ТОЛГОД БҮХЭН НЬ ЭЗЭНТЭЙ ТОРГОН ХИЛ МИНУ
  • 14:19
  • 3303
Уг нь би өөрөө хилийн суманд өсч бойжсон боловч хил хийгээд хилчдийн тухай ойлголт маань таана, хөмүүл ургаагүй судаг шиг л өнгөцхөнийг мөнөөх л Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймгуудаар явж ахуйдаа тун сайн ойлгосон билээ.

Д.Нацагдоржийн шагналт зохиолч Доржзовдын Энхболд

Монгол Улсын Засгийн газраас санаачлан зохион байгуулсан “Уран бүтээлчид улсын хилээр” төслийн хүрээнд Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймгийн  нутагт хилээ хамгаалж яваа хилчдийнхээ анги, салбараар орж тэдний амьдралтай танилцаж ирээд ХХЕГ-ын дарга, Хилийн цэргийн командлагч, хошууч генерал Ц.Сэргэлэнтэй уулзахад, “Та манай гэрээт хилчидтэй уулзвал их сонин амьдралтай танилцана даа” гэсэн билээ. Ингээд л Багануурын ангийн дарга, хурандаа Х.Хатанбаатарын тэргийг хөлөглөн, мөнөөх даргын жолооч, ахлагч Д.Эрхэмбаяр хүүг нэг ёсондоо “түрээслэн” бэлтгэл хурандаа Д.Баасанжаргал андыг дагалдан гарч өглөө. Уг нь би өөрөө хилийн суманд өсч бойжсон боловч хил хийгээд хилчдийн тухай ойлголт маань таана, хөмүүл ургаагүй судаг шиг л өнгөцхөнийг мөнөөх л Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймгуудаар явж ахуйдаа тун сайн ойлгосон билээ. 

Ерөнхийдөө бидний холын аянд жигдэрсэн өглөө шиг бүүдгэр үүлэрхэг ойлгоцтой ийм нэгэн. Хөтөч, багшийн үүрэгтэй яваа хурандаа Д.Баасанжаргал маань Оросын “Үүрэг хүлээсэн цагт” хэмээх киноны ахлагчийн адил миний тархин дахь үүлсийг сарниаж, жалга судгийг тэгшлэн, хил хийгээд хилчдийн тухай цоо шинэ орчныг тархи сэтгэлд маань уран шувуу үүрээ барих адил бүрэлдүүлэх даалгаврыг командлагчаас авсан яваа.  Өглөөний зургаан цагт унаандаа суумагц юун түрүүнд:

-Гэрээт хилчид юутай ч гэрээ байгуулдаг байж таарна. Тэр гэрээг хэнтэй байгуулахав гэхээр төр засагтайгаа байгуулдаг байж таарна. Төр засгийн үүргийг хилийн орчинд Хилийн цэрэг л гүйцэтгэнэ. Ингэхээр командлагчтай байгуулдаг байх нь гэсэн  борооны үүл шиг бодол орж ирж байна. Энэ бодол маань яв явсаар хэрхэн өөрчлөгдсөнийг аян замын тэмдэглэл өгүүлнэ. Ер нь бол бидний аялал уран бүтээлийн зорилтот аян. Энэ аян хэр холыг зорьж, зорилгодоо хэрхэн хүрч биелүүлэх нь нэг талаас зорьж яваа зүг шиг минь тодорхой. Гэтэл бас саад бэрхшээл уулс шиг хөндөлдөж, ус гол шиг бургилан боргилон тушиж байгаа нь ч үнэн билээ. Нэрт зохиолч С. Дашдооров гуай нэгэнтээ: “Зохиол бичих гэж байгаа бол бүү ярьж бай. Ярих тусам дүр чинь бүдгэрч, зорилго чинь холдон зохиол чинь амнаас цааш гарч чадахгүй. Магадгүй хэзээ ч төрөхгүй болж мэднэ. Тиймээс амаа чангалж, харин үзгэндээ бэхийг нь ойр ойрхон амсуулж бай” гэж захиж сургасан тул ер нь зохиол бичих зорилготой гэдгээр л мөнөөх зохиолын цахилгааныг татан шурхийлгэв. Хажууд маань нэгэн залуу сууж явсныг хэлэх учиртай. Тэр Хилийн 0129 дүгээр ангийн офицер Я.Батбаяр. Хугацааны цэргээс гэрээт хилчин болж улмаар цол бүхий мөрдэс зүүж, хилийн зүг юуны тулд хэний төлөө яах гэж яваагаа гүн гүнзгий ойлгосон цэрэг байснаа өнөөдөр бүхий л амьдралынхаа зорилго болгосон офицер. Тэрбээр ийн ярив. 

