Ахмад Г.ЖАВХЛАН
-Энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу?
-Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдлыг эх орны дөрвөн зүг, найман зовхист нэр төртэйгээр сахин хамгаалж байгаа нийт хилчдэдээ энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Гүрцог овогтой Цэрэнбат гэдэг. 1999 онд Хэнтий аймгийн Дадал суманд төрсөн. Айлын ууган хүү. 2019 оны I ээлжээр Хилийн 0151 дүгээр ангид татагдан, сургалтын төвөө амжилттай дуусгаж, цэргийн тангарагаа өргөсөн. Улмаар Хил хамгаалах байгууллагын тусгай бэлтгэлийн цогцолбор буюу хилийн дугаар салбарт албаа үргэлжлүүлэн хааж байна.
-Эх орныхоо дархан хилийг хамгаалж буй сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Монгол Улсынхаа хил хамгаалах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг хүлээн, амь биеэ үл хайрлан зүтгэж явсан эрэлхэг хилчдийнхээ залгамж халааг үргэлжлүүлж яваадаа баяртай байна. Хилийн цэрэг хэмээх том айлд үеийн зуун залуусын адилаар эх орныхоо дархан хилийг хамгаалах гэж ирсэндээ сэтгэгдэл өндөр байгаа.
-Цэрэгт ирэхээсээ өмнө юу хийж байсан бэ?
-Цэргийн албанд татагдан ирэхээс өмнө хувиараа гар урлалын чиглэлээр сувенир, бэлэг дурсгалын зүйлс хийдэг байсан. Анх өөрийн сонирхлын дагуу Хэнтий аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн гар урлалын ангийг II зэрэгтэй төгссөн. Түүнээс хойш энэ мэргэжилдээ дурлаж өөрийгөө хөгжүүлсэн. Багаж хэрэгслээр дутмаг байсан учир ажил хийж, мөнгөө цуглуулан хэрэгцээт бараа материалаа авдаг байсан.
-Мөн шүлэг бичиж, дуу зохиодог гэсэн. Хичнээн дуу, шүлэг бичсэн бэ?
-Бага байхаасаа шүлэг бичиж, түүндээ ая зохион түүнийгээ аялж явдаг хүүхэд байлаа. Төсөөлөн бодох чадвар сайтай хүүхэд байсан гэх үү дээ. Ганцаараа хэдэн цагаар ч хамаагүй сууж төрөл бүрийн дуу, шүлэг зохион түүнийгээ гэр бүл, ойр дотныхоо хүмүүст уншиж өгнө. Заримыг нь инээлгэж, заримыг нь уйлуулдаг байж билээ. Хип хоп чиглэлээр дунд сургуульд байхдаа олон дууны үг оролдож цөөнгүй хэдэн дэвтэр дуусгасан. Ээж минь миний багадаа бичиж дүүргэсэн дэвтрүүдийг одоо хүртэл бөөнөөр нь багцлаад хадгалдаг. Тоолвол нэлээдгүй шүлэг, дууны үг байгаа.
-Анхны шүлгээ юунаас сэдэвлэж бичиж байв?
-Хамгийн анхны шүлгээ ээжийнхээ төрсөн өдрөөр жижигхэн дэвтрийн цаасан дээр бичиж, чимэглээд бэлэглэж байлаа. Ээждээ анхны шүлгээ уншиж өгсөн тэр үеийн мэдрэмжийг хэзээ ч мартахгүй. Зохиосон шүлгээ уянгалуулан уншаад хартал ээж минь баярын нулимстай сууж байсан юм. Тэр цагаас хойш шүлэг бичих сонирхолтой болж, түүндээ дурласан. Шүлэг зохиох нь чөлөөт цаг гэлтгүй амьдралын нэг хэсэг минь болсон.
-Шүлэг, дуу бичих үедээ төрдөг мэдрэмж гэвэл?
-Ихэвчлэн нам гүм орчинд ганцаараа суугаад аливаа зүйлсийг ургуулж боддог. Шүлэг бичих үед заримдаа огт өөр хүн болчихсон юм шиг, өөр хүний нүдээр ертөнцийг хараад ч байгаа юм шиг санагддаг. Сэтгэлийн хөдлөлтэй байх үед аль эсвэл уйтгарлаж гунигласан үед үг орж ирнэ. Ер нь ихэвчлэн хайртай хүмүүстээ зориулан шүлэг, дуу зохиодог. Өөрийнхөө орон зайд байх нь надад чөлөөтэй сэтгэх боломжийг олгож, хэн ч саад болохгүй тайван амгаланг мэдэрдэг.
