ДЭД АХЛАГЧ Г.ЧИМЭГСҮРЭН: ӨӨРИЙГӨӨ ДАЙЧИЛЖ ЯВАХАД ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ АМЖИЛТ ИРНЭ
  • 09:12
  • 5341
Сэтгүүлч хүний хувьд энд тэнд явахдаа аливааг ажиглаж явдаг. Хил хамгаалах байгууллагын хэмжээнд зохион байгуулагдсан томоохон арга хэмжээнүүд дээр биеэр жижиг шавилхан нэгэн бүсгүйг олж харан ярилцах сэдэл надад анх төрсөн юм. Цэргийн алба хаагч эмэгтэй хүний хувьд дайчин чанарыг түүнээс олж харсан билээ.

Ахлах дэслэгч Б.АЛТАНЦЭЦЭГ 

-МУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит марш тактик, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохион байгуулагдсан буудлагын тэмцээн, цэрэгжилтийн спортын зуны таван төрөлт, өвлийн гурван төрөлтийн аварга шалгаруулах тэмцээн, Хилийн 0303 дугаар тусгай салбарын гардан тулааны үзүүлэх тоглолт гээд олон удаагийн тэмцээн уралдаанд өөрийг чинь олж харсан юм байна?

-Анх 2016 онд Хилийн 0303 дугаар тусгай салбарт аж ахуйн хангалтын албанд няраваар ажилд орсон. 2017 онд Хамгаалалтын тусгай тасагт харуулчин, 2019 онд тусгай томилгоот I салаанд буудагч албан тушаалд тус тус томилогдон ажиллаж байгаад ДХИС-д цэргийн албаны зохион байгуулалт тусгай факультетийн дамжааны захирагч-багшаар томилогдоод удаагүй байна. Миний хувьд Хилийн 0303 дугаар тусгай салбартай холбогдсон нь учиртай. Би анх ХЦДС-д орохдоо л цэргийн хүн болох хүсэл сонирхолтой байсан. Намайг нэгдүгээр курсэд ороход манай гэр бүлийн хүн дөрөвдүгээр курсын сонсогч байлаа. Ингээд “Сонсогчийн алдар” гардан тулааны тэмцээний үеэр ханьтайгаа танилцсан. Манай хүн дасгалжуулагч багш байсан юм. Анхныхаа гар, хөлийн цохилтыг заалгаж танилцсан хоёр. Манай хүн сургуулиа төгсөөд Хилийн 0303 дугаар салбарт томилогдон ажилласан юм. Манайх ажилчдын байранд амьдарна. Би гэртээ хүүхдээ харж байсан учраас гэрийнхээ цонхоор ангийн үйл ажиллагааг хардаг байлаа. Тус ангид ажиллах юмсан гэж дотроо мөрөөднө. Ингээд өргөдлөө гаргаж өгсөн. 2016 онд гэрийн эзэгтэйн мөрөөдөл биеллээ олж энэ сайхан хамт олны нэг болсон. 

-Гэр бүлээ танилцуулаач? 

-Манай нөхрийг ахмад Х.Оналбек гэдэг. ДХИС-ийн Биеийн тамир, спорт-сургалтын албанд ахлах багшаар ажилладаг. Гардан тулааны олон улсын хэмжээний мастер. Бид охин, хүү хоёртой. 

-Одоо эрхэлж буй ажлын тухайд? 

-ДХИС-ийн нэг, хоёрдугаар курсын эмэгтэй сонсогчдыг хариуцсан дамжааны захирагч-багшаар ажиллаж байна. Чадварлаг хамт олонтой мөр зэрэгцэн ажиллах болсондоо маш их баяртай байгаа. 

-Өмнө нь та чиглэлийн хариуцсан даргатай гүйцэтгэгч байсан бол ажлын хариуцлага одоо өөр болжээ? 

-Тийм шүү, өмнө нь гүйцэтгэгч байсан. Одоо бол сонсогч охидоо хариуцаж байна. Ирээдүйн боловсон хүчнийг хариуцаж байгаа гэдэг утгаараа өндөр хариуцлага хүлээсэн. Охидынхоо дарга, заримдаа найз нь, шаардлагатай үед эгч нь байж өөрийн мэдэх зүйлсээ зааж сургахыг хүсэж байна. Би өөрөө залуу хүн учраас сурч боловсрохын зэрэгцээ илүүтэй биеэ дайчлах ёстойг ухамсарлаж байна даа. 

-Цэргийн хүн больё гэж боддог охид харьцангуй цөөн байдаг. Яагаад багаасаа цэргийн хүн болохыг хүссэн юм бэ? 