“Дээд сургуулиа төгсмөгцөө тодорхой зорилгогүй тэгж байтал учир нь олдох биз гэсэн гэнэн бодолтой яваагаа ойлгоод цэрэгт явъя тэр тусмаа хилд очиж алба хаая гэсэн бодолтой болсон. Хугацаат цэргийн албаа хааж байтал гэрээт хилчний алба бий болж, гэрээтийн алба хаачихвал төрийн албанд ажиллах үүд хаалга цэлийтэл нээгдэх юм байна гэсэн бодол төрсөн. Тэгээд л элссэн дээ” хэмээн ярив. Офицер залуу өөрийн гэрээт болсон түүхийг товчхон хүүрнэснийхээ дараа надаас

-Ингэхэд та ямар нэг зүйлд ухаангүй дурлаж дурлал чинь яваандаа зорилго болж байсан уу? 

-За байз тийм юм чинь...

-Би таныг тэгсэн гэж бодож байна.

-Яасан гэж?

-Яахав дээ та гэнэт шүлэг бичиж эхэлсэн, яваандаа  шүлэг найрагт дурлаж тэр чинь таны зорилго болсон учраас л та өнөөдөр хийморьлог яваа юм.

-Чи миний хийморьлог явааг яаж мэдэж байгаа юм? Арай үзмэрч биш биз дээ.

-Үзмэрч бол бишээ. Ангийн даргын тэрэг хөлөглөн, хурандаа цолтон дагуулчихсан давхиж явна гэдэг хийморь мөн биз дээ. Гэхдээ би ийм амьдралаар өнөө ч амьдарч байгаа болохоор гадарлаж байна. 

-Утга зохиолын уу?

-Үгүй ээ, хилчний амьдрал. Хугацааны цэрэг болж харуулд гарч эхлэхдээ анх хил бол тор, түүнийг хэн нэгэн таслах вий, таслаад улс орон руу маань орж ирэх вий, тэгүүлэхгүйн тулд энэ албыг би хааж яваа гэсэн бодол л орж ирдэг. Ерөөсөө хилийн тор бүтэн байгаасай гэсэн бодолтой. Арав, хорь, гучин удаа хилийн манаанд явахад энэ бодол өөрчлөгдөхгүй. Харин тавь, жар, далан удаа яваад ирэхээр хил бол тор төдий биш. Харин эх орноо хайрлах хайр болж энэ хайраа зүрх сэтгэлдээ үргэлжлүүлэн хадгалах юмсан гэсэн хүсэл болж ирдэг юм билээ. Яг тэр үед минь гэрээт хилчний алба бий болж би түүнд элссэн дээ. Цалинтай, үүрэг, хариуцлага нь тодорхой. Нэг үгээр дээд сургуулиа төгсөх үед элсэж орохсон гэж хүсэж байсан төрийн алба л даа. Тиймээс би хоёр жил гэрээтийн албыг чанартай хаах гэж мэрийсэн, тэр маань ч үр дүнгээ өгч, хилчин офицер болж хилийнхээ албанд үнэнчээр үлдэе гэсэн бодол болж хувирсан даа.

-Хилчин болох гэтэл найз охин юм уу, эхнэр чинь явахгүй ээ гээд зөрвөл яах вэ?