-Та бас зураг зурах дуртай гэж байсан. Тэгэхээр олон талын авьяастай байх нь?
-Хүүхэд ахуй наснаасаа уран зураач ахынхаа хажууд бийр будагных нь үнэрийг үнэртэж өссөн. Ахынхаа хээ угалзаар дүүрэн модон дугуй ширээн дээр цаас харандаатай найзалж, зураг зурах дуртай болсон. Гадаа хүүхдүүд тоглож байхад би гэртээ зураг зурж суудаг байлаа. Миний хийх дуртай зүйлсийн нэг нь яах аргагүй зураг зурах.
-Тэгэхээр таны цаашдын хүсэл мөрөөдлөөс хуваалцмаар байна. Аль төрлөөр нь өөрийгөө илүүтэй хөгжүүлье гэж бодож байна вэ?
-Би алдартай зураач, зохиолч болохыг мөрөөддөг. Өсвөр үеийн хүүхэд залуучуудыг байлдан дагуулж, зөв зүйл рүү уриалан дуудсан зохиол бичиж борлуулалтаараа тэргүүлэх юмсан гэж мөрөөддөг. Дэлхийн алдартай номын жагсаалтад миний ном багтаасай гэж хүсдэг. Мэдээж мөрөөдөлдөө хүрэхийн тулд хөдөлмөрлөх, сурч боловсрох, илүү ихийг мэдэх хэрэгтэй. Үүний тулд хамгийн түрүүнд Монгол Улсын иргэн болж төрсний хувьд иргэний цэргийн үүргээ үнэнчээр биелүүлж, хугацаат цэргийн албаа нэр төртэй хааж дуусгахаар шийдвэрлэсэн. Цаашид өөрийгөө илүүтэй хөгжүүлж, суралцана. Хүсэл мөрөөдөлдөө хүрэх эхний алхам бол цэргийн алба хаах явдал гэж бодсон.
-Цэргийн алба хааж буй үеийн нөхөддөө болон ар гэрийхэндээ хандаж юу гэж хэлэх вэ?
-Аав, ээжийн эрх танхил хүү нь том болсон шүү. Үеийн олон нөхдийн дунд мөр зэрэгцэн алхаж, цэргийн албандаа өдөр ирэх тусам дасаж, амьдралын ухаанд суралцан хүү нь та хэд дээрээ цэрэг эр болоод очно. Мөр зэрэгцэн цэргийн алба хааж буй нөхөддөө хандан хэлэхэд цаашид хүний амьдралд олон асуудал, бэрхшээл саад тохиолдоно. Цэргийн албыг хааснаар бид тулгарах асуудлуудыг шантралгүйгээр нуруун дээрээ үүрээд гарах чадвартай болно. Мөн хүнээс үг сонсохын зэрэгцээ тэсвэр тэвчээр, хатуужлыг мэдэрч, эх орноо хайрлах ухаан, зөв бодолд төлөвшиж байна. Тиймээс ч цэргийн тангарагтаа үнэнчээр нэг жилийн албаа нэр төртэй хаахыг уриалья. Ингээд өөрийн зохиосон “Дархан хил” шүлгээр та бүхэнтэйгээ мэндчилье.
Дархан хил
Урсгал ус модод төглийн эрх чөлөөнд нь сөгдөн мөргөе
Уудам цэлгэр тэнгэрт дүүлэн нисэх тас шувуудад нь дэвэн мөргөе
Уртаас урт үргэлжлэх газар шороондоо амиа даатгая
Ургамал цэцэг навчсын өнгөнд нь уусаж нэгдэе
Өндөр уулын зэрэглээ хад цохионд нь сөгдөн мөргөе
Өвөг дээдсийнхээ ариун гал голомтонд нь бөхийн мөргөе
Өвлүүлж үлдээсэн газар шороонд нь амиа даатгая
Өнө мөнхөд үргэлжлэх хилчдийнхээ алдрыг батжуулж нэгдэе
Хилийн алтан баганын чулуунд нь бөхийж мөргөе
Халдашгүй дархан улсынхаа газар шороонд нь залбирч мөргөе
Хамаг Монголынхоо эрх чөлөөнд нь амиа даатгая
Харавсан сумны зэв ниргэсэн энэ л газар нутгаа хамгаалж нэгдэе
Байлдагч Г.Цэрэнбат. 2019.10.13-нд зохиов.