мэлтийгээд

Зүрхэн юүдэн уул эцгийн суудлаар ханхайгаад

Зүймэл газрын зэрэглээ тэнгэрийн салхитай мяралзаад 

Ийм л нутаг даа миний цэнхэр хязгаар 

Тэнгэрийн диваажин миний унасан газар 

Ээжийн сэтгэл шиг цагаахан зон олон 

Энэ биений минь үл тасрах амь нутаг минь...

“Аав минь Давст сумын уугуул, ээжтэй ханилан суугаад Хархираа уулын энгэрээр нутаглах болсон юм билээ” гээд нутгийн тухай ярианд шилжлээ. Түүний аав жинчин хүн байжээ. Зун, намрын зургаан сар жин тээж одно. Уртнасангийн гэх айл өвөг дээдсийнхээ ёсыг дагаж, өөдөө ассан галыг бадраах гурван хүү, гурван охинтой өнөр айл болжээ. Түүний аав өвчний улмаас эрт хорвоог орхиход Пүүжээ 13 настай үлдэж. Анхны шүлгээ аавдаа зориулсан байдаг. Түүний ижий нь торойж үлдсэн үрсээ хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэхийн тулд зүтгэхдээ үр хүүхдээ мэдлэг боловсролтой болгохын тулд төв суурин газар бараадсан байна. Аавгүй амаргүй өдрүүдийн тухай ах эгч нар нь хожим дурсан ярьдаг ч отгон хүүгийн хувьд төдийлөн хэцүүг нь санадаггүй гэсэн.

“Амаргүй бүхнийг хүүгээсээ нууж амсуулалгүй өсгөж намайг хайрласан юм болов уу, миний ижий” гэж санаа алдлаа. 

Зулай зулайгаа гишгэж төрсөн зургаан үр 

Зуурдаар өвчинд дарлагдсан сайхан хань 

Туух малгүй тулах садангүй ганцаар үлдээд

Тунчиг удалгүй оргилд гарсан миний муу ижий гэж багын дурсамжиндаа уусан шингэхдээ мөрүүд хэлхлээ. Пүүжээгийн багын нэр Алагаа. Ээжийн эрх хүү байж. “Миний хоёр хөл майга болсон учир нь багаасаа морь унаж өссөнтэй холбоотой. Ер нь морь малд муугүй. Идэх хоолоо төхөөрчихнө. Унах унаагаа бариад уначихна. Бугуйлд ер нь гайгүй шүү. Харин багадаа ээждээ их үүрүүлээд майга болсон хүн. Рахитны майга биш шүү” гээд инээлээ. Бидний яриа нэг л мэдэхэд ээж гэдэг сэдэв рүү хөрвөөд орчихно. Магадгүй ээж гэх энэ нандин хүнтэй өнгөрүүлсэн дурсамж дэндүү их, дэндүү нандин учраас тэр биз. Ижий бурхнаа тэнгэрт үдээд тун удаагүйтэй ч мөн холбоотой болов уу. 

