Ахлах дэслэгч Б.ТУНГАЛАГ
-Юуны өмнө хайчилбар бүтээлээрээ үзэсгэлэн гаргаж хамт олныхоо мэлмийг баясгасанд баяр хүргэе. Маш гоё бүтээлүүдийг хийжээ?
-Баярлалаа, миний авьяасыг нээж, бусдад таниулах боломж олгосон СМССА-ны хамт олонд юуны өмнө баярлалаа гэж хэлье.
-Өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Гэрэлчулуун овогтой Энхбат гэдэг. 1998 онд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд төрсөн. Аав, ээж, ах, эгчийн хамт амьдардаг. Хөвсгөл аймгийн Мөрөн хотын “Гурван-Эрдэнэ” ахлах сургуулийг 2016 онд төгссөн. 2018 онд Зэвсэгт хүчний 0186 дугаар ангид хугацаат цэргийн албыг хаасан. 2018 онд хилийн Хилийн 0129 дүгээр ангид гэрээт цэргийн сургалтад хамрагдаж, энэ ангид гэрээт хилчнээр томилогдон ирсэн.
-Цаасан хайчилбарыг хэзээнээс сонирхож эхлэв?
-Би чөлөөт цагаараа хөнгөн атлетикаар хичээллэх, мөн цаасан хайчилбараа хийх дуртай. Хүн дуртай зүйлээ хийхдээ түүнээс хамгийн их тааламжтай мэдрэмжийг авдаг. Би хайчилбартаа шамдаад суух их дуртай. Хайчилбарыг 2016 оноос эхлэн сонирхож эхэлсэн. Арван жилийн сургуулиа төгсөх жил бие даасан бүтээлийнхээ үзэсгэлэн гаргаж, “Авьяаслаг сурагч” алтан медалиар шагнуулж байсан.
-Өмнө нь цаасан хайчилбарын сургалтад хамрагдаж байсан уу?
-Зураг зурж, сийлбэр сонирхож байсан нь хайчилбар хийхэд хүргэсэн. Авдарны болон эмээлийн хээг сонирхогчийн түвшинд зурчихна. Цаасан хайчилбарын сургалтад хамрагдаж байгаагүй. Өөрийн сонирхлоор бие даан суралцсан.
-Ямар нэгэн сэдэв өгвөл дүрслэн бодож хайчилж чадах уу?
-Аливаа бүтээлийг хийхдээ эхлээд тухайн зүйлийнхээ зураглалыг зурж дүрсээ бүтээдэг. Түүний дараа хайчилбараа хийдэг. Миний хувьд ямар ч хайчилбар ийм дэс дарааллаар хийгддэг. Цаашид цаасан хайчилбараа үргэлжлүүлэн хийж, хэлэх гэсэн бодол сэтгэлээ уран бүтээлээрээ илэрхийлсээр байх болно.
-Гэрээт хилчний албаны талаар сэтгэгдлийг нь сонсоод энэ бяцхан ярилцлагаа өндөрлөе?
-Хил хамгаалах байгууллага гэдэг эр хүний хийморь сүлдийг сэргээсэн сайхан алба. Тиймээс ахлагчийн бүрэлдэхүүнд орж ажиллах хүсэл бий. Хайчилбараа ч гэсэн орхихгүй. Хүн нэг зүйлийг биш олон зүйлийг амжуулдаг байх ёстой. Би хайчилбараа хийж суухдаа хил, хилчдийнхээ сэдэвт үзэсгэлэн гаргах юмсан гэж мөрөөддөг байсан.Энэ хүсэл минь биелж байгаад баяртай байна. Цаашид илүү их хичээх болно.