Э.ЭНХЦЭЦЭГ: “УЛЬХАН” БРЭНДИЙГ ХИЛЧИД МЭДДЭГ БАЙХ НЬ БИДНИЙ АЖЛЫН НЭГ ҮЗҮҮЛЭЛТ
  • 09:11
  • 64
Хилийн анги, салбартаа үргэлж өнгө нэмж, ирсэн зочид, төлөөлөгчдийг хоол цайтай, ая тухтай байлгах гэж хамгийн ихээр хичээж ажилладаг хүмүүс бол хилчин бүсгүйчүүд. Хилийн 0275 дугаар ангийн хилийн 0207 дугаар салбарт томилолтоор ажиллах хэдхэн цагийн хугацаанд бүсгүйчүүдтэй хөөрөлдөх завшаан олдов. Ингээд зочид буудлын эрхлэгч, ариун цэврийн зааварлагч Э.Энхцэцэгтэй ярилцлаа.

Ахлах дэслэгч Л.НОМИНГЭРЭЛ

-Заставын бүсгүйчүүдын зассан ширээ гайхалтай байлаа. Өөрсдийн гараар хийсэн бүтээгдэхүүн ч их байна?

-Тийм ээ. Бид ирсэн зочдоо өөрсдийн гараар бэлтгэсэн талх, нарийн боов, жимс жимгэнээр дайлдаг уламжлалтай. Манай заставын хариуцсан хэсэг байгалийн баялаг ихтэй. Мойл, үхрийн нүд, улаагана, нэрс, үрэл, мангир, жууцай, чацаргана, гишүүгэнэ гээд ургахгүй зүйл байхгүй. Тиймээс ч манай заставын бүсгүйчүүд зун маш завгүй байдаг. Ангиас ч үйлдвэрлэлийн даалгавар өгдөг. Ангидаа бэлтгэн өгөхөөс гадна ирсэн зочдынхоо ширээнд тавих чанамал, жимсээ ч бас давхар бэлтгэж авдаг.  

-Хилийн заставууд өөрийн гэсэн брэндтэй байдаг шүү дээ. Танай заставын брэнд нь юу вэ?

-Торт. Тортон дээрээ зочдод зориулсан үгийг бичиж, хэлбэр дүрст нь анхаардаг. Ирсэн зочид, бүлэг болгон маш сайхан хүлээж авдаг шүү. Гаднаас худалдаж авдаг талх, нарийн боов, жигнэмэг гэж бидэнд байхгүй. Тиймээс боломж бололцоогоо ашиглан өөрсдийн брэндийнхээ нэр төрлийг олшруулах, амт чанараа сайжруулахад анхаарч байгаа. Бид заставтаа талх, нарийн боов, мэргэжлийн тогооч урин хичээл заалгах юмсан гэж ярилцаж байгаа.

-Хүлэмж байгаа харагдсан. Нарийн ногоогоо өөрсдөө тариалдаг уу?

-Хүлэмжиндээ нарийн ногоо тариалдаг. Жилдээ бид зочид буудлынхаа хэрэгцээний өргөст хэмх, чинжүү, сонгино, хүрэн манжин, луувангаа тариалаад авчихдаг юм. Харин энэ жил ургац жаахан тааруухан байлаа. Урьд авснаасаа арай бага ногоо даршилж авсан.  

-Ийм их ажлыг цөөхүүлээ хийж амжихгүй шүү дээ. Та нарт тусалдаг заставын бүсгүйчүүд олон биз?

-Заставт орон тоогоор ажилладаг бид дөрөв энэ их ажлыг нугалахад амаргүй байдаг. Тус бүр өөрсдийн хариуцсан ажилтай. Энэ жил л гэхэд манай заставын хариуцсан хэсэгт Хилийн 0287, 0132 дугаар гэсэн гурван ангийн хамтарсан морин бэлтгэлийн сургалт явагдсан. Олон эрчүүд байгаа болохоор манай заставын бүсгүйчүүд хоол унд бэлтгэх, хийх, хувцас угаах, халуун ус, соёл олон нийтийн ажилд оролцох, зохион байгуулах гээд их завгүй байсан. Анги, заставынхаа нүүр царайг бас бодно. Тэр бүхэнд заставын бүсгүйчүүд бүгдээрээ нийлж,гар бие оролцож байж л их ажлын ард гарна шүү дээ. Заставын бүх бүсгүйчүүд нийлээд нэг нь талхаа, нөгөө нь хоолоо, үлдсэн нь ширээгээ засах зэргээр хуваарилж аваад л хийдэг. Энэ бүх ажлыг амжуулдаг, тусалдаг ахлах ахлагч Э.Огторгуй, Д.Одцэцэг, Д.Ням-Эрдэнэ, Г.Гантулга Д.Эгшиглэн, Д.Буяндэлгэр, Ж.Дэлгэрмаа, Ж.Буяндэлгэр, Д.Отгонцэцэг, Б.Төгсбаяр нартаа баярлалаа. Бүгдээрээ ажилсаг, мэргэжил боловсролтой сайхан бүсгүйчүүд. Сум дундын бага эмч, эрх зүйч, сэтгэлзүйч, цэцэрлэгийн багш, англи хэлний багш гээд төрөл бүрийн мэргэжил эзэмшсэн бүсгүйчүүд бий.

-Хүүхдүүд олон байдаг уу. Мэргэжлийн цэцэрлэгийн багштай болохоор цэцэрлэг байгуулж болмоор юм байна шүү дээ?