"ОЙРАД" ТЕАТРЫН НАЙРУУЛАГЧ ХИЛЧИН БОЛСОН НЬ

Тэрбээр 2003 онд СУИС-ийг төгссөн. Төгсөнгүүтээ аймгийн театрт найруулагчаар томилогдон хоёр жилийн гэрээтэй ажиллажээ. Энэ хугацаанд гарын шавь нар бэлтгэн, хошин шогийн хамтлаг байгуулж ёстой л залуу насны аагаар бужигнуулж байсан үе. Тэр үед хурандаа Л.Батсүх хилийн 0245 дугаар ангийн захирагчаар ажиллаж байсан бөгөөд ажил хэргийн шугамаар тэд танилцжээ. Хурандаа удалгүй Сэлэнгийн ангийн захирагчаар томилогдохдоо түүнийг хилийн ангид ажиллах санал тавихад татгалзсан байна. Нутагтаа, ээжийнхээ дэргэд болоогүй ээ ажилдаа дажгүй гаршин ид мандаж байв. Айл гэрийн эзэн ч болж найман ханат төхөөрөн хуримаа хийж ууган үр нь мэндэлсэн ёстой л нөгөө ажил, амьдрал ид төвхнөж эхэлж байсан үе. Тиймээс ч дээрх саналаас эрс шийдэмгийгээр татгалзсан байна. Гэхдээ удалгүй хоёр жилийн дараа "Ойрад" театрын найруулагч хилчин болсон байдаг юм. Учир тохиол нь мөн л хурандаа Л.Батсүхтэй холбоотой. Ангийн ой болох гэж байгаа тул ирж найруулж өгөөч гэж гэнэ. Ингээд ангийн ойн тоглолт ч сайхан болж улмаар хурандаа түүнийг дагуулан Хүдэр сум, Сайханы хөтөл гээд л явж өгч. Ингэж хилд урвуулах үйл явц амжилттай өрнөжээ. Тоглолт найруулахаар очсон тэрбээр үлдэж ажиллах эсэх шийдвэрт тулж ээждээ хэлэхэд өөрөө мэд гэж гэнэ. Эхнэр рүүгээ залгахдаа, “Би Сэлэнгэд үлдэж ажиллахаар боллоо. Чи ирнэ үү, байна уу өөрөө мэд” гэж шийдвэрээ гаргасан байв. Тухайн үед эхнэр нь Увсын чуулгад бүжигчнээр ажиллаж байжээ. Хэдийгээр мэргэжилдээ дуртай ч хүний хань болсон хойно араас нь нялх хүүхдээ тэврээд ирсэн гэнэ. Ингэж дэслэгч цол гардаж, өмнө нь төсөөлж байгаагүй хилчний замнал эхэлсэн түүхтэй. 

Харин миний бие түүнтэй 2010 оны хилчдийн урлагийн наадмаар танилцсан билээ. Тэр жилийн урлагийн наадмыг ой тайгын бүсэд сурвалжилж явахад “Хилчин” хамтлаг тодорч гарахын зэрэгцээ, ахлах дэслэгч У.Пүрэвсүрэн урлагийн наадмын уран уншлагын төрөлд тэргүүлж байсныг тод санаж байна. Ингээд удалгүй ХЦДБЧ-ын анхны ерөнхий найруулагчаар томилогдсон билээ. ХЦДБЧ-ын өндөр босгыг алхахдаа тэрбээр өөрийн авьяас чадварын хүчээр хаалгыг татан орсон түүхтэй. Ассан гал шиг эрч хүчээр дүүрэн залуу орж ирэхдээ тэрбээр чуулгад шинэ салхи оруулж олны талархлыг олонтаа хүлээсэн. ХЦДБЧ-ын 70, 75 жил, ХХБ-ын 75, 80, 85 жилийн ойн тоглолт, цэргийн киноны дуунуудын кино