-Би багын гүйж харайх дуртай хүүхэд байсан. Зан чанарын хувьд ч тэр цэргийн хүн болоход зохицохоор байсан байж магадгүй. Айлын бага, эрх охин ахтайгаа байнга хамт явдаг байлаа. Бид эхээс гурвуулаа. Хоёр эмэгтэй нь цэргийн хүн болсон. Манай төрсөн эгч цэргийн хүн, ДХИС-д ажилладаг. 2019 оны маршаар эгч ДХИС-ийн эмэгтэй тасгийг авч гүйхэд би Хил хамгаалах байгууллагын нэрийн өмнөөс Хилийн 0303 дугаар тусгай салбарт гүйсэн юм. Эгчийгээ хараад тэр үед бахархаж байсан. 

-Хилийн 0303 дугаар тусгай салбарт ажилд орсон нь ихийг суралцах боломжийг олгож, хурцалсан байх? 

-Үнэхээр тэргүүний, өөрийгөө дайчилж чаддаг, дайчин залуусаас бүрдсэн хамт олон. Тусгайгийнхантай мөр зэрэгцэн ажилласнаар өөрийгөө илүү ихээр дайчилсан. Сүүлдээ эмэгтэй гэдгээ ч мартахаа шахдаг. Дарга нар ч эрчүүдтэй адилхан шаардлага тавина. Үүнээс гадна би өөрийнхөө сэтгэл зүйтэй их ажилладаг. Тухайлбал, 20 км-т гүйлээ гэхэд ядрах үед хүн сэтгэл санаагаар шантрах үе гарна. Харин тэр үед би сэтгэл зүйгээ удирдахыг хичээдэг, тэр үед би өөртөө, “Чи ухаан алдаж унахаас нааш яах ч үгүй унах хүртлээ гүй, би бол Ганбаатарын Чимэгсүрэн” шүү гэж хэлдэг. Аав минь тэнгэрт байгаа ч түүнийхээ алдрыг энэ яваа насандаа сайнаар дахин дуурсгаж амьдруулах юмсан гэж хүсдэг охин үр. Ямарваа нэгэн тэмцээн уралдаанд оролцоод медалийн болзол ханган Ганбаатарын Чимэгсүрэн гэж дуудуулахад сайхан байдаг. 

-Үнэхээр бие махбодь цуцах үе амьдралд байдаг. Тэр үед хэн таныг илүүтэй хурцалдаг вэ?

-Олон хүчин зүйл бий. Мэдээж гэр бүл минь байна. Хүрээлэн байгаа хүмүүс буюу хамт олон, найз нөхөд гэж бий. Хил хамгаалах байгууллагын хэмжээний тэмцээн уралдаанд оролцохдоо Хилийн 0303 дугаар тусгай салбарын алба хаагч шүү дээ гэж өөртөө хэлнэ. Харин бусад хүчний байгууллагуудын дунд бол Хил хамгаалах байгууллагынхаа нэр хүндийг бодно, энэ бүгд маш том хариуцлага, Хил хамгаалах байгууллага өнгөрсөн жил гурван улсын уулзалтыг зохион байгуулсан. Маш олон хүний хүч хөдөлмөрөөр энэ уулзалт амжилттай сайхан болсон. Зуны тэр халуун өдрүүдэд хөлс, хүчээ гарган хамт олонтойгоо бэлтгэл, сургуулилалт хийж байсанаа одоо эргээд дурсахад үр шим нь сэтгэлд сайхан дурсамж болон үлджээ. 

-Сэтгэл зүйн бэлтгэлийн талаар их ярьдаг. Энэ жилийн маршийн дараа сэтгэл зүйн бэлтгэл дутуу хангагдсан гэсэн дүгнэлт хийгдэж байсан. Өөрөө маршид гүйсэн цэргийн алба хаагчийн хувьд сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ?

-Мэдээж сэтгэл зүйн бэлтгэл маш их үүрэгтэй. Бүгд л хичээж оролцсон. Гэхдээ миний хувьд өөрөө өөртэйгөө сайн ярилцдаг. Хэн нэг нь ядарсан үед нөөц буу үүрээд гүйх хүч байх ёстой шүү гэдгийг урьдчилаад өөртөө хэлдэг. Сэтгэл зүйтэйгээ сайтар ярилцаж баг хамт олноосоо хойш татах биш харин ч өөрийгөө дэмнэж хурцалдаг. Маршийн үеэр бие махбодь ядардаг ч би гүйх дуртай. Харин ч хурдан болоосой гэж яардаг. Тиймээс ч 2021 оны маршид хүч үзнэ гэсэн бодолтой байгаа. Би бас буудах дуртай. Анх гранизоны маршид ороод буудаж үзсэн, надад буудах бага зэргийн эвсэл бий.

