Х.МӨНХЖИН: “МОНГОЛ ЦЭРГИЙН ЗӨВЛӨЛ” ЗАЛУУСТ ЧИГЛЭСЭН ОЛОН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХААР ТӨЛӨВЛӨСӨН
  • 09:08
  • 431
Мундаг байна ш дээ ахын дүү нар гэсэн "Эх орныхоо төлөө тангараг өргөсөн юм чинь дээ ах аа" гээд цааш чимээгүй алхлаа” гэсэн постыг зургийн хамт оруулсны дараа олон хүн эерэг сэтгэгдэл үлдээжээ.

 

Ахлах дэслэгч Б.АЛТАНЦЭЦЭГ

Нийгэмд нэгэн сайн мэдээ тархав. "Ид шидийн орон" төслийн санаачлагч Ganjavkhlan Chadraabal өөрийн нүүр номондоо, “Хилийн цэрэгт алба хаасан залуус сайн дураараа ирж тусалж байна. Мундаг байна ш дээ ахын дүү нар гэсэн "Эх орныхоо төлөө тангараг өргөсөн юм чинь дээ ах аа" гээд цааш чимээгүй алхлаа” гэсэн постыг зургийн хамт оруулсны дараа олон хүн эерэг сэтгэгдэл үлдээжээ. Хилийн 0306 дугаар ангид 2018 оны II ээлжээр татагдан хугацаат цэргийн албыг хааж өнгөрсөн аравдугаар сард халагдсан хэсэг залуус санаа нэгдэн сайн дурын үйл хийж байгаа нь энэ аж. Ингээд эдгээр залуусын төлөөлөлтэй ярилцлаа.

-Та нарын тухай мэдээг сошиалаас олж харсан. Мундаг байна шүү, залуус аа? 

-Х.М: Буугаа үүрээд цагийн манаанд зогсож, хоолоо хувааж идэж байсан нь саяхан санагдаж байна. Гэтэл цэргээс халагдаад 20 хоночихож. “Монгол цэргийн зөвлөл” нэрийн дор эхлээд онжавуудаараа бид нэгдсэн. Цэргийн алба хаасан нэг жил бидний хувьд сайхан дурсамжаар дүүрэн үнэтэй цаг хугацаа байлаа. Тиймээс ч тэр л сэтгэлээрээ бид нэгдэж байгаа. 

-Цэргийн алба хаасан залуусыг нэгтгэх санаачилгыг анх хэн, хэрхэн гаргав? 

-Х.М: Заставын цагийн манаанд гарч байхдаа халагдаад юу хийх талаар бодсон юм. Цэргээс халагдсан залуус бид нэгдэж чадвал эх орондоо юуг ч хийж бүтээж чадна.Тиймээс ч ажил болгоод явж байна. 

НЭГ ЖИЛИЙН ӨМНӨ МИНИЙ ЗАН ААШ БОЛООД НИЙГЭМД ХАНДАХ ХАНДЛАГА ӨӨР БАЙСАН

-Ингэхэд ямар залуустай ярилцлага өрнүүлж байгаагаа уншигчдад танилцуулах ёстой шүү дээ? 

-Х.М: Намайг Хишигжаргалын Мөнхжин гэдэг. Бээжингийн их сургуулийг захиргааны удирдлагын мэргэжлээр төгссөн. Их сургуулиа төгсчихөөд цэргийн албанд өөрийн хүсэлтээр явсан. Ахлах түрүүч цолтой халагдсан. 