-Тэр үед би ганц бие байсан л даа. Гэхдээ та битгий шоолоорой. Хил ганцхан, харин монгол бүсгүйчүүд сая гарна шүү дээ.  

Түүнийг ингэж хэлэхэд би тэссэнгүй инээчихсэн юм.

-Тээр та шоолж байна. Ер нь хүмүүс шоолох гээд байдаг юм. 

-Би шоолоогүй ээ, зүгээр л чи их хөөрхөн бодолтой явж л дээ. Нээрэн л сая элбэг гарах байх шүү. 

-Түүн дотор чинь хил гэж юу юм үзье л дээ гэх сониуч бүсгүй зуу, зуун мянгаараа байгаа шүү дээ. 

-Хүрэх болов уу?

-Элбэг хүрнэ. Ганцхан олж л сугалах хэрэгтэй дээ.

-Чи тэгээд сугалж амжсан уу?

-Амжихаар барах уу? Дөрвүүлэнг нь сугалчихсан юм чинь.

-Юүн дөрөв болоод явчихав. 

-Та ч бас болоогүй байна даа, эхнэр гурван хүүхдээ хэлж байхад даа. 

-Аа нээрэн тийм. Гэхдээ сугална гэдэг чинь?

-Дүүгийн маань ангийн охин л доо. Дүүтэй цуг манайхаар их ирнэ. Хил, хилчний тухай яриаг минь шимтэж сонсоно. Гэхдээ хожим мэдэх нь ээ, манай хүн хилчний тухай яриаг минь биш, ярьж байгаа намайг сонирхоод байсан юм байна билээ. Би мөн түүнийгээ сонирхоод, битүүхэндээ дагуулж явах гээд байдаг. Тэгээд  нэг өдөр хэлээд л тавьчихсан.

-Юу гэж?

-Хамт явах уу гэж.

-За л гэсэн үү?

-Юу гэж дээ, ямар кино юм бэ гэж асуусан. Бид хоёр кино их үздэг байсан юм. 

-Тэгэхээр нь юу гэв?

-Би чамд хайртай гэсэн. Тэгсэн чинь хуучин кино ш дээ гэнээ. Тэгэхээр нь дахиад л би чамд хайртай гээд үнссэн.

-Ёстой л кино юм аа?

-Иймэрхүү л юм болсон. Намайг та гэрээт хилчнээс шууд офицер болчихсон гэвэл итгэх үү?

-Итгэнээ яагаад болохгүй гэж?

-Яагаад гэвэл офицер болохын тулд тодорхой шалгуур хангаж шалгалтад тэнцсэн байх учиртай. Би тэр болзолд ерөнхийдөө ойртсон байсан ч нэг л өдөр офицер болчихно гэж үнэндээ бодоогүй. Гэтэл яг л тийм юм болсон. Хилийн цэргийн командлагч, хошууч генерал  Ц.Сэргэлэн манай ангид шалгалтаар ажиллачихаад явахынхаа өмнө надад шууд дэслэгч цол өгөөд, Хилийн цэргийн сургуульд явуулсан. Би сэтгэлзүйч мэргэжлээр энгийн дээд сургууль төгссөн, харин хилийн цэргийн сургуульд сурч төгссөнөөр хилчин офицер болсон л доо. 

-Азтай байна шүү?

-Тиймээ. 

Аз. Аз. Ер нь аз гэж юу юм бол. Энэ тухай бодлыг ахмад Я.Батбаяр надад төрүүлсэн билээ. Чамгүй удаан бодсны эцэст “Аз” гэдэг хүрэх газраа, явах чигээ эрэмгий, тов тодорхой олж харсан зорилгыг л дагаж явдаг сүүдэр нь юм байна гэдгийг ухаарсан юм. Бидний яриа төгсөж би бодолдоо живэн алдаж харин ахмад Я.Батбаяр маань зүүрмэглэж эхэллээ. Тэрбээр хоёр шөнө нойргүй явсан. Гучин хором дугхийчихвэл сэргэчихдэг тухайгаа ярьсан болохоор би түүнийг сайн ойлгож байлаа. Сэтгэлд минь үүл шиг сүүмийгээд л байсан “Гэрээт хилчин” гэдэг ойлголтыг ахмад Я.Батбаяр ийнхүү захаас нь сэмлэж ойлгоцын тэнгэр цэлмэж эхэллээ. 

