ЭХ ОРНЫ ХҮҮ
  • 14:28
  • 3121
Монгол Улсын хошой баатар, маршал Х.Чойбалсангийн нэрэмжит, цэргийн гавьяаны одонт Хилийн 0132 дугаар анги, Дорнод аймгийн “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар” хамтран “Хүүхдэд ээлтэй засаглал 2020” хөтөлбөрийн хүрээнд “Эх орны хүү” арга хэмжээг анх удаагаа амжилттай зохион байгууллаа.

Ахмад Д.Ариунтөгс

Аав, ээжийн алдрай хүү эх орны хүү болсон тухай нэгэн сурвалжлагыг танд хүргэж байна. Монгол Улсын хошой баатар, маршал Х.Чойбалсангийн нэрэмжит, цэргийн гавьяаны одонт Хилийн 0132 дугаар анги, Дорнод аймгийн “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар” хамтран “Хүүхдэд ээлтэй засаглал 2020” хөтөлбөрийн хүрээнд “Эх орны хүү” арга хэмжээг анх удаагаа амжилттай зохион байгууллаа. Дээрх арга хэмжээнд Дорнод аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр ангийн шилдэг 10 эрэгтэй сурагч шалгаран оролцсон юм. Тэднийг салаа тус бүрт тэнцүү хуваарилан, дүрэмт хувцас өмсгөв. Амьдралын өглөө бүр шинэ байдаг. Гэхдээ энэ өдрийн гол баатар болсон залууст бүх зүйл цоо шинэ байсан юм.

06:00 цаг. Бослого. Шинэхэн байлдагчид нарийн бүрээний ая, сургалтын төвийн жижүүрийн “сэрээд” командаар босов. Тэд дүрэмт хувцсаа өмсөх гэж хэсэг мунгинасан ч дүрмийн дагуу зөв бүрэн өмсөж, “Өглөөний гүйлт гимнастикт гараад жагс” командаар байрнаас гарч намрын адаг сарын цас бударсан, сэвшээ салхитай энэ өглөөг 3000 метрийн гүйлтээр эхлүүллээ. 

Хугацаат цэргийн алба хаагчид хамгийн багадаа 60 удаа суниагаад сурчихсан тул дүү нарынхаа өмнө огтхон ч түүртсэнгүй. Харин 10 сурагчаас хамгийн их нь 40 хүртэл суниав. Гэхдээ тэд анхныхаа даалгаврыг амжилттай гүйцэтгэлээ. Гар нүүрээ салаа тус бүртэйгээ цуг угааж дуусгаад өглөөний үзлэгт жагслаа. Хуваарийн дагуу хугацаат цэргийн алба хаагчдын ариун цэврийн болон гутал цэвэрлэх хэрэгслийг энэ өглөө шалгав. Шинэхэн сурагчдад сонирхолтой санагдаж байгаа бололтой.

07:30 цаг. Өглөөний хоолонд гурилтай шөл, жимсний чанамалтай талх идэв. Цэргийн хоолны амт гэрийнхээс нь тэс өөр, илүү амттай санагдсан талаараа ярилцана. Өглөөний хоолны дараа жагсаалын талбайд хамтарсан арга хэмжээний нээлт эхэлсэн юм. Нээлтийн арга хэмжээнд Хилийн 0132 дугаар ангийн захирагч, хурандаа О.Батгэрэл, Дорнод аймгийн “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар”-ын дарга Э.Жавхлан болон албаны хүмүүс оролцож, “Хэрлэн” хамтлаг ая дууныхаа дээжээс өргөлөө. 

10:00 цаг. Цагийн хуваарийн дагуу арга хэмжээнд оролцож байгаа хүүхдүүд болон 2019 оны хоёрдугаар ээлжээр татагдан ирсэн шинэ дайчдад “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар”-ын дарга Э.Жавхлан “Мөрөөдөл” лекцээ уншиж, “Зэвсэгтэй жагсаалын бэлтгэл”, “Холбооны техник, хэрэгслийг ашиглах арга”, “Эмнэлгийн анхны тусламж”, “Бие бялдраа хөгжүүлэх нь” сэдэвт хичээлүүдийг төрөл мэргэжлийн офицерууд орсон нь сурагчдын хувьд өөр өөрийн онцлогтой бас сонирхолтой байлаа.  

13:00 цаг. Цэргийн гэх тодотголтой цэлгэр гал зууханд нөхдийн болон цэрэг ах нарынхаа хамтаар жагсан орж тогооч эгч нарынхаа сэтгэлээ шингээн бэлтгэсэн будаатай шөл, цуйванг амтархан идэв. Өглөөнөөс хойш амасхийх чөлөөгүй хичээл сургалт дадлагаар бөмбөгдүүлсэн тэдэнд энэ хооллолт үнэхээр сайхан байсан нь мэдээж. 

14:00 цаг. Бага амралт цэргүүдийн хувьд эрч хүч сэлбэх нэгэн мөч. Дүрмийн дагуу гутал, бүсээ тайлж, захны дэгээгээ суллан амрахаар хэвтмэгцээ дуг хийх төдийд босох команд өглөө. Магадгүй тэдэнд энэ хугацаа хурдан өнгөрсөн юм шиг санагдсан байх. 

15:30 цаг. Хичээл сургалт дахин үргэлжлэв. Гэхдээ энэ удаад ахмадын хорооны дарга, бэлтгэл дэд хурандаа Б.Жамбаа эх орон, газар нутгаа хайрлан хамгаалах, хилчин байхын онцлог, бахархалын талаар яриа хийж, Xалх голын дайны тухай кино үзүүлсэн юм. Энэ цаг мөч ахмад үе, эх орончдын ариун үйлс, баатарлаг тэмцэл, амь амьдралаараа хамгаалан, мөрөө үлдээж, нэрээ дуурсган мөнхөлж, газар нутаг, гал голомтоо эгнэгт авч үлдсэн Дорнод хязгаарын дайчин тэмцлийн түүхийг тэдний зүрх сэтгэлийн гүнд үлдээсэн үнэт цаг хугацаа байв.

20:00 цаг. Оройн хоолны дараа ангийн соёлын төвд “Эх орны хүү” сэдэвт үдэшлэг болж, Дорнод аймгийн “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар”, Хилийн 0132 дугаар ангийн ажилтан, алба хаагчид, Мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төвийн оюутнууд оролцов. 

Үдэшлэгийн үеэр уг арга хэмжээнд оролцсон Дорнод аймгийн ерөнхий боловсролын I, II, V, VIII, XII сургууль, “Шинэ хөгжил” сургуулийн сурагчдад Дурсамж, арга хэмжээг амжилттай хамтран зохион байгуулсан бүрэлдэхүүн болон шилдэг оролцогч Э.Золбоо нарт Хилийн 0132 дугаар ангийн 80 жилийн ойн хүндэт тэмдэг, санаачлагч ноён Э.Жавхланд “Ангийн хүндэт” тэмдгийг гардууллаа.

Өглөөний бослогоос эхлээд шил шилээ дарсан үйл явдлаар өрнүүн энэ мөчүүд сурагчдын хувьд эх орон, хил, хиlчдийн талаар мартагдашгүй дурсамжийг зүрх сэтгэлдээ хадгалан үлдээсэн эрхэм үнэ цэнэтэй өдөр байсан юм.