-Б.Ө: Болдбаатарын Өсөхбаяр гэдэг. Би айлын том хүү. ШУТИС-ийг Уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн. Мэргэжлээрээ ажиллаж байгаад цэргийн албанд сайн дурын үндсэн дээр явж албаа амжилттай хаагаад ирлээ. Цэргийн албанаас халагдаж ирээд би дүгнэлт хийсэн. Өөртөө том хөрөнгө оруулалт хийгээд иржээ гэдгийг энэ хэдэн өдөр олж харж байна. Нэг жилийн өмнө миний зан ааш болоод нийгэмд хандах хандлага өөр байсан. Би олон зүйл дээр өөрчлөгдсөн. Гэр бүлээ маш их саналаа. Аав ээж хоёртоо сайн хүү байх ёстой юм байна, ажилдаа хөнгөн хуумгай хандаж болохгүй, нөхөрлөлдөө үнэнч байх гээд ихийг сурсан. Бас буйр суусан. Би эрэгтэй дүүтэй л дээ. Дүүгээ өдөр бүр цэрэгт явах хэрэгтэй гэж рекламдаж байгаа.  

“ЦЭРЭГТ АЛБА ХААСАН ЗАЛУУС МУНДАГ ЮМ АА” ГЭДЭГ МАГТААЛААР ТЭР ӨДӨРЖИН “ХООЛЛОСОН” ШҮҮ

-Онжавууд нэгдэн яг ямар ажлуудыг энэ хооронд амжуулсан талаар яриач? 

-Х.М: Бид сайн дурын ажлуудаа долоо хоногийн бямба гарагт ихэвчлэн зохион байгуулж байгаа. Тав дахь өдөр залуус “баасан ах”-ын төрсөн өдөр гээд шоуддаг. Харин бид тав дахьд эрт унтаж амран, хагас сайн өдрийн өглөө эрт босдог. Эхний бямба гарагт өглөө эрт нар мандахыг харангаа гүйсэн. Гүйх нь мэдээж бидний эрүүл мэндэд тустай. Буцахдаа Туул гол, цэцэрлэгт хүрээлэн орчмын хогийг цэвэрлэсэн. Хүн бүр хоёр тор хог түүсэн. Харин дараагийн долоо хоногт нь “Ид шидийн орон” төсөлд нэгдсэн. Эх орны төлөө тангараг өргөсөн, улсдаа ихийг хийж бүтээе гэж зорьж байгаа залуусын хувьд хувь нэмрээ гар бие оруулах нь зүйтэй гэж үзсэн. Энэ хөгжлийн төвд мөнгөн хандиваас гадна гар бие оролцож хийх ажил их байдаг юм билээ. Биднийг очиход өсвөр насны хэдэн охид бүтээн байгуулалтад оролцож байсан. Шоргоолжнууд олуулаа нэг зүйлийг дамжилчихсан явдаг даа. Яг түүн шиг шуудайн дээр жаахан шороо асгачихаад түүнийг дааж ядан тэд зөөж байсан. Хамгийн гол нь тэдний хувьд сэтгэл байдаг ажил нугарах явц нь бага байсан. Тэгээд л залуустаа, “За бүгдээрээ нэг жил цэргийн албанд юу сурлаа. Заставаа яаж сайхан засаж янзалдаг билээ. Тэр сэтгэлээр өнөөдөр бүтээн байгуулалтад гар бие оролцоё” гэсэн. Ингээд жагсаж орсон. Хүмүүс ч бөөн хүч ирлээ гэж их баярласан гэсэн. Ажлаа хуваарилж аваад нугалсан. “Цэрэгт алба хаасан залуус мундаг юм аа” гэдэг магтаалаар тэр өдөржин “хооллосон” шүү. Тэр өдрийн өөр нэг гоё зүйл нь ханан дээр бид гарынхаа хээг дарж үлдээсэн явдал. Удахгүй бид илүү олуулаа болж ирнэ гэж амлалт өгөөд гарахдаа гурван удаа ура хашгирч, “Торгон хилийн зүг” дуугаа дуулаад жагсаад гарсан даа. /Инээв/.сур  

-Ямар гоё юм бэ. Ажлыг ёстой гялалзуулсан уу?

-Х.М: Ойрд ажил хийгээгүй болохоор жаахан ядарсан. Гэхдээ тэнд байсан бүх хүн ядарсан нь тодорхой. Хамгийн гол нь бид аз жаргалтай байсан. 

