Гэрээт хилчин Д.Цолмонбаяр: Мэргэшсэн ахлагч болох нь миний зорилго
  • 09:51
  • 416
Гэрээт хилчний албанаас Хил хамгаалах байгууллагын үндсэн бүрэлдэхүүнд орохоор зорилгоо тодорхойлон амжилттай ажиллаж яваа залуус олон. Тэдгээр залуусын нэг болох Хилийн 0168 дугаар ангийн гэрээт хилчин Д.Цолмонбаяртай ярилцлаа. Тэрбээр ахлагчийн бүрэлдэхүүнд орохоор сэтгэл шулуудан шалгалт өгөхөөр Улаанбаатар хотноо ирээд байсан юм.

-Өөрийгөө танилцуулахгүй юу?

-Би 1993 онд Хэнтий аймгийн Батширээт суманд төрсөн. Арван жилийн сургуулиа төгсөөд 2011 онд Төв аймгийн Баянчандмань сум дахь Барилгын коллежийг төгссөн. Ингээд 2014 онд Хилийн 0198 дугаар ангид хугацаат цэргийн албыг хаасан. Халагдсан жилээ Хилийн 0287 дугаар ангид гэрээт хилчин болсон. Хоёр жилийн гэрээгээ амжилттай дуусгаад дахин Хилийн 0168 дугаар ангид гэрээт хилчнээр алба хааж байна. Нэг үгээр дөрөв дэх жилдээ гэрээт хилчний албанд үүрэг гүйцэтгэж байгаа. 

-Яагаад гэрээт хилчин болохоор шийдсэн юм бэ?

-Би том эгч дээрээ өссөн. Манай хөдөө гэр Хилийн 0287 дугаар ангийн дугаар салбартай их ойрхон. Эгч, ах хоёр маань хил хамгаалалтад туслах хүчний гишүүн. Тиймээс хилчин ах нар манайхаар байнга орж гарна. Тэднийг хараад цэргийн алба хааж, хилчин болох хүсэл бадарсан.  

-Гэрээт хилчний алба, нэг жилийн цэргийн алба хоёрт хэр их ялгаа байна вэ?

-Ялгаатай байлгүй яахав. Цэрэг байхад бид зөвхөн даргын хэлснийг л хийнэ. Өөрөө ямар нэгэн ажил санаачилж хийх нь ховор. Гэрээт хилчдийн хувьд үүрэгтэй, хариуцлагатай, үр дүнгээ тооцуулдаг учир дор бүрнээ гэрээний хугацаандаа хичээдэг. Даргын өгсөн үүргийг цаг тухайд нь 100 хувь гүйцэтгэнэ. Хийж байгаа хөдөлмөр нь хэн нэгний төлөө биш, зөвхөн өөртөө оруулж буй хөрөнгө оруулалт болохоор тэр байх. 

-Малын захад гүйж явсан хүү хүсэл сонирхолдоо хөтлөгдөн цэрэгт ирэхэд ямар санагдаж байв?

-Хүүхэд байхад дүрэмт хувцастай хилчин ах нар сүр жавхаатай харагддаг байсан болохоос тэдний ямар үүрэг гүйцэтгэдэг болохыг төдийлөн мэдээгүй юм билээ. Эхлээд ахлаж гишгэх, гүйж харайх, цэргийн хэргийн эрдэмд суралцах нь зарим талаар шантармаар хэцүү санагдсан. Зүү утас нийлүүлж үзээгүй надад захны даавуугаа хадах нь ч хэцүү байсан. Гэхдээ тэр бүрт мөрөөдөлдөө хүрэх ёстой шүү гэж өөрийгөө зоригжуулсаар албаа амжилттай хаасан.    

-Гэрээт хилчний албаа хэр үр дүнтэй хаасан бэ?

-Би өөрийнхөө хэмжээнд амжилттай хаасан гэж бодож байгаа. Анх хоёр жилийн гэрээгээ дуусгахад Хилийн 0129 дүгээр ангид ажилладаг найз маань чи хилчин болох хүсэлтэй юм чинь Хилийн 0168 дугаар ангид дахин гэрээгээ сунгаад хүрээд ир гэж зөвлөсөн. Би ч нутгаасаа гарч, өөр газар үзье гэж бодсон болохоор дахин гэрээгээ сунгасан. Энэ шийдвэр нь миний хувьд ирээдүйдээ хийсэн том хөрөнгө оруулалт байсан. Гэр бүлийнхэн маань ч намайг өөрийн сонгосон замаараа тууштай явахаар шийдсэнийг дуулаад дэмжсэн. 

-Дөрвөн жилийн хугацаанд гэрээт хилчний алба хаахад хэр өөрчлөлт гарав?