-Заставт цэцэрлэгийн багш мэргэжилтэй хоёр эмэгтэй бий. Заставт цэцэрлэгийн насны 15 хүүхэд байдаг. Сургуулийн насны гурван хүүхэдтэй. Зун цэцэрлэг гардаг. Гэхдээ сумын цэцэрлэгийн багш нар ажилладаг. Ирэх жилээс цэцэрлэг барьж магадгүй гэсэн. 

-Ангиас зохион байгуулсан эмэгтэйчүүдийн арга хэмжээнд бүгдээрээ оролцдог биз дээ. Саяхан эмэгтэйчүүдийн цугларалтаа хийсэн гэж байсан?

-Намар зохион байгуулсан цугларалт маш сайхан болсон. Цугларалтад оролцсон эмэгтэйчүүдийн хэсэг болгон өөрсдийн хийсэн бүтээл, хоол хүнсээрээ үзэсгэлэн гаргаж тайлангаа тавьсан. Эндээс маш их зүйлийг сурсан. Эмэгтэйчүүдийн хэсэг бүр өөр өөрсдийнхөө онцлог, давуу талаа ашиглаж, түүнийгээ таниулж чаддаг. Тухайлбал, ангийн төвийн эмэгтэйчүүдийн хэсэг нийгэмд чиглэсэн сайн үйлсийн аян, уралдаан тэмцээн, концерт зохион байгуулж ХХБ-аа сурталчилах ажлыг сумын ард иргэдэд их хийсэн байсан. Мөн  шар сүүгээр царцаамаг шиг чихэр хийсэн нь маш их таалагдсан. Харин хилийн 0266 дугаар салбар чацарганы өтгөрүүлсэн шүүс хийсэн. Тэдний заставын хариуцсан хэсэгт чацаргана их ургадаг юм. 

Хилийн 0102 дугаар салбарынхан заставынхан саван, уруул өнгөлөгч хийсэн байна билээ. Уруул өнгөлөгөчийг чацарганы тосоор хийсэн гэсэн. Манай заставын охидууд их авсан шүү. Саван нь маш гоё. Гар хуурайшуулдаггүй. Чацаргана, оливын тос ашиглан хийдэг гэсэн. Мөн гипсэн хавтангаар машины үнэртүүлэгч хийсэн нь таалагдсан. Харин 0280 дугаар салбарынхан цагаан идээг гайхалтай боловсруулдаг юм билээ. Ааруулыг солонгон өнгөтэйгөөр, хэлбэр дүрс гаргаж хэвлэхдээ хүртэл их ач холбогдол өгсөн нь харагдсан. Хилийн 0259 дүгээр салбарын бүсгүйчүүд их гоё дээлтэй ирсэн байсан. Өөрсдөө оёсон гэсэн. Их уран бүсгүйчүүдтэй юм билээ.  

-Танай заставынхан ямар брэндээр оролцов? 

Харин манай заставынхны хувьд энд ургадаг бүх төрлийн жимсний чанамал, мойлтой тосоо аваад очсон. Мөн булган өвс, ганга өвс, бас “Ульхан” брэндийнхээ цайгаа хийгээд авч очсон. Цайны маань орцонд үрэл жимс, үрэлний навч, нохойн хошуу ордог. Үрэлний навч нь витамин С-гээр баялаг. Нохойн хошуу ханиаданд сайн. Энэ цай ханиаданд сайн. Дархлааг маш сайн дэмждэг. Бид туршилтын журмаар бага хэмжээгээр хийгээд авч очсон юм. Манай заставт ажиллаж байсан хилчид эдгээр ургамлынхаа ид шидийг мэддэг болохоор их авсан шүү. Бидний хийсэн бүтээгдэхүүнээс бас нэг их таалагдсан зүйл нь үзмэн чихэр. Энэ чихрийг хийхдээ үзмээ машиндаад, бор сахаранд өнхрүүлээд л бэлэн болдог. Үзмэн чихэр маань манай заставын бас нэгэн брэнд болсон. Аль ч заставт брэндийг бүсгүйчүүд л санаачилж, хийж, бүтээдэг. “Ульхан” гэдэг брэндийг хилчдэд таниулах нь бүсгүйчүүд бидний ажил шүү дээ. Бид өөр өөрсдийн арга туршлагаасаа бусад заставынхантайгаа солилцсон. Өөр заставтаа хийх боломжтой зүйлийг ч их сурсан. Бид энэ цугларалтаас дотоод орлогоо бага ч гэсэн нэмсэн. Бүтээгдэхүүнүүдээ хямд үнээр зарсан. Хариуд бид хямд үнээр худалдан авна. Бас бартер их хийсэн. Бидний гар дээр үлдсэн мөнгө нь бага ч авсан шинэ зүйл, санаа ихтэй байсан.  

-Заставт амьдардаг бүсгүйчүүдээс гаргадаг санал хүсэлт гэвэл?

-Байлгүй яахав. Манай бүсгүйчүүдийн хамгийн их гаргадаг санал нь заставынхаа байрлалд оёдлын сургалт авах явдал юм. Сая цугларалт дээр Дорнод аймгийн МСҮТ-ийн багш нар хичээл орсон. Бид ч энэ саналаа хэлсэн. Уг нь аймагт сурах боломжтой юм билээ. Гол нь манай заставын эмэгтэйчүүд бүгдээрээ бага насны хүүхдүүдтэй. Тийм болохоор олон хоногоор явах боломжгүй байдаг. Энэ чиглэлийн л сургалт авчихвал бидэнд дутагдах зүйл байхгүй шүү.

 

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэлүүд (0)

Сэтгэгдэл байхгүй байна.