-Б.Ө:Цэргийн алба хааснаар ажлыг эмх цэгцтэй, дэс дараалалтай хийж сурдаг. Хүн өөрийнхөө амьдралыг өөрөө босгодог шүү дээ. 

-Х.М: Цэрэгт юмхнаар юм хийгээд сурчихдаг юм байна. Бид шороо зөөх гэтэл дамжлаад зөөчих юм байдаггүй. Нэг харсан манай Тэмүүжин, Сүхбат хоёр газар дээр нь хэдхэн минутын дотор муу дугуй ашиглаад, труба таслаад хэд хэдэн насилк хийсэн. Ингээд овоолсон их хогийг арвуулаа богино хугацаанд цэвэрлэсэн. Ирэх амралтын өдөр очиж ахин туслана. Та бүхнийг ч гэсэн “Ид шидийн орон” төсөлд нэгдээрэй гэж уриалах байна. Мөнгө хэдий чухал ч гар бие оролцож мэдрэх нь чухал шүү гэж хэлье. 

-Бид хэд л гээд яриад байдаг. Та хоёроос гадна ямар залуус байна вэ? 

-Хилийн 0306 дугаар ангид алба хаасан манай онжавууд л даа. Бидний үйл ажиллагаанд тогтмол 12-13 залуу нэгдэж байгаа. Зэвсэгт хүчин, “Оюутан цэрэг”-т алба хаасан залуус ч дэмжиж нэгдэж байна. Эмэгтэй цэргийн алба хаагчид ч нэгдэх санал ирүүлсэн. 

-Та нартай нэгдэх, үйл ажиллагаанд оролцохын тулд яаж холбогдох ёстой вэ? 

-“Монгол цэргийн зөвлөл” гээд фэйсбүүкээр нэгдээрэй. 

-Хэдийгээр цэргийн албанаас халагдсан ч та нар ийнхүү гар, сэтгэл нийлж байгаа нь алба хаахдаа их сайхан нэгдэж чадсаны илэрхийлэл болов уу?

-Б.Ө: Мөнхжин бид хоёр энэ нэг жилийн хугацаанд ангид, заставт гээд байнга хамт байж таарсан. Тиймээс ч “Шинэ цэргийн зөвлөл” гэж анх байгуулсан юм. Штабын дарга, дэд хурандаа А.Сүхбаяр биднийг магтаж урам их өгдөг байлаа. Дараа нь заставт хуваарилагдаад “Халагдах цэргийн зөвлөл” байгуулан үргэлжлүүлэн ажилласан. Цэрэгт байхдаа халагдсан цэргийн зөвлөл байгуулж ажиллая гэж ярьдаг байлаа. Энэ яриагаа ажил хэрэг болгож яваа нь энэ. Бид улс төрөөс ангид. Харин санхүүгийн асуудлаа хуримтлалын зарчмаар бий болгоё гэж ярилцсан. Бүгдээрээ очих хаягтай, уулзах газартай байя гэсэн сэтгэлийн үүднээс энэ бүх ажил эхэлж байна. 