-Мэдээж тэвчээр хатуужил, хүнээс үг дуулах чадвар гээд өөрчлөгдсөн зүйл их бий. Хамгийн гол нь зорилгоо тодорхойлсон. Түүндээ хүрэхийн төлөө өөрийгөө дайчилж сурсан. Сэтгэхүйн хувьд хийе бүтээе, илүүг сэтгэе гэх зэргээр өөрчлөлт их орсон шүү. 

-Ахлагч болохоор шалгалт өгч байгаа юм байна. Шалгалт хэр хүнд байна?

-Амархан. Манай ангиас есөн гэрээт хилчин шалгалт өгөхөөр долоо хоногийн өмнө хотод ирсэн. Бид хилийн алба, онол эрх зүй, биеийн тамираар шалгалт өгсөн. Хилийн салбар, харуулд биеэр хийж гүйцэтгэдэг зүйлс шалгалтанд ирсэн. Өдөр тутамдаа хийж хэвшсэн зүйлээ цаасан дээр бичсэн болохоор хүнд байсангүй. Гэхдээ би гэрээгээ дахин нэг жилээр сунгаад ирсэн. Муугаар бодоход би шалгалтандаа тэнцэхгүй бол буцаж очоод дахин өөрийгөө бэлдэнгээ албаа үргэлжлүүлэн хаана. 

-Шалгалт өгөхөөр өөр ангиудаас гэрээт хилчид ирсэн байна. Тэдэнтэй өөрийгөө харьцуулж үзэв үү?

-Яг л адилхан сайхан залуус ирсэн байна. Гэхдээ би өөртөө итгэлтэй байгаа. Дөрвөн жил гэрээт хилчний алба хаасан нь миний хувьд давуу тал болж байгаа. 

-Гэрээтийн албыг сонгох гэж байгаа залуустаа хандаж юу гэж захиж хэлмээр байна вэ?

-Гэрээтийн алба зорилготой залууст маш их боломжийг олгож байдаг. Хүн өөрөө хичээж чадвал ирээдүйд ажлын байр бэлэн байна. Сурч боловсрох ч боломжтой. Гол нь хичээх хэрэгтэй. Эдийн засгийн хувьд мөнгөн хуримтлал үүсгэх давуу тал бий. Би дөрвөн жил гэрээт хилчнээр алба хаахдаа 10 гаруй сая төгрөгийн хуримтлалтай болсон. Энэ мэт давуу тал их. 

-Чиний цаашдын зорилго?

-Ахлагч болоод энхийг дэмжих ажиллагаанд явна гэж бодож байгаа. Би офицер болно гэж боддоггүй. Мэргэшсэн ахлагч болохыг л хүсдэг. Харуулын дарга болчихоод цэргүүдээ дагуулаад хилдээ явж байх нь сайхан санагддаг. Анх намайг Хилийн 0168 дугаар ангид очиход жагсаалын дарга, ахлах ахлагч Сонинбаяр их зүйл зааж өгсөн. Яг тэр ахлагч шиг бусаддаа хүлээн зөвшөөрөгдсөн ажил албандаа шижигнэсэн хүн болохыг хүсч байна.

-Хилийн зөрчил илрүүлж байв уу?

-Хоёр удаа хилд тулсан мал тогтоож байлаа. Говьд хавар, намартаа их шуурна. Шуурганаар малчдын мал хилд тулчихдаг. Тэр бүхэнд хилчид л явдаг. 

-Чамайг шалгалт өгөхөөр хот явахад салбарынхан нь юу гэж захив. Хэр зэрэг дэмжив?

-Салбарынхан маань намайг дэмжсэн. Тэр тусмаа салбарын дарга, хошууч Г.Нэргүй намайг их урамшуулж, хурцалж өгсөн. Өдөр бүр л ярьж байна. Хоёр жилийн хугацаанд хамт байхаар нэг гэр бүл шиг болчихдог. Дарга нараа, хамт байсан гэрээтүүдээ санаж байна. Мөн надад хилд унаж явдаг хээр морь бий. Би багадаа  хурдны морь унадаг хүүхэд байсан. Салбартаа очоод анх тэр морийг аваад сургасан юм. Миний морь хэвтэж, цоройж чаддаг. Бодвол эзнээ хүлээж байгаа байх даа.  

-Харуулын даргаар томилогдоод ямар ажлыг хамгийн түрүүнд хийх вэ? 

-Би албаны бичиг баримтуудаа сайн хөтөлнө. Энэ нь алба хэвийн явагдах гол үндэс гэж боддог.

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэлүүд (0)

Сэтгэгдэл байхгүй байна.