концерт болон бэсрэг бүжгэн жүжиг гээд зохиомжит олон найруулгыг хийсэн юм. Энэ нь найруулагчийн хувьд уран бүтээлчдийг ур чадвар дээшлэх, тайзнаа чөлөөтэй амилуулах гэсэн бодлого байсан тухай бид ярилцав. Цэргийн байгууллага хүссэн хүсээгүй баригдмал, хязгаарлагдмал орчин. Энэ нь үзэгчдэд ч гэсэн нөлөөлдөг байна. Цэргийн үзэгчид бид яг л хүлээтэй мэт байдаг гэнэ. Тиймээс ч ажлаа хүлээж аваад яаж амьд зритель болгох вэ гэж бодон хүний сэтгэл рүү өнгийсөн зохиомжит найруулга бүхий бүтээл олныг тавьжээ. Уран бүтээлийн тухай, ажлын тухай ярианд шилжихдээ тэрбээр хөмсөгөө атируулан бодлогошролд автана. “Манай чуулгад олон онцлог бий. Бусад чуулгууд нэг тавьсан жүжгээ ахиад шинэчлэн, сэргээж тавьж “амьдардаг”. Харин манай чуулгын хувьд гурваас дээш тавих ямар ч боломжгүй. Уран бүтээлийн сан гэтэл цөөн. Нэгэн цаг үеийн акулуудын бүтээлээр хэсэг явсан. Одоо ч бид амьдарч байна. Хилийн цэргийн сэдэвт, хилчдийн тухай бүтээлүүдийг хэн бүтээж байна. Та бүхэн бодоод үзээрэй. Бид цаашид хэрхэн энэ чиглэлийн уран бүтээлүүдийг амьдруулах вэ, үлдээх вэ гэдэг асуулт гарна. Хийхээр өнөөх л тэрний, энэний бүтээл үү гэсэн шүүмжлэл нөгөө талаас гардаг. Эхний хэдэн жил би салхи шиг байсан. Одоо болгоомжтой ханддаг болсон. Бүтээлүүдээ ч хумьсан. Энэ нь аливаа зүйлийн мөн чанар хийгээд үнэт чанартай холбоотой. Харин үлдээх бүтээлээ нөөцөлж буй. Хамгийн гол нь тэр уран бүтээл чанартай байх ёстой гэсэн зарчмыг барьж байгаа” гэлээ. Ийнхүү уран бүтээлээс уран бүтээлийн хооронд чамбайруулах нь магадгүй бүтээл туурвигч хүн бүрийн хүсэл эрмэлзэл юм болов уу. Түүний олон сайхан бүтээлүүдийн бүтсэн түүхийг нэг бүрчлэн өгүүлбэл арвин. Сэлэнгэд ажиллаж байхдаа уран бүтээлчидтэйгээ Оросын хилээр тойрчээ. “Журавли”, “Катюша”, “День победы” зэрэг алдарт дуунуудыг дуулж уйлуулж, дуулуулж явахдаа тэрбээр Монголын “Журавли”, “Катюша”, “День победы” ямар байж болох талаар бодож үзэж. Сэтгэлийнхээ үзүүрт эрэл хийж “Эх орны хил тайван байна” дуугаа бүтээсэн байна. Оросын ард түмэн эх орны дайны жилүүдэд олон сайхан хөвгүүдээ алдаж, өнчирч хагацсан, зовлон үзсэн нулимсыг илэрхийлэхдээ тогтуун доошоо тэр чигтээ гуниг, нулимс үнэртэж байгааг боджээ. Ингэхдээ Монголын ард түмний туулсан хүнд жилүүдийг сэтгэлдээ тээж хурандаа А.Энхтөрийн шүлэг “Би хилчин хүн” дуунд аялгуу урласан байна. 