ХИЛИЙН ЦЭРЭГТ АЛБА ХААХ НЬ СЭТГЭЛД ТАЙВАН МЭДРЭМЖИЙГ ТӨРҮҮЛДЭГ ЮМ БИЛЭЭ

-Х.М: Хилийн цэрэгт алба хаах нь сэтгэлд тайван мэдрэмжийг төрүүлдэг юм билээ. Мэдээж хугацаат цэргийн алба хаагч учраас олон эрх хязгаарлагдаж, бүх зүйл тушаал, дүрмийн дагуу явагдана. Гэхдээ ямар ч айдасгүй нэг жил албаа хаасан. Энэ хүмүүс бидэнд итгэж байна, би ч хариу итгэж болно. Бүтэн жил өөрийгөө л хөгжүүлье гэж боддог юм билээ. Бээжинд сурч байхдаа 25 настай цэргийн алба хаахад ямар байдаг бол гэж их боддог байсан.  Би холимог тулаанаар хичээллэдэг. Тиймээс цэрэгт байхдаа найзууддаа ганц хоёр өрөлт, бас гадаад хэл заана даа гээд боддог байсан. Энэ төсөөллөө биелүүлж чадсандаа кайфтай байгаа. Цэргүүддээ англи үг цээжлүүлдэг байлаа . Манай хэд ч хурдан цээжилнэ. Амралтын өдөр АХА тэмцээн явуулж аваргаа шалгаруулна. Хоорондоо маазрахдаа англиар ярих жишээтэй. Гэхдээ тулааны техник заая гэхээр сахилгын зөрчилтэй холбоотой асуудал үүсэж магадгүй гэж болгоомжлоод орхисон. 

-Та нарын цаашдын зорилгоос хуваалцмаар байна? 

-Х.М: Одоогоор бүх юм санаснаар бүтээд сайхан л байна. Гэхдээ аливаад саарах үе гардаг. Сэтгэл хөдлөл буурна, хүний тоо цөөрвөл яах вэ гээд бодсон. Эрсдэл ч гарна. Тиймээс ч дараагийн удаа ямар арга хэмжээ зохион байгуулах талаар бодчихсон байгаа. Ахиад нэг мөрөөдлийг өөртөө бий болгосон. “Залуучуудын холбоо”-ны дэргэдэх бизнес төв гэж байдаг. Тус төвтэй хамтран ажиллаж энэ чиглэлийнхээ хөгжлийн төвтэй болох юмсан гэж мөрөөдөж байгаа. Хөгжлийн төвөө сайхан хөгжүүлж, залуусынхаа цагаа өнгөрүүлэх орчныг бүрдүүлэхийг хүсэж байна. Өнөөх л миний мөрөөдөл юм даа. Хэдэн мешок тавьчихаад, шатар, даам тоглож, санал бодлоо солилцох халуун дулаан орчныг бүрдүүлэх юмсан гэж бодогдсон. Гэхдээ миний мөрөөдөл биелэх байх аа. /Инээв.сур/ Бизнес төвөөрөө дамжуулан цэрэгт алба хаасан залуусыгаа ажлын байраар жуучлах, хангахыг ч үгүйсгэхгүй. Гадны их, дээд сургуульд суралцах боломжийг эрэлхийлнэ. Залуус бид хөгжих ёстой. 

-Хугацаат цэргийн албыг хаачихсан залууст энэ асуултыг тавих нь тохиромжтой болов уу. Нийгэмд цэргийн албатай холбоотой олон сөрөг ойлголт байдаг шүү дээ? 

-Б.Ө: Цэрэгт дэг байдаг гэж ярьдаг. Гэтэл үгүй. Бүх зүйл харилцаанаас эхэлдэг. Магадгүй нэг маань таагүй харилцвал бид ярилцдаг байсан. Бид зарим өглөө бие биенийгээ сэрээдэг. Орой унтахаас өмнө шүлэг ч юм уу, гоё дуу дуулчихаад унтахад сайхан байдаг. Аливаад эерэгээр хандах сайхан. Бидний амьдарч байгаа зуун хөгжиж, залуус бид улам боловсорч байна. Тиймээс цэрэгт алба хаах нэг жилийг ч гэсэн сайхан өнгөрүүлэхийн төлөө өөрсдөө зорих, хичээх хэрэгтэй. 