Хилчид хилдээ сонор соргог байдаг шигээ зочинд ч халамжтай ханддагийг бол ойлгодог болчихсон аянчин Улаан-Уулын ангид очлоо. Ангийн хаалганд дөхөж очмогц л харуул гүйн ирж:

-Эрхэм хурандаад... гээд л илтгэж гармагц үүрэг бол өгөгдчихсөн, отряд, заставууд бидний очиж явааг хэдийнэ мэдчихсэн хүлээж байгаа юм байна гэдэг нь ойлгогдоод явчихсан л даа. Хойшдоо чухам ийм л дүр төрх бүхий угталт, үдэлтийн дундуур аялсан даа. Хилийн 0129 дүгээр ангид гэрээт хилчид алба хаадаг. Тэднийхээ хэрхэн амьдардгийг үзлээ, өрөө тасалгаагаар нь орлоо. Тохилог юмаа. Гэрээт хилчид тус тусын сэйфтэй, тэндээ хэн юунд дуртай түүнийгээ хадгалдаг аж. Залуу эрчүүд онцгой нэг л сонирхолтой байдгийг харлаа үзлээ. Тэр нь үнэртэй ус. Бүх сэйфэнд нэг л зүйл байсан нь үнэртэй ус. За тэгээд  манай зарим бүсгүйчүүдэд ч байдаггүй байх гэж зоригтой хэлчихмээр төрөл бүрийн л нандин тос, түрхлэг аж. Яагаад ингэж зоригтой айлдав гэхээр чамгүй хэдэн улс орноор хэрж аялсан миний үзээгүй нандин эрхэмсэг тос түрхлэгүүд байж байх юм билээ. Ангийн захирагч хэлж байна.

-Эд маань хээр хөдөө их явна. Залуус шүү дээ. Чөлөөгөөр хот хүрээ аймаг орондоо очино. Мэдээж бүжиг үдэшлэгт орж таарна. Сайртчихсан тууж явбал ямар олиг байхав, тийм биз дээ. Ангийн маань бэрүүд цэцэг шиг л гунхацгааж байгаасай гэж ямар ч захирагч хүснэ шүү дээ. Тийм бэр сайртай цэрэг дагаж ирэх үү. Гэхдээ энэ тос түрхлэгийн ажилд бид огт оролцдоггүй.  Өөрсдийнх нь л сонголт. Эд чинь хадгаламжтай, дээр нь үрэх халаасны мөнгөтэй бийлэгжүү эрчүүд шүү гээд нухацтай инээж байсан. Энэ ангид миний нүд үнэртэн танартнаас гадна бас нэг өөр зүйлээр нээгдлээ. Нүдийг маань бүрэн нээж зовхийг минь сэвхийлгэсэн тэр эрчүүд бол тусгай томилгоот бүлгийн эрчүүд. Өмссөн хувцас, үүрсэн хэрэглэл, өвч бүрэн зэвсэг тоноглол, орчин үеийн ямар ч улсын хилчдээс дутахгүй байгаа нь бахархал омогшлийг минь бадрааж орхисон доо. Хувьдаа Америкийн тэнгисийн муурнууд хийгээд хилчдийнх нь тухай өөрийн гэсэн ойлголттой үзэж харсан ч зүйлтэй. Арав гаруй жилийн өмнө хилчдийнхээ тухай ТВ-ийн нэвтрүүлэг Юүтүбээр үзээд үнэндээ сэтгэл эмзэглэн гутарч билээ. Тэр нэвтрүүлэгт хилчид маань хилчин нохойгоо өвсний боодол мяндсаар оосорлон хөтлөж явсан юм. Даанч дээ бүхэл бүтэн улс орон шүү дээ гэж харамсаж гутарсан хэрэг. Гэтэл Америк хилчний хүнс, хоол гэж яав аа. Мексиктэй хиллэдэг хил хийгээд тэнд үүрэг гүйцэтгэдэг хилчдийнхээ тухай америкчууд ТВ-ээрээ мундахгүй үзүүлдэг л дээ. Тэднийг хоол хүнсээ гаргаад ирмэгц үзэж суугаа маний шүлс аманд сулраад ирдэг юм чинь улс орон чинь хилчдээ ингэж анхаардаг юм байна гэсэн бодол заавал төрнө. Тэр бодол Хилийн 0129 дүгээр ангид омогшил болж төрлөө. Тусгай томилгоот бүлгийн хоол хүнс “ХҮН-ОД” компанийн бүтээгдэхүүнүүд байх нь бүр ч бахархалтай.