“Суу билэгт өвөгдийн цусаараа татсан торгон шугам, Суут Монголоо өмөөрч ясаараа тулсан сүлдэт багана...” гээд эхлэхэд таны зүрх сэтгэлд аялгуу бууж буй биз дээ. Гэхдээ тэрбээр эдгээр уран бүтээлээс хулгай хийсэнгүй, харин санаа авчээ. Санаа авахдаа Монголын хөрсөн дээр сайн суулгаж. Буулгахдаа та бидний зүрх сэтгэлд тодхон шигтгээ болгон үлдээж. 

ЭНЭ МИНИЙ ЭНЕРГИЙН ТӨВ, ЭНЭ МИНИЙ ДАРУУХАН ӨРГӨӨ 

“Эмээл тохох хооронд хонины өвчүү болдог гэдэг дээ. Одоо болсон байх. Аагий махаа гаргаарай” гэхэд нь тогоон дээр мах чанаж байгааг тааварлав. Харин гэрийн эзэгтэй энэ зуурт зуурсан гурилаа хэдийнээ элдэн, ууран дээр жигнэж харагдана. Хоолны ширээний ард өрнөсөн ярилцлагынхаа чигийг арай өөр тийш залахаар тэдний гэртэй танилцахаар босов. 

Том өрөөний хоймрын шүүгээн дээгүүр бурхан тахил харагдана. Зул өргөжээ. Хил хамгаалах байгууллагын тэргүүн дээд шагнал “Сүлдэт багана”, арвайн түрүү, Чингис хааны баримал гээд нандин сонин зүйлс арвин. Олон янзын сархдыг ёоз ёозоор өрсөн нь анхаарал татав. “Би архи цуглуулдаг юм. Сархад айлд буян хишиг дууддаг гэдэг. Энэ нь ч гарцаагүй үнэн. Гэхдээ хамаагүй архи цуглуулахгүй. Хэн, ямар бэлгэшээлийг шингээн өгснөөс үүдэж хадгална. Манайд олон жил хадгалагдаж буй архи ч бий” гэв. Заримынх нь түүхээс би сонирхлоо. Нэгэн танил ах хүү аавдаа зориулж шүлэг бичиж өгөхийг хүсчээ. “Аавтай байхын жаргал” шүлгийг бичиж өгөхөд уран бүтээлийг нь мялааж сархад дээжилсэн байна. Увсын нэгэн айл сар шинээр лам залахын оронд “Цэнхэр тэнгэрийн орон” шүлгийг нь уншуулж хариуд нь мөн л сархад барьсан гээд тус бүртээ түүх хүүрнэх эдүүд залрах аж.   

Гэрийн хойморт нэгэн сайхан эмээл төхөөрөн хоймортоо байрлуулжээ. Увс нутгийн алдартай баяд эмээл аж. Эдийн чанар муухан таних надад бол харахад л нүнжигтэй сайхан эд байв. “Хүнд дөртэй шир олддог, дөрөөтэй янгирцаг олддоггүй гэдэг. Бага хүүгийнхээ гурван насны сэвлэг үргээх ёслолын үеэр хүүдээ зориулан төхөөрсөн юм” гэлээ. Эмээл дээр гурван ч ташуур тохсон байв. Учрыг нь сонирхвол дэд хурандаа цол авахад нь УИХ-ын гишүүн С.Жавхлан, “Цэргийн жанжин хүнд сэлэм, ташуур, хэрэгтэй. Миний найз иртэй, ташууртай яваарай” гээд бэлэглэжээ. Нарийн сурыг битүү сүлжиж хийжээ. Бүтэн үхрийн ширээр бүтсэн аж. Нөгөө ташуурын тухайд Хилийн 0151 дүгээр ангийн захирагч, хурандаа Г.Ган-Эрдэнэ бэлэглэсэн гэнэ. Ахмад хилчдийн тухай нэгэн дууны шүлгийг түүнд өгч дуу болгож өгөхийг хүсчээ. Уран бүтээл амилахын цагт тэрбээр талархал илэрхийлэн мялаалга өргөж энэхүү ташуурыг бэлэглэсэн гэнэ. Морин хуурын өвөг гэгдэх икил, товшуур хөгжмүүдийг ханандаа өлгөсөн нь аанай л анхаарал татахуйц сайхан юм. Тэрбээр хоёр утаст хөгжмийг гэртээ байлгах дуртай гэлээ. Учрыг нь тодруулбал, “Монголчууд тэнгэр эцэг, газар эхтэй гэдэг. Хоёр утаст хөгжмийн бүдүүн дуугаралт нь тэнгэр эцгийг, нарийн дуугаралт нь газар эхийг бэлгэддэг. Нөгөөтэйгүүр арга билэгийн хослол хоёр хөгжимд шингэсэн тул сайхан хөг эгшиг гардаг. Өвөг дээдсээс үлдээж өгсөн үнэт өв шүү дээ” гэж тодотголоо. Мөн зочны өрөөний хананд Янжинлхам бурхныг залжээ. Төрлийн охин нь түүний төрсөн өдөрт зориулан хоёр жилийн турш урлаж өгснийг аравнайлан залсан нь энэ аж. 

Энэ зуурт гэрийн эзэгтэй өвчүү тэргүүтэй чанасан махыг ширээн дээр авчирч тавилаа. Тэднийх 365 хоногийн бараг 360 өдөрт нь шөлтэй хоол иддэг гэнэ.  Өөр хоол төдийлөн идсэн болдоггүй гэлээ. Хирсэнг нь хуйхалсан өвчүүнээс түрүүлэн хүртэх зуурт “Надад нүд байсан цагт би дурлах л болно” шүлгийнхээ талаар ярьж инээлдлээ. Уг шүлгийг анх биччихээд ширээн дээрээ ил орхичихож л дээ. Гэтэл эхнэр нь олж уншчихаад хэсэг дуугаа хурааж байснаа дараа нь энд тэнд дурлаад явж л байхгүй юу гэж уурлаж гэнэ. Гэхдээ энэ явдал олон жилийн өмнө л дөө. Тэднийд найз нөхөд нь ирээд шүлгээсээ уншихыг хүсэхэд, “Пүүжээ нөгөө дурлалаа уншаач ээ” гэдэг болсон гэсэн. “Урлагийн хүний гэргий байна гэдэг, ялангуяа яруу найрагч хүний эхнэр байна гэдэг зориг шүү. 