-Х.М: Нэмж хэлэхэд нийгмийн сөрөг хандлагыг өөрчлөхийн тулд “Халагдах цэргийн зөвлөл”-ийг бид байгуулсан. Энэ зөвлөл нь бидний гол судас юм. Салбарлаж олон зүйлийг эрэлхийлэх, хийх боломж бидэнд байна. Залуус бид ёс зүйтэй, хариуцлагатай, соёлтой байх хэрэгтэй. Тамхины ишийг хогийн саванд авч хийлээ гээд биднээс юу ч унахгүй. Бусдад сайнаар үлгэрлэн амьдарья. Залуус ялангуяа цэргийн алба хаасан залуус ямар мундаг болохыг олон нийтэд харуулах хэрэгтэй. Бүр үүрэгтэй. Тэгж л бид эх орондоо үнэнчийн тангараг өргөсөн. Магадгүй өнөөдөр бид цөөхүүлээ мэт санагдаж болох ч тодорхой хугацааны дараа олуулаа болж илүү ихийг сэднэ, хийнэ. Нийгэм ч эрүүлжиж эхэлнэ гэж боддог. Бидний энэ үйлдлийг хараад эцэг эхчүүд хүүхдээ цэрэгт явуулах нь зүйтэй юм байна, хилд алба хааснаар хөгждөг юм байна гэж харна. Магадгүй миний мөрөөдөл биелж үйл ажиллагаа томрон компани болох ч юм билүү. Арван жилийн хүүхэд манай компаниар дамжин цэргийн албыг хилд хааж ирснээр манай “бүтээгдэхүүн” болж ирнэ. Цагийн манаанд хацраа хөлдөөх тэр үеэс хүний зүрх арай өөрөө цохилж эхэлдгийг залуус өөрийн биеэр мэдрэх нь чухал юм.  

НЭЭЛТТЭЙ ЯРИЛЦАЖ ЧАДСАНААР ОЛОН АСУУДЛЫГ ШИЙДЭЖ ЧАДНА ШҮҮ ГЭЖ ДҮҮ НАРТАА ХЭЛЬЕ

-Цэргийн алба хаахад сайхан дурсамж олон үлдсэн байх?

-Б.Ө: Анх застав руу хуваарилагдсан юм. Харуул руу бид хоёр зөрж явж таарав. Тэгсэн Мөнхжин хилийн харуулаас бууж ирэхдээ ув улаан нүүртэй ирсэн. Мэнэн тал хээрийн бүс учраас зундаа халуун, өвөлдөө их хүйтэрдэг. Задгай салхинд хоёр хацраа хөлдөөчихсөн байхыг нь хараад хилийн харуул гэдэг нь аймаар зүйл байх, яаж явна гэж халгаж байлаа. Харин би харуул дээр очоод гайгүй ээ хамраа жаахан л хөлдөөсөн. /Инээв.сур/ Би омогшдог юм. Хил дээр хилчин дээлээ өмсчихөөд, буугаа үүрээд хилийн манаанд явах сайхан. Унасан мориноос уур цана савсаад хилээ хамгаалж явахыг харсан хэн ч үнэхээр бахархана. Би анх морь унаж чаддагүй байсан. Эрүүл цэвэр агаарт нэг жилийн хугацаанд алба хааж, найман кг жин хаяж, тав зургаан км-т хөнгөн гүйдэг болсон. 