 Командлагч маань бидэнд: 

-Алийн болгон улсын нууц гээд сууж байх вэ. Манай хилчдэд байгаа хангамж хөгжингүй бүхий л улсуудад байгаа. Тиймээс бүхнийг нуугаад байх шаардлагагүй. Бид тодорхой жагсаалт гаргаад нууцлалын зэрэглэл тогтоочихсон тиймээс өндөр шатлалд ороогүй зэвсэг хэрэглэлийг сайн үзээрэй. Өнөөдөртөө манай хилчдийн хангамж АНУ, Герман, Англи, Францынхад хүрэх хараахан болоогүй. Гэхдээ дундаж орнуудынхаас бол өндөр болсон. Түүнийгээ ард иргэддээ үзүүлж харуулах цаг ч болсон гэж захисан билээ. 

Аян замын тэмдэглэл маань ерөнхийдөө сунжирч байгаа тул товчлох нь зүй. Юуны учир гэвэл нүд нээгдэж байгаа надад л сонин болохоос энэ тэмдэглэл хэвлэгдэх “Эх орны манаа” сониноо уншдаг хилчдэд маань өдөр тутмынх нь ердийн амьдрал учир тийм ч сонирхолтой биш сунжирсан, ердийн нэг зүйл болох тул ийн шийдсэн хэрэг. Улаан-Уулаасаа бид Замын-Үүдийн шалган нэвтрүүлэхийг сонирхож очсон нь зүйн хэрэг. Тэнд хилээ камераар хянаж, тэр нь ХХЕГ-ын шуурхай удирдлагын төвтэй шууд холбогдож байгаа нь бас сонирхолтой санагдсан. Энд манай хилийн ирээдүй бүрэн харагдаж байгааг онцлох нь зүйтэй. Орчин үеийн манай хилийн онцлог юу вэ? Ялангуяа өмнөд хилийн. Энэ бол онц сонирхолтой сэдэв. Өнгөрсөн зууны жараад оны дунд үеэс ерээд он хүртэл өмнөд хил маань нэг ёсондоо үл ойлголцлолын хил байсан түүх өнөө үед улиран одож одоо бол нэг талаасаа хамтын хамгаалалт гэдэг зарчимд шилжиж байгаа нь бодит үнэн. Бид нэг нь нөгөөгөөсөө хамгаалах зарчмаас нэг зорилтыг хоёр талаасаа хамтран хамгаалах зарчим руу шилжиж байна гэж миний хувьд ойлгосон. Нэг үгээр зэвсэг хэрэглэл, хар тамхи, хил зөрчих худалдаа буюу контрбандаас  хилээ хамтран хамгаалах зарчим гэвэл илүү тод ойлгогдох тийм зарчим руу шилжиж байгаа бололтой юм. Хойд хил ч ялгаагүй. Хилчид маань зарим зэвсэг хэрэглэлээрээ хоёр хөршөөсөө ч түрүүлж явааг үзэж ойлгосон. Гэхдээ энэ бол өндөр зэрэглэлийн нууц учир ингэсгээд орхих нь зүйтэй. 