“...Орчлонгийн охид хүүхнүүдтэй зугаацая гэхнээ бие минь хүрэхгүй, 

Огоорч нэгэнтэй ханьсая гэхээр сэтгэл минь ханахгүй”... гээд нөхөр нь бичихийг унших амаргүй байх нь тодорхой. Одоо бол манай хүн уран бүтээл талаас нь хүлээж аваад сурчихсан” гээд өөд өөдөөсөө харан цайлганаар инээлдлээ. 

“Би амьдрал дээр чамирхалд дургүй. Эгэл амьдралд хайртай. Иддэг хоол минь гурилтай шөл, сүүтэй цайнд дуртай. Тансаглалд дургүй. Хүүхдүүдээ ч эгэл өсөөсэй гэж боддог” юм гэлээ. Аанай л бидний яриа хүүхдүүдийн зүг шилжжээ. Томчууд яриа өрнүүлэх зуурт тэд нөгөө өрөөнд тоглоно. “Энэ хэддээ нэр өгөх гэж их бодсон. Билгүүнтөгс нь номч мэргэн гэсэн утгатай. Харин бурхан багш таван увдисыг өөртөө шингээснээр бүхий л шид бүрдэж гэгээрэх замд орохыг билэг төгөлдөр болох гэдэг юм билээ. Тиймээс Билэгтөгөлдөр нэрийг хайрласан. Бага охиныхоо нэрийг их олон хоног бодсон. Гоомарал гэж буусан. Харин эхнэрийгээ нэг охиндоо нэр өг гэтэл Энхтуул гэдэг байгаа. Юу ч гэсэн утга бодож олсон юм бүү мэд. Туул голыг энх урсаг гэж байгаа юм уу ойлгодоггүй юм” гээд Пүүжээ хэзээний алиа марзан зангаар ханийгаа цаашлуулан инээлээ. “Ээжийн минь захиас байгаа юм. Ээж минь айлын ганц, аав минь бас ганц. Жаргал зовлонгийн аль ч цагт хүний ганц шиг хэцүү зүйл үгүй. Миний хүүхдүүд өнөр өтгөн болоорой гэж захьсан юм. Ядарсан байсан ч, задарсан байсан ч өнөр өтгөн байх шиг сайхан зүйл үгүй. Би ээжийнхээ захиасыг биелүүлж зургаан хүүхэдтэй болъё гэж боддог юм” гэлээ. Энэ хооронд өөрийнх нь тухай ярилцаж байгааг гадарласан  адтай П.Гоомарал уран нугарч “А, Б сууж” үзүүлэхийн зэрэгцээ нүд хамраа хачин сонин болгон гайхшруулна. Ер нь элдэвтэй нөхөр юм. Гаднаас “Энэ есөн давхрын Билгүүн ямар мэдрэмжгүй юм бэ. Энэ манай аавын шинэ машин гээд үзүүлтэл энийг ямар машин гэдэг юм гээд тоохгүй байна” гэсээр бага хүү орж ирлээ. 

“Эх хүний үг, үйлдэл айхтар байдаг юм билээ. Яг л чиглүүлдэг. Миний хүү урд насандаа хаан байсан юм байлгүй. Хаан заяатай амьдарна гэж нэг удаа хэлсэн нь санаанаас гардаггүй юм. Ээжийнхээ тэр үгэнд багтаж амьдрах юмсан гэж боддог” гэв. Аравдугаар анги төгсөх жил Пүүжээг ээж нь ТМС-д мужааны ангид оруулжээ. Онц ч төгсөж. Гэхдээ мундаг мужаан уу гэвэл үгүй. Тэрбээр мужаан болох гэж биш амьдралын ханьтайгаа учрах учралыг ээж нь дуудсан гэж боддогоо ярив. Энэ зуурт бид ширээ тойрч суугаад гурилтай шөл идэв. Муу хүн идсэнээ гэж шүүмжлүүлэх нь бий тул цааш орхиё.