-Х.М: Цэрэг халах, татах төв дээр хоносон өглөө “сэрээд сэрээд” гэсэн юу билээ л гэж бодсон. Олон залуус нэг дор бие засна гэдэг асуудал байдаг юм билээ. Яг тавтай бие засах гэхээр “дуусгаад жагс” гэж байгаа юм чинь. Эхлээд хэн нэгэн ширүүн дуугарвал их сонин хүлээж авна. Ямар сонин газар ирчихэв. Больж болох болов уу. Галт тэрэг ч нэгэнт хөдөлсөн байх даа гэж тэр үед дотроо бодсон. Гэхдээ л энэ бодол долоо хоногийн дараа гэхэд арилсан. Цэрэгт алба хаавал ямар байх бол гэсэн төсөөлөлдөө автаж, дунд нь орж эхэлсэн. Салааны шилдэг байлдагч болж бүр ч урамшаад явчихсан. Надад хүч өгөх шиг л болсон. Тэгээд салааныхандаа хандан бүгдээрээ сайхан алба хаая гэж уриалсан. Ер нь ярилцах л хэрэгтэй юм билээ. Заставт очоод цэргүүдийн уур амьсгалыг хараад сайхан ярилцахаар шийдсэн. Ахлах байлдагч цолтой хүн чинь манлайлах хэрэгтэй биз дээ. Ундааны сав эргүүлж байгаад таарсан хүн нь өөрийгөө танилцуулж, сэтгэлийн үгээ ярьцгаасан. Ярилцахад хүн бүр өөрийн гэсэн амьдралтай, асуудалтай байгаа нь харагдсан. Ингэж бид дотроо уудалсан. Яг л сэтгэлзүйч дээр очсон юм шиг гадагшлуулсан. Тэр орой тэр өрөө халуун уур амьсгалаар дүрэлзэж байсан гэхэд болно. Ярилцлага дуусаад өөрсдийнхөө жоорыг бүгд хувааж идсэн. Цэрэгт ундаа, контик зэрэг нандин эд шүү дээ. /Инээв.сур/ Ингэж бид нэгдсэн. Энэ уур амьсгалаа өөр застав руу явсан ч хадгалж байлаа. Бие биенийгээ уусгадаг юм билээ. Дүү нар энэ ярилцлагыг унших байх. Тиймээс хоорондоо сайн ярилцаарай гэж зөвлөе. Нээлттэй ярилцаж чадсанаар олон асуудлыг шийдэж чадна шүү. Сайхан арга хэмжээнүүдийг санаачилж хэрэгжүүлээрэй. Онжавууддаа би үргэлж хэлдэг байсан уур дийлж, ухаан дутсан үед хүн буруу алхам хийдэг шүү гэж хэлье. Эр хүн тэнцүү тэвчээр шүү. Хүлээцтэй, тэвчээртэй байж шинийг сураарай. Нэг жил маш гоё өнгөрсөн. Сайхан дурсамжууд зөндөө бий. Баттулга гээд онжав маань гэрээтээр улирч үлдсэн. Би шөнө манаанд гарч байсан юм. Бараг гурван есийн хүйтэн байсан байх. Дээл хайраад даарч зогстол найз минь өөрийнхөө унтах цагаас хумслаад надад цай чанаад авчирч өгсөн. Би тэр үед дэндүү сайхан сэтгэлийг мэдэрсэн. Нэг жилийн хугацаанд цэргийн алба хаахдаа үүнийг л мэдрэхэд хангалттай гэсэн мэдрэмжийг тэгэхэд авсан. Ингэж л цэргийн албандаа улам бүр дурласан. Харвасан сум шиг цаг хугацаа өнгөрсөн. Харин сүүлийн нэг сар явдаггүй гэдэг үнэн юм билээ. Эхний 11 сар нэг сар шиг, харин сүүлийн сар нэг жил шиг үндсэндээ нэг жил сарын алба хаачих шиг боллоо гэж хоорондоо маазарцгаасан. /Инээв/.сур 

БИ ЦЭРЭГТ БАЙХДАА ААВ ЭЭЖИЙНХЭЭ ӨМНӨ ЗОХИСГҮЙ АВИР ГАРГАХГҮЙ ГЭЖ ӨӨРТӨӨ АМАЛСАН

-Цэргийн алба хаагаад ирэхэд гэр бүл, найз нөхдийн хандлага ямар байна вэ? 

-Б.Ө: Сайн үйлсийн аян хийгээд гэртээ орж иртэл ээж минь маш сайхан хүлээж авсан. Гэр бүлийнхнийгээ бусдын төлөө гэсэн тэр сэтгэлийг давхар олж харж баярласан. Аав ээж минь дэмжиж байгаад үнэхээр баяртай байна. 