Төсөрхөн интернэт орчинд Хилийн 0168 дугаар ангийн тухай тун таагүй мэдээлэл түгж, хилийн амьдралыг мэдэхгүй сошиалчид харин ч нэг чөлөөтэй загнаж түрхэрцгээсэн тул бид Хатанбулагийг зорьлоо. Очлоо үзлээ. Тэнд хилээсээ ухарсан юм огт алга. Отрядыг хуучин бууринаас нь 45 км хойш нүүлгэж Хатанбулаг сумын төв рүү татсан нь үнэн байна. Харин хил хамгаалалт яг хэвээр. Хилийг маань хилчид хамгаалдаг. Хилчид гэж хэн бэ, монгол эрчүүд, Монгол хүүхэд, Монгол хүүхнүүд. Тэдэнд амьдрах таатай орчин хэрэгтэй юу?  Энэ тухай би сошиалчдаас асууна. Хилээ хамгаал гэдэг шаардлага өнөө цагт өөрчлөгдөж, хилчдээ ч бас хамгаал гэдэг зарчим руу шилжиж байгааг энд ирээд ойлголоо. Хилчид мэдээлэлтэй, эрүүл чийрэг амьдралын орчинтой байх ёстой. Улаанбаатарт компьютерийн ард суучихаад загнах нэг хэрэг, харин говь, талын гүнд хилээ, гэр бүлээ хамгаалах нь огт өөр хэрэг. Ийм л шийдлээр Хилийн 0168 дугаар ангийг шинэчилжээ. Ийм шийдэл, шинэчлэл цаашид ч үргэлжлэх нь дамжиггүй. Тэнд бид хилчин ахлах ахлагчийнд зочилж очлоо. Гал тогоотой нэг өрөө тохилог байранд төвхнөжээ. Халуун ус хананаасаа  авч, цахилгаан зууханд цайгаа чанаж үеийн чамдаа эрхлэн суух нь үнэхээр нэгэн жаргал бусуу гэсэн найраглалын мөрүүд санаанд ургаж байна билээ. Хоёр давхар тохилог энэ байруудын нэгэнд шилжин ирж байгаа шинэ албан хаагчийнх бууж байв. Хүүхдийн цэцэрлэг байна. Хүүхдүүдийн унадаг дугуйнууд байна. Хилчдийн хүүхдүүд сумын сургууль руу унадаг дугуйгаараа очицгооно. Эцэг эхчүүд нь тэдэнд зориулсан дугуйн цардмал зам байгуулж өгсөн нь говийн сумын амьдрал дунд татсан шинэчлэлийн зам болж тодоос тод дурайж байна билээ. 

Бид цааш аялахдаа хилийн харуулын байрыг зориуд зорьж очсон нь мэдээж. Тоосгоор барьсан пүнхийсэн дулаахан  харуулын байранд хилийн манааны ахлагч, ахлах ахлагч Ч.Дашдорж, гэрээт хилчин Ц.Отгондаваа, Б.Болдбаатар нар биднийг тослоо. Нэг л танил дотно дулаахан үнэр сэнхийсэн нь хөрзөнгийн үнэр байсансанж. Хөрзөнгийн илчинд хөрөвжиж бойжсон надад эгэлгүй дотно санагдалгүй яахав. Мөн ч илчлэг түлш шүү дээ. Ч.Дашдоржийн яриа яг л тэр хөрзөн шиг илчлэг дотно. Завхан аймгийн Тэс суманд алба хааж байгаад энд өөрийн саналаар ирсэн аж. 

-Тэр сайхан хангайгаас энэ говьд ирэх гэж зүтгэсний учир юунд байна?

-Залуудаа говь нутагт алба хаая гэж шийдсэн юм  

-Мөн их зориг оо?

-Энд зоригсох юу байхав дээ ах минь. Би чинь Монгол эр хүн, эх орноо бүрэн таньж мэдэх хэрэгтэй шүү дээ. Тэгээд ч би чинь хилчин хүн. 

-Эхнэртэй юу?

-Байгаа байгаа, одоохондоо нутагтаа бий.