“Бор гэртээ богд, хар гэртээ хаан” гэж үг бий. Гэрийнхээ хойморт тавтай нь аргагүй тухалсан Пүүжээгээс, “Та энэ амьдралыг өрхийн тэргүүн, эцэг хүний хувьд хэрхэн авч явж, яаж туулья гэж боддог вэ?” гэж асуулаа.  

“Бахархал гэж хөг бий. Энэ бол хөг гэж би боддог. Одоо бол үүсгэл рүүгээ эргэдэг гэдэг шиг үр хүүхдээ боддог цаг ирчихэж. Үр хүүхэддээ яаж зөв байх билээ, эдэндээ бахархал нь байхын тулд хэрхэн үлгэрлэх билээ гэж бодно. Үүнийг эрхэм зорилгоо болгосон. Би яаж амьдарвал миний үр хүүхэд зөв амьдрах бол гэж боддог юм байна. Би өөрөө зүү нь, эд минь учиг нь юм байна. Зүүнд сүвэлсэн утсаар ямар ч учиг шаглаж амьдралыг яаж ч урлаж болж байна. Надад салхи шиг, ташуур шиг явсан үе бий. 

Дурсамжийн үүлнээс дурлалын бороо асгарав

Тэнгэр бид хоёр адилхан аж 

Дур зоргоороо байхын учгийг бодлын аргамжаа тайлав

Салхи  бид хоёр адилхан аж 

Хэнзхэн дурлал сэтгэлд ургаад буцаж хагдрав

Мод бид хоёр адилхан аж

Хэтэрхий омголон зан минь нулимс болж урсав

Ус бид хоёр адилхан аж

Би тэнгэр, салхи, мод, ус аж гэж өөрийн бичсэн шүлгийнхээ мөрт шигээ амьдарчээ. Хүний амьдралын зам нь, жам нь адилхан учраас ялгаа үгүй. Хамгийн гол нь тэр дунд хэн байх вэ гэдэг өөрийнх нь асуудал юм даа. Ханийхаа нүүрэн дээр төдийлөн хэлж байгаагүй юм байна. Зөв сайхан сэтгэлтэй, шударга цайлган ханьтай учирсанаа би аз гэж бодож явдаг. Намайг хүлцэж, хүлээн зөвшөөрч, миний ертөнцөд өөрийгөө золиослон орж ирж амьдарна гэдэг хэцүү. Хэр баргийн бүсгүй тэвчихгүй байсан. Дотроо ямар бодол тээдгийг мэдэхгүй ч өөрийн бүхий л хүсэл мөрөөдөл, авьяас билгээ орхиод Пүрэвсүрэнг бий болгох гэж миний хань, миний хүүхдүүд зүтгэж байна. Тиймээс энэ олон хүний хувь тавилан миний ард байгаа учраас би буруу гишгэх эрхгүй. Зарим хүмүүс намайг муулна, зарим нь атаархана, зарим нь магтана. Хамаагүй. Бусдын аманд багтахаасаа илүүтэйгээр өөрөө агуулга болж яваа учраас агуулга шигээ л байя гэж боддог. Омог бардам байх зүйл надад олон бий. Энэ бол Уртнасангийн Пүрэвсүрэн гэх нэр минь. Энэ нэр л намайг гэрчилж үлдэнэ. Үлдээхийн төлөө ч хичээнэ” гэлээ.

Сайхан боломж гэвэл миний мэргэжил. Сайхан танилтай учруулдаг учраас. Түүний нэгэн жишээ нь өнөөдрийн энэ эрхэм зочлол байв. Давтагдашгүй агуулга, төсөөлшгүй хэлбэр, мартагдашгүй мэдрэмж, хэмжээлшгүй догдлол энэ уран бүтээлчид бий. Харин энэ хүний онгод хийморь, энергийн хүч нь түүний гэр бүл болохыг би ийн олж харав. Тиймээс ч уран бүтээлийн тухайд түр азнан сурвалжлагаа өндөрлөе. Танай өнөр бүлд аз жаргал хүсье.