-Та хоёр хүүхдийн ээж, гэрийн эзэгтэй хүн. Тангараг өргөсөн цэргийн алба хаагчдад заримдаа гэр бүлээ хойш тавих үе гардаг шүү дээ?

-Хүүхэд бага байхад аргалаад болдог байлаа. Харин хүүхэд сургуульд орчихоор яах аргагүй хариуцлага нэмэгддэг юм байна. Хүүхдээ ажлынхаа төлөө завсардуулж болохгүй хариуцлагатай үе эцэг эхчүүдэд ирдэг гэх үү дээ. Гэхдээ л цэргийн алба хаагчид хүлээсэн үүрэгтээ үнэнчээр ажилдаа гол анхаарлаа хандуулж, үр хүүхдээ орхигдуулах гээд байдаг сул талтай.  

-Тиймээс ч эмэгтэй хүнд маш нарийн зохион байгуулалт шаарддаг. Ер нь хэр гэрийн эзэгтэй гэж өөрийгөө тодорхойлох вэ? 

-Аливаа зүйлийг маш хурдан амжуулахыг эрмэлздэг. Хөглөрөөд байх дургүй. Хоолоо хийж байхдаа, гэрээ цэвэрлэх зэргээр хурдан дуусгахыг хичээнэ. Баасан гарагийн орой хийх ажлаа амжуулчихаад амралтын өдрийг гэр бүлдээ зориулахыг хичээдэг. Би ажил дээрээ ч байнга шахам шогшиж явдаг. Тайван алхая гэхнээ дараагийн хийх ажил бодогдоод байдаг юм. 

-Эмэгтэй хүний хувьд юунд цаг заваа зориулах дуртай вэ. Тухайлбал, дэлгүүр хэсдэг ч юм уу?

-Дэлгүүр хэсэх дургүй. /Инээв.сур/ Гоёл чимэглэлд ч төдийлөн дуртай биш. Харин найз нартайгаа төрсөн өдрөөр нь зорьж уулздаг. Гэр бүлдээ хангалттай гаргаж чадахгүй байгаа цагаа бусад дэмий зүйлд үрэх дургүй. 

-Залуу байна, суралцах зүйл их байна гэж ярилцлагын эхэнд өөрөө хэлж байсан? 

-Цэргийн чиглэлээр болон эрхзүйн чиглэлээр магистрт суралцах төлөвлөгөөтэй байгаа. Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх хүсэл бас бий. Бодож явахад бүтэх байх. Одоо бол эрхэлсэн ажлаа хариуцлагатай хийх юмсан гэж бодож байна. 

-Ажлынхаа хажуугаар өөрийгөө хэрхэн хөгжүүлж байна?  

-Би анх Хилийн 0303 дугаар тусгай салбарт энгийнээр ажилд орчихоод цэргийн болно гэж бодон их хичээдэг байсан. Үе үеийн дарга нар миний энэ чанарыг олж харан намайг цэргийн болгосон байх. Тиймээс ч та бүхэнд баярлаж явдагаа энэ дашрамд илэрхийлмээр байна. Тусгай салбарт байхдаа долоо хоногт хоёр удаа гүйхээс гадна биеийн тамирын байнгын бэлтгэлтэй байсан. Харин шинэ ажилдаа ороод формоо алдахгүйн тулд дасгал хийж байгаа. Хамгийн гол нь хүн хөгжихөд удирдлагын бодлого шийдвэр маш чухал байдаг юм билээ. Үе үеийн дарга нар намайг тэмцээн уралдаанд ороод үз, туршлага судал, хичээгээд үз гэж чиглүүлсэн. Үүнд их талархаж явдаг. Дэд хурандаа Э.Майдар, “Даруухан байлдагч нүдэнд дулаахан” гэж хэлдэг. Энэ үг надад их таалагддаг. Би удирдлагаас өгсөн үүргийг чин сэтгэлээсээ биелүүлэн, өөрийгөө дайчилж явахад хэзээ нэгэн цагт амжилт ирнэ гэж боддог.  

-Эрч хүчээр дүүрэн бүсгүйтэй ярилцах таатай байлаа. Ажлын амжилт хүсье?

-Би Хилийн цэрэг, ДХИС-ийн алба хаагч гэх эрхэм хүндтэй бүрэлдэхүүний нэг хэсэг болж байгаагаараа бахархдаг. Тиймээс ч цэрэгжилч, жагсаалч байдал, биеэ авч яваа байдал дээрээ  анхаардаг. Үг, үйлдэл угаас хүнийг тодорхойлдог шүү дээ.