-Яасан говь хэцүү санагдаа юм болов уу?

-Яалаа гэж тэр маань саяхан төрсөн. Ээжийн маань гарын шөлөөр тэнхэрмэгцээ л ирнэ. 

Хоёр гэрээтийн хувьд өөр өөр бодолтой нэг нь хилчин офицер болохоор шалгалтад бэлдэж байгаа бол нөгөөх нь төрийн албанд шилжиж ажиллах хүсэлтэй аж.

-Алсдаа УИХ-ын гишүүн болох уу?

-Та их сонин бодолтой хүн юм. Би залуу хүн. Ай Ти-гийн инженер манайд энэ чиглэлээр хийх үнэхээр их ажил бий. Тэр албанд зүтгэж өөрийн зорилгыг л биелүүлэх хүсэлтэй. Тэгээд ч энэ улс оронд УИХ-ын гишүүн болох хүсэл үсрээд л мянган хүнд төрж далан зургаа нь л зорилгодоо хүрдэг биз дээ гээд инээв.  

Ийм л хилчид, ийм л гэрээтүүд хилд алба хааж явна. 2009 оноос хэрэгжиж эхэлсэн энэ алба өнөөдөр арав дахь жилтэйгээ золгож байгаа цэл залуу ер нь л хүүхдээрээ ч хилдээ ээнэгшиж албажиж тохь суун нутагшжээ. 

-Гэрээтүүд маань оны ялгаа үзүүлж бас нэг хөөрхөн дэг гаргана биз? гэсэн асуултыг би Хилийн 0168 дугаар ангийн дарга, хурандаа П.Батбилэгээс асууж хөглөсөн түүх энэ аялалд бас бий. 

-Та юу ярина вэ, гэрээнд үүрэг хариуцлагын маш тодорхой заалтууд бий. Зөрчвөл шууд л хална. Авсан цалин эдэлж хэрэглэсэн зүйлсээ буцааж төлнө. Ирээдүй нь бас бүрхэг болно. Хилээс хөөгдсөн хүнийг хэн ч ажилд авахгүй нь тодорхой. Ийм албатай болсон анхны жилүүдэд мэр сэр тохиолдол гарч байсан. Хэн тийм ирээдүйг хүсэх билээ. Хөвгүүдээ эргэн ирж амьдрал байдалтай нь танилцсан эцэг эхчүүд ч энэ тухай  ойлгож хүүхдүүддээ захидаг. Тиймээс гэрээт хилчин болохыг хугацааны цэргүүд хүсдэг болсон. 70-80 орон тоон дээр мянга мянгаараа өрсөлдөнө шүү дээ. Ингэж шалгарсан гэрээтүүд тийм гэнэн зүйл юм хийх үү, та бод доо.

-Ойлголоо. 

Ийнхүү гэрээт хилчидтэй уулзаж явахад тэд бараг бүгдээрээ хилдээ үлдэж офицер, ахлагч болох хүсэлтэйгээ илэрхийлж байсан юм. Манай улс хилчдээ дотооддоо төдийгүй ЗХУ-д өнөөгийн тухайд ОХУ-д бэлдэж ирсэн уламжлалтай. ОХУ-ын хилийн цэргийн дээд, дунд түвшний сургуулиуд хийгээд академийн түвшний эрдэмтэн багш нар нь манай хилчдийг дүгнэсэн дүгнэлт ч бас сонин. Нусаа шурхийлгэсэн хөвгүүд бус гэрээтийн албыг дүүргэсэн хилчин залуус, бас офицерууд Монголоос ирдэг болсон нь бидний ажлыг маш их хөнгөвчилдөг болсон шүү. Бэлэн сонсогч, офицерт онол суулгаад л явуулах нь ямар их урамтай гээч...

Ийм л хилчидтэй болж байна Монгол Улс. Буцах замдаа өөртөө бараг л нээлт хийсэн минь:

-Гэрээтүүд ямар нэг төрийн байгууллагатай бус өөртэйгөө гэрээ байгуулдаг юм байна шүү дээ.