-Х.М: Хүн гэр бүлтэйгээ байнга хамт байхаар үнэ цэнийг төдийлөн ойшоодоггүй юм байна. Бүр үнэ цэнийг нь мартчихдаг ч үе бий. Багахан зүйлд уурлана, дургүйцнэ. Гэхдээ цэрэгт явахаасаа өмнө л дөө. Харин цэргийн албанд очоод тэднийхээ үнэ цэнийг дэндүү ихээр мэдэрсэн. Санасан үедээ тэднийгээ харж, хүссэн цагтаа мессэж бичиж чадахгүй болохоор бүр голдоо ортол санана гээч. Юмны утга учрыг жаахан ойлгох тусам эцэг эхийн хайрыг ойлгодог юм билээ. Би цэрэгт байхдаа өөртөө нэг зүйлийг амласан. Аав ээжийнхээ өмнө зохисгүй авир гаргахгүй гэж амалсан. Аливаад эерэг байх талаас хичээж байгаа. Хэн байх чиг шугамаа цэргийн албанд олж авсан учраас Хилийн цэрэгт би насан туршдаа өртэй. Тиймээс ч ачийг нь чадах зүйлээрээ хариулах юмсан гэж хичээж байна даа. Цэрэгт явахаасаа өмнө сошиалын идэвхтэй хэрэглэгч байлаа. Тэр үед цэрэгт явах болсноо зарлахад хэд хэдэн найзууд өөрийн чинь шийдвэрийг дагаад бид ч бас явж байна гэж илэрхийлж байсан. Боксоор хичээллэдэг танил дүүгээ ятгасаар байгаад урвуулж чадсан. Багануурын Хилийн 0252 дугаар ангид алба хаасан байна билээ. Халагдаад таарсан намайг үзэн ядаж байгаа болов уу гэж дотроо эмээтэл харин ч эсрэгээр баярлалаа гээд “Хилийн төлөө” тэмдэг зүүчихсэн, ахлах түрүүч цолтой халагдаж байна билээ. 

ХЭН БАЙХ ЧИГ ШУГАМАА ОЛЖ ЦЭРГИЙН АЛБАНААС ОЛЖ АВСАН УЧРААС ХИЛИЙН ЦЭРЭГТ БИ НАСАН ТУРШДАА ӨРТЭЙ

-Ингээд ярилцлагаа түр өндөрлөе. Түр гэдэг нь нийгэмд болон ХЦАХ-чдад чиглэсэн олон сайхан арга хэмжээгээр уулзах байх гэж итгэж байна? 

-Х.М: Биднийг мэдрэмжтэйгээр чиглүүлж байгаа хошууч Б.Түвшинтулгад баярлалаа. Хилийн 0306 дугаар ангийн хамт олондоо баярлалаа. Хэр баргийн зүйлд уйлж байсангүй. Заставаасаа явахдаа яг л хүүхэд шиг эхэр татаж уйлсан. Заставын даргын тэр үг ч сэтгэл орно гэж жигтэйхэн. Заставаа тойрох тэр мөч бүр аймаар. Нөхөн хангалтаар ирж байгаа дүү нар биднийг дагаж уйлаад л. “Гоё застав шүү, алба сайхан авч яваарай” гээд дүү нараа тэвэрсэн. Цагийн манааны байраа  хараад л асгаруулж байгаа юм чинь. Үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан нэг жил өнгөрчээ. Аз жаргалтай өнгөрсөн. 

Энэ дашрамд Хилийн 0306 дугаар ангийн хамт олондоо, заставынхандаа ахмад Сэргэлэн, Баттулга, ахлах дэслэгч Пүрэвсүрэн гээд олон хүнд баярлалаа гэж хэлмээр байна. Энэ сайхан дурсамжийг бүтээхэд тусалсан шүү та бүхэн. Харуулын дарга, ахлах ахлагч Мөнхнасанд бас баярлалаа.